Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 893

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Эд хөрөнгө битүүжилсэн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.У, түүний өмгөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 8 дугаар байрны 1 дүгээр давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг дундын эзэмшлийн эд хөрөнгө болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүссэн. Миний аав Н.Баасанжавт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1507 дугаар шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарч, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 8 дугаар байрны 1 дүгээр давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 157/01 тоот актаар битүүмжилж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө хураах тухай 157/02 дугаар тогтоол гарсан байна. Харин маргаж буй уг обьектыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаанд оруулснаар хууль ёсны өмчлөгч миний эрх хөндөгдөх болоод байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгч тухайн орон сууцыг авахад Америк улсад байх ах нь мөнгө өгснөөр түрээс маягаар үйл ажиллагаа явуулж босгосон байтал зөвхөн аавд нь холбогдсон төлбөртэй холбоотойгоор дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1507 дугаар шийдвэрээр Н.Баасанжаваас 111 226 860 төгрөгийг гаргуулж Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Н.Баасанжавд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш болно. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээ гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасан заалтыг зөрчиж хугацаа хэтрүүлж гомдол гаргасан, мөн хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 459 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 656 дугаар тогтоолоор Н.Баасанжаваас 110 516 329 төгрөгийг гаргуулан Ди Эй Эм Өү Эй ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхарт байршилтай, 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч Н.Баасанжав нь сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Гэтэл төлбөр төлөгч Н.Баасанжав нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоолгох, үндэслэлгүйгээр хугацаа хожих санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд элдэв арга хэрэглэж байгаа, улмаар тус дүүргийн шүүхэд 2019 он гарснаас хойш нэгэн зэрэг 4 нэхэмжлэл гаргасныг шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэж, санаатайгаар саад учруулж байгаа гэж үзэхээс өөр аргагүй. Өмнө нь Н.Баасанжавын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох, дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11928 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрээс хойш Н.Баасанжавын хугацаа хожих зорилгоор ашиг сонирхол нэгтэй өөрийн эхнэр Ш.Өнөрсайхан болон өөрийн төрсөн охин болох Б.О нарын нэрээр тус дүүргийн шүүхэд эрх зүйн үндэслэлгүй хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг дор гарган, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн журмаар түдгэлзүүлэх санаа зорилгоор удаа дараа хандаж байгаа. Өмнө нь шүүхэд үнэлгээний асуудлаар 2 удаа нэхэмжлэл гаргаж хуулийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн байгууллагыг ашиглан үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх буюу зогсоож байсан бөгөөд энэ удаад мөн аргаа хэрэглэж байгаа нь Н.Баасанжавын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон ШЗ01180, ШЗ06182, ШТ240, ШЗ11928, ШТ422 дугаар шийдвэр, Б.О-ийн нэхэмжлэлтэй Ди Эй Эм Өү Эй ХХК-д холбогдох барьцааны гэрээг хүчингүй болгох тухай, Ш.Өнөрсайханы нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох тогтоол хүчингүй болгох тухай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон, Б.О-ийн нэхэмжлэлтэй Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нарт холбогдох дундын өмч тогтоох тухай иргэний хэрэг үүсгэсэн зэргээр тогтоогдож байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу манай компанид төлбөр төлөх ёстой иргэн Н.Баасанжав нь дээрх байдлаар хуулийн байгууллагыг үл хүндэтгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвхөн зогсоох зорилгоор элдэв арга хэрэглэж байгаа нь дээрх байдлаар нотлогддог. Н.Баасанжав нь гэр бүлийн гишүүдийг ашиглан үндэслэлгүй нэхэмжлэл гаргуулан шүүхийн байгууллагыг өөрийн явцуу эрх ашиг сонирхолд ашиглаж, хугацаа хожих, зориудаар төлбөр төлөхөөс зайлсхийх, зохих журмын дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар түдгэлзүүлэх арга саам хайж дахин дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит нөхцөл болж буй юм. Төлбөр төлөгчийн зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгө нь Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын өмчлөлд анхнаасаа бүртгэлтэй ба тэдгээрийн охин нэхэмжлэгч гэгдээд байгаа Б.Од огт хамааралгүй болох нь өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс тодорхой байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ обьектыг дуудлага худалдаанд оруулснаар хууль ёсны өмчлөгч миний эрх хөндөгдөх болоод байна гэж тодорхойлсон байх боловч түүний эрх ашиг хэрхэн, яаж хөндөгдсөн талаар тодорхой тайлбар гаргаагүй, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай шаардлагаа нотлоогүй, мөн хууль ёсны өмчлөх эрхтэй болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. Мөн нэхэмжлэгч Б.О нь НШШГГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн этгээд биш байх бөгөөд чухам яаж, хэрхэн түүний ашиг сонирхлыг зөрчсөн талаар нотолж, нэхэмжлэлд хавсаргасан дурдсан зүйл байхгүй тул үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Иймд Б.О нь хураагдсан эд хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгч болохоо нотолж чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.4 дэх хэсэгт зааснаар гомдол үндэслэлгүй юм. Түүнчлэн Б.О-ийн нэхэмжлэлтэй, Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарт холбогдох эд хөрөнгийн дундын эзэмшлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай маргаанд тус шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн байхад эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлд тусдаа иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх үндэслэлийг бий болгож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1-р давхарын 150 м.кв тапбайтай эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрт “...хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар нотлогдож байна” гэжээ. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн 000135783 дугаар гэрчилгээний үл хөдлөх хөрөнгө буюу байранд 2004 оноос эхлэн эцэг Н.Баасанжав болон эх Ш.Өнөрсайхан нартай өнөөдрийг хүртэл өөрийн хүүхдийн хамт амьдарч байгаа ба энэ нь иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байгаа гэтэл шүүхээс үл хөдлөх хөрөнгийг битүүжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын төрсөн хүүхэд тул дээрх эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эд хөрөнгийг битүүмжилсэн жагсаалтаас хасуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 459 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00656 дугаар тогтоолоор Н.Баасанжаваас 110 516 329 төгрөгийг гаргуулан “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамжны 8 дугаар байрны 1 давхар дах 150 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох барьцаа хөрөнгөөр хангуулахаар  шийдвэрлэжээ.

 

            Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, улмаар шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан байна.

           

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд” гэж тодорхойлсон, төлбөр төлөгч нь Н.Баасанжав байна. Мөн хуулийн 7 дугаар бүлэгт төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулжээ.

 

            Хэргийн 46 дугаар тал дах эрхийн улсын Ү-2203012068 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнээс үзвэл дээрх шүүхийн шийдвэрт заагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нар болох нь тогтоогдсон байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Н.Баасанжаваас төлбөр гаргуулах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө эсхүл үнэт цаас түүнчлэн, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө бусад хөрөнгөөс гаргуулна” гэж заасныг үндэслэн хариуцагч байгууллага төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч, тухайн хөрөнгийн захиран зарцуулахыг хязгаарлах ажиллагааг явуулсан болох нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь Ш.Өнөрсайхан болон төлбөр төлөгч Н.Баасанжав нарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дундын эд хөрөнгө болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 556 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно”, 44.2.8-д “Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх”, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж тус тус зааснаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Н.Баасанжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзнэ.

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш бөгөөд өөрийн өмчлөлийн бус үл хөдлөх эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах шаардлага гаргасан ба тэрээр төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн тул шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

           

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ