Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00747

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                                         

Нэхэмжлэгч: Б.О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “ДББСБ” ХХК/РД: /,

 

Эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэг, өмгөөлөгч Ц.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундраа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарт холбогдуулан СБД-ийн 2 дугаар хороо, Усны гудамж 8 дугаар байрны 1 дүгээр давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг дундын эзэмшлийн эд хөрөнгө болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандан 2019.01.14-нд нэхэмжлэл гаргасан ба 2019.01.21-нд иргэний хэрэг үүссэн.

Миний аав Н.Баасанжавт холбогдуулан СБД-ийн ИХАШШ-ийн 1507 дугаар шийдвэр 2016.12.12-нд гарч, 2017.07.31-нд шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

СБД-ийн 2 дугаар хороо, Усны гудамж 8 дугаар байрны 1 дүгээр давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг 2017.10.06-нд 157/01 тоот актаар битүүмжилж, 2017.11.16-нд эд хөрөнгө хураах тухай 157/02 дугаар тогтоол гарсан байна.

Харин маргаж буй уг обьектыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаанд оруулснаар хууль ёсны өмчлөгч миний эрх хөндөгдөх болоод байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасны дагуу “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөренгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэснийг үндэслэн тус шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэгч тухайн орон сууцыг авахад Америк улсад байх ах нь мөнгө өгснөөр түрээс маягаар үйл ажиллагаа явуулж босгосон байтал зөвхөн аавд нь холбогдсон төлбөртэй холбоотойгоор дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү гэсэн утгатай байгаа.” гэв.

 

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Оийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1507 дугаар шийдвэрээр Н.Баасанжаваас 111 226 860 төгрөгийг гаргуулж “ДББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Н.Баасанжавд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжпэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш болно.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээ гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасан заалтыг зөрчиж хугацаа хэтрүүлж гомдол гаргасан, мөн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай тайлбарыг өмгөөлөгч гаргах болно.” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Амармэнд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

1/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.12-ны өдрийн 01507 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.13-ны өдрийн 459 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017.05.19-ний өдрийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 656 дугаар тогтоолоор “Н.Баасанжаваас 110 516 329 төгрөгийг гаргуулан “ДББСБ” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхарт байршилтай, 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шийдвэрпэсэн.

Маргаан бүхий хэрэгтэй холбоотойгоор явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаар “ДББСБ” ХХК оролцож байгаа болно.

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч Н.Баасанжав нь сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа.

Гэтэл төлбөр төлөгч Н.Баасанжав нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоолгох, үндэслэлгүйгээр хугацаа хожих санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд элдэв арга хэрэглэж байгаа, улмаар тус дүүргийн шүүхэд 2019 он гарснаас хойш нэгэн зэрэг 4 нэхэмжлэл гаргасныг шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэж, санаатайгаар саад учруулж байгаа гэж үзэхээс өөр аргагүй.

2/ Өмнө нь Н.Баасанжавын нэхэмжлэлтэй, Н газарт холбогдох, “дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Та шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018.10.26-ны өдрийн 11928 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ шийдвэрээс хойш Н.Баасанжавын хугацаа хожих зорилгоор ашиг сонирхол нэгтэй өөрийн эхнэр Ш.Өнөрсайхан болон өөрийн төрсөн охин болох Б.О нарын нэрээр тус дүүргийн шүүхэд эрх зүйн үндэслэлгүй хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг дор гарган, “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн журмаар түдгэлзүүлэх” санаа зорилгоор удаа дараа хандаж байгаа.

3/ Өмнө нь шүүхэд үнэлгээний асуудлаар 2 удаа нэхэмжлэл гаргаж хуулийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн байгууллагыг ашиглан үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх буюу зогсоож байсан бөгөөд энэ удаад мөн аргаа хэрэглэж байгаа нь дараах шуүхийн шийдвэрүүд, гаргасан нэхэмжлэлээс нь харахад илт байдаг. Тухайлбал:

Нэхэмжлэл

гарсан огноо

Нэхэмжпэгч

 

хариуцагч

явц

Шийдвэр

2018-03-14

Н.Баасанжав

ншшгг

хэрэг хэрэгсэхгүй болсон

ШЗ:01180 Ш3:06182

ШТ:240

2018-09-06

Н.Баасанжав

ншшгг

Хэрэг хэрэгсэхгүй болсон

ШЗ: 11928 ШТ: 422

2019-01-07

Б.О

ДХХК

Барьцааны гэрээг хүчингүй болгох

Д.Уранчимэг шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2019-01-14

Б.О

Ш.Өнөрсайхан,

Н.Баасанжав

Дундын өмч тогтоох

Ө.Уянга шүүгч хэрэг үүссэн

2019-01-23

Ш.Өнөрсайхан

НШШГГ

Тогтоол хүчингүй болгох

Ч.Ичинхорлоо шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгосон

2019-01-23

Б.О

НШШГГ

Битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах

Д.Хишигбат шүүгч хэрэг үүсгэсэн

4/ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу манай компанид төлбөр төлөх ёстой иргэн Н.Баасанжав нь дээрх байдлаар хуулийн байгууллагыг үл хүндэтгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвхөн зогсоох зорилгоор элдэв арга хэрэглэж байгаа нь дээрх байдлаар нотлогддог. Төлбөр төлөгчийн хувьд нэг ч төгрөг төлөөгүй атлаа зөвхөн шүүхийн байгууллагыг өөрийн арга залийн хэрэгсэл болгож, ашигласаар гаршиж байна.

Иймээс Н.Баасанжав нь гэр бүлийн гишүүдийг ашиглан үндэслэлгүй нэхэмжлэл гаргуулан шүүхийн байгууллагыг өөрийн явцуу эрх ашиг сонирхолд ашиглаж, хугацаа хожих, зориудаар төлбөр төлөхөөс зайлсхийх, зохих журмын дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар түдгэлзүүлэх арга саам хайж дахин дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит нөхцөл болж буй юм.

5/ Төлбөр төлөгчийн зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгө нь Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын өмчлөлд анхнаасаа бүртгэлтэй ба тэдгээрийн охин нэхэмжпэгч гэгдээд байгаа Б.Од огт хамааралгүй болох нь өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс тодорхой байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжпэгч Б.О нь “эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү” гэж нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “обьектийг дуудлага худалдаанд оруулснаар хууль ёсны өмчлөгч миний эрх хөндөгдөх болоод байна“ гэж тодорхойлсон байх боловч түүний эрх ашиг хэрхэн, яаж хөндөгдсөн талаар тодорхой тайлбар гаргаагүй, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай шаардлагаа нотлоогүй, мөн хууль ёсны өмчлөх эрхтэй болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Мөн нэхэмжпэгч Б.О нь Н газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн этгээд биш байх бөгөөд чухам яаж, хэрхэн түүний ашиг сонирхлыг зөрчсрн талаар нотолж, нэхэмжлэлд хавсаргасан дурдсан зүйл байхгүй тул үндэслэлгүй нэхэмжпэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.4-т “Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй.” гэж заасан.

Иймд Б.О нь хураагдсан эд хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгч болохоо нотолж чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.4-т зааснаар гомдол үндэслэлгүй юм.

Түүнчлэн Б.Оийн нэхэмжлэлтэй, Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарт холбогдох “эд хөрөнгийн дундын эзэмшлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай маргаанд тус шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн байхад “эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай” нэхэмжлэлд тусдаа иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ер нь бол хугацаа авах, төлбөрөө төлөхгүй гэсэн зорилго яваад байгаа нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр ИХШХШТХ-ийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон бол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана гээд тодорхой заасан байгаа. Тэгэхээр нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөх эрхийг шийдсэн захирамж байгаа учраас ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн зүгээс урьд нь шүүхэд хэрхэн хандаж байсан талаарх баримтуудыг өгсөн байгаа учраас хэргийг шийдэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О хариуцагч Н газарт холбогдуулан эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н газар нь нэхэмжпэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш гэх тайлбар ирүүлсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 459 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00656 дугаар тогтоолоор Н.Баасанжаваас 110 516 329/нэг зуун арван сая таван зуун арван зургаан мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 710 531/долоон зуун арван мянга таван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан “ДББСБ” ХХК-д олгохоор, Н.Баасанжав шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Улсын бүртгэлийн Ү-2203012068 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1-р давхарт байршилтай, 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид “Үл хөдлөх эд хөрөнгө” гэх/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 00855 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 17280852 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 01507 дугаар шийдвэрийн, 459 дугаар магадлалын болон 00656 дугаар тогтоолын хуулбар, 00855 дугаар гүйцэтгэх хуудсын, 17280852 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2-т “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...”, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Хөрөнгийг битүүмжлэх гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах ... эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно.” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар хариуцагч нь Үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр битүүмжлэн, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хураасан болох нь 157/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 157/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн ... битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах ... тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нар бүртгэлтэй байх ба нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000135783 дугаар гэрчилгээний болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 00556 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар нотлогдож байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаангүй болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000135783 дугаар гэрчилгээний болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 00556 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар нотлогдож байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж байгаа болох нь баримтаар нотлогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газрын Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1-р давхарын 150 м.кв тапбайтай эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газрын Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1-р давхарын 150 м.кв тапбайтай эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ