Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00262

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00747 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 893 дугаар магадлалтай,

Б.Оийн нэхэмжлэлтэй,

Нт холбогдох,

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Д ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэг, түүний өмгөөлөгч Ц.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 дүгээр давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг дундын эзэмшлийн эд хөрөнгө болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүссэн.

Миний аав Н.Баасанжавт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1507 дугаар шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарч, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 дүгээр давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 157/01 тоот актаар битүүмжилж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө хураах тухай 157/02 дугаар тогтоол гарсан байна. Харин маргаж буй уг обьектыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаанд оруулснаар хууль ёсны өмчлөгч миний эрх хөндөгдөх болоод байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэгч тухайн орон сууцыг авахад Америк улсад байх ах нь мөнгө өгснөөр түрээс маягаар үйл ажиллагаа явуулж босгосон байтал зөвхөн аавд нь холбогдсон төлбөртэй холбоотойгоор дуудлага худалдаанд оруулж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1507 дугаар шийдвэрээр Н.Баасанжаваас 111 226 860 төгрөгийг гаргуулж “Д ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Н.Баасанжавд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш болно. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээ гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасан заалтыг зөрчиж хугацаа хэтрүүлж гомдол гаргасан, мөн хуулийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Д ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Амармэнд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 459 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 656 дугаар тогтоолоор Н.Баасанжаваас 110 516 329 төгрөгийг гаргуулан “Д ББСБ” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхарт байршилтай, 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч Н.Баасанжав нь сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Гэтэл төлбөр төлөгч Н.Баасанжав нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар ч хамаагүй аргаар зогсоолгох, үндэслэлгүйгээр хугацаа хожих санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд элдэв арга хэрэглэж байгаа, улмаар тус дүүргийн шүүхэд 2019 он гарснаас хойш нэгэн зэрэг 4 нэхэмжлэл гаргасныг шүүхийн үйл ажиллагааг үл хүндэтгэж, санаатайгаар саад учруулж байгаа гэж үзэхээс өөр аргагүй.

Өмнө нь Н.Баасанжавын нэхэмжлэлтэй, Нт холбогдох, дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11928 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрээс хойш Н.Баасанжав хугацаа хожих зорилгоор ашиг сонирхол нэгтэй өөрийн эхнэр Ш.Өнөрсайхан болон өөрийн төрсөн охин болох Б.О нарын нэрээр тус дүүргийн шүүхэд эрх зүйн үндэслэлгүй хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг дор гарган, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн журмаар түдгэлзүүлэх санаа зорилгоор удаа дараа хандаж байгаа. Өмнө нь шүүхэд үнэлгээний асуудлаар 2 удаа нэхэмжлэл гаргаж хуулийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн байгууллагыг ашиглан үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх буюу зогсоож байсан бөгөөд энэ удаад мөн аргаа хэрэглэж байгаа нь Н.Баасанжавын нэхэмжлэлтэй Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ШЗ01180, ШЗ06182, ШТ240, ШЗ11928, ШТ422 дугаар шийдвэр, Б.Оийн нэхэмжлэлтэй “Д ББСБ” ХХК-д холбогдох барьцааны гэрээг хүчингүй болгох тухай, Ш.Өнөрсайханы нэхэмжлэлтэй Нт холбогдох тогтоол хүчингүй болгох тухай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосон, Б.Оийн нэхэмжлэлтэй Ш.Өнөрсайхан, Н.Баасанжав нарт холбогдох дундын өмч тогтоох тухай иргэний хэрэг үүсгэсэн зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу манай компанид төлбөр төлөх ёстой иргэн Н.Баасанжав нь дээрх байдлаар хуулийн байгууллагыг үл хүндэтгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвхөн зогсоох зорилгоор элдэв арга хэрэглэж байгаа нь дээрх байдлаар нотлогддог. Н.Баасанжав нь гэр бүлийн гишүүдийг ашиглан үндэслэлгүй нэхэмжлэл гаргуулан шүүхийн байгууллагыг өөрийн явцуу эрх ашиг сонирхолд ашиглаж, хугацаа хожих, зориудаар төлбөр төлөхөөс зайлсхийх, зохих журмын дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар түдгэлзүүлэх арга саам хайж дахин дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит нөхцөл болж буй юм. Төлбөр төлөгчийн зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгө нь Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын өмчлөлд анхнаасаа бүртгэлтэй ба тэдгээрийн охин нэхэмжлэгч гэгдээд байгаа Б.Од огт хамааралгүй болох нь өмнө нь гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс тодорхой байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ обьектыг дуудлага худалдаанд оруулснаар хууль ёсны өмчлөгч миний эрх хөндөгдөх болоод байна гэж тодорхойлсон  байх боловч түүний эрх ашиг хэрхэн, яаж хөндөгдсөн талаар тодорхой тайлбар гаргаагүй, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай шаардлагаа нотлоогүй, мөн хууль ёсны өмчлөх эрхтэй болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна. Мөн нэхэмжлэгч Б.О нь Нт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн этгээд биш байх бөгөөд чухам яаж, хэрхэн түүний ашиг сонирхлыг зөрчсөн талаар нотолж, нэхэмжлэлд хавсаргасан дурдсан зүйл байхгүй тул үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Иймд Б.О нь хураагдсан эд хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгч болохоо нотолж чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.4 дэх хэсэгт зааснаар гомдол үндэслэлгүй юм. Түүнчлэн Б.Оийн нэхэмжлэлтэй, Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарт холбогдох эд хөрөнгийн дундын эзэмшлийн эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай маргаанд тус шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн байхад эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлд тусдаа иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх үндэслэлийг бий болгож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ту хай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00747 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нрын Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1-р давхарын 150 м.кв тапбайтай эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 893 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2019.05.17-ны өдрийн 893 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Магадлалд “...нэхэмжлэгч төлбөр төлөгч биш бөгөөд өөрийн өмчлөлийн бус үл хөдлөх эд хөрөнгийг жагсаалтаас хасуулах шаардлага гаргасан” гэжээ. Гэтэл Б.О бол Америкт байдаг ах нь СБД-ийн 2-р хороо, усны гудамж, 8 дугаар байрны 1 давхрын 150 м.кв байрыг худалдан авахад хувь нэмэрээ оруулсан, энэ талаараа нэхэмжлэлдээ дурдсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс өөрийн өмчлөлийн байр биш хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь уг байранд өнөөдрийг хүртэл хүүхдийн хамт оршин суудаг ба өөрийн аав болох Н.Баасанжавын бусдад төлөх төлбөрт түүний худалдан авахад хувь нэмэрээ оруулсан байрыг дуудлага худалдаанд оруулж буй нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Б.О нь Нт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхрын 150 м.кв талбай бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...би энэ байранд эцэг, эх, хүүхдүүдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Тус байр нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө. Гэтэл эцэг Н.Баасанжаваас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бидний өмчлөлийн дундын эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Улмаар дуудлага худалдаанд оруулснаар хууль ёсны өмчлөгч миний эрх, ашиг хөндөгдөж байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Төлбөр төлөгч Н.Баасанжавт төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн боловч бүрэн барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан Н.Баасанжав, Ш.Өнөрсайхан нарын /хоёр хүний/ өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш, түүнчлэн хуульд заасан хугацаа хэтрүүлж гомдол гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 459 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00656 дугаар тогтоолоор Н.Баасанжаваас 110 516 329 төгрөгийг гаргуулж “Д ББСБ” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамжны 8 дугаар байрны 1 давхар дахь 150 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгч Н.Баасанжавт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлж барагдуулаагүй тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаж буй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, 8 дугаар байрны 1 давхрын 150 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр битүүмжлэн, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хурааж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дээрх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналаа өгөх мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.                                                                                       

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1., 44.2.8., 49 дүгээр зүйлийн 49.1. дэх заалтуудыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч Б.О нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчийн эд хөрөнгө болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Хэрэг шүүхэд хянагдах явцад Б.О дундын өмчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00556 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Б.Оийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Б.О маргаж буй байранд амьдарч байгаа талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үнэн зөв тул улсын бүртгэлд бүртгэгдээгүй этгээдийг өмчлөгч гэж үзэхгүй гэх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул “...нэхэмжлэгч нь тус байранд амьдарч байгаа, дээрх байрыг худалдаж авахад түүний Америкт байдаг ах хувь нэмрээ оруулсан байхад нэхэмжлэгчийн өмчлөлийн байр биш гэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00747 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 893 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД