| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2018/00056/И |
| Дугаар | 140/ШШ2018/00257 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 140/ШШ2018/00257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагч С.Дэлгэртөр, Б.Жадамба, хариуцагч нарын өмгөөлөгч В.Содномцэрэн, гэрч Л.Содном нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж Завхан аймгийн Шилүүстэй сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Дэлгэртөрөөс 3.058.600 төгрөг, хариуцагч Б.Жадамбаас 550.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагадаа: Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж илэрсэн зөрчилд төлбөрийн акт тавигдсан бөгөөд хариуцагч нар төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр манай байгууллага тухайн төлбөрийг барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд байгууллагын дансыг хаах мэдэгдэл ирсэн учир оны эцэст Тамгын газар төлбөр барагдуулах арга хэмжээ авсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас албан байгууллагад хохирол учирсан тул дээрх хариуцагч албан хаагч нараар ногдох актын төлбөрийг барагдуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Б.Жадамба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газрын болон түүний төлөөлөгч Г.Ганболдын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 2015-2016 оны санхүүгийн баримтаар шалгалт хийж акт тавигдсан ба уг төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газар төлж барагдуулсан байна. Шалгалтаар уг төлбөрийг нь миний нэр дээр гаргаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн С.Дэлгэртөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шилүүстэй сумын Засаг дарга Д.Алтанжаргал нь Аймгийн санхүүгийн дотоод хяналт аудитын албанд хүсэлт өгч тус сумын Засаг даргын тамгын газрын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэн шалгалтаар илэрсэн төлбөрийг Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдон ажиллаж байгаа Г.Ганболд нь санхүүгийн албаны дарга С.Дэлгэртөр миний биеийг төлбөр хариуцагчаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа миний хувьд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед байгууллагын 1, 2-р гарын үсэг зурж төсөв хөрөнгөө зарцуулдаг дарга, ня-бо нар нь тус онуудад шалгалтаар илэрсэн тавигдсан төлбөрийг үйл ажиллагаандаа зарцуулсан. Миний хувьд тухайн байгууллагын зарлагын гүйлгээг Засгийн газрын 2015 оны 01 сарын 26-ны 4-р тогтоолын Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 8.1, 8.4 дэх заалтуудыг үндэслэн төсөв, төрийн сангийн мэргэжилтний анхан шатны баримттай тулгаж, системд шивэн гарын үсэг зурж, тэмдэгээ дарж баталгаажуулсан гүйлгээг батлах үүрэгтэй. Би энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ажилласан тул төлбөрийг миний бие хариуцахгүй тайлбараа гаргаж байгааг хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газарт Завхан аймгийн Санхүү, Аудитын алба 2015 оны 05 дугаар сарын 31-ний 54 тоот зөрчлийн актаар тавигдсан төлбөрийг холбогдох албан тушаалтнуудаар төлүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр өөрийн данснаас төсвийн мөнгөнөөс гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Хариуцагч С.Дэлгэртөр, Жадамба хоёр өөр өөрсдийн төлбөрийг төлж төсвийг хохиролгүй болгоогүй учраас төлбөрийг төлүүлэхээр шүүхэд хандсан. Эдгээр хүмүүс бид нар холбогдолгүй гэж байгаа боловч шалгалтыг ахалсан Санхүү аудитын албаны дарга Содном гэж хүнээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан учраас үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ хүн төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг шалгаж тогтоосон байна гэж үзэж байна. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрчээс зөрчил нэг бүр дээр нь асууж тодруулахад тус бүр дээр нь ийм ийм байдлаар шалгаж тогтоосон юм гэж тайлбар өгсөн. Энэ зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ гомдол гаргах боломж байсан нь харагдаж байна. Яагаад гэвэл Дэлгэртөр гэдэг хүн 2, 3 хоног миний хажууд байсан, мөн нийт албан хаагч нарт шалгалтын дүнг танилцуулсан байна. Акт гараад гомдол гаргах хугацаа нь дуусаад 10 сарын 20-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар акт баталгаажсан. Дэлгэртөр, Жадамба нар актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дээд шатны байгууллага болон шүүхэд хандсан асуудал байхгүй байна. Хэрэгт ийм баримт байхгүй байна. Шүүхээр баталгаажсан улсын байцаагчийн актын дагуу хохирлыг байгууллага төсвөөс барагдуулаад Иргэний хуулийн 498.1, 498.5 дахь хэсэгт заасан шаардах эрхийн хүрээнд гэм буруутай эдгээр хүмүүсээс шаардаж байгаа юм. Яагаад гэвэл хүчин төгөлдөр Улсын байцаагчийн дүгнэлтэд эдгээр хүмүүс өөрсдөө танилцаад энэ чинь ийм учиртай юм. Би төлнө гэдгээ тухайн үед хэлсэн гэж гэрч ярьж байна. 54 тоот актыг надад танилцуулаагүй гэсэн мөртлөө актан дээр өөрөө гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр эндээс хэн худал мэдүүлэг өгөөд байна вэ гэдэг нь харагдаж байгаа. 54 тоот актын төлбөр бүрэн төлөгдсөн гэдэг нь Сангийн яамнаас Баасанхүүгийн гаргасан гомдлын дагуу 1.983.500 төгрөгийг хассан учир үлдсэн 5.756.100 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гарсан гэдэг нь гүйлгээний баримт, төлбөр төлсөн баримт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол зэргээр нотлогдож байна. Тэгэхээр эдгээр гэм буруутай этгээдүүдээс байгууллага хохирлоо төлүүлэх эрхтэй байна. Эдгээр хүмүүсээс хохирлыг нэхэмжилж байна. Хариуцагч нарын өмгөөлөгчөөс хоршооны данс руу орсон мөнгийг цаашаа хаачсаныг шалгаагүй байж акт бичээд байна гэж тайлбарлаж байна. Энэ бол үндэслэлгүй юм. Яагаад гэвэл нэгдүгээрт шалгалтын явцад гэм буруутай этгээдийг үйлдлээр нь тогтоосон байна. Хоёрдугаарт Санхүүгийн албаны дарга гэдэг хүн чинь сумын хэмжээнд төрийн сан төсвийн мөнгөний гүйлгээний эцсийн хяналтыг тавиад эргэлзээтэй баримт байвал буцаах эрхтэй. Энэ утгаараа эцсийн хариуцлагыг үүрэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хүнд холбогдуулан нэхэмжилж байгаа. Хариуцагч Жадамбын тухайд санхүүгийн анхан шатны баримтыг хуурамч бичсэн гэдгийг шалгалтын явцад тогтоосон байна. Хуурамч баримт үйлдсэний улмаас төсөвт 555.000 төгрөгийн хохирол учирсан байна. Ийм учраас Дэлгэртөр, Жадамба гэсэн хоёр хариуцагчаас 3.608.600 төгрөгийг гаргуулж Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Дэлгэртөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сумын Засаг дарга болон тамгын газрын дарга нар Төрийн аудитын албанд шалгалт хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу шалгалт хийгдсэн. Тэр шалгалтаар илэрсэн төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг санхүүгийн албаны дарга надад хамаатуулж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр байгууллагын дарга нь төсөв захирагч байдаг учраас 1 дүгээр гарын үсэг зурдаг. Нягтлан бодогч нар 2 дугаарын гарын үсэг зурдаг. Төсөв хөрөнгөө захиран зарцуулсан дарга, нягтлан бодогч, нярав нар тухайн төлбөр мөнгийг хариуцах ёстой байхад ганцхан намайг хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015-2016 онд сумын Засаг дарга, тамгын газрын дарга нар батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байсан гэж үзэж байна. Санхүүгийн анхан шатны баримтыг байгууллагын дарга, нягтлан бодогч нярав нар бүрдүүлдэг. Тэр бүрдүүлсэн баримтыг төсөв төрийн сангийн мэргэжилтэн төрийн сангийн системд шивснийг би батлах үүрэгтэй. Батлах үүргийнхээ дагуу би баталсан. Аудитаас тавьсан акт дээр санхүүгийн албаны дарга учраас гарын үсэг зурсан. Түүнээс биш би тэр надад холбогдох жагсаалт дээр гарын үсэг зураагүй. Би тухайн үед надад холбогдох төлбөр дээр маргаан үүсгэж актын хавсралт дээр гарын үсэг зураагүй. Би тамгын газрын төсөв мөнгийг тамгын газрын үйл ажиллагаанд нь зарцуулаад л явдаг байсан болохоос би хувьдаа аваад ч юм уу завшсан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлээд байгаа мөнгийг би хариуцах үндэслэлгүй юм. Актанд миний гарын үсэг байхгүй. Засаг дарга болон түүний ах дүүс над руу хэлбийсэн ажиллагаа гэж бодож байна. Миний гарын үсэг байхгүй учраас би төлөх боломжгүй. Манай ах бөөрний өвчтэй учраас манай охин хоршооны үйл ажиллагаа явуулдаг байсан. Содном дарга тамга тэмдгийг нь хурааж аваад одоо болтол өгөөгүй байгаа. Өөрт холбоотой нэгжний 60.000 төгрөгийг цалингаасаа хасуулж төлсөн байгаа гэв.
Хариуцагч Б.Жадамба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тамгын газрын дарга Ганболд надад нэг удаа чи жолоочийн ажлааас халагдах хүсэлтээ өгөх юм бол 550.000 төгрөгийг чамаас гаргуулахгүй гэж хэлж байсан. Энэ төлбөр мөнгө надад ямар ч хамааралгүй. Би дарга нарын яв гэсэн газар нь явдаг. Тиймээс энэ нэхэмжлээд байгаа мөнгө надад хамааралгүй гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч В.Содномцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нарын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газар нь Дэлгэртөр, Жадамба нарыг хариуцагчаар татсан байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрч асуулгаж, мөн анхан шатны шүүхэд нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Энэ нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Завхан аймгийн Санхүүгийн аудитын газар, шүүх болон шүүхийн шийдвэр биелүүлэх газарт удаа дараа хүсэлт гаргаж сум дундын анхан шатны шүүхээр баталгаажуулсан байгаа. Анхан шатны шүүхээр баталгаажуулахдаа Нэгдүгээрт: Завхан аймгийн Санхүүгийн аудитын Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газарт тавьсан төлбөрийн актыг баталгаажуулсан болохоос Дэлгэртөр, Жадамба болон бусад хүмүүст холбогдох актыг баталгаажуулаагүй. Энэ нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байна. Тиймээс тухайн актаар Дэлгэртөр, Жадамба нарт холбогдох асуудал нотлогдож байна гэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт: Актад заагдсан жагсаалт гэж байгаа. Уг жагсаалт нь 54 тоот жагсаалтын хавсралт мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Жагсаалтыг санхүүгийн хяналт тавьсан байгууллага бичгийн баримтуудад бичиж тусгаж өгөөгүй. Гаргасан жагсаалт гэдэг баримт дээрээ төлбөр хариуцагч гэдэг хүмүүсийн нэрийг жагсааж бичсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээр төлбөр хариуцагч нь Давааням, Дэлгэртөр, Амгаабазар 3 хүн байгаа. Дэлгэртөр нь хариуцагч мөн үү биш үү гэдэг асуудал яригдана. Санхүүгийн аудитын шалгалт хийгээд Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газарт шалгалт хийгээд акт тогтоож тухайн актыг шүүгчийн захирамжаар баталгаажуулаад тэр байгууллага төлбөрөө төлчихсөн. Шалгалт хийсэн актаа хэзээ хэнд танилцуулсан юм бэ? танилцуулсан гэсэн нотлох баримт өнөөдөр байхгүй. Өнөөдөр гэрч хэлсэн Жадамба гэдэг хүн тухайн үед байхгүй байсан мэдээгүй байх боломжтой. Энэ актыг хэзээ танилцуулаад гомдол гаргах эрх хэдийд үүссэн гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар актыг гардаж аваагүй байна гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогдож байна. Тухайн актад Баасанхүү шиг яваад асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан гэсэн асуудал яригдаад байгаа. Энэ актыг Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газарт тавьсан учраас тухайн хүн бүр энэ хүмүүс гомдол гаргалгүй өнөөдрийг хүртэл явсан байна. Нэхэмжлэгч тал 2017 оны 10 сарын 20-нд баталгаажуулсан. Та нар гомдол гаргахгүй яасан юм гэж яриад байгаа. 20-нд Засаг даргын тамгын газартай холбоотой актыг баталгаажуулсан болохоос Дэлгэртөр, Жадамба нартай холбоотой актыг баталгаажуулаагүй. Ийм учраас энэ хүмүүс энэ шүүгчийн захимжид гомдол гаргах эрх зүйн үндэслэлгүй болж байгаа юм. Шалгалтын материалыг өдий хүртэл тухайн хүнд өгөөгүй байгаа. Зүгээр нэг акт тавиад хаячдаг энэ нь тухайн хүний эрхийг хязгаарлах үндэслэл болж байгаа юм. Тухайн актыг гардаад авсан бол би ийм зөрчилд холбогдчихсон юм байна, 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм байна гэдгийг мэдэх боломжтой. Дэлгэртөртэй холбогдуулаад та бүх хяналтыг тавих үүрэгтэй гэж үзээд байгаа. Тэгвэл жолоочийн ажилд хяналт тавих ёстой, ажил хийж яваад байгаа дарга нар Шилүүстэйгээс Улиастай хүртэл явсан юм энэ хооронд 450 км газар явсан гэж явсан километрээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байхад хууль бус байна гэж акт тавьсан. Гэхдээ Санхүүгийн аудитын газар Жадамба дээр акт тавиагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд анхан шатны бүрдэлгүй баримтыг санхүүгийн баримтад тусгахыг хориглоно гэсэн заалт байгаа. Жадамба санхүүгийн анхан шатны баримтыг 100 хувь бүрдүүлээд өгсөн. Явсан километрийг Оргодол, Давааням, Засаг даргын орлогч нар би ийм км явсан нь үнэн юм гээд гарын үсэг зураад өгсөн. Жолоочоос шалтгаалах юм байхгүй байхад жолоочийг хариуцагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал зөрчил төлбөрийн жагсаалтыг нотлох баримт гэж үзэж байгаа. Харин төлбөрийн жагсаалт нь актын иж бүрдэл нь болох боломжгүй байна. Хэдийгээр улсын байцаагч гарын үсэг зурж тамга тэмдэг баталгаажсан ч гэсэн Дэлгэртөр, Жадамба нар хариуцагч болох боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын тамгын газар нь Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоогдсон төлбөр буюу хариуцагч С.Дэлгэртөрөөс 3.058.600 төгрөг, хариуцагч Б.Жадамбаас 550.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Б.Жадамба ...би дарга нарын яв гэсэн газарт явдаг. Тиймээс энэ нэхэмжлээд байгаа мөнгө надад хамааралгүй гэж, хариуцагч С.Дэлгэртөр ...санхүүгийн анхан шатны баримтыг төсөв төрийн сангийн мэргэжилтэн төрийн сангийн системд шивснийг би батлах үүрэгтэй. Актанд би гарын үсэг зураагүй учир нэхэмжилсэн мөнгийг би хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.
Хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан зөрчил төлбөрийн жагсаалтыг 54 тоот актын хавсралт баримт бичиг мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж маргаж байгаа ч төлбөр тогтоосон актанд дурьдагдсан үнийн дүн болох 7.739.600 төгрөг нь зөрчил төлбөрийн жагсаалтын дүнтэй тохирч байгаа, мөн энэ талаар гэрч Л.Содномын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..зөрчлийн жагсаалт нь актын хавсралт мөн юм гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэн зөрчил төлбөрийн жагсаалтыг 54 тоот актанд хамаарал бүхий баримт мөн гэж үзэх нь зүйтэй байна.
Дээрх зөрчил төлбөрийн жагсаалтын 12-рт дурьдсан автомашины явсан км-ийг илүү явснаар бүртгэн шатахууны зарцуулалтыг өсгөсөн гэсэн зөрчлийн төлбөрийг Д.Давааням, Д.Амгаабазар нар хариуцан төлөхөөр нэр заасан байна.
Хэдийгээр жолооч санхүүгийн анхан шатны баримтыг үйлддэг ч жолоочийн үйлдсэн баримтанд хяналт тавих баталгаажуулах эсэх нь эрх бүхий албан тушаалтны үүрэг учир шатахууны зарцуулалтыг өсгөсөн зөрчлийн төлбөрийг жолооч Б.Жадамбад хариуцуулах үндэслэлгүй гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагч С.Дэлгэртөрийн хувьд зөрчил төлбөрийн жагсаалтанд төлбөр хариуцахаар нэр заагдсан төдийгүй тэрээр тус сумын Санхүүгийн албаны даргаар ажилладаг ба албан тушаалын чиг үүргийнхээ хувьд төрийн сангийн гадагш дотогш хийгдэх гүйлгээг хянан баталгаажуулах үүрэгтэй болох нь Засгийн газрын 2014 оны 326-р тогтоолын хавсралтаар баталсан Санхүүгийн албаны чиг үүргийн жишигийн 1.1.5-д зааснаар тогтоогдож байна гэж үзэв.
Мөн тэрээр Санхүүгийн хяналт шалгалтын шийдвэрт гомдол гаргаагүй ба дээрх шалгалтаар илэрсэн зөрчил төлбөрийн жагсаалтад дурьдсан зарим гүйлгээнүүд нь өөрт нь шууд хамааралтай байсан болох нь гэрч Л.Содномын Дэлгэртөрийг томилолтоор Улиастайд байхад түүний данс руу 2 принтер авчруулахаар мөнгө шилжүүлсэн байдаг. Тэгээд авчирсан принтерээ орлогод авахдаа 148.000 төгрөгөөр бага дүнгээр орлогод авсан байдаг. Тэгэхээр 148.000 төгрөг Дэлгэртөрд өөрт нь үлдсэн, ...хүнсний материал татаад үнийн дүн зөрүүтэй баримт хавсаргасан, 586.000 төгрөгний баримт дутуу гэсэн үг. Дэлгэртөр өөрөө хариуцаж хүнсний материал бэлтгэсэн байсан, ...Дэлгэртөр өөрийнхөө нэрээр 227.000 төгрөгний бараа Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн байсан. Үүнээсээ хувь хүний орлогын албан татвар суутгалгүй бүхэл дүнгээр нь өөрийн данс руу шилжүүлсэн байсан, ...Ухаа аргалант болон Чинтамани мандал хоршоонууд руу мөнгө гаргасан баримтан дээр Дэлгэртөрийн гарын үсэг байсан. Мөн Чинтамани мандал хоршооны эзэн Усны-Эх гэж хүнтэй уулзаж тайлбар авсан. Ухаан-Аргалант хоршооны эзэн Даваахүү нь Дэлгэртөрийн төрсөн ах, баримтан дээр Дэлгэртөрийн төрсөн охин Ундармаа гарын үсэг зурсан байсан. Ундармааг хоршооны эрх бүхий албан тушаалтнаар томилсон эрх зүйн акт байхгүй байсан. Тухайн үед энэ баримт нь хуурамчаар үйлдсэн гэдгийг шалгалтаар тогтоон зөрчилд тооцсон гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 05-р сарын 31-ний өдрийн 54 тоот актаар тогтоосон 3.058.600 төгрөгийг хариуцагч С.Дэлгэртөрөөс гаргуулж шийдвэрлэх үндэстэй ба хариуцагчийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэв.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Шилүүстэй сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй Б.Жадамбаас 550.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагч С.Дэлгэртөрөөс 3.058.600 төгрөг гаргаж нэхэмжлэгч Шилүүстэй сумын ЗДТГазарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Дэлгэртөрөөс 63.888 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ