Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/01977

 

 

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/01977

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  ................. Х.К ХХК /РД: ......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...............тоотод байрлах Т.И.Т ХХК /РД: 5251818/-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 70.927.350 төгрөгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.И.Т ХХК-ийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 159.405.367 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ё, Г.А, хариуцагчийн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Х.К ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Х.К ХХК нь хариуцагч Т.И.Т  ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээт ажлын урьдчилгаа болгож 150.000.000 төгрөгийг шилжүүлсэн болно. Гэвч манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд хариуцагч тус гэрээний дагуу ямар нэгэн ажил эхлүүлээгүй байсан учир гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 150.000.000 төгрөгийг буцааж авахаар тохиролцсон. Ингэхдээ хариуцагч нь хүлээж авсан нийт мөнгөний 79.072.650 төгрөгт барилгын бараа, материал хүлээлгэн өгсөн. Хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт 150.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 70.927.350 төгрөгийг төлөхгүй болохыг илэрхийлсэн бөгөөд манай компани удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл тус төлбөрийг барагдуулаагүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу 70.927.350 төгрөгийг хариуцагч Т.И.Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Х.К ХХК-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч Т.И.Т ХХК-ийн төлөөлөгч Л.Э шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Манай компани нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө байгууллага. Бид захиалагч Х.К ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Саншайн виллаж орон сууцны хотхоны төслийн С блокийн дотор заслын ажил, сантехникийн болон цахилгааны, дохиолол, сүлжээ, смарт системийн ажлыг нийтдээ 4.454.280.000 төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулахдаа энэ төсөлд зарцуулсан бүх зардлаа хасаад 300.000.000 гаруй төгрөгийн ашигтай ажиллахаар тооцоо гарч байсан болохоор уг төслийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Манай компани нь энэ төслийг эхлүүлэхийн өмнө захиалагчийн захирал Ш.Э-ийг Итали улсад авч очиж өөрийн компанийн хувьцаа эзэмшигч нартай уулзуулж, мөн Саншайн хотхоны орон сууцны захиалгын зар сурталчилгаанд Италийн мэргэжилтнүүдийг оролцуулах, мөн судалгаа хийх зэрэг ажлуудыг хийсэн. Ингээд захиалагч тал гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 25 хувь буюу 1.113.570.000 төгрөгийг манай компанид төлснөөс хойш 7 хоногийн дараа бид гэрээнд заасан ажлыг эхлэх байсан. Гэвч захиалагч нь гэрээнд заасан 25 хувийн урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй, уг төлбөрөөс ердөө л 150.000.000 төгрөгийг шилжүүлээд бусдыг нь санхүүгийн бэрхшээлтэй байна гэсэн шалтгаанаар шилжүүлээгүй. Гэсэн хэдий ч манай компани гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш хүлээсэн үүргээ биелүүлж, инженер техникийн ажилчдаа бэлтгэх, сантехник, цахилгааны бараа материалаа гадаадад захиалах, тээвэрлүүлэх, гаалиас хүлээн авах болон угсардаг шат хөлслөх, мөн хайрга дайрга буулгах гэх мэт бэлтгэл ажлыг хийж байтал захиалагч талын толгой компанийн шийдвэрээр Х.К ХХК нь бидний ажлыг цаашид үргэлжлүүлээгүй зогсоосон. Манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 150.000.000 төгрөгөөс захиалагчид бүгдийг нь буцаан өгөх боломжгүй. Учир нь манай компани нь гэрээт ажлыг гүйцэтгэж эхлээд нилээдгүй зардал гаргасан, мөн тус төсөлд зориулж бараа, материал татан авсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж, урьдчилгаа төлбөрөөс 79.072.650 төгрөгт нь бараа, материал өгөх, харин ажлыг эхлүүлэхтэй холбоотой манай компаниас гарсан 34.348.256 төгрөгийн зардлын задаргааг Х.К ХХК-ийн имэйл хаягаар явуулж, мөн Х.К ХХК-ийн толгой компани Бэс инфраструктур холдингХХК-иас манай компанид төлөх ёстой гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 29.000.000 төгрөгийг суутган тооцоод Х.К ХХК-д төлөх төлбөр байхгүй гэдгийг 2016 оны 06 дугаар сар, 2016 оны 09 дүгээр сард тус тус албан бичгээр мэдэгдсэн. Тиймээс Х.К ХХК-ийн нэхэмжлэлд Т.И.Т ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч ямар нэгэн ажил эхлээгүй байсан учир гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 150.000.000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон гэж дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй юм. Саншайн виллаж орон сууцны хотхон төслийн захиалагч Бэс ХХК бөгөөд энэ компани нь Х.К ХХК-ийн толгой компани ба энэ хоёр компанитай байгуулсан гэрээг баталсан захиалагчийн захирал нь Ш.Э гэдэг нэг хүн, мөн төслийг хариуцсан менежер нь Ириэ Кэийчи гэж мөн л нэг хүн бөгөөд зураг төслийн ажил гүйцэтгэлийн акт болон Х.К ХХК-тай байгуулсан гэрээн дээр төслийн менежер гэж тэр л хүн гарын үсэг зурсан, мөн толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас Х.К ХХК нь манай компанитай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан учир Бэс инфраструктур холдингХХК-иас манай компанид төлөх ёстой ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 29.000.000 төгрөгийг Х.К ХХК-ийн урьдчилгаа төлбөрөөс суутгаж тооцох нь зүй ёсны гэж хариуцагч тал үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэгч Х.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Т.И.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь захиалагч Х.К ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Саншайн виллаж орон сууцны хотхоны төслийн С блокийн дотор заслын ажил, сантехникийн болон цахилгааны, дохиолол, сүлжээ, смарт системийн ажлыг нийтдээ 4.454.280.000 төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулахдаа энэ төсөлд зарцуулсан бүх зардлаа хасаад 300.000.000 гаруй төгрөгийн ашигтай ажиллахаар тооцоо гарч байсан болохоор уг төслийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Манай компани нь энэ төслийг эхлүүлэхийн өмнө захиалагчийн захирал Ш.Э-ийг Итали улсад авч очиж өөрийн компанийн хувьцаа эзэмшигч нартай уулзуулж, мөн Италийн мэргэжилтнүүдийг оролцуулан Италийн хөрөнгө оруулалттай компаний төслийн гүйцэтгэгчээр Саншайн хотхоны төсөл дээр ажиллаж байгаа гэсэн зар сурталчилгааг хийж, өөрийн компанийн нэр хүндийг орон сууцны захиалгад ашиглуулан, төслийн ажлын судалгаа хийх зэрэг ажлуудыг хийсэн. Манай компани гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш хүлээсэн үүргээ биелүүлж, инженер техникийн ажилчдаа бэлтгэх, сантехник, цахилгааны бараа материалаа гадаадад захиалах, тээвэрлүүлэх, гаалиас хүлээн авах болон угсардаг шат хөлслөх, мөн хайрга дайрга буулгах гэх мэт бэлтгэл ажлыг хийж, маш их хэмжээний зардлыг гаргасан. Гэтэл захиалагч тал гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 25 хувь буюу 1.113.57.000 төгрөгийг манай компанид шилжүүлэхээс ердөө л 150.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлж, захиалагч тал гэрээний үүргээ эхнээсээ зөрчиж эхэлсэн. Гэсэн хэдий ч манай компани гэрээт ажлыг гүйцэтгээд явж байтал захиалагч тал толгой компанийн шийдвэр гарсан гэдэг шалтгаанаар манай компанитай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 150.000.000 төгрөгийг буцаан шаардсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 150.000.000 төгрөгийг захиалагчид буцаан өгөх боломжгүй, манай компани нь гэрээт ажлыг гүйцэтгэж эхлээд нилээдгүй зардал гаргасан, мөн тус төсөлд зориулж бараа, материал татан авсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж, урьдчилгаа төлбөрөөс 79.072.650 төгрөгт нь тооцож бараа, материал өгөх, харин ажлыг эхлүүлэхтэй холбоотой манай компаниас гарсан 34.348.256 төгрөгийн зардлыг задаргааг Х.К ХХК-ийн имэйл хаягаар явуулсан. Захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсаны улмаас манай компани Саншайн виллаж хотхоны төсөл дээр Итали улсаас захиалан авч ирсэн бараа, материал, гаалийн татвар болон тээвэр зуучид өгсөн төлбөр, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс, ажилчдын цалин зэрэгт ихээхэн зардал гаргаж, маш их хохирол хүлээсэн учир энэ хохирлоо хариуцагч Х.К ХХК-иас гаргуулахаар 159.405.367 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: гаалийн татварт өгсөн зардал 103.779.411 төгрөг, төслийг эхлүүлэхийн өмнө захиалагч компанийн захирал, төслийн менежер зэрэг нийт 5 хүнийг Итали улсад 10 хоног аялуулахад зарцуулсан онгоцны билет, зочид буудал, хоолны зардал 12.760.700 төгрөг, барилгын материал, контейнер худалдан авах, подём авчрах, угсрах зардал, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэг зардал нийлээд 34.348.258 төгрөг болж байна. Иймд учирсан хохирол болох болох нийт 155.405.367 төгрөгийг нэхэмжлэгч Х.К ХХК-иас гаргуулж өгнө үү. Анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа шаардлагуудыг буруу тооцож 159.405.367 төгрөг нэхэмжилснийг багасгаж 155.405.367 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ё, Г.А нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч байгууллагаас манайд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан бичиг ирүүлсэн байдаг. Энэхүү албан бичгээр Х.К ХХК-ийн цахилгааны кабель худалдаж авсан авлагыг урьдчилгаа төлбөр лүү суутгах байдлаар тооцож баласны өр төлбөрийн үлдэгдэл 70.927.350 төгрөг болохыг бүртгэлээр баталгаажсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.Хариуцагч байгууллагаас 34.348.256 төгрөг бол Химон төсөлд зарцуулсан нийт зардал гээд байгаа боловч нүдэнд үзэгдэх, гарт баригдах ямар хэмжээний зардал гаргасан нь тодорхой бус байна. Энэ талаараа ч манай компанид мэдэгдэж байгаагүй. Захирлуудын Итали улс руу явсан гэх тийз, буудал, хоолны зардал бол гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн хувь хүмүүсийн тохиролцоо юм. Тэгэхээр энэ хэрэгт огт хамааралгүй. Саншайн орон сууцны хотхоны гүйцэтгэгч нь Х.К ХХК болохоос захиалагч компани биш юм. Т.И.Т ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь гадаад худалдаа явуулдаг учраас гаалийн төлбөр нэхэмжилж байгааг нь ямар ч үндэслэлгүй. 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 150.000.000 төгрөг шилжүүлээд бүхэл бүтэн жилийн дараагаас эхлээд оруулж ирсэн бараа материалаас нь зах зээлийн үнээр нь худалдаж аваад 70.927.350 төгрөгийн авлагаа барагдуулсан. Тухайн компани гэрээ байгуулаад ямар ч ажил хийгээгүй байсан учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыгнэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.К ХХК нь хариуцагч Т.И.Т ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 70.927.350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.И.Т ХХК-иас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 155.405.367 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба а болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 91.830.202 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг .

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч Т.И.Т ХХК нь Баянзүрх дүүрэг, Олимп хотхонд байрлах Саншайн орон сууцны хотхоны С блокийн дотор заслын ажил болон цахилгаан, сантехникийн ажил, барилгын холбоо дохиолол, сүлжээ, смарт системийн ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Х.К ХХК нь ажлын хөлсөнд 4.454.280.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогд байна. /хх-6-16/

Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх багэрээний гол болон ердийн нөхцлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Х.К ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлын урьдчилгаа төлбөр 150.000.000 төгрөгийг хариуцагч Т.И.Т ХХК-д шилжүүлсэн боловч нэхэмжлэгч Х.К ХХК нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар болон төлбөрийн даалгаврын баримт зэргээрнотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй болно. /хх-17/

Харин нэхэмжлэгч Х.К ХХК нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 150.000.000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсоны дагуу хариуцагчаас 79.072.650 төгрөгийн бараа материал хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул 70.927.350 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Т.И.Т ХХК-иас манай компаниас гэрээний урьдчилгаа төлбөр тавсан 150.000.000 төгрөгийг бүгдийг нь буцаан өгөх боломжгүй, гэрээнд заасан ажлыг эхлүүлэхтэй холбоотой манай компаниас 34.348.256 төгрөгийн зардал гарсан, мөн Х.К ХХК-ийн толгой компани Бэс инфраструктур холдингХХК-иас манай компанид төлөх ёстой гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 29.000.000 төгрөгийг суутган тооцоход 4.000.000 орчим төгрөгийн төлбөр үлдсэнийг төлөх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй тул зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Т.И.Т ХХК-ийг ажил хийж эхлэхээс өмнөнэхэмжлэгч Х.К ХХК татгалзаж, гэрээг цуцалсан тул ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 150.000.000 төгрөгийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Т.И.Т ХХК нь гэрээт ажлын урьдчилгаанд авсан 150.000.000 төгрөгийг ажил эхлэх бэлтгэл ажлыг гүйцэтгэх, гадаадаас бараа, материал захиалан авчруулахад зарцуулсан тул урьдчилгаа төлбөрт бараа, материал тооцон өгөх санал гаргасныг нэхэмжлэгч Х.К ХХК хүлээн зөвшөөрч талууд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 79.072.650 төгрөгийн барилгын бараа, материалыг хүлээлцсэн болох нь зохигчдын тайлбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, хариуцагч Т.И.Т ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16/69 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. /хх-18-19/

Хариуцагч Т.И.Т ХХК нь Х.К ХХК-ийн бараа, материал худалдаж авсан авлагыг урьдчилгаа төлбөр лүү суутгах байдлаар тооцож, балансын өр төлбөрийн үлдэгдлийг 70.927.350 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч уг төлбөрөөс Х.К ХХК-ийн толгой компани болох Бэс инфраструктур холдингХХК-иас авах ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 29.000.000 төгрөгийг хасч тооцсоны үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь БХХК нь нэхэмжлэгч Х.К ХХК-ийн толгой компани мөн болох нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгч Х.К ХХК-иас өөр компаниас авах авлагыг талуудын хооронд байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт харилцан тооцуулах боломжгүй бөгөөд ийнхүү тооцуулахыг нэхэмжлэгч Х.К ХХК зөвшөөрөхгүй байх тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 70.927.350 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.И.Т ХХК-иас 70.927.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.К ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Т.И.Т ХХК-иас нэхэмжлэгч Х.К ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны улмаас бараа материалыг гадаадаас захиалан авчирахад гаалийн татварт өгсөн зардал 103.779.411 төгрөг, төслийг эхлүүлэхийн өмнө захиалагч компанийн захирал, төслийн менежер зэрэг нийт 5 хүнийг Итали улсад 10 хоног аялуулахад зарцуулсан онгоцны билет, зочид буудал, хоолны зардал 12.760.700 төгрөг, барилгын материал, контейнер худалдан авах, подём авчрах, угсрах зардал, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэг зардал нийлээд 34.348.258 төгрөг, нийт 155.405.367 төгрөгийн хохирол учирсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.К ХХК-иас шаардсан бол нэхэмжлэгч Х.К ХХК нь хариуцагчаас байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар ажил хийж гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй, гэрээ байгуулахаас өмнө Итали руу явсан захирлуудын асуудал энэ хэрэгт хамаагүй, хувь хүмүүсийн тохиролцооны үндсэн дээр явсан, Т.И.Т ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь гадаад худалдаа явуулдаг учраас хилээр оруулж ирсэн бараа материалын гаалийн төлбөр нэхэмжилж байгааг нь ямар ч үндэслэлгүй, хариуцагч байгууллага гэрээ байгуулаад ямар ч ажил хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч Х.К ХХК өөрийн санаачилгаар татгалзаж, гэрээг цуцалсан байх бөгөөд гэрээг цуцлахад хариуцагч Т.И.Т ХХК-иас шалтгаалаагүй, гэм буруугүй байна.

Гүйцэтгэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснааргүйцэтгэсэн ажлын хөлс болон гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.7-д гүйцэтгэгч нь ажлын багаж хэрэгсэл болон бараа материалыг импортлохтой холбоотой тээврийн зардал, гаалийн татвар, агуулахын зардал, дотоодын тээврийн зардлыг хариуцна гэж заасны дагуу хариуцагч Т.И.Т ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажлын урьдчилгаа төлбөр 150.000.000 төгрөг хүлээн авснаас хойш гадаад улсаас цахилгаан болон сантехникийн бараа материалыг захиалан авчирах, ажил эхлэхэд шаардлагатай подём угсрах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь хариуцагчийн тайлбар болон 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны хүртэлх хугацааны гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгүүд, гаалийн татварын төлсөн баримтууд, подём угсарсан болон түүнийг буцаан тээвэрлэх хөлс төлсөн баримтууд зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Т.И.Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны хүртэлх хугацааны гаалийн хилээр барааг нэвтрүүлэхэд төлсөн гаалийн татвар 85.430.202 төгрөг, ажил гүйцэтгэхэд шаардлагатай подём угсарсан болон түүнийг буцаан тээвэрлэхэд төлсөн хөлс 6.400.000 төгрөг, нийт 91.830.202 төгрөгийг ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор төлж барагдуулсан байх тул дээрх 91.830.202 төгрөгийг үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал буюу хохирол гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Т.И.Т ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны хүртэлх хугацаанд гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалууд нь гэрээ байгуулагдаж, цуцлагдахаас өмнө орж ирсэн тул ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Саншайн виллаж орон сууцны хотхоны төсөлтэй холбоотойгоор оруулж ирсэн бараа материалууд гэж үзэх үндэслэлтэй, энэ ч утгаараа нэхэмжлэгч Х.К ХХК-иас түүний гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалаас 79.072.650 төгрөгийн бараа материалыг авлагад тооцон шилжүүлэн авсан байна.

Харин гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Х.К ХХК-ийн удирлагуудыг Итали улсад 10 хоног аялуулахад төлсөн тийз, зочид буудал, хоолны 12.760.700 төгрөгийн төлбөр нь үүрэг гүйцэтгэгчээс гарсан, гэрээний үүрэгтэй холбоотой шууд зардал гэж үзэхгүй бөгөөд энэ нь хувь хүмүүсийн хоорондын тохиролцооны дагуу хийгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн бараа материал худалдаж авсан, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэгт 34.348.256 төгрөг шаардсанаас ажил гүйцэтгэхэд шаардлагатай подём угсарсан болон түүнийг буцаан тээвэрлэхэд төлсөн хөлс 6.400.000 төгрөгөөс бусад зардал болох худалдаж авсан ёмкост, контейнер, гүний насос хөвүүр, бусад бараа, материалууд нь хариуцагчид өөрт байгаа, түүний өмчлөлийн эд хөрөнгө болсон тул хохиролд тооцох боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч Х.К ХХК-иас 91.830.202 гаргуулж хариуцагч Т.И.Т ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гаалийн хилээр барааг нэвтрүүлэхэд төлсөн гаалийн татвар 18.349.209 төгрөг, нэхэмжлэгч Х.К ХХК-ийн удирлагуудыг Итали улсад 10 хоног аялуулахад төлсөн тийз, зочид буудал, хоолны төлбөр 12.760.700 төгрөг, бараа материал худалдаж авсан, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс 27.948.256 төгрөг, илүү тооцож нэхэмжилсэн 4.517.000 төгрөг, нийт 63.575.165 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512.587 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 954.977 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн болон сөрөг нэхэмжлэл нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 512.587 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 617.101 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугара зүйлийн 227.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.И.Т ХХК-иас 70.927.350 /далан сая гурван зуун хорин долоон мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.К ХХК-д олгож, нэхэмжлэгч Х.К ХХК-иас 91.830.202 /ерэн нэгэн сая найман зуун гучин мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулж хариуцагч Т.И.Т ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63.575.165 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 512.587 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 954.977 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.И.Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 512.587 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.К ХХК-д, нэхэмжлэгч Х.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 617.101 төгрөг гаргуулж хариуцагч Т.И.Т ХХК-д тус тусолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР