Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00096

 

Химон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01977 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалтай, 

Химон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Термигас инпианти технологи ХХК-д холбогдох  

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 70,927,350 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Термигас инпианти технологи ХХК-ийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 159,405,367 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайханы гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон, өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Химон констракшн ХХК нь Термигас инпианти технологи ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 70,927,350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 155,405,367 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01977 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч Термигас инпианти технологи ХХК-аас 70,927,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Химон констракшн ХХК-д олгож, нэхэмжлэгч Химон констракшн ХХК-аас 91,830,202 төгрөг гаргуулж хариуцагч Термигас инпианти технологи ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,575,165 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,587 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 954,977 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Термигас инпианти технологи ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 512,587 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Химон констракшн ХХК-д, нэхэмжлэгч Химон констракшн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 617,101 төгрөг гаргуулж хариуцагч Термигас инпианти технологи ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 91,830,202 төгрөг гэснийг 6,400,000 төгрөг гэж, үлдэх 63,575,165 төгрөг гэснийг үлдэх 149,005,367 төгрөг гэж, 2 дах заалтын 617,101 гэснийг 117,350 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагч Термигас импанти технологи ХХК-аас гаргаж өгсөн хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан 2014.04.04-ний өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт ...гүйцэтгэгчийн хийх ажилд гэрээний багц материал болон үнийн саналд заасан Саншайн хотхоны С блокийн барилгын дотор заслын ажил, барилгын дотор сантехникийн ажил, барилгын дотор цахилгааны ажил, барилгын холбоо дохиолол, сүлжээ, смарт системийн ажил зэрэг багтах тухай заагаад мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.7-д Гүйцэтгэгч нь ажлын багаж хэрэгсэл болон бараа материалыг импортлохтой холбоотой тээврийн зардал, гаалийн татвар, агуулахын зардал, дотоодын тээврийн зардлыг хариуцах ёстой, 7.8-д Гэрээний багц материал, хууль тогтоомж, бусад холбогдолтой дүрэм журмыг сахиж гүйцэтгэгч нь ажил, барилгын материал, хөрш залгаа байгууламж, гуравдагч этгээдэд учирч болзошгүй хохиролтой холбоотойгоор ажил бүрэн дуусч хүлээлгэн өгөх хүртэл өөрсдийн зардлаар шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой гэж заасны дагуу Термигас импианти технологи ХХК нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн өөрийн зардлаар Саншайн виллаж хотхонд хэрэглэгдэх цахилгаан, сантехникийн бараа материалыг захиалан, гаалийн татвар, тээврийн зардал зэргийг төлж авчирсан. Энэ нь гэрээний З дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан Захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд хоёр талын зөвшилцлөөр сунгасныг эс тооцож гүйцэтгэгч нь 2015.02.01-ний өдөр хүртэл ажлыг дуусгавар болгох гэсэн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгах хугацаатай ч холбоотой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ-ний дээрх заалтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийлгүйгээр Харин шүүх хэргийн 89-110 дугаар талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгүүд, гаалийн татварын төлсөн баримтыг үндэслэн хариуцагч Термигас импианти технологи ХХК-д 2014.04 дүгээр сараас 2014.09.15-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн татварт төлсөн 85,430,202 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь дээрх баримтуудаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр оруулсан бараа материалд төлсөн болон уг бараа материал нь уг ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзахаас өмнө ажил гүйцэтгэхэд зарцуулагдаж, нэхэмжлэгч түүнд ямар нэгэн ашиг сонирхолтой байсан гэх нөхцөл байдал, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэсэн алдаатай дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 149,005,367 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Анхан шатны шүүх хариуцагч Термигас инпианти технологи ХХК-аас 70,927,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Химон констракшн ХХК-д олгож, нэхэмжлэгч Химон констракшн ХХК-аас 91,830,202 төгрөг гаргуулж хариуцагч Термигас инпианти технологи ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,575,165 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

6. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 91,830,202 төгрөг гэснийг 6,400,000 төгрөг гэж, үлдэх 63,575,165 төгрөг гэснийг үлдэх 149,005,367 төгрөг гэж, 2 дах заалтын 617,101 гэснийг 117,350 гэж өөрчилсөн байна.  

7. Зохигчийн хооронд 2014.04.04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Термигас инпианти технологи ХХК нь Баянзүрх дүүрэг, Олимп хотхонд байрлах Саншайн орон сууцны хотхоны С блокийн дотор заслын ажил болон цахилгаан, сантехникийн ажил, барилгын холбоо дохиолол, сүлжээ, смарт системийн ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Химон констракшн ХХК-аас ажлын хөлсөнд 4,454,280,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлжээ.  

Талууд гэрээний 5.2.1-д Гэрээний ажлын дүнгийн 25 хувьтай тэнцэх 1,113,570,000 төгрөгийн урьдчилгааг төлөх ба энэ өдрөөс 7 хоногийн дараа гэрээт ажил эхэлсэнд тооцно гэж тохиролцсон боловч Химон констракшн ХХК-аас Термигас инпианти технологи ХХК урьдчилгаа төлбөрт 2014.07.02-ны өдөр 150,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт болон нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 150,000,000 төгрөгөөс 79,072,650 төгрөгт тооцож бараа материалыг хүлээн авсан нь тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй болно. 

7.1. Термигас инпианти технологи ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны улмаас бараа материалыг гадаадаас захиалан авчрахад гаалийн татварт өгсөн зардал 103,779,411 төгрөг, барилгын материал, контейнер худалдан авах, подъём авчрах, угсрах зардал, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэг зардалд 34,348,258 төгрөг, захиалагч компанийн захирал, төслийн менежер зэрэг нийт 5 хүнийг Итали улсад 10 хоног аялуулахад гарсан зардал 12,760,700 төгрөг, нийт 155,405,367 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлжээ. 

Химон констракшн ХХК нь хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй, Итали руу аяласан асуудал хэрэгт хамаагүй, мөн бараа материал оруулж ирэхэд гаалийн төлбөрт төлсөн төлбөрийг нэхэмжилж байгааг нь үндэслэлгүй гэж мэтгэлцжээ. 

7.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 150,000,000 төгрөгийг бүгдийг нь буцаан өгөх боломжгүй, гэрээнд заасан ажлыг эхлүүлэхтэй холбоотой 34,348,256 төгрөгийн зардал гарсан, нэхэмжлэгчийн хамаарал бүхий Бэс инфраструктур холдинг ХХК манай байгууллагад төлөх ёстой гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 29,000,000 төгрөгийг суутгана, 4,000,000 орчим төгрөг төлөх боломжтой гэж гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан зардлын талаар тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Тодруулбал, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаанд Бэс инфраструктур холдинг ХХК хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь үлдэгдэл төлбөрөөс Бэс инфраструктур холдинг ХХК-ийн өр төлбөрийг суутгаж авахыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаагүйгээс гадна нотлох баримтгүй байна.  

8. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зохицуулан хуульчилжээ.  

Химон констракшн ХХК дээрх хуульд заасны дагуу Термигас инпианти технологи ХХК-ийг ажил гүйцэтгэхээс өмнө гэрээнээс татгалзаж, цуцалсан тул ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг шаардах эрхтэй

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Термигас инпианти технологи ХХК-аас Химон констракшн ХХК-ийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 70,927,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.2-т заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгүүд, гаалийн татварын төлсөн баримтыг үндэслэж, Термигас инпианти технологи ХХК-д 2014 оны 04 дүгээр сараас 2014.09.15-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн татварт төлсөн 85,430,202 төгрөгийн хохирол учирсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ.  

Давж заалдах шатны шүүх Термигас инпианти технологи ХХК дээрх баримтуудаар Химон констракшн ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр оруулж ирсэн бараа материалд төлсөн болон уг бараа материал нь уг ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзахаас өмнө ажил гүйцэтгэхэд зарцуулагдаж, нэхэмжлэгч түүнд ямар нэгэн ашиг сонирхолтой байсан гэх нөхцөл байдал, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

Учир нь талууд гэрээндээ захиалагчийн зардлаар ажлыг хийж гүйцэтгэхээр буюу урьдчилгаа төлбөр 1,113,570,000 төгрөгийг шилжүүлсний дараа ажлыг хийж эхлэхээр тохиролцсоноос 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн, бараа материал татсан болон нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх үнийн дүнгээс 79,072,650 төгрөгийн бараа материалыг хариуцагч хүлээлгэн өгч урьдчилгаа төлбөрөөс 4,000,000 төгрөг буцаан өгөх талаар хариуцагч 2016.06.22-ны өдрийн 16/69, 2016.09.16-ны өдрийн 16/122 тоот албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд гаалийн татварт 85,430,202 төгрөгийг төлсөн гэх баримтыг үндэслэж хариуцагчид уг хохирол учирсан гэх үндэслэлгүй.  

Түүнчлэн Химон констракшн ХХК-ийн удирдлагуудыг Итали улсад 10 хоног аялуулахад гарсан зардал болох 12,760,700 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй шууд холбоотой гарсан зардал гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд энэ талаар заасан, тохиролцсон зүйл байхгүй тул хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв. 

10. Термигас инпианти технологи ХХК-аас бараа, материал худалдаж авсан, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэгт 34,348,256 төгрөгийн шаардлагаас ажил гүйцэтгэхэд шаардлагатай подъём угсарсан болон түүнийг буцаан тээвэрлэхэд гарсан зардлын баримтыг үндэслэн 6,400,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад нийцжээ.  

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг зөрчөөгүй байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж үндэслэлээ тодорхой заасан, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайханы гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайханы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,101 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ 

                                                           ШҮҮГЧИД                  Г.БАНЗРАГЧ 

                                                                                              П.ЗОЛЗАЯА 

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД