Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 440

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01977 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т-” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 70 927 350 төгрөгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т-” ХХК-ийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 159 405 367 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Т-” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээт ажлын урьдчилгаа болгож 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд хариуцагч тус гэрээний дагуу ямар нэгэн ажил эхлүүлээгүй байсан учир гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 150 000 000 төгрөгийг буцааж авахаар тохиролцсон. Ингэхдээ хариуцагч нь хүлээж авсан нийт мөнгөний 79 072 650 төгрөгт барилгын бараа, материал хүлээлгэн өгсөн. Хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт 150 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 70 927 350 төгрөгийг төлөхгүй болохыг илэрхийлсэн бөгөөд манай компани удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл тус төлбөрийг барагдуулаагүй тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу 70 927 350 төгрөгийг хариуцагч “Т-” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т-” ХХК-ийн төлөөлөгч Л.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид захиалагч “Х-” ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Саншайн виллаж орон сууцны хотхоны төслийн С блокийн дотор заслын ажил, сантехникийн болон цахилгааны, дохиолол, сүлжээ, смарт системийн ажлыг нийтдээ 4 454 280 000 төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгэх гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулахдаа энэ төсөлд зарцуулсан бүх зардлаа хасаад 300 000 000 гаруй төгрөгийн ашигтай ажиллахаар тооцоо гарч байсан болохоор уг төслийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Манай компани нь энэ төслийг эхлүүлэхийн өмнө захиалагчийн захирал Ш.Энхтөрийг Итали улсад авч очиж өөрийн компанийн хувьцаа эзэмшигч нартай уулзуулж, мөн Саншайн хотхоны орон сууцны захиалгын зар сурталчилгаанд Италийн мэргэжилтнүүдийг оролцуулах, мөн судалгаа хийх зэрэг ажлуудыг хийсэн. Ингээд захиалагч тал гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 25 хувь буюу 1 113 570 000 төгрөгийг манай компанид төлснөөс хойш 7 хоногийн дараа бид гэрээнд заасан ажлыг эхлэх байсан. Гэвч захиалагч нь гэрээнд заасан 25 хувийн урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй, уг төлбөрөөс ердөө л 150 000 000 төгрөгийг шилжүүлээд бусдыг нь санхүүгийн бэрхшээлтэй байна гэсэн шалтгаанаар шилжүүлээгүй. Гэсэн хэдий ч манай компани гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш хүлээсэн үүргээ биелүүлж, инженер техникийн ажилчдаа бэлтгэх, сантехник, цахилгааны бараа материалаа гадаадад захиалах, тээвэрлүүлэх, гаалиас хүлээн авах болон угсардаг шат хөлслөх, мөн хайрга дайрга буулгах гэх мэт бэлтгэл ажлыг хийж байтал захиалагч талын толгой компанийн шийдвэрээр “Х-” ХХК нь бидний ажлыг цаашид үргэлжлүүлээгүй зогсоосон. Манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 150 000 000 төгрөгөөс захиалагчид бүгдийг нь буцаан өгөх боломжгүй. Учир нь манай компани нь гэрээт ажлыг гүйцэтгэж эхлээд нилээдгүй зардал гаргасан, мөн тус төсөлд зориулж бараа, материал татан авсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж, урьдчилгаа төлбөрөөс 79 072 650 төгрөгт нь бараа, материал өгөх, харин ажлыг эхлүүлэхтэй холбоотой манай компаниас гарсан 34 348 256 төгрөгийн зардлын задаргааг “Х-” ХХК-ийн имэйл хаягаар явуулж, мөн “Х-” ХХК-ийн толгой компани “Б-” ХХК-аас манай компанид төлөх ёстой гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 29 000 000 төгрөгийг суутган тооцоод “Х-” ХХК-д төлөх төлбөр байхгүй гэдгийг 2016 оны 06 дугаар сар, 09 дүгээр сард тус тус албан бичгээр мэдэгдсэн. Тиймээс “Х-” ХХК-ийн нэхэмжлэлд “Т-” ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч ямар нэгэн ажил эхлээгүй байсан учир гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 150 000 000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон гэж дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй юм. Саншайн виллаж орон сууцны хотхон төслийн захиалагч “Б-” ХХК бөгөөд энэ компани нь “Х-” ХХК-ийн толгой компани ба энэ хоёр компанитай байгуулсан гэрээг баталсан захиалагчийн захирал нь Ш.Энхтөр гэдэг нэг хүн, мөн төслийг хариуцсан менежер нь Ириэ Кэийчи гэж мөн л нэг хүн бөгөөд зураг төслийн ажил гүйцэтгэлийн акт болон “Х-” ХХК-тай байгуулсан гэрээн дээр төслийн менежер гэж тэр л хүн гарын үсэг зурсан, мөн толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас “Х-” ХХК нь манай компанитай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан учир “Б-” ХХК-аас манай компанид төлөх ёстой ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 29 000 000 төгрөгийг “Х-” ХХК-ийн урьдчилгаа төлбөрөөс суутгаж тооцох нь зүй ёсны гэж хариуцагч тал үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани гэрээт ажлыг гүйцэтгээд явж байтал захиалагч тал толгой компанийн шийдвэр гарсан гэдэг шалтгаанаар манай компанитай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 150 000 000 төгрөгийг буцаан шаардсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 150 000 000 төгрөгийг захиалагчид буцаан өгөх боломжгүй, манай компани нь гэрээт ажлыг гүйцэтгэж эхлээд нилээдгүй зардал гаргасан, мөн тус төсөлд зориулж бараа, материал татан авсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж, урьдчилгаа төлбөрөөс 79 072 650 төгрөгт нь тооцож бараа, материал өгөх, харин ажлыг эхлүүлэхтэй холбоотой манай компаниас гарсан 34 348 256 төгрөгийн зардлыг задаргааг “Х-” ХХК-ийн имэйл хаягаар явуулсан. Захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдсаны улмаас манай компани Саншайн виллаж хотхоны төсөл дээр Итали улсаас захиалан авч ирсэн бараа, материал, гаалийн татвар болон тээвэр зуучид өгсөн төлбөр, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс, ажилчдын цалин зэрэгт ихээхэн зардал гаргаж, маш их хохирол хүлээсэн учир энэ хохирлоо хариуцагч “Х-” ХХК-аас гаргуулахаар 159 405 367 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд, гаалийн татварт өгсөн зардал 103 779 411 төгрөг, төслийг эхлүүлэхийн өмнө захиалагч компанийн захирал, төслийн менежер зэрэг нийт 5 хүнийг Итали улсад 10 хоног аялуулахад зарцуулсан онгоцны билет, зочид буудал, хоолны зардал 12 760 700 төгрөг, барилгын материал, контейнер худалдан авах, подём авчрах, угсрах зардал, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэг зардал нийлээд 34 348 258 төгрөг болж байна. Иймд учирсан хохирол болох болох нийт 155 405 367 төгрөгийг нэхэмжлэгч “Х-” ХХК-аас гаргуулж өгнө үү. Анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа шаардлагуудыг буруу тооцож 159 405 367 төгрөг нэхэмжилснийг багасгаж 155 405 367 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ё, Г.А нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч байгууллагаас манайд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан бичиг ирүүлсэн байдаг. Энэхүү албан бичгээр “Х-” ХХК-ийн цахилгааны кабель худалдаж авсан авлагыг урьдчилгаа төлбөр лүү суутгах байдлаар тооцож баласны өр төлбөрийн үлдэгдэл 70 927 350 төгрөг болохыг бүртгэлээр баталгаажсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч байгууллагаас                34 348 256 төгрөг бол Химон төсөлд зарцуулсан нийт зардал гээд байгаа боловч нүдэнд үзэгдэх, гарт баригдах ямар хэмжээний зардал гаргасан нь тодорхой бус байна. Энэ талаараа ч манай компанид мэдэгдэж байгаагүй. Захирлуудын Итали улс руу явсан гэх тийз, буудал, хоолны зардал бол гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн хувь хүмүүсийн тохиролцоо юм. Тэгэхээр энэ хэрэгт огт хамааралгүй. Саншайн орон сууцны хотхоны гүйцэтгэгч нь “Х-” ХХК болохоос захиалагч компани биш юм. “Т-” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь гадаад худалдаа явуулдаг учраас гаалийн төлбөр нэхэмжилж байгааг нь ямар ч үндэслэлгүй. 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 150 000 000 төгрөг шилжүүлээд бүхэл бүтэн жилийн дараагаас эхлээд оруулж ирсэн бараа материалаас нь зах зээлийн үнээр нь худалдаж аваад 70 927 350 төгрөгийн авлагаа барагдуулсан. Тухайн компани гэрээ байгуулаад ямар ч ажил хийгээгүй байсан учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугара зүйлийн 227.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т-” ХХК-аас 70 927 350 /далан сая гурван зуун хорин долоон мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х-” ХХК-аас 91 830 202 /ерэн нэгэн сая найман зуун гучин мянга хоёр зуун хоёр/ төгрөг гаргуулж хариуцагч “Т-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63 575 165 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 512 587 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн      954 977 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 512 587 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д, нэхэмжлэгч “Х-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 617 101 төгрөг гаргуулж хариуцагч “Т-” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр сөрөг нэхэмжлэлээс 91 830 202 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч “Т-” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалууд нь гэрээ байгуулагдаж, цуцлагдахаас өмнө орж ирсэн тул ажлын гэрээний зүйл болох Саншайн виллаж орон сууцны хотхоны төсөлтэй холбоотойгоор оруулж ирсэн бараа материалууд гэж үзэх үндэслэлтэй, энэ ч утгаараа нэхэмжлэгч “Х-” ХХК-аас түүний гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалаас 79 072 650 төгрөгийн бараа материалыг авлагад тооцон шилжүүлсэн байна” гэж дүгнэж гаалийн татвар болох 85 430 202 төгрөгийг ханган шийдвэрлэсэн байна. Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хариуцагч "Т-" ХХК-ийн 2014 оны 4 сараас 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гаалийн хилээр оруулж ирсэн бүх бараа материалыг зөвхөн “Х-” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу оруулж ирсэн, гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирол гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь "Т-" ХХК нь Гадаад худалдаа, барилга угсралт, даралттай шугам хоолой засвар, угсралт, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралтын үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани юм. Өөрөөр хэлбэл, "Т-" ХХК нь “Х-” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу биш өөрийн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалыг Саншайн виллаж орон сууцны хотхоны төсөлд зориулан оруулж ирсэн гэх мэтээр цаг хугацааны давхцалыг ашиглан хийсвэрээр тайлбарласан бөгөөд нотлох баримтад үндэслээгүи байна. 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалууд нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлд хамаарах бараа материалууд юм. Хариуцагч нь уг хугацаанд оруулж ирсэн бараа материалыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Саншайн виллаж орон сууцны хотхоны төсөлд зориулан оруулж ирсэн гэдэг боловч уг төсөлд зориулж оруулж ирсэн эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад, шүүх зөвхөн гэрээ хэрэгжиж байх хугацаанд оруулж ирсэн тул Саншайн виллаж орон сууцны хотхоны төсөлд зориулан оруулж ирсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж тайлбарлан дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэсэн заалтыг зөрчсөн буюу хариуцагчийн гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалыг гэрээний зүйлд зориулан оруулж ирсэн гэдэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад дүгнэлт хийсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Шүүх дээрх үндэслэлээ бататгахын тулд шийдвэрийн үндэслэх хэсэгт "энэ ч утгаараа нэхэмжлэгч “Х-” ХХК-аас түүний гаалийн хилээр оруулж ирсэн бараа материалаас 79 072 650 төгрөгийн бараа материалыг авлагад тооцон шилжүүлсэн байна" дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт шилжүүлсэн 150 000 000 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор "Т-" ХХК нь “Х-” ХХК-д шилжүүлэх төлбөрийн асуудлын хүрээнд “Т-" ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 16/69дугаар бүхий албан бичгийг “Х-” ХХК-д ирүүлсэн бөгөөд уг албан бичигт "Химон конетракшн компанийн цахилгааны кабель худалдаж авсан авсат авлагыг урьдчилгаа пюлбөр рүү (гэрээний урьдчилгаа 150 000 000Т) суутгах байдлаар тооцож балансын өр төлбөрийн үлдэгдэл нь 70 927 350Т бүртгэлээр баталгаажсан" гэсэн байдаг. Дээрхээс үзэхэд “Х-” ХХК нь "Т-” ХХК-д шилжүүлсэн 150 000 000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй талаар хэлж бараа материалыг 150 000 000 төгрөгөөс хасаж тооцсон талаар талуудын өгсөн тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Саншайн виллаж орон сууцны хотхоны төсөлд зориулан оруулж ирсэн барааг авалгад тооцон шилжүүлсэн мэтээр тайлбарлаж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчиж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний холбогдох заалтуудыг дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн тухай: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна" гэж дүгнэсэн хэрнээ гэрээний холбогдох заалтуудад зохих дүгнэлтийг өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Ажлын гэрээний 1 дүгээр зүйлд Төслийн менежер гэдэг нь энэхүү гэрээг хэрэгжүүлэхийн тудд захиалагчаас хүсэлт гарч захиалагчтай хийсэн гэрээнд үндэслэн, Кеиичи Ириэ-г хэлэх ба Х-аас эрх олгогдсон бүхий л зүйлийг хамруулж ойлгоно, тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх зорилгоор худалдан авахаар төлөвлөж буй багаж хэрэгсэл, бараа материал үйлдвэрлэгчийн жагсаалтыг төслийн менежерт ирүүлэх ёстой байтал “Т-" ХХК нь ажлын гэрээний 7.3-д заасан үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэгч компани нь өөрийн дур мэдэж бараа материал татаж авсан үйлдэл нь ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй хохирол гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Ажлын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-1-р зүйлд Урьдчилгаа: Гэрээний ажлын дүнгийн 25 хувьтай тэнцэх 1 113 570 000 төгрөгийн урьдчилгааг төлөх ба энэ өдрөөс 7 хоногийн дараа гэрээт ажил эхэлсэнд тооцно гэж заасан. "Х-" ХХК-ийн зүгээс "Т-" ХХК-д 150 000 000 төгрөг шилжүүлсэн нь ажлын гэрээний 5.2-1-д зааснаар гэрээт ажил эхэлсэнд тооцох үндэслэлгүй юм. Урьдчилгаа төлбөр болох 1 113 570 000 төгрөгийг шилжүүлснээр ажил эхэлсэнд тооцохоор талууд ажил гүйцэтгэх гэрээнд хүсэл зоригоо тусгасан. Гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлснээр ажил эхэлсэнд тооцох тул 150 000 000 төгрөг шилжүүлсэн нь гэрээг эхэлсэнд тооцох боломжгүй юм. "Х-" ХХК-ийн зүгээс 150 000 000 төгрөг шилжүүлсний дараагаар гэрээний 5.2-1-д заасан урьдчилгаа телберийг шилжүүлэх, тус ажлын гэрээг эхлүүлэх эдийн засгийн боломжгүй болсон талаар "Т-" ХХК-д мэдэгдэж ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Иймд Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Саншайн виллаж орон сууцны хотхоны С-Блокийн дотор заслын болон сантехникийн ажил эхлээгүй, захиалагчийн зааварчилгаа өгөөгүй байхад хохирол нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нөхцөлүүдэд шүүх дүгнэлт өгөөгүй, шийдвэрээ нотлох баримтын үндсэн дээр гаргаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.3 дах хэсгүүдэд тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х-”ХХК нь хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 70 927 350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 155 405 367 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч “Т-” ХХК нь Баянзүрх дүүрэг, Олимп хотхонд байрлах Саншайн орон сууцны хотхоны С блокийн дотор заслын ажил болон цахилгаан, сантехникийн ажил, барилгын холбоо дохиолол, сүлжээ, смарт системийн ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Х-” ХХК нь ажлын хөлсөнд   4 454 280 000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6-16 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээний 5.2.1-д Гэрээний ажлын дүнгийн 25 хувьтай тэнцэх 1 113 570 000 төгрөгийн урьдчилгааг төлөх ба энэ өдрөөс 7 хоногийн дараа гэрээт ажил эхэлсэнд тооцохоор заасан байх боловч нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагад дээрх гэрээний дагуу ажлын урьдчилгаа төлбөрт 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр                   150 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт болон нэхэмжлэгч буюу захиалагч “Х-” ХХК дээрх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 150 000 000 төгрөгөөс 79 072 650 төгрөгт тооцож бараа материалыг хариуцагч байгууллагаас хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Харин хариуцагч байгууллага нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны улмаас бараа материалыг гадаадаас захиалан авчрахад гаалийн татварт өгсөн зардал 103 779 411 төгрөг, барилгын материал, контейнер худалдан авах, подъём авчрах, угсрах зардал, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэг зардалд 34 348 258 төгрөг, захиалагч компанийн захирал, төслийн менежер зэрэг нийт 5 хүнийг Итали улсад 10 хоног аялуулахад гарсан зардал 12 760 700 төгрөг, нийт 155 405 367 төгрөгийн хохирол учирсан” гэж, нэхэмжлэгч байгууллага нь “хариуцагч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй, Итали руу аялсан асуудал хэрэгт хамаагүй, мөн бараа материал оруулж ирэхэд гаалийн төлбөрт төлсөн төлбөрийг нэхэмжилж байгааг нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбар гарган маргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 150 000 000 төгрөгийг бүгдийг нь буцаан өгөх боломжгүй, гэрээнд заасан ажлыг эхлүүлэхтэй холбоотой 34 348 256 төгрөгийн зардал гарсан, мөн “Б-” ХХК манай байгууллагад төлөх ёстой гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 29 000 000 төгрөгийг суутгана, 4 000 000 орчим төгрөг төлөх боломжтой” гэж гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан зардлын талаар тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно. Тодруулбал, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаанд “Б-” ХХК нь хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь үлдэгдэл төлбөрөөс “Б-” ХХК-ийн өр төлбөрийг суутгаж авахыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаагүйгээс гадна нотлох баримтгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Иймд шүүх нэхэмжлэгч “Х-” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “Т-” ХХК-ийг ажил хийж эхлэхээс өмнө татгалзаж, гэрээг цуцалсан тул ажлын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 150 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч “Т-” ХХК-аас нэхэмжлэгч байгууллагын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл              70 927 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

Харин шүүх хэргийн 89-110 дугаар талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгүүд, гаалийн татварын төлсөн баримтыг үндэслэж хариуцагч “Т-” ХХК-д 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн татварт төлсөн 85 430 202 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь дээрх баримтуудаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр оруулж ирсэн бараа материалд төлсөн болон уг бараа материал нь уг ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзахаас өмнө ажил гүйцэтгэхэд зарцуулагдаж, нэхэмжлэгч түүнд ямар нэгэн ашиг сонирхолтой байсан гэх нөхцөл байдал, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээндээ захиалагчийн зардлаар ажлыг хийж гүйцэтгэхээр буюу урьдчилгаа төлбөр 1 113 570 000 төгрөгийг шилжүүлсний дараа ажлыг хийж эхлэхээр тохиролцсоноос 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Бараа материал татсан болон нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх үнийн дүнгээс 79 072 650 төгрөгийн бараа материалыг хариуцагч хүлээлгэн өгч урьдчилгаа төлбөрөөс 4 000 000 төгрөг буцаан өгөх талаар хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16/69 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн зэрэгтэй дээрх гаалийн татварт 85 430 202 төгрөгийг төлсөн гэх баримт, хариуцагчийн хариу тайлбарыг харьцуулан дүгнэхэд ийм хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллагын бараа материал худалдаж авсан, гуравдагч компаниар хийлгэсэн ажлын хөлс зэрэгт 34 348 256 төгрөгийн шаардлагаас ажил гүйцэтгэхэд шаардлагатай подъём угсарсан болон түүнийг буцаан тээвэрлэхэд гарсан зардлын баримтыг үндэслэн 6 400 000 төгрөгийг хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х-” ХХК-аас 6 400 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 149 005 367 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

“Х-” ХХК-ийн удирдлагуудыг Итали улсад 10 хоног аялуулахад гарсан зардал болох 12 760 700 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй шууд холбоотой гарсан зардал гэж үзэх эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд энэ талаар заасан тохиролцсон зүйл байхгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “91 830 202 төгрөг” гэснийг “6 400 000 төгрөг” гэж, “үлдэх 63 575 165 төгрөг” гэснийг “үлдэх 149 005 367 төгрөг” гэж, 2 дах заалтын “617 101” гэснийг “117 350” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

 С.ЭНХТӨР