Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2022/01262

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 27

181/ШШ2022/01262

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:З яам,

 

Нэхэмжлэгч: Н газар

 

Нэхэмжлэгч: Н газар нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,278,526,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: З итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О,

Нэхэмжлэгч: Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч А.Н,

Нэхэмжлэгч: Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч: З ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З яам, Н газар, Н хамтран хариуцагч З ОНӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 2,278,526,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Монгол Улсын 2009 оны төсвийн тухайн хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31,7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх талаар 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан.

Уг гэрээний дагуу 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр авсан 400 автобусыг худалдан авсан гол зорилго нь нийслэлийн иргэдийн нийтийн тээврийн хэрэгцээ шаардлагыг хангах гэж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ байдаг. Энэ шаардлагыг хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд 400 автобусыг аж ахуйн нэгжид хуваарилж, нийтийн тээврийн салбарт томоохон парк шинэчлэлтийн ажил хийгдсэн.

З ОНӨААТҮГ нь А-3 НӨҮГ /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 004/07 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан.

З ОНӨААТҮГ-ын төлсөн төлбөр парк шинэчлэлтийн санд төвлөрөөд тухайн сангаас эргээд парк шинэчлэлтээр автобус худалдаж авах гол харилцаа явагдаж байсан. Энэ нь Засгийн газрын 303 дугаар тогтоолоор харагдаж байна.

З ОНӨААТҮГ нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,047,300 төгрөг төлөхөөс 393,520,700 төгрөг төлж, үлдэх 2,278,526,600 төгрөгийг төлөөгүй байна.

Нийслэлийн Засаг дарга болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд нарын хооронд 2009 оны 7 дугаар сард байгуулагдсан 2 талт гэрээгээр автобусны үнийг дансанд бүрэн шилжүүлсэн өдрөөр дуусгавар болно. Мөн гэрээний 7.3 дахь хэсэгт эргэн төлөгдөх төлбөр бүрэн төлөгдөх үед цуцлагдана гэсэн заалт, мөн 4 талт гэрээний 6.1 дэх хэсэгт заасан нэг бүрчлэн эргэн төлөх график дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжилнэ гэсэн энэхүү заалтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэр шинжийг агуулсан гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бөгөөд дурдагдсан 2 гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагыг санхүүгийн алдагдалтай ажиллаж байсан, төлбөр төлөх боломжгүй байсан нь тогтоогдохгүй байгаа учраас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна

Иймд З ОНӨААТҮГ-аас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний дагуу төлөгдөөгүй 2,278,526,600 төгрөгийг гаргуулж, цаашид нийслэлийн тээврийн парк шинэчлэлтийн ажилд шаардлагатай төсвийн хөрөнгийг эргэн төвлөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч З ОНӨААТҮГ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч нар 2,278,526,600 төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээний дагуу шаарддаг. Улсын төсвөөр 400 ширхэг автобус худалдаж аваад үүний 80 ширхэг автобусыг 2009 онд зээлээр эзэмшүүлсэн байдаг. З ОНӨААТҮГ 2018 онд үүсгэн байгуулагдахад 30 автобус ирсэн. Үүнтэй холбоотой өр төлбөрийг 2019 онд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад мэдсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ анхны өртгөөр нэхэмжилсэн учраас худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээгээр шаардах эрхтэй эсэх талаар дүгнэхэд дээрх гэрээ нь 6 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд уг гэрээний хавсралтаар 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл графикт төлбөрийн дагуу төлөх ёстой байсан. Шаардах эрх 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүссэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 2020 онд нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учраас Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллага төлбөр төлөх үүргээс татгалзаж байна.

Мөн гэрээний 2.12, 6.4 дэх хэсэгт тухайн зээлээр эзэмшигч байгууллага нь төлбөрийг 2 сар төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлана гэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар 2014 онд шаардах эрхээ хэрэгжүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч шүүх хууль болон гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй байна гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь аливаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болдоггүй.

Хэрэв үнэхээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол санхүүжилтийн төлбөрөөс суутгаж болох байсан боловч өдийг хүртэл суутгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч нараас шүүхэд Н газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/48 дугаар захирамж, Н газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/108 дугаар захирамж, хавсралт /1хх,9-10/, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ, хавсралт /1хх, 11-16/, Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ /хх17-20/, З ОНӨААТҮГ-ын өглөг, авлагын тооцоо /1хх, 21/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2019/05169 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /1хх,22-23/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх,45/, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаар тушаалын хуулбар /1хх,67/, Тээврийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1069 дугаар Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан-гийн хөрөнгийг эргэн төлүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/1349 дугаар албан бичгийн хуулбар /1хх,96,98/, Парк шинэчлэлтийн ажлын тооцоо /1хх,97/, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/723 дугаар Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж, хавсралт /1хх,192-194/, Нийслэлийн нийтийн тээврийн газрын парк шинэчлэлийн тайланд 2011, 2012 онуудын ААНБ-уудын төвлөрүүлсэн мөнгөний жагсаалт /1хх, 195-198/, Н газрын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/874 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх,199-200/, Н газрын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1585 дугаар албан бичгийн хуулбар /1хх,201-202/, Н газрын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/725 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /1хх,203/, Н газрын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1016 дугаар албан бичгийн хуулбар /1хх,204/, З ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн үндсэн хөрөнгийн жагсаалт /1хх,205-216/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас З ОНӨААТҮГ-ын 2018 оны жилийн санхүүгийн тайлан /1хх,74-86/, Монгол Улсын Үндэсний аудитын газрын албан шаардлага /1хх,87/, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоол /1хх,99/, автобусны судалгаа /1хх,100-117/, З ОНӨААТҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх,182/, З ОНӨААТҮГ-ын дүрэм /1хх,239-244/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх,245/, З ОНӨААТҮГ-ын 2020 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан /1хх,246-250, 2хх,1-6/, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага /2хх, 7-15/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 565 дугаар шийдвэрийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.    Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, Н газар, Н газар, А3 ХХК нарын хооронд 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 004/07 дугаартай Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний дагуу З ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн 30 ширхэг автобусны үлдэгдэл төлбөр 2,278,526,600 төгрөгийг төлөөгүй тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нарын дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, түүнчлэн уг гэрээг 2012 оны 12 дугаар сард цуцлагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нар гэрээнд заасны дагуу санхүүжилтээс суутган аваагүй, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгуулахаар маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулиар Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулж 400 ширхэг их багтаамжтай автобусыг худалдан авах төсвийг зарцуулах эрхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд олгосон байна. Улмаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга нар 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 004 дугаартай Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /1хх,17-20/

 

Уг гэрээгээр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь Улсын төсвийн хөрөнгөөс худалдан авч нийлүүлсэн БНСУ-ын Daewoo Bus BS 106 маркийн нийтийн тээврийн үйлчилгээний тов оврын 400 ширхэг автобусыг Н газрын эзэмшилд шилжүүлэх, Н газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас олгосон бүрэн эрхийн үндсэн дээр нийтийн тээврийн үйлчилгээний тов оврын 400 ширхэг автобусыг өөрийн эзэмшилд хүлээн авч, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сургалт, Судалгаа, Хөрөнгө оруулалт, Барилга захиалагчийн алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар нь нийтийн тээврийн үйлчилгээний тов оврын автобусыг тээвэрлэгч аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, автобусны төсөвт өртгийг эргэн төлөх нөхцлөөр гурвалсан гэрээг 6 жилийн хугацаатай байгуулахаар заажээ.

 

4.2. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Н газар, Ө газар, А 3 ХХК нарын хооронд 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 004/07 дугаартай Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ. /1хх, 11-14/

 

Дээрх гэрээгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусыг НӨҮГ-уудад хуваарилагдсаныг тухайн үйлдвэрийн газрын дансанд, хувийн аж ахуйн нэгжид хуваарилагдсан автобусыг өөрийн дансанд буюу нийслэлийн өмчид бүртгэж авах, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлээр эзэмшүүлэх, Н болон Н газар нь 400 автобусны төлбөрийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд төвлөрүүлэхэд хяналт тавих ажлыг хэрэгжүүлэх, зээлээр авсан аж ахуйн нэгж, байгууллага бүрээс сар бүр графикийн дагуу төлүүлэх, А 3 ХХК нь зээлээр авсан автобус нэг бүрийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Гэрээний 1.2-т Нийтийн тээврийн үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад олгогдсон автобус нь өөрийн өртгийг эргэн барагдуулж дуусах хүртэл нийслэлийн өмч байна гэж заасан байна.

 

4.3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 004/07 дугаар гэрээний дагуу А 3 ХХК-д 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1 бүр нь 62,900,000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг автобус, 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1 бүр нь 62,900,000 төгрөгийн үнэтэй 30 ширхэг автобус, 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 бүр нь 62,900,000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг автобус, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 бүр нь 62,900,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг автобус буюу 5,032,000,000 төгрөгийн үнэ бүхий 80 ширхэг автобусыг шилжүүлсэн байна. /1хх, 15/

 

4.4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 565 дугаар шийдвэрээр А 3 ОНӨҮГ-т холбогдох 4,168,851,200 төгрөг гаргуулах тухай Н газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2хх,/

 

4.5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээний З ОНӨААТҮГ-ыг байгуулж, тус газрын дүрмийг баталж, тус газрын хөрөнгийг шийдвэрлэж, хөрөнгийн эх үүсвэрийн хамт авлага, өр, төлбөрийг тооцон шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ. /1хх, 99/

 

4.6. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаар Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар З ОНӨААТҮГ-ын балансаас 6,791,504,877.04 төгрөгийн хөрөнгө болон эх үүсвэрийг захирамжийн хавсралтад заасны дагуу З ОНӨААТҮГ-ын балансад шилжүүлсэн байна. /1хх,192-194/

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/273 тоот захирамжийн хавсралтад заасан Шилжүүлэх хөрөнгийн жагсаалт-ын 13-т үндсэн хөрөнгө хэсэгт 6,299,523,731.31 төгрөг, 32-т бусад урт хугацаат өр төлбөр хэсэгт 6,145,526,028.90 төгрөг гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 30 автобус, автобусны 2,278,526,600 төгрөгийн өр төлбөр Зорчигч тээвэр 3 ОНӨААТҮГ-т балансаас баланст шилжсэн талаар хариуцагч маргаагүй. /1хх,215-216/

 

4.7. З ОНӨААТҮГ нь дээрх гэрээний дагуу 2,672,047,300 төгрөг төлөхөөс 393,520,700 төгрөгийг төлж, 2,278,526,600 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан З ОНӨААТҮГ-ын өглөг, авлагын тооцоо гэх баримт болон зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

4.8. Н /одоогийн Н газар/-аас А 3 НӨҮГ-т гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдэл, гэрээний төслийг 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/725 тоот, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/874 тоот, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1016 тоот, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1585 тоот албан бичгүүдээр хүргүүлж байжээ./1хх,199-204/

 

5. Талууд гэрээ байгуулагдсан үйл баримт болон 30 ширхэг автобус, 30 ширхэг автобусны өр төлбөр хариуцагч З ОНӨААТҮГ-т шилжиж ирсэн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нар дээрх гэрээний дагуу шаардах эрхтэй эсэх, гэрээ цуцлагдсан эсэх, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд маргаантай байна.

 

6. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, Н газар, Н газар, Автобус 3 ХХК нарын хооронд 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 004/07 дугаартай Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-гээр зохицуулсан харилцаа, талуудын хүлээсэн үүрэг зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлд маргааны зүйл болох нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлэх, Н нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас олгосон бүрэн эрхийн үндсэн дээр дээрхи 400 ширхэг автобусыг өөрийн эзэмшилд хүлээн авч, автобусыг буцаан төвлөрүүлэх хөрөнгийг Сургалт судалгаа, Хөрөнгө оруулалт, Барилга захиалагчийн албаны тусгай дансуудад байршуулахаар зохицуулсан байна.

 

Иймд З яам /одоогийн З яам/, Н /одоогийн Н газар/, Н газар /одоогийн Н газар/-ыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлсэн 30 ширхэг том оврын автобусны үлдэгдэл өр, төлбөр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаар Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар З ОНӨААТҮГ-ын балансаас З ОНӨААТҮГ-ын балансад шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон.

 

Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 004/07 дугаартай Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний 2,278,526,600 төгрөгийн өр төлбөр З ОНӨААТҮГ-т шилжсэн гэж үзэх тул хариуцагч З ОНӨААТҮГ нь дээрх өр, төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний 6.1-т Энэхүү гэрээний хугацаа БНСУ-ын Daewoo bus BS 106 маркийн ... ширхэг автобусыг хүлээн авч, нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан өдрөөс эхлэн тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх графикт төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжилнэ гэж заасан тул нэхэмжлэгч нарыг дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн хариуцагч З ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний 2.12, 6.4-т заасны дагуу тус гэрээг 2012 оны 12 дугаар сард цуцлагдсан гэх тайлбар гаргасан.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний 2.12-т Хэрэв зээлээр эзэмшигч эргэн төлөгдөх хуваарьт төлбөрөө 2 сар хүртэлх хугацаагаар төлөөгүй нөхцөлд өмчлөгч тус гэрээний 6.4-т зааснаар хариуцлага тооцох эрхтэй гэж, 6.4-т Зээлээр эзэмшигч нь эргэн төлөгдөх графикт төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар төлөөгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах бөгөөд автобус нэг бүрийн ашигласан хугацааны сар тутмын төлбөрийг 873.6 ам.доллараар тооцон нөхөн төлүүлнэ гэж заасан байх бөгөөд гэрээний 6.4 дэх хэсэгт заасны дагуу автобусыг эзэмших эрхийг цуцалж, нөхөн төлүүлэх нь гэрээний 2.12-т зааснаар нэхэмжлэгчийн эрх байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч З ОНӨААТҮГ-аас 2,278,526,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийтийн тээврийн газарт олгохоор шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ОНӨААТҮГ-аас 11,550,583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан З ОНӨААТҮГ-аас 2,278,526,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З яам, Н газар, Н-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ОНӨААТҮГ-аас 11,550,583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ