Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01842

 

 

 

 

 

 

 

 

 

ЗТХЯ, Н удирдлагын газар, НН-үйлчилгээний газруудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/01262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЗТХЯ, Н удирдлагын газар, НН-үйлчилгээний газруудын нэхэмжлэлтэй,

Хариуцагч "З"ОНӨААТҮГ-т холбогдох,

Гэрээний үүрэгт 2,278,526,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Монгол Улсын 2009 оны төсвийн тухайн хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31,7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх талаар 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009 оны 08 дугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний үндсэн дээр НН-үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. "З"ОНӨААТҮГ нь 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 004/07 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан. "З"ОНӨААТҮГ нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,047,300 төгрөг төлөхөөс 393,520,700 төгрөг төлж, үлдэх 2,278,526,600 төгрөгийг төлөөгүй байна. Нийслэлийн Засаг дарга болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд нарын хооронд 2009 оны 07 дугаар сард байгуулагдсан 2 талт гэрээгээр автобусны үнийг дансанд бүрэн шилжүүлсэн өдрөөр дуусгавар болно, 7.3-т эргэн төлөгдөх төлбөр бүрэн төлөгдөх үед цуцлагдана гэж, мөн 4 талт гэрээний 6.1-д автобус нэг бүрийн эргэн төлөх график дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжилнэ гэсэн энэхүү заалтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний хэлбэр шинжийг агуулсан гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Дурдагдсан 2 гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагыг санхүүгийн алдагдалтай ажиллаж байсан, төлбөр төлөх боломжгүй байсан нь тогтоогдохгүй байгаа учраас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Иймд "З"ОНӨААТҮГ-аас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний дагуу төлөгдөөгүй 2,278,526,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Улсын төсвөөр 400 ширхэг автобус худалдаж аваад үүний 80 ширхэг автобусыг 2009 онд зээлээр эзэмшүүлсэн байдаг. "З"ОНӨААТҮГ 2018 онд үүсгэн байгуулагдахад 30 автобус ирсэн. Үүнтэй холбоотой өр төлбөрийг 2019 онд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад мэдсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ биш, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ анхны өртгөөр нэхэмжилсэн учраас худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээгээр шаардах эрхтэй эсэх талаар дүгнэхэд дээрх гэрээ нь 6 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд уг гэрээний хавсралтаар 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлээд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл графикт төлбөрийн дагуу төлөх ёстой байсан. Шаардах эрх 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүссэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, 2020 онд нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учраас Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллага төлбөр төлөх үүргээс татгалзаж байна. Мөн гэрээний 2.12, 6.4 дэх хэсэгт тухайн зээлээр эзэмшигч байгууллага нь төлбөрийг 2 сар төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлана гэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар 2014 онд шаардах эрхээ хэрэгжүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч шүүх хууль болон гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй байна гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь аливаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болдоггүй. Хэрэв үнэхээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол санхүүжилтийн төлбөрөөс суутгаж болох байсан боловч өдийг хүртэл суутгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан "З"ОНӨААТҮГ-аас 2,278,526,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗТХЯ, Н, удирдлагын газар, Нийтийн тээврийн газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "З"ОНӨААТҮГ-аас 11,550,583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Маргаан бүхий уг гэрээ нь 2009 онд байгуулагдахдаа Иргэний хуулийг зөрчсөн. Үүнд автобус нь анх монголд орж ирэхдээ төрийн өмч байсан. "З"ОНӨААТҮГ-д хариу төлбөргүйгээр олгосон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль бус. Энэ талаарх нотлох баримтыг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Мөн 307 дугаар тогтоолд төрийн өмчийг зээлдүүлэх эрхийг огт олгоогүй. Талуудын хоорондын гэрээ нь 6 жилийн хугацаатай бөгөөд гэрээнд тодорхой тусгасан. 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэхмжлэгч нарт мөн адил шаардах эрх үүссэн. Гэвч нэхэмжлэгч нар нь дээрх эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга нарын хоорон байгуулагдсан 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 004 дугаартай Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ /хх 17-20/, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж /хх 192-194/, Нийтийн тээврийн газрын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/874, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1585, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/725 тоот албан бичгүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэх хуулийн зохицуулалтыг тус тус зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч ЗТХЯ, Н-ын удирдлагын газар, НН-үйлчилгээний газар нь хариуцагч "З"Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,278,526,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

3. Өмчлөгч талаас Нийслэлийн өмчийн харилцааны газар, НН-газар, нийлүүлэгч талаас Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, эзэмшигч талаас Автобус-3 компани нар харилцан тохиролцон 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх нэртэй гэрээ байгуулсан. Гэрээгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг Нийслэлийн өмчийн харилцааны газар өөрийн дансанд бүртгэн авч, Нийтийн тээврийн үйлчилгээний Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд хуваарилагдсан автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлээр эзэмшүүлэх, нийлүүлэгч талын хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад зээлээр урьдчилан олгогдсон автобусыг дагалдах хэрэгслийн хамт акт үйлдэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж, эзэмшилд шилжүүлэх, эзэмшигч нь зээлээр авсан автобус нэг бүрийн эргэн төлөгдөх сарын төлбөрийг автобусыг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож, Сургалт судалгаа хөрөнгө оруулалт барилгын захиалагчийн албаны Зоос банк дахь дансанд тухайн сарын 05-ны өдрийн дотор төвлөрүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх11-16/

3.а.Дээрх гэрээний дагуу Автобус-3 ОНӨҮГазар 30 автобус хүлээж авсан үйл баримтыг талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй.

3.б.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар Автобус-3, ОНӨҮГазрын эрх, үүрэг, бүртгэлтэй хөрөнгө шинээр үүсгэн байгуулагдсан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт шилжсэн үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй гэж үзлээ.

3.в.Мөн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Нийтийн тээврийн үйлчилгээний "З"ОНӨААТҮГазрыг байгуулж, Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөрөнгөд бүртгэлтэй эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөөс балансаас балансад шилжүүлэх замаар "З"ОНӨААТҮГазрын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, хөрөнгийн эх үүсвэрийн хамт авлага, өр төлбөрийг тооцон шилжүүлсэн болох нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/723 дугаартай захирамж, хавсралт /шилжүүлэх хөрөнгийн жагсаалт/, урт хугацааны өр төлбөрийн тооцооллыг хүлээлцсэн баримт, Нийтийн тээврийн газрын парк шинэчлэлтийн тайланд 2011, 2012 онуудын ААНБ-аас төвлөрүүлсэн мөнгөний жагсаалт хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх-192-196/

3.г.Талууд гэрээний 5.1-д Автобус нэг бүрийн үнийг нийт гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үнийн дүнг авттобусны тоонд хуваан тооцож, Нийслэлийн өмчийн харилцааны дансанд бүртгэх бөгөөд нэг автобусны эргэн төлөгдөх хугацаа 6 жил байна гэж /хх-13/,

гэрээний хугацааг автобусыг хүлээн авч нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан өдрөөс эхлэн тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх графикт төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжлэхээр гэрээний 6.1-д тус тус харилцан тохиролцсон байна.

3.д."З"ОНӨААТҮГазар нь 30 автобусны үнэд 2,377,500,000 төгрөг төлөх үүргээс 393,520,700 төгрөг төлж, 2,278,526,600 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй болох нь тус байгууллагын ахлах нягтлан бодогчийн гаргасан өглөг, авлагын тооцоо /1хх21/, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/773 дугаартай захирамжийн хавсралт, урт хугацааны өр төлбөрийн тооцоог хүлээлгэн өгсөн баримт, 1хх-193-194/, Зорчигт тээврийн нэгтгэл ОНӨҮГазраас "З"ОНӨААТҮГазарт хүлээлгэн өгсөн хөрөнгийн жагсаалт /1хх215-216/, санхүүгийн тайлан /2хх-1-7/, талуудын тайлбар зэрэг баримтуудаар маргаангүй тогтоогдсон.

3.е.Хэрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 565 дугаар шийдвэрээр Нийслэлийн тээврийн газрын нэхэмжлэлтэй, Автобус-3 ОНӨҮГазарт холбогдох иргэний хэргийг хянаад Нийтийн тээврийн газрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зээлээр олгогдсон автобусны үнийн үлдэгдлийг шаардах эрх хууль болон гэрээний дагуу үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр авагджээ.

4.Уг шийдвэрийг үндэслэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан гэж үзэхгүй.

4.а.Талуудын гэрээний 6.1-д заасныг үндэслэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

4.б.Анхан шатны шүүх хэргийн баримтыг харьцуулан дүгнэж хариуцагч "З"ОНӨААТҮГазраас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,278,526,600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

5.Хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

5.а.Гомдолд дурдсан нотлох баримтуудад НН-үйлчилгээний газар, Н, удирдлагын газрын хуулбар үнэн тэмдэг тус тус дарагдсан байгаа боловч Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ч.Э- хуулбарын үнэн зөвийг гэрчилж, нотариатчийн тэмдэг дарж баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн бичмэл нотлох баримт гэж үзнэ.

5.б.Хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар давж заалдах гомдолдоо бичжээ. Хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг шүүх талууд гомдсон, мэтгэлцсэн эсэхээс үл хамааран дүгнэдэг бөгөөд анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж гэрээний үүргийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2022/01262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "З"ОНӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,550,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД