Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 891

 

 

 

ЗТ НӨАУГ, ННТҮГ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00355 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЗТ НӨАУГ, ННТҮГ-ын хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан 2 278 526 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, П.О

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Монгол Улсын ЗТ НӨАУГ, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хоорондын эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009 оны 8 дугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний үндсэн дээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. “ЗТГ” ОНӨААТҮГ нь 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 004/07 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан. “ЗТГ” ОНӨААТҮГ нь дээрх гэрээний дагуу 2 672 047 300 төгрөг төлөхөөс 393 520 700 төгрөг төлж, 2 278 526 600 төгрөгийг төлөөгүй. Иймд “ЗТГ” ОНӨААТҮГ-аас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний дагуу төлөгдөөгүй 2 278 526 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу “ЗТГ” ОНӨААТҮГ-ыг шинээр байгуулагдсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ байгуулагдсан талаар мэдээлэлгүй байна. Мөн Зорчигч тээвэр турав ОНӨААТҮГ нь Нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээг чанартай, тасралтгүй үзүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд манай байгууллагын хувьд шинээр байгуулагдаад удаагүй, үйл ажиллагаа жигдэрч, санхүүгийн хувьд бүрэн тогтворжоогүй, орлого багатай, мөн шатахууны үнийн өсөлт болон “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-аас манайд хуваарилсан автобуснууд эвдрэл гэмтэл ихтэй, сэлбэг хэрэгслийн олдоц муу, өндөр зардалтай, эдийн засгийн хувьд үр өгөөж муу байгаа зэргээс шалтгаалан дээрх өр төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй. Тус гэрээ нь 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан, гэрээний 3.3, 5.2 дахь заалтуудад автобусын эргэн төлөгдөх төлбөр 6 жил байна гэж тодорхой заасан. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхгүй. “ЗТГ” ОНӨААТҮГ нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан. Энэ байгууллагын өмчлөгч нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж заасан. “ЗТГ” ОНӨААТҮГ нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг боловч хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал, орлогын төвлөрөлт, зарцуулалттай холбоотой асуудлууд нь тухайн байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээний газартай байгуулсан гэрээгээр зохицуулагддаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний тайлан балансыг харахаар манай байгууллага өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байна. Мөн “ЗТГ” ОНӨААТҮГ-ыг байгуулаад автобусыг балансанд шилжүүлж өгсөн боловч автобусны үнэ төлөх өрийг шилжүүлж өгөөгүй. Энэ өр төлбөртэй холбоотой асуудлыг шүүхээс нэхэмжлэл гардаж аваад мэдсэн. Иймд дээрх газруудаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЗТ НӨАУГ, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар нарын хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 2 278 526 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар ЗТ НӨАУГ, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг 2018 оны Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу “ЗТГ” ОНӨААТҮГ-ыг байгуулж үйл ажиллагаанд 30 ширхэг автобусыг хэрэглэж байгаа зэргээс үзэхэд өр төлбөр шилжсэн тухай баримт шаардлагагүй юм. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн гэрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон гэрээ юм. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг. Гэрээний 6.1-д төлбөр дуусгавар болох хүртэл хугацаанд үргэлжилнэ, 7.3-д төлбөр бүрэн төлөгдсөн үед цуцлагдана гэж тусгагдсан нь гэрээг дуусгавар болоогүйг илэрхийлж байна. Иймд нэхэмжлэгч нар уг гэрээний дагуу төлбөр болох 2 278 526 600 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч ЗТ НӨАУГ, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар нь хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан улсын төсвийн хөрөнгө төсвийн хөрөнгө, оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээний төлбөрт 2 278 526 600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

ЗТЯ /өмч нийлүүлэгч/, НӨХГ, ННТГ /өмчлөгч/, “Автобус-3” ХХК /зээлээр эзэмшигч/ нарын хооронд 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлээр эзэмшүүлэх 004/07 дугаар гэрээ байгуулсан байна.

Дээрх гэрээгээр НӨХГ нь нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусыг НӨҮГ-уудад хуваарилагдсаныг тухайн үйлдвэрийн газрын дансанд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хуваарилагдсан автобусыг өөрийн дансанд буюу нийслэлийн өмчид бүртгэж авах, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлээр эзэмшүүлэх,

НӨХГ болон ННТГ нь 400 автобусны төсөвт өртөгийг Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд төвлөрүүлэхэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, зээлээр авсан аж ахуйн нэгж, байгууллага бүрээс төлбөрийг сар бүр графикийн дагуу төлүүлэх,

“Автобус-3” ХХК нь зээлээр авсан автобус нэг бүрийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-11-14/

             Хариуцагч “ЗТГ” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус байгууллага байгуулагдсан, автобус зээлээр эзэмшүүлэх гэрээний төлбөрийг мэдэгдээгүй, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргажээ. /хх-31/

             Хэргийн 15 дугаар талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 004/07 дугаар гэрээний дагуу “Автобус-3” ХХК-д 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэг бүр нь 62 900 000 төгрөгийн үнэтэй 20ш автобус, 2009 оны 5 дугаар сарын 12-нд 30ш автобус, 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10ш автобус нийт 5 032 000 төгрөгний үнэ бүхий 80ш автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэй шилжүүлсэн гэх баримт, мөн “ЗТГ” ОНӨААТҮГ нь 2009-2012 оны хүртэлх хугацаанд 2 672 047,3 төгрөг төлөхөөс 393 520 700 төгрөг төлж, 2 278 526,6 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэх баримт тус тус авагдсан байна. /хх- 21/

             Гэтэл Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 73 дугаар тогтоолоор “ЗТГ” ОНӨААТҮГ-ыг байгуулж дүрмийг баталж, тус газрын хөрөнгийг шийдвэрлэж, хөрөнгийн эх үүсвэрийн хамт авлага, өр төлбөрийг тооцон шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ. /хх-99/

Дээрх баримтуудаас үзэхэд “Автобус-3” ХХК-ийг “ЗТГ” ОНӨААТҮГ болгож хэрхэн өөрчлөн байгуулсан, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 004/07 дугаар гэрээний дагуу 80 автобус түүний дотор 30 автобусны төлбөрийг шилжүүлсэн тухай баримт, мөн “Автобус-3” ХХК-ийн хөрөнгө балансаас балансад шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 004/07 дугаар гэрээний 2 278 526 600 төгрөгийн төлбөр нь “ЗТГ” ОНӨААТҮГ-т шилжсэн гэх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

Хэрэгт авагдсан эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ, “ЗТГ” ОНӨААТҮГ-ын 2018 оны санхүүгийн тайлан, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газрын албан бичиг, парк шинэчлэлтийн ажлын тооцоо зэрэг баримтууд дахь хэргийн оролцогчийн “хуулбар үнэн” дардасыг нотариатаар баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нотлох баримт нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй, хэргийн үйл баримтыг тогтоогдоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй юм .

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.6, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т нэхэмжлэгч Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                                                            ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                             Д.БАЙГАЛМАА