Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/03257

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/03257

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .............. байрлах Н ХХК/РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......................... байрлах М ХХК /РД........./-д холбогдох

чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3.120.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8.000.000 төгрөг, нийт 33.870.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Н.А, С.Б, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч НХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Н ХХК нь М ХХК-ийн захирал Д.Э-гтэй 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборт 12 жилийн 12 ширхэг хүрэл цутгуур баримлуудыг суурь, хаягжуулалтын хамт хийлгэхээр харилцан тохиролцож, хоёр талаас хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Тус гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулсан ба гэрээний 3.4-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 70 хувь болох 45.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-ийн Хаан банкны ...........5 тоот дансанд шилжүүлж, Н ХХ Көөрийн үүргээ биелүүлсэн. Гэрээний дагуу М ХХК нь 30 хоногт багтаан 12 жилийн 1 метр өндөртэй 12 ширхэг хүрэл цутгуур баримлыг 1 метр өндөр суурь, хаягжуулалтын хамт хийж дуусган, актаар хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл М ХХК-ийн захирал Д.Э гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийгээгүй алга болж, утас нь холбогдохгүй байсан тул бид ажлын байр гэх хаягаар Төв аймагт очиход хаалга нь түгжээтэй байсан. Мөн олон газраар хайсан. Тэгтэл М ХХК-аас гэрээний хугацаа дуусаад 28 хоногийн дараа 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхний зөвхөн 5 ширхэг баримлын хэсгийг манай комисст хүлээлгэн өгөлгүй, хашааны үүдэнд буулгаад хаяад алга болсон. Тэр 5 ширхэг баримал нь гоо зүйн үзэмжийн хувьд мэргэжлийн бус хүүхдээр хийлгэсэн бололтой, загвар хийц, чанар муу байсан тул бид эхний 5 ширхэг баримлыг сольж ирүүлэх талаар шаардсан боловч утас нь холбогдохгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд дахин 28 хоногийн дараа 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 7 ширхэг баримлыг ирүүлсэн. Эдгээр 7 ширхэг баримлын зарим нь гэрээнд заасан 1 метр өндөр хэмжээнд хүрэхгүй байсан боловч өмнөх 5 ширхгээс арай дээр хийцтэй байсан тул хүлээн авч болох юм байна гэж үзсэн. Гүйцэтгэгч М ХХК нь гэрээт хугацаандаа ч баримлаа ирүүлээгүй, баримлуудыг заасан газарт 1 метр өндөр бетон суурин дээр суурилуулж, хаягжуулж, хүлээлгэн өгөх ёстой боловч суурь ч хийгдээгүй тул захиалагч нээлтээс өмнө өөрийн ажлаа үргэлжлүүлэхийн тулд гэрээний 4.1, 7.3-т заасан эрхийн дагуу 12 жилийн баримлын суурь хийх ажлыг өөр гүйцэтгэгч болох С ХХК-тай 16-1584 тоот гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн зардал гарган хийлгүүлсэн. Гүйцэтгэгч нь 70 хувийн санхүүжилт авсан хэр нь гэрээний хугацаа дуусаад 6 сар гаруй хугацаанд гүйцэтгэл нь 30 хувьтай боловч гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл манай компани дээр ирж гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгөлгүй зугтааж байгаа. Бидний зүгээс гүйцэтгэгч М ХХК-д дизайн хийц, өнгө муу, гадаргуу барзгар, өндрийн хэмжээ хүрэхгүй могой, туулай, бар, нохой, хулганын 5 ширхэг баримлыг сольж, шаардлага хангасан бүтээгдэхүүн ирүүлэх шаардлага тавьсан боловч шаардлагыг биелүүлээгүй, манай компанийг хохироосон. Иймд хариуцагч М ХХК-ийг чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгаж, гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3.120.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8.000.000 төгрөг, нийт 33.870.000 төгрөг гаргуулж Н ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Н.А, Г.Х нар шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: М ХХК нь НХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг нийт 30 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ........... дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1-д зааснаар нийт санхүүжилтийн 70 хувь болох 45.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан. Гэрээнд зааснаар тус баримлуудыг 1 метр суурийн хамт хийж гүйцэтгэх байсны дагуу гэрээт хугацаанаасаа 10 хоногийн өмнө очиход Н ХХК-ийн талбайн инженер, архитектур, суурийн ажлын гүйцэтгэгч гэх компанийн төлөөлөгч нар бид өөрсдөө суурийн ажлыг хийнэ гэж хэлээд хэмжээ аваад буцаасан. 7 хоногийн дараа эхний 5 баримлаа аваачиж өгөхөөр Н ХХК руу утасдахад суурь хийх хүмүүсээ шалгаруулж байгаа тул болоогүй байна гэсэн хариуг өгсөн. Ийнхүү хариу өгснөөс хойш хэд хоногийн дараа ахин утасдахад 3.000.000 төгрөгөөр хийх байсан бидний суурийн ажлыг өөрсдөө дур мэдэн өөр компаниар 8.000.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гүйцэтгүүлсэн байсан. Н ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-т заасан захиалагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л нөхцөл бололцоог хангаж, ажлын чанар, үр дүнд нь муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар захиалагч талаас шалтгаалах бүхнийг хийж гүйцэтгэнэ гэсэн үүргээ зөрчиж, биднийг гэрээт хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэх боломжоор хангаж өгөөгүй. Ийнхүү гэрээт хугацаа өнгөрснөөс хойш 6 хоногийн дараа баримлуудаа өгч байгаач ээ, сууринд нь тааруулъя гэсний дагуу 5 ширхэг могой, туулай, бар, нохой, хулганын хүрэл баримлуудыг аваачиж өгсөн байдаг. Харин 5 баримлын сүүлийн өнгөлгөөний ажлыг сууринд нь суурилуулсны дараа хийж гүйцэтгэнэ гээд өгсөн. Дараа нь 5 баримлын өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэхээр очсон боловч үүдний харуул нь оруулахгүй, өгөхгүй гэж хэлсэн. Н ХХК-ийн менежер нь үлдсэн 7 баримлыг хийж гүйцэтгээд авчраад өгвөл үлдэгдэл 30 хувийн төлбөрийг өгнө гэсний дагуу сүүлийн баримлын өнгөлгөөг нь хийгээд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Дээрх хийж гүйцэтгэсэн нийт 12 ширхэг хүрэл баримлуудыг гэрээнд заасны дагуу актаар хүлээн авах ёстой байсан боловч Н ХХКнь ажил гүйцэтгэх талбай руу оруулдаггүй байсан бөгөөд хашааны гадаа үлдээгээд яв гэдэг байсан. Иймд дээрх баримлуудыг актаар хүлээлгэн өгөөгүйд бидний буруу байхгүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ баримлуудыг 1 метр өндөр бетон суурин дээрсуурилуулж, хаягжуулж хүлээлгэн өгөх ёстой байсан гэх боловч суурийн ажлыг бидэнд мэдэгдэлгүйгээр өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн тул суурийн бичвэр, суурилуулах ажил нь бидэнд хамааралгүй болно. Мөн эхний хийж гүйцэтгэсэн 5 баримал нь гоо зүйн үзэмжийн хувьд мэргэжлийн бус хүнээр хийлгэсэн бололтой, загвар хийц, чанар муу байсан гэж тайлбарлаж байгаа ньүндэслэлгүй юм. Учир нь 12 жилийн баримлын дүрс нь өөр өөрийн онцлог дүрслэлтэй байдаг бөгөөд үүнийг нэгэн ижил хэмжээнд хийх боломжгүй. Мөн Н ХХКнь ажил гүйцэтгэх гэрээний 4.1.11-т заасны дагуу 3.120.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, бусдаар хийлгүүлсэн ажлын хөлс 8.000.000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Учир нь бид гэрээнд заасан ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгч тал өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас баримлыг хугацаандаа хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан ажлыг хугацаандаа хүлээж авах үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний хугацаа хэтэрсэнд бидний буруу байхгүй. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлсэн тул алданги, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал нь суурийн ажлыг өөрсдийн дураар бидэнд мэдэгдэлгүйгээр өөр компаниар гүйцэтгүүлчхээд энэхүү ажлын хөлсөө биднээс нэхэмжилж байгаад гомдолтой байна. Бидний хүч хөдөлмөр, авьяас чадвараа гарган хийсэн бүтээлүүдийг маань үнэгүйдүүлж, гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 30 хувь болох 19.5000.000 төгрөгийг маань өгөлгүйгээр янз бүрийн арга хэрэглэж байгаад харамсалтай байна. Бид хийсэн бүтээлдээ чанар, ур хийцийн өндөр баталгааг өгөх бөгөөд, ямар ч уран бүтээлч, энгийн хүн харахад өндөр түвшинд хийгдсэн бүтээл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Н ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: М ХХК нь Н ХХК-тай 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг нийт 30 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.1-д зааснаар нийт санхүүжилтийн 70 хувь болох 45.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан. Гэрээнд зааснаар тус баримлуудыг 1 метр суурийн хамт хийж гүйцэтгэх байсны дагуу гэрээт хугацаанаасаа 10 хоногийн өмнө очиход Нью турХХК-ийн талбайн инженер, архитектур, суурийн ажил гүйцэтгэгч гэх компанийн төлөөлөгч гэх хүмүүс бид өөрсдөө суухийн ажлыг хийнэ гэсний дагуу өөр компаниар 8.00.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гүйцэтгүүлсэн байсан. Ийнхүү гэрээт хугацаа өнгөрснөөс 6 хоногийн дараа баримлуудыг сууринд нь тааруулах хэрэгтэй байна гэсний дагуу могой, туулай, бар, нохой, хулгана зэрэг 5 ширхэг хүрэл баримлыг аваачиж өгсөн. Н ХХК-ийн менежер нь үлдсэн 7 баримлыг хийж гүйцэтгээд авчраад өгвөл үлдэгдэл 30 хувийн төлбөрийг өгнө гэсний дагуу сүүлийн 7 баримлын өнгөлгөөг нь хийгээд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Манай компани гүйцэтгэсэн ажлаа зохих журмын дагуу актаар хүлээлгэн өгөхөөр очих болгонд Н ХХК нь ажил гүйцэтгэх талбай руу оруулдаггүй, хашааны гадаа үлдээгээд яв гэдэг байсан. Иймд дээрх баримлуудыг актаар хүлээлгэж өгөөгүйд бидний буруу байхгүй болно. Бид ур хийц, хүч хөдөлмөр, авьяас чадвараа гарган 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн боловч ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 30 хувь болох 19.500.000 төгрөгийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн болно. Иймд гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 19.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16-1452 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.12-т захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож авах эрхтэй байхаар тохиролцсон. Манай компанийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж, баримлуудаа бүрэн хүлээлгэж өгсөн бөгөөд нэхэмжлэл гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Н ХХКнь үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй нийт 867 хоног хэтрүүлсэн байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн нэг хоногийн алдангийн хэмжээ 97.500 төгрөг буюу нийт 84.532.500 төгрөгийн алданги бодогдсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу 19.500.000 төгрөгийн 50 хувь болох 9.750.000 төгрөгийн алдангийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Н ХХК-аас гэрээний санхүүжилтийн төлбөр 19.500.000 төгрөг, алданги 9.750.000 төгрөг, нийт 29.250.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн төлөөлөгч Б.Г шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Манай компани нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр М ХХК-тай 30 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-д баримал угсралтын ажлуудыг ямар хэмжээтэй хийх, мөн өнгө дизайнаа хүртэл нарийн тусгаж тохиролцсон. Гүйцэтгэгч нь цаг хугацаандаа ажил гүйцэтгэх гэрээгээ эс биелүүлсэн учир манай компани өнөөдрийг хүртэл маш их хохирсон. Сөрөг нэхэмжлэлдээ дур мэдэн өөр компаниар 8.000.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн гэжээ. Хэрэв М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ цаг хугацаанд нь буюу 30 хоногийн дотор биелүүлсэн бол манай компани бусдаар 8.000.000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний үүргээ биелүүлээгүй зугтаж алга болсон учир арга буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өр С ХХК-тай гэрээ байгуулж, 12 жилийн баримлын суурь хийх ажлыг хийлгэсэн. Хэрэв манай компани нь М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар үүргээ биелүүлээгүй байсан бол 2016 оны 8 дугаар сараас эхлэн хариуцагч М ХХК болон түүний үүсгэн байгуулагч Д.Э-ийг бүтэн 3 жилийн турш шантралгүй хайж, эрэн сурвалжлах шаардлагагүй байсан. Бид цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж, Д.Э-гт холбогдуулан гомдол гаргаж байсан. Эрэн сурвалжлах ажиллагаагаар одоогийн хаягтаа оршин суудаг хэр нь бүртгэлгүй, оршин суудаггүй гэж хорооны ажилтантай хуйвалдсан байсныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны ажилтанд холбогдуулан гомдол гаргаж, мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болсон гэдэг үндэслэлээр гомдол гаргасны эцэст манай нэхэмжлэлийг гардан авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Н.Б-ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХКнь хариуцагч М ХХК-д холбогдуулан чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3.120.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8.000.000 төгрөг, нийт 33.870.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг даалгах, алданги 19.875.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч М ХХК нь Баянзүрх дүүргийн Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборт 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг суурь болон хаяг байрлах самбарын хамт хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Н ХХКнь ажлын хөлсөнд 65.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-94-98/

Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н ХХКнь хариуцагч М ХХК-д дээрх гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний санхүүжилтийн 70 хувь болох 45.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба энэ талаар талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч Н ХХКнь хариуцагч М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 5 ширхэг буюу могой, туулай, бар, нохой хулганын баримлуудыг дизайн хийц, өнгө муу, гадаргуу барзгар, өндрийн хэмжээ хүрэхгүй зэргээр чанарын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгахаар шаардсан бол хариуцагч М ХХК-аас эхний 5 баримал болох могой, туулай, бар, нохой хулганын баримлуудын өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгээгүй байхад түр өгч байгаач, сууринд нь тааруулж үзье гээд авсан. Дараа нь үлдсэн 7 жилийн баримлыг хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. 12 жилийн баримлын дүрс нь өөр өөрийн онцлог дүрслэлтэй байдаг учир нэг ижил хэмжээнд хийх боломжгүй. Бид хийсэн бүтээлдээ чанар, ур хийцийн өндөр баталгааг өгөх бөгөөд ямар ч уран бүтээлч, энгийн хүн харахад өндөр түвшинд хийгдсэн бүтээл болно. Иймд гэрээнд заасан 12 жилийн хүрэл цутгуур баримлыг хийж гүйцэтгэсэн тул 5 баримлыг сольж ирүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч тал нь 3.000.000 төгрөгөөр хийх байсан суурийн ажлыг өөрийн дураар бидэнд мэдэгдэлгүйгээр өөр компаниар 8.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлчхээд энэхүү ажлын хөлсийг биднээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т баримал угсралтын ажлыг Хавсралт №1-д баталсан төсөвт өртөгт багтаан, баталсан ажлын зургийн дагуу захиалагчийн шаардлагыг хангаж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч талууд гүйцэтгэх ажлын төсөв болон ажлын зургийг хавсралтаар үйлдээгүй байх тул хариуцагч М ХХК нь 65.000.000 төгрөгт багтаан 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг суурь болон хаяг байрлах самбарын хамт хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзнэ.

Хариуцагч М ХХК нь 12 жилийн хүрэл цутгуур баримлын хэлбэр дүрс, хэмжээ, дизайн хийцийг өөрсдөө дүрслэн бүтээсэн нь гэрээний 1.2-т заасан 12 жилийн хүрэл цутгуур баримлууд ногоовтор өнгөтэй, 1 метр өндөртэй, 0.8 мм цутгуурын зузаантай байх шаардлагад бүрэн нийцээгүй боловч нэхэмжлэгч НХХК-аас сүүлд гүйцэтгэн хүлээлгэж өгсөн бич, гахай, луу, морь, тахиа, үхэр, хонь гэсэн 7 баримлыг хүлээн авч, үлдэх 5 баримлыг чанарын шаардлага болоод хийцлэл, өндрийн хэмжээ, өнгийг анхаарч зохих норм стандартын дагуу дахин гүйцэтгэж өгөхийг мэдэгджээ.

Гэвч хариуцагч М ХХК нь дээрх шаардлагыг биелүүлээгүй учир шүүхэд хандан чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх даалгахыг хүссэн нь үндэслэлтэй байна.

Учир нь маргааны зүйл болсон 5 ширхэг буюу могой, туулай, бар, нохой хулганын баримлууд нь гэрээний 1.2-т заасан 1 метр өндөр, ногоовтор өнгөтэй байх шаардлагыг хангаагүйгээс гадна өнгөлгөө хийгээгүйгээс гадаргуу нь барзгар болсон болох нь зохигчийн тайлбар, Н ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/254 тоот албан бичиг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэргээр нотлогдож байх тул биет байдлын доголдолтой гэж үзнэ. /хх-58-74, 87, 140,

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх шаардлага гаргах эрхтэй тул ажил гүйцэтгэгчээс гэрээнд заасан хэмжээ, чанарт тохирохгүй байгаа 5 ширхэг баримлыг буцааж, уг ажлыг дахин гүйцэтгүүлэх эрхтэй.

Мөн зохигчид 12 жилийн баримал тус бүр доороо хаяг байрлах самбартай байхаар тохиролцсон атал уг ажил хийж гүйцэтгэгдээгүй, энэ талаар талууд маргахгүй байх тул хариуцагчид баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг даалгах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-ийн чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг буюу могой, туулай, бар, нохой хулганын баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус гүйцэтгэхийг хариуцагч М ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

Гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3.120.000 төгрөг, алданги 22.750.000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8.000.000 төгрөг, нийт 33.870.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11-д гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 40 хувиар торгууль шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-аас торгууль 3.120.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан атал нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 45.000.000 гэж тооцож, түүний 50 хувь болох 22.750.000 төгрөгийг алданги тооцон шаардсан атлаа дахин торгуульд 3.120.000 төгрөг нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байна.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч М ХХК-аас гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3.120.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6-д ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.5 хувиар алданги тооцож авна гэж заасан байх тул хариуцагч М ХХК нь захиалагчаас 5 ширхэг баримал нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр .............. тоот мэдэгдэл хүргүүлж, дахин гүйцэтгэх 14 хоногийн нэмэлт хугацаа тогтоосон хугацаа дууссан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй байна. /х5-140/

Гэвч нэхэмжлэгч НХХК-аас алдангийг хариуцагч М ХХК-д урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 45.500.000 төгрөгөөс тооцож, түүний 50 хувь болох 22.750.000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Н ХХКнь хариуцагч М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 12 ширхэг баримлаас 7 баримтыг хүлээн авч, 5 ширхэг баримлыг чанарын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр буцааж, дахин гүйцэтгүүлэхээр шаардсан боловч биелүүлээгүй тул 5 ширхэг баримлыг хийж гүйцэтгээгүй үүрэгт ногдох алдангийг шаардах эрхтэй.

Хариуцагч М ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11/16 тоот албан бичгээр 1 м-ийн өндөртэй 12 жилийн хүрэл баримлуудыг нэг бүр нь 5.800.000 төгрөг, нийт 69.600.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хүсэлт гаргасан боловч талууд энэхүү ажлыг 65.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /хх-99-100/

Дээрх ажлын хөлснөөс С ХХК-аас 12 жилийн баримлын суурийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн 8.000.000 төгрөгийг хасаж тооцоход 12 жилийн баримал болон түүний доор хаяг байрлах самбарын ажлыг хийж гүйцэтгэхэд захиалагчаас 57.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

Уг 57.000.000 төгрөгийн 12 жилийн барималд тус бүрд ногдох хэсгийг тодорхойлоход 4.750.000 төгрөг /57.000.000:12=4.750.000/ болж байгааг дахин гүйцэтгүүлэхээр шаардсан 5 ширхэг баримлаар тооцоход хариуцагч М ХХК-ийг 23.750.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжилсэн алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн , 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 11.875.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 1.2 дахь хэсэгт заасан баримлын тус бүрийн 1 метр өндөртэйсуурийн ажил хийх үүргээ биелүүлээгүй учир уг ажлыг Нью турХХК-аар хийлгэхээс татгалзаж, С ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 12 жилийн баримлын суурь хийх ажлыг 8.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримтууд, дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-102-107, 178-184, 198/

Хариуцагч М ХХК-аас ... манай компаниас суурийн ажлыг хийх гээд очиход бид өөрсдөө суурийн ажлыг хийнэ гээд буцаасан тул бидний 3.000.000 төгрөгөөр хийх байсан суурийг ажлыг өөр компаниар 8.000.000 төгрөгөөр хийлгэснийг төлөхгүй гэсэн үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч 12 жилийн баримлын суурийн ажлыг талууд 3.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй, хариуцагч нь татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж, түүнтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

 

Хариуцагч М ХХК нь ажлын урьдчилгаа төлбөрт 45.500.000 төгрөгийг хүлээн авсан нь биет байдлын доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн 7 ширхэг баримлын ажлын хөлс 33.250.000 /4.750.000 х7 =33.250.000/ төгрөгөөс хэтэрсэн байгаа тул нэхэмжлэгч Н ХХК-аас 12 жилийн баримлын суурийн ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан зардал 8.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг буруутгах боломжгүй.

Хариуцагч М ХХК-аас 12 жилийн баримлын суурийн ажлыг хийж гүйцэтгэхэд 8.000.000 төгрөгийн зардал гарсан эсэх, тухайн ажлын зах зээлийн эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу шүүхээс Б ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулахад 12 жилийн баримлын суурийн барилга угсралтын ажлын өртгийг 11.906.724 төгрөг, зах зээлийн үнэлгээ нь 13.097.396 төгрөг байна гэж үзсэнийг эргэлзээтэй бөгөөд үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул үнэн зөвд тооцох үндэстэй. /хх-209-229/

Иймд хариуцагч М ХХК-ийн 12 жилийн баримлын суурийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн зардал 8.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч н ХХК-д олгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 11.875.000 төгрөг, 12 жилийн баримлын суурийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн зардал 8.000.000 төгрөг, нийт 19.875.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.995.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч М ХХК нь ур хийц, хүч хөдөлмөр, авьяас чадвараа гарган 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 30 хувь болох 19.500.000 төгрөгийг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 9.750.000 төгрөг, нийт 29.250.000 төгрөгийгнэхэмжлэгч Н ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч М ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний 3.5-д заасан эцсийн санхүүжилт 30 хувь болох 19.500.000 төгрөгийн төлбөр гүйцэтгэхдээ гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагчаар гүйцэтгэлийн актыг гаргуулж, гэрээт ажлыг 3 хувь эх актаар бүрэн хүлээлгэн өгч, гэрээг дуусгавар болгон дүгнэснийг үндэслэн гүйцэтгэгчид шилжүүлнэ гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасан 30 хувийн санхүүжилтийн төлбөр 19.500.000 төгрөгийг гэрээний 4.2.12-д зааснаар тооцсон алданги 9.750.000 төгрөгийн хамт шаардах эрхгүй.

Учир нь хариуцагч М ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 12 жилийн баримлууд нь ажил гүйцэтгэх гэрээний 1.2-д заасан ногоовтор өнгөтэй, 1 метр өндөртэй, 0.8 мм цутгуурын зузаантай байх шаардлагад бүрэн нийцээгүй боловч нэхэмжлэгч Н ХХК-аас сүүлд гүйцэтгэн хүлээлгэж өгсөн бич, гахай, луу, морь, тахиа, үхэр, хонь гэсэн 7 баримлыг хүлээн авч, үлдэх 5 баримлыг чанарын шаардлага болоод хийцлэл, өндрийн хэмжээ, өнгийг анхаарч зохих норм стандартын дагуу дахин гүйцэтгэж өгөхийг мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл захиалагчаас гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар шаардлага гаргаж, биет байдлын доголдолтойбаримлуудыг сольж, дахин гүйцэтгүүлэхээр шаардсан байхад гүйцэтгэгчээс тухайн шаардлагыг биелүүлж, гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй атлаа үлдэгдэл санхүүжилтийн төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх үүрэг хүлээсэн учир нэхэмжлэгч Н ХХК-ийг санхүүжилтийн 30 хувийн төлбөр болох 19.500.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул гүйцэтгэгчээс гэрээний 4.2.12-д зааснааралданги тооцож авах эрхгүй.

Иймд хариуцагч М ХХК-ийн нэхэмжлэгч Н  ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 19.500.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 9.750.000 төгрөг, нийт 29.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 327.300 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 376.075 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д, шинжээчийн зардлын үлдэгдэл 500.000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж шинжээч Б ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-д чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг буюу могой, туулай, бар, нохой хулганын баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус гүйцэтгэхийг даалгаж, хариуцагч М ХХК-аас 19.875.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.995.000 төгрөгийн болон хариуцагч М ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.300 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 376.075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д, шинжээчийн зардлын үлдэгдэл 500.000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж шинжээч Б ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР