Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00743

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00743

 

 

 

НХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03257 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч МУЦ ХХК-д холбогдуулан гаргасан чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, гэрээний 4.1.11-д заасан торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8 000 000 нийт 33 870 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Г.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: НХХК нь МУЦ ХХК-ийн захирал Д.Э-.тэй 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............аялал жуулчлалын цогцолборт 12 жилийн 12 ширхэг хүрэл цутгуур баримлуудыг суурь, хаягжуулалтын хамт хийлгэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний 3.4-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийн 70 хувь болох 45 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр МУЦ ХХК-ийн Хаан банкны ххххххх тоот дансанд шилжүүлсэн.

Гэрээний дагуу МУЦ ХХК нь 30 хоногт багтаан 12 жилийн 1 метр өндөртэй 12 ширхэг хүрэл цутгуур баримлыг 1 метр өндөр суурь, хаягжуулалтын хамт хийж дуусган, актаар хүлээлгэн өгөх ёстой байсан. Хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш 28 хоногийн дараа 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зөвхөн эхний 5 ширхэг баримлын хэсгийг манай комисст хүлээлгэн өгөлгүй, хашааны үүдэнд буулгаад алга болсон. Уг 5 ширхэг баримал нь загвар хийц үзэмж муутай, чанаргүй байсан тул баримлыг сольж ирүүлэхийг шаардсан боловч алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан.

Дахин 28 хоногийн дараа 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 7 ширхэг баримлыг ирүүлсэн бөгөөд зарим баримлын хэмжээ 1 метр хүрэхгүй байсан боловч өмнөх баримлаас арай дээр хийцтэй байсан тул хүлээн авсан. Гүйцэтгэгч МУЦ ХХК нь гэрээт хугацаандаа баримлаа ирүүлээгүй, заасан газарт 1 метр өндөр бетон суурин дээр суурилуулж, хаягжуулж, хүлээлгэн өгөх ёстой боловч суурь ч хийгдээгүй тул С ХХК-тай 16-1584 тоот гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийн зардал гарган хийлгүүлсэн.

МУЦ ХХК нь 70 хувийн санхүүжилт авсан хэр нь өнөөдрийг хүртэл манай компани дээр ирж гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй. Манай компаний зүгээс хариуцагчид загвар хийц үзэмж муутай, чанаргүй урласан 5 ширхэг баримлыг сольж, шаардлага хангасан баримал ирүүлэх шаардлага тавьсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Иймд хариуцагчийн хийсэн чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгаж, гэрээний 4.1.11-т заасны дагуу торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8 000 000 төгрөг, нийт 33 870 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н ХХК-тай 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг нийт 30 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1-т зааснаар нийт санхүүжилтийн 70 хувь болох 45 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан.

Гэрээнд зааснаар тус баримлуудыг 1 метр суурийн хамт хийж гүйцэтгэх байсны дагуу гэрээт хугацаанаас 10 хоногийн өмнө очиход НХХК-ийн талбайн инженер, архитектур, суурийн ажлын гүйцэтгэгч гэх компанийн төлөөлөгч нар бид өөрсдөө суурийн ажлыг хийнэ гэж хэлээд хэмжээ аваад буцаасан. 7 хоногийн дараа эхний 5 баримлаа аваачиж өгөхөөр НХХК руу утасдахад суурь хийх хүмүүсээ шалгаруулж байгаа тул болоогүй байна гэсэн хариуг өгсөн. Ийнхүү хариу өгснөөс хойш хэд хоногийн дараа дахин холбогдоход 3 000 000 төгрөгөөр хийх байсан бидний суурийн ажлыг өөр компаниар 8 000 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гүйцэтгүүлсэн байсан. НХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-т заасан үүргээ зөрчиж, биднийг гэрээт хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэх боломжоор хангаж өгөөгүй.

Гэрээт хугацаа өнгөрснөөс хойш 6 хоногийн дараа захиалагчаас баримлуудаа өгч байгаач ээ, сууринд нь тааруулъя гэсний дагуу 5 ширхэг могой, туулай, бар, нохой, хулганын хүрэл баримлуудыг хүргэж өгсөн. Уг 5 баримлын сүүлийн өнгөлгөөний ажлыг сууринд нь суурилуулсны дараа хийж гүйцэтгэнэ гээд өгсөн. Дараа нь 5 баримлын өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэхээр очсон боловч үүдний харуул нь оруулахгүй, өгөхгүй гэж хэлсэн. НХХК-ийн менежер үлдсэн 7 баримлыг хийж гүйцэтгээд аваад ирэхэд үлдэгдэл 30 хувийн төлбөрийг өгнө гэсний дагуу сүүлийн баримлын өнгөлгөөг нь хийгээд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Дээрх хийж гүйцэтгэсэн нийт 12 ширхэг хүрэл баримлуудыг гэрээнд заасны дагуу актаар хүлээн авах ёстой байсан боловч НХХК нь ажил гүйцэтгэх талбай руу оруулдаггүй, хашааны гадаа үлдээгээд яв гэдэг байсан. Иймд дээрх баримлуудыг актаар хүлээлгэн өгөөгүйд бидний буруу байхгүй. Нэхэмжлэлдээ баримлуудыг 1 метр өндөр бетон суурин дээр суурилуулж, хаягжуулж хүлээлгэн өгөх ёстой байсан гэх боловч суурийн ажлыг бидэнд мэдэгдэлгүйгээр өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн тул суурийн бичвэр, суурилуулах ажил нь бидэнд хамааралгүй болно.

Мөн эхний хийж гүйцэтгэсэн 5 баримал загвар хийц, чанаргүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 12 жилийн баримлын дүрс өөр өөрийн онцлог дүрслэлтэй байдаг бөгөөд үүнийг нэгэн ижил хэмжээнд хийх боломжгүй. Мөн НХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 4.1.11-т заасны дагуу 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бусдаар хийлгүүлсэн ажлын хөлс 8 000 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Бид гэрээнд заасан ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгч тал өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас баримлыг хугацаандаа хүлээж аваагүй. Бидний хүч хөдөлмөр, авьяас чадвараа гарган хийсэн бүтээлүүдийг маань үнэгүйдүүлж, гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 30 хувь болох 19 500 000 төгрөгийг өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани гүйцэтгэсэн ажлаа зохих журмын дагуу актаар хүлээлгэн өгөхөөр очих болгонд НХХК нь ажил гүйцэтгэх талбай руу оруулдаггүй, хашааны гадаа үлдээгээд яв гэдэг. Бид ур хийц, хүч хөдөлмөр, авьяас чадвараа гарган 12 жилийн хүрэл цутгуур баримлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн боловч ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн үлдэгдэл 30 хувь болох 19 500 000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү.

Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.12-т захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож авах эрхтэй байхаар тохиролцсон. Манай компанийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж, баримлуудаа бүрэн хүлээлгэж өгсөн бөгөөд нэхэмжлэл гаргасан 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл НХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй нийт 867 хоног хэтрүүлсэн байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр 84 532 500 төгрөгийн алданги бодогдсон боловч 19 500 000 төгрөгийн 50 хувь болох 9 750 000 төгрөгөөр нэмэгдүүлэн Н ХХК-аас нийт 29 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-д баримал угсралтын ажлуудыг ямар хэмжээтэй хийх, мөн өнгө дизайнаа хүртэл нарийн тусгаж тохиролцсон. Гүйцэтгэгч нь цаг хугацаандаа ажил гүйцэтгэх гэрээгээ эс биелүүлсэн учир манай компани өнөөдрийг хүртэл их хохирсон. Хариуцагч гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн бол манай компани бусдаар 8 000 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний үүргээ биелүүлээгүй зугтаж алга болсон учир арга буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С ХХК-тай гэрээ байгуулж, 12 жилийн баримлын суурь хийх ажлыг хийлгэсэн. Хэрэв манай компани үүргээ биелүүлээгүй байсан бол хариуцагч МУЦ ХХК болон түүний үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгийг 3 жилийн турш хайж, эрэн сурвалжлах шаардлагагүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУЦ ХХК-д чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг буюу могой, туулай, бар, нохой хулганын баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус гүйцэтгэхийг даалгаж, хариуцагч МУЦ ХХК-аас 19 875 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 995 000 төгрөгийн болон хариуцагч МУЦ ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.300 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МУЦ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 376 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НХХК-д, шинжээчийн зардлын үлдэгдэл 500 000 төгрөгийг хариуцагч МУЦ ХХК-аас гаргуулж шинжээч Бэсгэ ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гэрээний санхүүжилтийн нийт үнийн дүн 65 000 000 төгрөг байна гэж заасан бөгөөд гэрээний бусад хэсэгт 1 ширхэг баримал хийх өртөг, суурийн ажлыг хөлсийг нарийвчлан зохицуулсан заалт байхгүй. НХХК-ийн эрх бүхий этгүүдэд анх гэрээ байгуулагдах үед суурийн ажлын хөлс 3 000 000 төгрөг байхаар аман тохиролцоо хийн тохирч байсан. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч нар гэрээндээ нарийн тохиролцоогүй асуудалд зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж буй тайлбар, баримтад үндэслэн суурийн ажлын хөлс 8 000 000 төгрөг байсан мэтээр дүгнэн, үндсэн гэрээний үнийн дүнгээс гуравдагч этгээдээр суурийн ажлыг хийлгэсэн хөлсийг хасч нэг барималд ногдох үнийг 4 750 000 төгрөг байна хэмээн дүгнэжээ.

Нэхэмжлэлд дурдсан доголдолтой гэх 5 ширхэг баримал буюу 23 750 000 төгрөгийн үнийн дүн бүхий үүргийг гүйцэтгээгүй байна гэж үзжээ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасанчлан МУЦ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т заасны дагуу эхний санхүүжилт олгосон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч Нью тур ХХК нь ажил гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах үүргээ биелүүлээгүйгээс гэрээт хугацааг 6 хоног хоцроож эхний ээлжийн 5 баримлыг хүлээлгэж өгсөн.

Ажил гүйцэтгэх хугацаанд ажил хийх талбай руу оруулахгүй байсан шалтгаан нь манай байгууллагын ажил хийх хугацааг санаатайгаар удаашруулж улмаар уг нөхцлөөрөө шалтаг хийж их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжлэх зорилго агуулж байсан гэж үзэх хангалттай үндэслэлийг бий болгож байна.

НХХК нь маргаан бүхий 5 баримлыг доголдолтой бөгөөд хүлээн авсны дараа доголдлоо арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч уг хугацаанд доголдыг арилгаагүй гэдэг. Нэхэмжлэгч тал хэргийн материалд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/254 тоот албан мэдэгдэл хүргүүлж байсан боловч хүлээн аваад үр дүн гараагүй гэж тайлбарладаг. Бидний хувьд анхан шатны шүүх хуралдааны явцад ч хэргийн материалд авагдсан албан тоотыг хүлээж аваагүй гэдгээ хэлсэн. Тус албан тоот нь нэхэмжлэгч талын тамга тэмдэгтэй боловч МУЦ ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдэд албан ёсоор хүлээлгэн өгч, гардуулсан талаар тэмдэглэл байхгүй байхад анхан шатны шүүхийн зүгээс уг баримтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан нэмэлт хугацаа тогтоосон боловч уг хугацаанд зөрчлөө арилгаагүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч 5 ширхэг баримлыг доголдолтой буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж маргаж байгаа бөгөөд эдгээр нэр дурдсан баримлуудыг огт хүлээлгэж өгөөгүй буюу гүйцэтгээгүй гэж маргаагүй. Гэтэл шүүхийн зүгээс 5 ширхэг баримлаас алданги тооцохдоо нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, мөн 1 ширхэг баримлын үнийг тооцсон тооцоолол нь тодорхой бус байхад өөрийн үзэмжээр нэхэмжлэгч талд ашигтай дүгнэлт хийн, маргаан бүхий 5 ширхэг баримлыг огт хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгээгүй мэтээр үндсэн дүнгээр тодорхойлж алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн С ХХК-тай суурийн ажил хийх гэрээ 8 000 000 төгрөгийн дүнтэйгээр хийгдсэн боловч хэргийн материалд авагдсан баримтуудар тус компанид ажлын хөлс гэж 4 000 000 төгрөг олгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл суурийн ажил хийх ажлын хөлсөнд бодитоор 8 000 000 төгрөг НХХК-аас төлөгдөөгүй. Бидний хувьд 12 жилийн хүрэл цутгуур баримал хийх ажлын урьдчилгаанд 45 000 000 төгрөг авсан бөгөөд үүнд суурийн ажлын хөлс багтаагүй учир суурийн ажлын хөлсийг манай байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэж буйг хүлээн зөвшөөрөхгүй.

2.Талуудын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 16-1452 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.5-д эцсийн санхүүжилт болох 19 500 000 төгрөгийг ажлыг бүрэн гүйцэтгэсний дараагаар шилжүүлэн өгнө гэж зохицуулсан. Бидний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгч нь МУЦ ХХК-ийн хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн 12 жилийн хүрэл цутгуур баримлыг  аялал жуулчлалын цогцолбор газарт уг баримлуудыг хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу ашиглагдаж байгаа гэдэг нь үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдсон. Энэхүү үйл баримтууд болон 12 баримлыг хүлээж авсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд МУЦ ХХК-д хандан нэг ч удаа хийж гүйцэтгэсэн ажлын чанарын талаар шаардлага гаргаж байгаагүй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаж буй 5 ширхэг баримлын өндөр хэмжээг засч янзлахыг даалгах шийдвэр гаргасан атлаа манай компанийн хийсэн ажлын гүйцэтгэлд бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй 5 баримлыг засч сайжруулсан тохиолдолд МУЦ ХХК-ийн аваагүй байгаа 19 500 000 төгрөгийн ажлын хөлс хэрхэн шийдвэрлэх дээр дүгнэлт хийгээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 19 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч НХХК нь хариуцагч МУЦ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох доголдолтой 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 ширхэг сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, гэрээний 4.1.11-д заасан торгууль 3 120 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс буюу хохиролд 8 000 000 нийт 33 870 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс, алдангид нийт 29 250 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1 хх 1-3, 37-38/

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Талууд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөлд зааснаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  аялал жуулчлалын цогцолборт 12 жилийг билэгдсэн амьтдын 12 ширхэг хүрэл цутгуур баримлуудыг суурь, хаягжуулалтын хамт хийх ба гэрээ 1 сарын хугацаатай байсан нь гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоогдсон. /1 хх 49-51,31-32, 109/

Нэхэмжлэгч нь гэрээт ажлын урьдчилгаа төлбөрийн 70 хувь болох 45 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр МУЦ ХХК-ийн Хаан банкны ххххх тоот дансанд шилжүүлсэнд талууд маргаангүй, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /2 хх 10-11/

Хариуцагч нь Гэрээний хугацаа дууссанаас хойш 28 хоногийн дараа 5 ширхэг баримлыг хашааны үүдэнд буулгаад хаяад алга болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үйл баримтын хувьд үгүйсгээгүй. /1 хх 31-32/

Мөн Уг үйл явдлаас хойш дахин 28 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 7 ширхэг баримлыг ирүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй./ 2 хх 10-11/

Зохигчид 12 жилийн баримал тус бүр доороо хаяг байрлах самбартай байхаар тохиролцсон атал уг ажил хийж гүйцэтгэгдээгүй, энэ талаар талууд маргаагүй.

МУЦ ХХК-ийн захирал Д.Э-г эрэн сурвалжилж хайсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг ч хариуцагч үгүйсгээгүй байна.

Мөнгөн дүнгээр гаргуулах нэхэмжлэлийн нийт шаардлага болох 33 870 000 төгрөгөөс 13 995 000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй бол, баримлын 12 ширхэг сууринд хаягжуулалт хийх ажлыг даалгахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдоогүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн хэдий ч талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж, нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн 5 ширхэг цутгуурын баримал доголдолтой тул чанарын шаардлага хангасан бүтээлээр солиулана гэсэн байр суурийг хариуцагч зөвшөөрөөгүй 12 жилийн баримлын дүрс нь өөр өөрийн онцлог дүрслэлтэй байдаг бөгөөд үүнийг нэгэн ижил хэмжээнд хийх боломжгүй гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл талууд цутгуур буюу урлагийн бүтээл доголдолтой эсэхэд маргаж байна.

Анхан шатны шүүхээс Маргааны зүйл болсон 5 ширхэг буюу могой, туулай, бар, нохой, хулганы баримлууд нь гэрээний 1.2-т заасан 1 метр өндөр, ногоовтор өнгөтэй байх шаардлагыг хангаагүйгээс гадна өнгөлгөө хийгээгүйгээс гадаргуу нь барзгар болсон нь зохигчийн тайлбар, НХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/254 тоот албан бичиг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэргээр нотлогдож байх тул биет байдлын доголдолтой гэж үзнэ. / 1 хх-58-74, 87, 140/ гэж буруу дүгнэжээ.

Тодруулбал нэхэмжлэгч нь могойн дүрстэй баримлыг наж могой тул хүлээн авахгүй, монгол хийц байх ёстой гэж үзсэн атлаа гахайн дүрстэй баримлыг 80 см өндөртэй байхад санаа нь дажгүй гээд хүлээгээд авчихсан, 3 ширхэг бүтээл 90 см өндөртэй байгаа нь ялимгүй зөрчил мөн эсэх зэрэг олон тодорхой бус асуудал үүсчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Талууд бүтээлийн хийц, утга санаа, зохиомж зэрэг урлагийн асуудлаар маргахаас гадна өндөр, өнгө, өнгөлгөө, цутгуурын зузаан зэрэг асуудлаар маргаж байх тул 5 ширхэг цутгуурт шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ./ 1 хх 195/

 

Мөн гэрээний 1.2-т баталсан ажлын зургийн дагуу захиалагчийн шаардлагыг хангахаар тохиролцсон. Уг баталсан зураг хэрэгт авагдаагүйгээс харьцуулан дүгнэх баримтгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ. / 1 хх 49/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. гэрээний зүйл нь 12 ширхэг цутгуурын баримал, суурь, хаягжуулалт гэж нэхэмжлэгч тодорхойлж байх боловч суурийн ажлыг хийлгээгүй, хийлгэх боломжоор хангаагүй гэж хариуцагч маргасан. Энэ талаар мэтгэлцүүлж дүгнэлт хийх шаардлагатай.

 

Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дах хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 5 ширхэг баримлыг хүлээгээд авчихсан, ашиглаж байгаа гэж маргаж үзлэг хийлгэх хүсэлт тавьсныг анхан шатны шүүхээс буруу шийдвэрлэснээс гадна өөр хэргийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Нэгдүгээр хавтаст хэргийн 173 дугаар талд 12 ширхэг барималд үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйд заасан гүйцэтгэх ажлын төсвийн асуудлаар маргаан үүсээгүй хэдий ч суурийн ажлыг 3 000 000 төгрөгт хийх байтал гаднын компаниар 8 000 000 төгрөгт хийлгэсэн гэж хариуцагч тал тайлбарлажээ. Мөн хариуцагч нь гадны компанид төлсөн баримтыг үзэх юм бол 4 000 000 төгрөг байна гэж маргаж байх бөгөөд суурийн ажлын төсөв хэд болох, суурийн ажлыг хийж гүйцэтгэсний хөлсөнд нэхэмжлэгч хэдэн төгрөг төлсөн, суурийн ажлыг хийх боломжоор хангасан эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд гомдлын шаардлага гаргах хугацааны талаар зохицуулсан амьтдын нүд ам, дүрс харагдахгүй, танигдахгүй байх нь хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжтой дутагдал мөн эсэх, бүтээл нь хийсвэр, бодит болон ямар жанраар урласан бүтээл болох, тодорхой ажлын зургийн дагуу хийх ёстой байсан уу, өөрсдийн үзэмжээр урлах байсан уу, 5 ширхэг баримал нь захиалагчийн гоо зүйн таашаалд нийцээгүй эсхүл тодорхой нөхцлүүдэд нийцэхгүй байгаагийн аль нь болохыг, 5 ширхэг цутгуурын бүтээлийг хэдийг хүлээн авсныг тодруулан тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл бүтээл цутгуурын технологи талаас, эсхүл уран сайхан гоо зүйн талаас доголдолтой гээд байгаагийн аль нь болохыг зааглан дүгнэх юм. Хэргийн баримтаас үзэхэд гэрээ нь хавсралттай байх бөгөөд уг хавсралтууд авагдаагүй. / 1 хх 94/

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хаягжуулалтын төсөв хэд болох нь тодорхойгүй, захиалагчийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байсан, 5 ширхэг баримлыг буцааж солилоо гэхэд гэрээний нийт үнийн дүнгийн хэдэн хувь болох, талуудын хоорондын тооцоо хэд болох, анзаа яагаад 45 000 000 төгрөгөөс тооцсон, 8 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа шалтгаан үндэслэл, 45 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт юу багтаж байгаа зэргийг анхаарч тодруулахаас гадна хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй, дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03257 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД