Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00139

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02693 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М ХХК-д холбогдох,

Чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, торгууль 3,120,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8,000,000 төгрөг, нийт 33,870,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16-1452 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь ББ хүрэл цутгуур баримлыг суурь, хаягжилтын хамт 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 65,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч төлбөрийн 70 хувь 45,000,000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-д шилжүүлсэн. Хариуцагч гэрээний хугацааг хэтрүүлж 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхний 5 ширхэг баримлыг хүлээлцэлгүй хашааны гадна буулган явсан ба баримлууд нь гоо зүй, загвар хийц, чанар муу байсан тул баримлыг сольж ирүүлэхийг шаардсан ч бидэнтэй холбоо тогтоогоогүй. Мөн 2016 оны 10 дугаар сарын 22-нд 7 ширхэг баримлыг ирүүлсэн нь гэрээнд заасан 1 метрийн хэмжээнд хүрээгүй боловч өмнөх 5 ширхэг баримлаас илүү хийцтэй байсан тул хүлээн авсан. М ХХК нь гэрээний хугацааг хэтрүүлсэн, баримлууд шаардлагад нийцээгүй, ажлыг суурилуулж, хаягжуулан хүлээлгэн өгөөгүй. Баримлын суурь гэрээний хугацаанд хийгдээгүй тул захиалагч 12 жилийн баримлын суурийг Сэрвэн овоот ХХК-иар 16-1584 тоот гэрээгээр 8,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Хариуцагч 70 хувийн санхүүжилт авсан ч гүйцэтгэл 30 хувьтай, өнөөдрийг хүртэл ажлыг актаар хүлээлцээгүй байна. Бид М ХХК-д хандан хийц, өнгө муу, гадаргуу барзгар, өндрийн хэмжээ хүрэхгүй могой, туулай, бар, нохой, хулганы 5 ширхэг баримлыг сольж, шаардлага хангасан бүтээгдэхүүн ирүүлэхийг шаардсан ч биелүүлээгүй. Иймд чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг хариуцагчид даалгаж, гэрээний 4.1.11-т зааснаар торгууль 3,120,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8,000,000 төгрөг, нийт 33,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд Багатэнгэрт цогцолборт 12 жилийн хүрэл цутгуур баримлыг 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Санхүүжилтийн 70 хувь 45,000,000 төгрөгийг хүлээн авч, баримлуудыг хийж гүйцэтгэх хугацаанаас 10 хоногийн өмнө баримал суурилуулах газарт очиход нэхэмжлэгч нь өөрсдөө суурийг хийнэ гэсэн тул хэмжээ аваад буцаасан. 7 хоногийн дараа эхний 5 баримлыг өгөхөөр утсаар ярихад суурийн ажил хийгдэх шалгаруулалт болоогүй гэсэн ба 3,000,000 төгрөгөөр хийгдэх ажлыг 8,000,000 төгрөгөөр хийлгэж гэрээний 4.1.1-т заасныг зөрчиж ажлыг хугацаанд нь хийх боломжоор хангаагүй. Гэрээний хугацаа өнгөрснөөс хойш 6 хоногийн дараа баримлуудыг сууринд нь тааруулъя гээд 5 ширхэг могой, туулай, бар, нохой, хулганын хүрэл баримлуудыг аваачиж өгөхдөө баримлын өнгөлгөөг суурилуулсны дараа гүйцэтгэнэ гэдгийг хэлсэн, дараа нь өнгөлгөөг хийхээр очиход харуул нь оруулаагүй. Н ХХК нь үлдсэн 7 баримлыг авчраад үлдэгдэл 30 хувийн төлбөрөө ав гэсэн ба 7 баримлын өнгөлгөөг хийж бүрэн хүлээлгэж өгсөн. Н ХХК нь ажил гүйцэтгэх талбай руу оруулдаггүй тул баримлуудыг актаар хүлээлцэх боломжгүй, хүлээлцээгүйд бид буруугүй. Суурийн ажлыг бидэнд мэдэгдэхгүй бусдаар гүйцэтгүүлсэн тул суурийн бичвэр, суурилуулах ажил нь хамааралгүй. 12 жилийн баримлын дүрс нь өөрийн гэсэн онцлог дүрслэлтэй бөгөөд үүнийг нэг ижил хэмжээнд хийх боломжгүй. Бид ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ч нэхэмжлэгч өөрийн буруугаар баримлыг хугацаанд нь хүлээж аваагүй учир гэрээний хугацаа хэтэрсэн. Иймд алданги, торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баримлуудын суурийг Н ХХК нь өөрсдөө хийнэ гэж 8,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн байсан. Гэрээний хугацаа өнгөрснөөс 6 хоногийн дараа баримлуудыг сууринд нь тааруулахаар могой, туулай, бар, нохой, хулгана зэрэг 5 баримлыг аваачиж өгсөн. Нэхэмжлэгчээс 7 баримлыг авчраад үлдэгдэл 30 хувийн төлбөрөө аваарай гэснээр 7 баримлын өнгөлгөөг нь хийж хүлээлгэж өгсөн ч хөлсийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь ажлыг актаар хүлээлцэхээр очих бүрд ажлын талбайруу оруулдаггүй учир 12 баримлыг актаар хүлээлцээгүй нь бидний буруу биш. Бид 12 жилийн хүрэл цутгуур баримлыг чанарын өндөр түвшинд хийж хүлээлгэн өгсөн тул гэрээний үлдэгдэл 19,500,000 төгрөгийг, алданги 9,750,000 төгрөгийн хамт шаардаж байна. Гэрээний 4.2.12-т зааснаар нэхэмжлэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй учир гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 867 хоногт, нэг хоногийн 97,500 төгрөгөөр тооцож, хуульд нийцүүлэн 19,500,000 төгрөгийн 50 хувь 9,750,000 төгрөгөөр алдангийг тооцсон.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Ажлыг 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний 1.2-д баримлын хэмжээ, өнгө дизайнаа хүртэл нарийн тусгасан. М ХХК нь ажлаа цаг хугацаанд нь биелүүлсэн бол би бусдаар 8,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх шаардлагагүй байсан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учир арга буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэрвэн-Овоот ХХК-тай гэрээ байгуулж 12 жилийн баримлын суурийн ажлыг хийлгэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 ширхэг хүрэл цутгууран баримлыг доголдолгүй баримлаар сольж ирүүлэхийг хариуцагчид даалгах болон торгууль 3,120,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын хэрэгсэхгүй болгосон 4,000,000 төгрөг, нийт 29,870,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М ХХК нь 12 ширхэг баримал тус бүрд хаягжилт хийх ажлыг гүйцэтгэмэгц нэхэмжлэгч Н ХХК-иас 15,500,000 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 750 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 12 жилийн баримал тус бүрд хаягжилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 327,300 төгрөг, хариуцагчийн төлсөн 426,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгч Н ХХК-иас 255,450 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүйг зөв тогтоосон ч нэхэмжлэгчийн өөр компаниар гүйцэтгүүлсэн зардлаас 4,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжпэгч нь 12 ширхэг баримлын суурийн ажлыг Сэрвэн Овоот ХХК-аар гүйцэтгүүлэхдээ 4,000,000 төгрөгийг бартераар буюу 2,750,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй харилцан хамаарал бүхий Сод Монгол Групп ХХК-ийн шатахууны карт цэнэглэх хэлбэрээр, мөн өөр гэрээний төлбөрт өгсөн 08-76 УБЕ автомашиныг тооцоонд суутгасан. Мөн баримтуудыг гадаад хэлээр үйлдсэн гэх шалтгаан нь үндэслэлгүй.

6.2. Шүүх 5 ширхэг шаардлага хангаагүй баримлыг шаардлага хангасан баримлаар солиулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн эхэлж хүлээлгэн өгсөн 5 ширхэг баримал өнгөлгөөгүй, 1 метр өндөр, 0.8 мм зузаан байх шаардлагад нийцээгүй, өнгөлгөө хийгээгүй нь чанарт нөлөөлж ашиглах боломжгүй болсон. Энэ нь хэргийн нотлох баримтаар нотлогдож байгаа.

6.3. Гэрээний 4.1.6, 2.1-д заасан хугацаанд хариуцагч ажпыг хүлээлгэн өгөөгүй бол алданги тооцохоор заасан. Захиалагч 5 ширхэг баримлыг чанарын шаардлага хангахгүй талаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 16/254 тоот мэдэгдлээр гүйцэтгэгчид хүргүүлж, 14 хоногийн нэмэлт хугацаа тогтоосон ч үүрэг биелэгдээгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй. Хариуцагчийн гүйцэтгэсэн баримлаас 5 баримал шаардлага хангаагүй учир дахин гүйцэтгүүлэхээр шаардсан ч биелүүлээгүй тул 5 ширхэг баримлыг хийж гүйцэтгээгүй үүрэгт нь нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

6.4. Сөрөг нэхэмжлэлээс 19.500.000 төгрөгийг 12 жилийн баримал тус бүрийн хаягжилтийг гүйцэтгэмэгц нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч гэрээний 3.5-д заасан эцсийн санхүүжилт 19,500,000 төгрөгийг гэрээт ажлаа бүрэн гүйцэтгэж актаар хүлээлцсэний дараа авах ёстой. Гэтэл гүйцэтгэгч гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Захиалагч нь ажпын үр дүнг бүрэн хүлээж авах үедээ хөлс төлөх учир 19,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Сэрвэн овоот ХХК-иар суурийн ажлыг 8,000,000 төгрөгөөр хийлгэсэн гэх боловч гэрээг хожим гаргаж, ажлын хөлс хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй, 8,000,000 төгрөгийн дүнтэй гэрээ хийгдсэн ч бодит байдалд Сэрвэн овоот ХХК-ийн дансанд 4,000,000 төгрөгийн гүйлгээг шилжүүлсэн, бусад төлбөр тооцоо нь давхцаж байна. Шүүх нотлох баримтуудыг судлан ач холбогдол бүхий дүгнэлт хийсэн. Ажлын гүйцэтгэлээс 12 ширхэг хүрэл цутгуур баримлаас 5 ширхэг нь шаардлага хангаагүй доголдолтой гэжээ. Монголын Урчуудын эвлэлийн шинжээчийн дүгнэлтээр тус 5 ширхэг баримал нь мэргэжлийн талаасаа ямар нэгэн алдаа дутагдал байхгүй, хэвийн журмаар ашиглах боломжтой гэх дүгнэлт гаргаж, 12 ширхэг баримал нь өөрийн гэсэн онцлогтой тул гадаргуугийн хувьд нэгэн жигд цутгах боломжгүй гэдгийг тодорхой дурдсан. 2016 оны 07 дугаар сард тухайн баримлуудыг хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 12 ширхэг баримлаа сууринд нь байршуулан зориулалтын дагуу ашиглаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш давж заалдах шатны шүүхээс торгууль, алданги нь тодорхойгүй байна, нэхэмжлэгч талын зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүхээс тооцоолол хийх боломжгүй байна гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх рүү хэрэг буцсанаас хойш нэхэмжлэгч талын зүгээс ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Торгууль, алдангийг ямар үнийн дүнгээс тооцсон, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй. Мөн хариуцагч талыг ажил хийх нөхцөл боломжоор хангаж байсан гэх нотлох баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй тул торгууль, алданги нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд манай зүгээс хэргийн материалд авагдсан холбогдох баримтуудаар 12 ширхэг хүрэл цутгуур баримлуудыг гэрээнд заасан чанарын шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн. Манай зүгээс урьдчилгаа төлбөр авч, 2016 оны 10 дугаар сард сүүлийн 7 ширхэг баримлыг хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл 12,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.   Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэх, баримлын 12 сууринд хаягжуулалт хийх ажлыг тус тус даалгах, торгууль 3,120,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, бусдаар хийлгэсэн ажлын хөлс 8,000,000 төгрөг, нийт 33,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.   Талууд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 16-1452 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Багатэнгэр аялал жуулчлалын цогцолборт хийгдэх 12 жилийн дүрслэл бүхий хүрэл цутгуур баримлуудыг 30 хоногийн дотор хийж гүйцэтгэн Н ХХК-д хүлээлгэн өгөх, Н ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 65,000,000 төгрөгийн 70 хувь болох 45,500,000 төгрөгийг гэрээ байгуулмагц М ХХК-д төлөх, үлдэх 30 хувь болох 19,500,000 төгрөгийг ажлыг бүрэн гүйцэтгэж, талууд акт үйлдсэнээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /1хх 49-54/

Нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 45,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5 ширхэг, 10 дугаар сарын 22-ны өдөр 7 ширхэг баримлыг тус тус нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлжээ. Тус 12 жилийн баримлаас 5 баримлын өнгөлгөөг хийж гүйцэтгээгүй талаар хариуцагч маргаагүй.

 

4.   Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дзгнэлт зөв. Хариуцагч гэрээний хугацааг зөрчсөн эсэх, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх талаар маргасан бол нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн авсан эсэх, төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан байна.

 

5.   Анхан шатны шүүх, үндсэн нэхэмжлэлээс чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг шаардлага хангасан бүтээгдэхүүнээр солиулахыг даалгах, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал 4,000,000 төгрөг, анз 25,870,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 19,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

5.1.  2016 оны 16-1452 тоот гэрээний 1.1, 1.2-т заасан 12 жилийн хүрэл цутгуур баримлын ажилд тус 12 жилийн 1 метр өндөртэй суурь болон хаягжуулалтын-ийн ажил багтжээ. Хариуцагч нь гэрээний хугацаанд уг ажлыг хийж гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч дээрх 1 метр өндөртэй суурийн ажлыг Сэрвэн овоот ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Тус ажлыг хариуцагч гүйцэтгэх боломжтой байсан, нэхэмжлэгч ажиллах боломжоор хангаагүй гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Н ХХК болон Сэрвээт овоо ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 8,000,000 төгрөг боловч нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг бодитоор төлсөн болох нь нотлогдсон, харин үлдэх 4,000,000 төгрөгт бараа, бусад өглөг, авлагаар харилцан тооцож төлсөн гэх боловч тэдгээр баримтуудыг хэрэгт шууд хамааралтай гэж үзэх боломжгүй, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.2.  Чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Гэрээний 1.2-т баримал угсралтын ажил гэдэгт: цутгуурын зузаан 0,8 мм, өнгө нь ногоовтор гэж тодорхойлжээ. Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5 ширхэг баримал (хулгана, бар, туулай, могой, нохой)-ыг өнгөлгөөгүйгээр ирүүлсэн талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгчийн гаргасан ...хариуцагчийн хийсэн 5 ширхэг баримал нь загвар хийц, чанарын хувьд муу, өндрийн хэмжээ, зузаан, өнгөлгөө нь гэрээгээр тохиролцсон стандартад нийцээгүй тул шаардлага хангасан байдлаар солиулна гэх тайлбар нь хэргийн оролцогчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал, шинжээч Монголын урчуудын эвлэл-ийн хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр ... үндсэн консефцийн хэмжээнүүд харилцан адилгүй хэмжээтэй болох талтай учир өгөгдсөн 1 м гэсэн хэмжээнээс өндөр өргөний хэмжээс хэлбэлзэлтэй байж болох учир үндсэндээ хэмжээсийн хувьд байж болно..., өнгөлгөө шаардлагатай..., цутгуурын зузаан баримлын хэлбэрээс шалтгаалан гадаргуунуудад харилцан адилгүй цутгагдана, овор хэмжээ багатай баримлын хувьд 0,5-0,8 мм байхад баримлын насжилтад нөлөөлөхгүй учир цутгуурын зузаан стандартын шаардлага хангасан гэж дүгнэжээ. /2хх 93-103/

Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх 5 ширхэг баримлыг биет байдлын доголдолтой гэж үзэж уг доголдлыг арилгуулахаар шинээр сольж ирүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж дүгнэх тул нэхэмжлэгчийн энэ талаархи гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5.3.     Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн баримлын 12 сууринд хаягжуулалт хийхийг даалгах шаардлагыг хангаж, сөрөг шаардлагатай харилцан тооцжээ. Хариуцагчийн гүйцэтгэх ажил үүрэг нь гэрээний 1.1, 1.2-т зааснаар хэд хэдэн ажлаас бүрдэж, гэрээний 3.1-д заасан 65,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд багтжээ. Баримал угсралтын ажлын Доороо хаяг байрлах самбар-ын болон Суурь 1 метр-ийн ажлуудыг тус бүрт нь гүйцэтгэж болох агуулгатай байна. Хариуцагчаас ...суурийн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн тул суурийн бичвэр суурилуулах ажил нь бидэнд хамааралгүй... гэх тайлбар хэргийн үйл баримттай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрийг төлсөн учир хариуцагч нь 12 жилийн хүрэл цутгуур баримлын суурь тус бүрийн хаягжуулалтыг хийж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэйг шүүх дүгнэж, хариуцагч ийнхүү үүргээ гүйцэтгэснээр гэрээний 3.5-д заасан хөлс 19,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр талууд тохиролцсон үйл баримтыг шүүх зөв тогтоож, шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгахгүй тул хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Иймд 12 жилийн хүрэл цутгуур баримал тус бүрийн доор байрлах хаягжилтын самбарын ажлыг хийж гүйцэтгэхийг хариуцагч М ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин 5 ширхэг баримлын (хулгана, бар, туулай, могой, нохой) өнгөлгөө хийгдээгүй, баримлыг суурилуулсны дараа, өнгөлгөө хийгдэнэ гэх хариуцагчийн тайлбар нь гэрээний 1.1, 1.2, 4.2.1-т заасан үүрэгт хамаарна. 12 жилийн хүрэл цутгуур баримлын өнгө ногоовтор байх гэрээний шаардлагыг хариуцагч хангаж ажиллах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж, шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэхийг даалгах нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

5.4.     Хариуцагчаас анз 25,870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Гүйцэтгэгч буюу хариуцагч нь ажлыг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүй бол нэхэмжлэгч гэрээний 4.1.6, 4.1.11-т зааснаар анз шаардах эрхтэй байна. Хариуцагч гэрээний хугацаанд 12 жилийн баримлын ажлыг бүрэн гүйцэтгээгүй нь хэргийн оролцогчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэсэн боловч анз гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Шүүх үйл баримтыг бүрэн тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж нэхэмжлэгчийн анз гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт анзын гэрээг бичгээр хийхээр заасан бөгөөд талууд гэрээгээр анз тохиролцжээ. Хариуцагч гэрээний 1.2-т заасан ажлаас 1 метрийн өндөртэй суурийн ажлыг гүйцэтгээгүй, нэхэмжлэгч тухайн ажлыг бусдаар гүйцэтгүүлж 4,000,000 төгрөгийн зардал гаргасан нь тогтоогдсон тул хариуцагч гүйцэтгээгүй үүрэг 4,000,000 төгрөгийн хэмжээгээр гэрээний хариуцлагыг хүлээх учиртай. Энэ үндэслэлээр гэрээний 4.1.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алданги 2,000,000 төгрөг, гэрээний 4.1.11, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 40 хувиар тооцож торгууль 1,600,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

5.5.     Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрт 19,500,000 төгрөг, алданги 9,750,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас шүүх 19,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэхдээ хариуцагч 12 жилийн хүрэл цутгуур баримлыг хийж нэхэмжлэгчид шилжүүлсэн, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн дүрслэл бүхий баримал нь биет байдлын доголдолгүй нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөр 19,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй.

Харин 12 жилийн хүрэл цутгуураас 5 баримлын өнгөлгөө, баримлын 12 суурийн хаягжилтыг тус тус хариуцагч хийж гүйцэтгээгүй үндэслэлээр алданги 9,750,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Хариуцагч 12 жил бүхий хүрэл цутгуур баримлыг хийж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ч 5 баримлын өнгөлгөө, бүх баримлын самбар бүхий хаягжилт хийгдээгүй нь гэрээний 1.1, 1.2 болон 4.2.17-д заасан үүрэг зөрчигдсөн ба эдгээр ажлыг хийж гүйцэтгэх гэрээний үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүйг өмнө дүгнэсэн.

 

6.   Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан тооцож хууль буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж, үндсэн нэхэмжлэлээс хариуцагч М ХХК-иас 7,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, 12 жил бүхий хүрэл цутгуур баримлын 12 суурийн хаягжилтын ажлыг гүйцэтгэхийг хариуцагч М ХХК-д даалгаж, үлдэх хэсэг болох чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэхийг даалгах, 26,270,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Н ХХК-иас 19,500,000 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож, 9,720,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.   Нэхэмжлэгчийн гаргасан 12 жил бүхий хүрэл цутгуур баримлын 12 сууринд хаягжуулалт хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, татгалзсан байхад анхан шатны шүүх тус шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн мэтээр шийдвэрийн тогтоох хэсэгт ...хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгоно.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02693 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 7,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, 12 жил бүхий хүрэл цутгуур баримлын 12 сууринд хаягжуулалт хийж гүйцэтгэхийг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Н ХХК-иас 19,500,000 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх чанарын шаардлага хангахгүй 5 ширхэг баримлыг буцааж шаардлага хангасан бүтээгдэхүүнээр сольж ирүүлэхийг даалгах, 26,270,000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,750,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлаад ...78 950... гэснийг ...136,550... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлаж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э. ЭНЭБИШ