Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 964

 

 

М.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00581 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид 2 362 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, 1 286 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О,

Хариуцагчийн төлөөлөгч В.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн захирал В.М нь М.Н-ын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сар хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 2 362 500 төгрөгийг төлөөгүй тул “Э” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 2 362 500 төрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс төлүүлэх, М.Н миний нийгмийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны буюу 15 сарын шимтгэл төлөлтийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч М.Н нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн “Э” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед нийгмийн даатгалын дэвтрээ тушаалтайгаа хамт авахад ажил орсон үеэс буюу 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй байсан. Энэ асуудлыг тодруулаад асуухад компанийн төлбөрийн асуудлаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй гэж ажил олгогчийн зүгээс хэлсэн. М.Н нь нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргасан боловч танай байгууллага нийгмийн даатгалын тайлангаа гаргаж өгөөгүй тийм учраас бичилт хийх боломжгүй энэ асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн. М.Н нийгмийн даатгалын байгууллагаас өөрийн нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооллыг гаргуулсан. Үүнд 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл нийт 2 362 500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тухай хариу өгсөн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох цалин хөлснөөс хуульд заасны дагуу хувь хэмжээгээр шимтгэлийг суутган авч төлөх үүргийг хүлээдэг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Тус төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл нь ажил олгогчоос суутгаж авсан байгаа учир хохиролд тооцогдоно. Эдгээр үндэслэлийн дагуу төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 2 362 500 төгрөгийг нөхөн төлүүлэхийг даалгах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Н нь манай компанид 2016 оны 7 дугаар сарын 01-нээс хойш 2017 оны 10 дугаар сарын 23-ныг хүртэл хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь бичилт хийх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар ажилтны цалингаас дээрх шимтгэлийг суутган нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэг бий. Харилцагч байгууллагууд төлбөр тооцоог цаг тухайд нь хийгээгүйгээс болоод байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг олгохын тулд зээл авч цалин олгож байсан ба одоогийн байдлаар нийгмийн даатгалын санд өр төлбөртэй байгаа. Нийгмийн даатгалын байцаагч өр төлбөртэй учир нийгмийн даатгалын тайлан авахгүй бичилт хийхгүй байсан. Нэхэмжлэгчийн гомдлоор манай байгууллагыг нийгмийн даатгалын байгууллагаас шалгасан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын байгууллага нь манайд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа. Нэхэмжлэгч нь манай компанийг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас хохирол учирсан гэж үзэж гэм хорын хохиролд 2 362 500 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй, нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагын өмнөөс шимтгэл, алдангийг нэхэмжлэх ямар нэгэн итгэмжлэл олгосон баримтгүй. Нийгмийн даатгалын байгууллага л шимтгэл, алдангийг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай нийгмийн даатгалын тайланд нэхэмжлэгчийн цалин, шимтгэл орсон байгаа, үүнд маргаангүй учир тайлан шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.Н нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манай байгууллагад ажил хийгээгүй тул цалин олгогдоогүй байгаа. Үүнд талууд маргахгүй байгаа. 2017 оны 9 дүгээр сард М.Н ээлжийн амралт авсан бөгөөд ээлжийн амралтын мөнгийг нь би буруу бодож өгсөн байдаг. 2017 оны 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хуульчийн сонгон шалгаруулалт зарлагдсан байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сараас эхлээд шалгалт хүртэлх өдрүүдэд шалгалтад бэлдэх нэрийдлээр ажиллаж байгаагүй. Тухайн үед үргэлжлүүлэн ажиллана гэдэг тайлбар өгч байсан тул цалинг нь шийдвэрлээд өгч байсан. Хэрэгт авагдсан баримтад 2 хувааж цалинг олгодог байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж сарын цалинг сарын эхэнд бүтнээр олгодог болсон. М.Н-с зээлтэй учир цалинг бүтнээр нь гаргаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 8 дугаар сарын цалинг аваад, 8 дугаар сарын 30-ны өдөр 687 400 төгрөг авсан. Энэ нь 9 дүгээр сарын цалин болох 412 000 төгрөг, 9 дүгээр сард ээлжийн амралтын мөнгө 215 000 төгрөг ба өөрөөр хэлбэл амралттай байгаа сард нь 412 000 төгрөгийн цалин илүү олгосон байгааг нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлээс 50 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил эрхлээгүй хугацааны цалин 412 000 төгрөг, 2017 оны 9 сард ээлжийн амралттай байсан хугацаанд олгосон 412 000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 9 сарын цалин гэж дахиад 412 000 төгрөг шилжүүлсэн. Иймд нийт 1 286 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх хугацаанд ажиллаж байсан талаар тайлан гаргаж өгөхгүй байгаа тул ажилласан гэдгээ нотлохгүй байна. М.Н-тай  хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ажил үүргээ гүйцэтгээгүй, шалгалтанд бэлдсэн гэдэг асуудал яригдсан. Энэ өдрийн цалин хөлсийг ажил олгогч олгосон. Үүнийг буцаан авъя гэсэн байсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед хуульчийн сонгон шалгаруултад бэлдэж байсан. Гэхдээ ажлын байрандаа ажлын бус цагаар бэлдэж байсан. Ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ажлаа цалгардуулсан зүйл байхгүй. Ээлжийн амралтын нөхөн олговорт олгосон мөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс ээлжийн амралтын олговор авсан боловч ажил олгогчийн хүсэлтийн дагуу ажлын шаардлагын улмаас тухайн үед ажилласан. “Э” ХХК-д 2017 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад 11 дүгээр сараас өөр компанид шилжин ажилласан. 10 дугаар сард “Э” ХХК-д бүтэн ажилласан, ажилласан хугацааны цалин хөлсөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргаагүй. М.Н шүүхэд нэхэмжлэл гаргасан дараа 2018 оны 6 дугаар сард сөрөг нэхэмжлэл гарган, 2017 оны 10 дугаар сард олгосон цалин хөлсний асуудлаар маргаж байгаа. Бараг 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэлийг гаргасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл 50 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Э ХХК-иар нэхэмжлэгч М.Н-т олгосон цалингаас суутган тооцсон, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 2 352 500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын /нийгмийн даатгалын санд/ хэлтэст нөхөн төлүүлэх, М.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Э ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас 50 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-т олгож, сөрөг нэхэмжлэлээс 1 236 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 820 төгрөг, хариуцагч Э ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 35 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 65 820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Н-т олгох, М.Н-с 4 550 төгрөг гаргуулан, хариуцагч Э ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05337 тоот захирамж хэвээр хүчинтэй байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх эрх, асуулт асуух, шүүх хуралдаанд биечлэн оролцож үг хэлэх, нотлох баримт шинжлэн судлах, тайлбар гаргах, нэхэмжлэлийг үгүйсгэх зэрэг эрхийг эдлээгүй, шүүхээс хариуцагчийн эрхээ эдлэх боломж, хуульд заасан зарчмыг хангах арга хэмжээ аваагүй. ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнийг томилсон бөгөөд хэрэг маргааныг шүүх иргэдийн төлөөлөгчийг оролцуулж бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт шүүх дангаар шийдвэрлэх хэрэг маргааны төрлийг хуульчилсан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан нь шүүх дангаараа шийдвэрлэх маргааны төрөлд хамаарна. Гэтэл шүүх дангаар шийдвэрлэх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулж бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагын талаар Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргасан байдаг. Хэрэг маргааны талаар материалаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид 2 362 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 1 286 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

            Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч “Э” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэргийн 30 дах талд авагдсан М.Н-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч М.Н-ын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг олгож байсан боловч, тухайн цалин хөлснөөс зохих хувь хэмжээгээр сар бүр тооцон суутгасан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулах хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Н нь нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх асуудлаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Э” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хянан шалгаж, тус компани нь “2016 оны 8 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан 3 ажилтанд олгосон 37 250 000 төгрөгийн цалин хөлсийг нийгмийн даатгалд тайлагнаагүй, хоцроосон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцлага тооцож, нийт 11 733 750 төгрөг нөхөн төлүүлэх, М.Н-т холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 2 362 500 төгрөг болно” гэх агуулга бүхий хариуг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 703, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 975 тоот албан бичгээр тус тус өгсөн болох нь хэргийн 28-29, 47 дах талд авагдсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн албан бичгээр тогтоогджээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж зохицуулсан бөгөөд хариуцагч байгууллага нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч М.Н-ын 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл, ажилласан хугацаанд олгосон 7 500 000 төгрөгийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгасан 2 362 500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлэх, нэхэмжлэгч М.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийх үүргээ биелүүлэхийг хариуцагч талд даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хариуцагч нь илүү олгосон цалин хөлс 1 236 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 50 000 төгрөг, нийт 1 286 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан бөгөөд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн зээлийн үлдэгдэл 50 000 төгрөгийг гаргуулж, илүү олгосон цалин хөлс 1 236 000 төгрөгт холбогдох хэсгийг баримтаар нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            Анхан шатны шүүхээс зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 153 дах талд авагдсан баримтаар нотлогдсон тул хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ. Хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож үг хэлэх, асуулт асуух, нотлох баримт шинжлэн судлах, тайлбар гаргах, нэхэмжлэлийг үгүйсгэх зэргээр мэтгэлцэх эрхийг эдлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд уг маргаан хуулийн дээрх зүйл хэсэгт хамаарах боловч анхан шатны шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00581 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ