| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 176/2018/0022/Э |
| Дугаар | 409 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 409
Г.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б, түүний өмгөөлөгч М.Түмэннаст, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Г.Г-д холбогдох 1734002090074 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч М.Түмэннастын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Г-ын Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-ээс 63,487,247 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ээс 13,365,066 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д олгосугай” гэж,
8 дахь заалтыг “Хохирогч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 55,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч М.Түмэннаст гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт “Тоёота карина” загварын 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Б-гийн биед хүзүүний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал мултрал, 4 мөчний саажил, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун, зүүн нүдний алим, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Энэ гэмт хэргийн улмаас хамгийн хүнд гэмтэл авсан хүн нь хохирогч Б.Б бөгөөд нугасны 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, мултралын улмаас 4 мөч нь мэдээгүй болж, цаашид насан туршдаа хэзээ ч 4 мөч нь мэдээ орохгүй, хэвтрийн байдалд байнгын хүний асаргаанд орсон байгаа. Хохирогч Б.Б нь 24 настай, айлын ганц хүүхэд, эхтэйгээ хоёулахнаа амьдардаг, эх нь 63 настай тэтгэврийн хүн, эцэг нь 1-2 настай байхад нас барсан. Хохирогч сэтгэл санаагаар маш их хохирч байна. Хохирогч өнөөдөр эхээсээ, олноор нь димидрол өгөөд намайг сэрээхгүй унтуулчих, эсвэл тариа хийгээд намайг нас баруулчих, би донор болоод эхийгээ үлдэх насанд нь ус, түлээ нүүрс зөөлгөхгүй амьдруулмаар гэж удаа дараа гуйж байна. Энэ ч үүднээс сэтгэцийн эмчид үзүүлж, оношлуулсан бөгөөд сэтгэцийн эмчийн үзлэгээс үзэхэд тархи нугас тасарсан, гэмтлийн дараах сэтгэл санааны гүн хямрал, сэтгэл гутрал амиа хорлох бодол гэсэн нь сэтгэл санаанд хүнд хохирол хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн сэтгэл санаанд учирч байгаа хохирол хохирогчид цаашид үлдэх бүхий л насанд буюу насан туршид цаг, минут тутамд зовлон шаналал болж мэдрэгдэж байгаа нь дээр эхийн сэтгэл санаа мөн маш их хохирч, зовж шаналж байгаа ба энэ байдлыг давхар хохирогч өдөр тутам харж мэдэрч улам ихээр сэтгэлийн шарх, шаналал амсаж байна.
Сэтгэл гэдэг нь хүний гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй хийсвэр зүйл атлаа, хүнээс хэзээ ч үл салгаж болох эд эрхтнээс ч илүү бат холбоотой тайрч, тасдаж аливаа хиймэл зүйлээр үл орлуулж болох хүний нэгэн хэсэг хийсвэр оршихуй юм. Тиймээс хүний сэтгэлдээ авсан шарх, шаналал бол юутай ч зүйрлэшгүй гэм хор билээ. Гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс болж хүний оюун санаа, сэтгэл зүй хэвийн байдлаа алдаж хохирвол түүнийг эдийн бус гэм хорын нэг төрөлд багтааж учирсан гэм хорыг арилгуулах нь зүйтэй. Бие махбодын хохирол нь хүний эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх бие махбодын шаналал, өвдөлт, зовиур зэрэг сөрөг үр дагавар бөгөөд бие махбодын хохирол нь хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоос гадна сэтгэл санааны хохирлоос ч үүдэн гарч болно. Бие махбодын хохирол мөн сэтгэл санааны хохирлыг байнга бий болгож байх нь ойлгомжтой. Бие махбодид учирсан гэм хор нь материаллаг болон материаллаг бус гэм хорын аль алиныг нь агуулж байдаг. Хохирогч бие махбоддоо гэмтэл авснаас олон хоног өвдөж шаналах, нойргүй хонох, гутрах, амиа хорлох бодолд автах, сэтгэл санааны гүн хямрал зэрэг гарч болох олон сөрөг үр дагаврыг зөвхөн авч чадаагүй цалин хөлс, хиймэл эрхтэн хийлгэх, эмчилгээний зардал гэх мэт зайлшгүй шаардагдах зардлын хүрээнд хохирлыг тооцож барагдуулах нь учир дутагдалтай байна. Бие эрхтэн, эрүүл мэндээрээ хохирсныхоо төлөө насан туршдаа үлдэх гутрал гуниг, зовлон шаналал зэргийг заавал үнэлж тодорхой хэмжээний мөнгөн хэлбэрээр учирсан гэм хорыг арилгуулах ёстой. Эрүүл мэнд бие махбодиороо хохирсон этгээдийн өвчин, зовлон, зовиур шаналал, гуниг гутрал, өөртөө итгэлгүй болох байдал түүнээс үүдэх ирээдүйн боломжуудын алдагдал зэргийг бие махбодид учирсан гэм хороос салгаж ойлгох ямар ч боломжгүй юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хохирогч гэж эрүүгийн хууль, эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлийг хориглосон бусад хууль тогтоомж зөрчсөний улмаас дангаараа буюу бүлгээрээ бие болон сэтгэл санааны хохирол амссан, сэтгэлийн шаналалд, эдийн засгийн алдагдалд орсон буюу үндсэн эрхээ эдлэхэд нь бодит дарамт учирсан хүмүүсийг хэлнэ” гэж тодорхойлсон. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2.27-д “Хүн бүр эдийн болон сэтгэл зүйн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д ”Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ. Давж заалдах шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөн дүнгээр тооцож төлүүлэх боломжгүй гэж дүгнэж, уг хохирлыг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд үл нийцэж, тэгш ёс, шударга ёс хангагдахгүйд хүрч байгаа нь зэрэгцээ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ гэж заасны дагуу сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүд, сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хохирол, хор уршгийн хэмжээгээр дүйцүүлж шийдвэрлэсэн Дээд шүүхийн тогтоол зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хохирогч Б.Б-д сэтгэл санааны хохиролд 50,000,000 гаргуулж өгөхийг хүсье. Нөгөө талаар анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Г.Г-ээс сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг нэхэмжилж, төлөх үү гэж асуухад хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн зүгээс уг асуудалд маш их хүлээцтэй хандаж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийллээ гэж ойлгож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, ажил хөдөлмөр эрхлүүлж, эмчилгээний зардалтай холбоотой болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх боломжийг бүрдүүлж өгөх санал хүсэлт гаргасан. Гэвч шүүгдэгчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэхгүй байна гэж үзэж байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Уг хуулийн заалтыг хэрэглэх гол урьд ч нөхцөл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийн асуудалд маргаантай, сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй тул түүнийг тэнсэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг шүүхийн шийдвэрлэсэн хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн. Сэтгэл санааны хохирол гэх 50,000,000 төгрөг дээр маргаантай байсан. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд бодит хохирлын талаар тодорхой дурдаж, хуульчилсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан. Хохирогчийн тухайд харамсалтай байгаа хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлын тухайд ганцаараа ажил хийдэг, гэр бүлийн хүн нь өвчтэй гээд асуудал байгаа хэдий ч хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол хуулийн шаардлага хангаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Гомдолд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамласан нь тухайн цаг үедээ тохирсон. Гэтэл давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч маань сэтгэл санааны хохирол, төлбөр төлнө гэсэн илэрхийллээсээ татгалзсан нөхцөл байдал үүссэн. Уг гомдолд тулгуурлан давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг үндэслэл болгон авч үзээд уг зүйлийн 230.1-д заасан хохирогчийн шаардах эрхийг нь шийдвэрлэхгүй орхигдуулсан. Хохирогчийн шаардах эрхийг нь хангах хууль зүйн зохицуулалт байхгүй гээд орхигдуулж байгаа нь хохирогчийн эрхийг зөрчиж байна. Хохирол төлбөр төлнө гэдгээ илэрхийлсэн учраас анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Уг дүгнэлттэй санал нэг байна. Сэтгэл санааны хохирол гаргуулах асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн өмгөөлөгч М.Түмэннастын гаргасан гомдлыг үндэслэн Г.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн нэхэмжилсэн цалингийн зөрүү болон сэтгэл санааны хохиролд 63,487,247 төгрөгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар хохирлоо төлөхөө илэрхийлсэн хохирогчийн хүсэл зориг хэвээрээ эсэхэд эргэлзээ үүссэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг билээ.
Гэтэл анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх болсон үндэслэл давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх явцад өөрчлөгдсөн байх тул үүнд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
Мөн шүүгдэгч Г.Г нь “Витафит Импекс” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу найрлагын туслах ажилтнаар ажилладаг бөгөөд уг компанийн 2017 оны “Зуны зугаалга” арга хэмжээнд оролцохдоо өөрийн хувийн автомашинаар зорчиж яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, ийнхүү арга хэмжээнд оролцож буй ажилчдын амь нас, эрүүл мэндийн байдалд хяналт тавих үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу “Витафит Импекс” ХХК хариуцах талаар гарсан Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг мөн газрын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017/080-06 дугаартай дүгнэлтээр үгүйсгэжээ.
Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр ажил олгогч нь ажилчдын амь нас, эрүүл мэндийн байдалд хяналт тавих үүргийг биелүүлсэн, биелүүлээгүй талаар харилцан зөрүүтэй дүгнэлт гарсан хэдий ч шүүгдэгчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж буй “Витафит Импекс” ХХК нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг иргэний хариуцагчийн хувьд төлөхөөс ямар үндэслэлээр чөлөөлөгдөж буй талаарх хууль зүйн дүгнэлтгүйгээр ямар нэгэн төлбөр оногдуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэжээ.
Иймд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар иргэний хариуцагчаас төлбөр гаргуулах эсэхийг хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Г-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН