Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0366/з |
Дугаар | 48 |
Огноо | 2018-01-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 48
А.А-гийн нэхэмжлэлтэй,
Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн: Т.Өлзийтүвшин
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 450 м.кв газрыг А.А-д олгохыг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0834 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: А.А-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,
Гуравдагч этгээд: Я.Э-, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нар,
Нэхэмжлэгч А.А-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр захирамжийн иргэн Я.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2005 онд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож 450 м.кв газрыг нэхэмжлэгч А.А-д олгохыг даалгах” тухай А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0834 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27 өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28 өдрийн 221/МА2017/ 0834 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт: “А.А- нь иргэн Д.Хулганаагаас эрх шилжүүлэх гэрээний дагуу 450 м.кв газрыг шилжүүлэн авсан гэх боловч уг газрыг эзэмших хүсэлтээ холбогдох баримтын хамт эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй...”, “...нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул А.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга хөндсөн гэж үзэхээргүй байна...” гэжээ. 1 дүгээр хавтаст хэрэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/6386 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас Шадивлан зусланд 450 м.кв газрыг Д.Хулганаад эзэмшүүлсэн байх тул архивын нотлох баримтыг гаргуулахаар, 2 дугаар хавтаст хэрэгт Д.Хулганаагийн хөрш залгаа газар Цэндсүрэнгийн эзэмшлийн буюу тухайн үед шилжүүлж авсан гэх Ч.Норовсамбуу нарын нэр дээрх газрын түүхчилсэн лавлагааг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/6140 дүгээр албан бичгээр Чингэлтэй дүүргийн газрын албанаас тус тус лавлагаа гаргуулахаар шаардсан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн Газрын албанаас зөвхөн Засаг даргын захирамжууд ирдэг бөгөөд тайлбартаа дээрх газруудын талаар ямар ч нотлох баримт, архивын материал байхгүй байна гэдэг. Ганцхан А.А-гийн газрын албанд гаргаж өгсөн материалууд байхгүй байсан бол магадлалд дурдсан үндэслэл хуульд нийцэхээр байна. Гэвч маргаан бүхий газрын хөрш залгаа газрын материал ч архивт байхгүй байгаа нь А.А зохих журмын дагуу эрх шилжүүлэх гэрээний дагуу материалаа холбогдох байгууллагад нь гаргаж байгаагүй гэсэн үндэслэл болохгүй юм. Гэрч н.Ганбаяр гэрчийн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсээр байхад нэхэмжлэгч А.А-г эрх бүхий байгууллагад хүсэлтээ холбогдох материалын хамт гаргаж өгснөө нотолж чадсангүй гээд байдаг. Тухайн үед нэхэмжлэгч бүх материалаа Газрын албанд өгөөд газраа өөрийнхөө нэр дээр шилжсэн гэдэгт бат итгээд газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьсан нь тогтоогддог. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар Чингэлтэй дүүргийн Газрын албанд Д.Хулганаа, А.А- нарын холбогдолтой архивын материал байхгүй болохоор л газар эзэмших эрх нь үүсээгүй гэж үздэг. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд мөн ингэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
5. Д.Хулганаа нь хүчин төгөлдөр газар эзэмших гэрчилгээтэй байсан бөгөөд хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлэн газар эзэмших эрхээ А.А-д шилжүүлж өгсөн байдаг. Магадлалд үүнийг хүлээж авах боломжгүй гэжээ. Тэгвэл Д.Хулганаагийн газар эзэмших эрхийг цуцалсан, дуусгавар болгосон талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрийн аль аль нь хавтаст хэрэгт байхгүй. Мөн гэрч н.Ганбаярын мэдүүлснээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх үед тухайн газар дээр хашаатай байсан талаар мэдүүлдэг. Тэгвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд газар эзэмших хүсэлт гаргахдаа бусдын ашиглаж байсан буюу хашаатай газар дээр хүсэлт гаргасан болох нь тодорхой байна. Хариуцагч нар ч гэсэн гуравдагч этгээдийн хүсэлтээр тухайн газар дээр нь очиж үзсэн талаараа нотолж чаддаггүй.
6. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27 өдрийн 128/ ШШ2017/0706 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28 өдрийн 221/МА2017/ 0834 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч А.А нь иргэн Д.Хулганаатай байгуулсан ”Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгон тайлбарлаж байгаа боловч энэ үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна. Иймд хүсэлт шийдвэрлээгүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.
9. “Газар эзэмших эрх шилжүүлэх” дээрх гэрээ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг тодорхойлох эрхийн акт биш бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг шилжүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулагдсанаар түүний эрх баталгаажих учиртай.
10. Иймд, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг үндэслэн шүүхүүд нэхэмжлэгч А.А-гийн эрх хууль, ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй талаар зөв дүгнэжээ.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “...Д.Хулганаагийн газар эзэмших эрхийг цуцалсан, дуусгавар болгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрийн аль аль нь байхгүй” гэх үйл баримт нь А.А-гийн тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхийг тодорхойлох үндэслэл биш болно. Учир нь иргэн Д.Хулганаа А.А нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн захиргааны байгууллага эрх шилжүүлэн захирамж гаргаж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нөхцөлд нэхэмжлэгч нь хууль ёсны эзэмшигчид тооцогдохыг дээр дурдсан болно.
12. Шүүхүүд маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0706 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0834 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ