Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/03152

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        07          01                                     101/ШШ2022/03152         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр давхарт байрлах, “ЗБДС”-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, өмгөөлөгч Ш.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“ХТ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-128 тоот зээлийн гэрээ байгуулж 370,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийн зориулалттай КБ-аас зээлж авсан.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 үл хөдлөх хөрөнгө болон 1 эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан бөгөөд үүнээс гадна энэхүү зээлд ЗБДС-аас батлан даалт гаргасан болно.

ЗБДС-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад “ЗБДС нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана” гэж заасны дагуу ЗБДС нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2014-128 дугаар бүхий батлан даалтын гэрээг КБ-тай байгуулж, “ХТ” ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь буюу нийт 199,800,000 төгрөг хүртэлх үнийн дүнг батлан даахаар үүрэг хүлээсэн.

Монгол Улсын Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан бөгөөд дээр дурьдсан 2014-128 дугаар бүхий батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтад Зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн болно.

“ХТ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд КБ-ны зүгээс ЗБДС-д удаа дараа батлан даалтын үүргээ гүйцэтгэхийг шаардсан албан бичгийг хүргүүлж байсан боловч зээлдэгч болон батлан даагчийн аль аль нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Улмаар тус банк нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд “ХТ” ХХК-иас үндсэн зээл 369,997,800.15 төгрөг, зээлийн хүү 29,193,757.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,838,751.46 төгрөг, нийт 405,030,308.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ЗБДС-ийн гаргасан батлан даалтыг хэвээр үлдээж үлдсэн хэсэг дээр эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Зээлдэгч “ХТ” ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш нийт 997,950 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэрээний дагуу төлөлт огт хийгээгүй тул тус банкны зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн болно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу уг зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул барьцаа хөрөнгүүдийг нийт 240,000,000 төгрөгийг өр төлбөрт тооцон КБ-ны нэр дээр шилжүүлсэн.

Энэ тухай бид 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4/1923 тоот албан бичгээр ЗБДС-д мэдээлэл хүргүүлж, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөр болох 165,123,909 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг шаардсан боловч ЗБДС-аас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/317 тоот албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг зээлийн өр төлбөрт тооцон авсан тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн болно.

Дээр дурьдсанчлан ЗБДС нь зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нэмж батлан даалт гаргадаг болохоос биш барьцаа хөрөнгөтэй нөхөх байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болдгүйгээрээ бусад батлан даалтаас ялгаатай байдаг.

Манайх 315,371,900 төгрөгөөс 240,000,000 төгрөгийг “ХТ” ХХК-иас авсан, балансдаа 165,123,909 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тусгасныг хүлээн авсан. Ингээд ЗБДС-ийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 54 хувь гэж заасан тул ЗБДС-аас 58,293,127 төгрөгийг тус шүүхээр өмнө нь шийдвэрлүүлж, уг төлбөрийг манайд төлсөн хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

Иймд барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авсан нь ЗБДС-г батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул “ХТ” ХХК-ийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 165,123,909 төгрөгийг ЗБДС-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ЗБДС”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ЗБДС нь КБ болон “ХТ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулан 370.000.000 төгрөгийн зээлийн 54 хувьд нь батлан даалт гаргасан.

Батлан даалтын гэрээний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна” гэж заасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж санал болгох хурлаар зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгүүдийг КБ-ны нэр дээр шилжүүлж зээлдэгч банкинд өр төлбөргүй болсон тул ЗБДС нь үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь “ХТ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 405,030,308.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2016.09.20-ны өдрийн 5145 тоот захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан байдаг. Ийнхүү эвлэрэхдээ үндсэн зээл 369,887,800 төгрөг, зээлийн хүү 29,193,757 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,838,751 төгрөг, нийт 405,030,308 төгрөг дээр эвлэрсэн байдаг. Эвлэрлийн гэрээг баталгаажуулснаас хойш “ХТ” ХХК нь 2016.10.24-ний өдөр 997,950 төгрөг төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх барьцаа хөрөнгийг 312,500,000 төгрөгт тооцон өмчлөлдөө шилжүүлсэн мөртлөө 240,000,000 төгрөгийг хасаад, зээлийн үлдэх төлбөр 165,123,909 төгрөгийг ЗБДС-аас нэхэмжилсэн. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг 312,500,000 төгрөгөөр авсан, гэхдээ манайх балансанд бүртгэхдээ 240,000,000 төгрөгөөр бүртгэсэн гэх тайлбарыг хэлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны санал болгох ажиллагааны хурлын тэмдэглэлд барьцаа хөрөнгийг 312,500,000 төгрөгт тооцож төлбөртөө авсан гэдгээ бичсэн байдаг.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэх дараалалаас үзэхэд үүргийн гүйцэтгэл хангуулах хугацаа нь болчихсон, чанаргүй зээлээс эхлээд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн байдлаар төлөх ёстой. Тэгэхээр барьцаа хөрөнгөөр хангуулсан 312,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой. Үндсэн зээл 369,997,800 төгрөгөөс 312,500,000 төгрөг, “ХТ” ХХК-ийн төлсөн 997,950 төгрөгийг хасахад 56,499,850 төгрөг үлдэх ба үүнээс манайх батлан даалтын гэрээний дагуу 54 хувь буюу 30,509,919 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж тухайн үедээ маргаж байсан.

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.13-ны өдрийн 1777 дугаар шийдвэрээр 58,293,127 төгрөгийг ЗБДС-аас гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг манайх биелүүлсэн тул уг төлбөрийг “ХТ” ХХК-иас гаргуулах талаар хуваарь гаргасан, хуваарийн дагуу манайд 24,700,000 төгрөгийг төлсөн байна.

Хамгийн анх хэргийг шийдвэрлэж байхад дээрх Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бүхий л баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт  гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хэсэгчлэн хангасантай холбоотой дээрх шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх талаар мэдэх боломжгүй болсон.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-иас гаргасан хүсэлтийг манайх дэмжиж байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж байх үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч бүрэн төлж дуусгасан гэх баримт хэрэгт авагдаагүй байсан юм. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018.01.10-ны өдөр дуусгавар болсон талаар тогтоол гарсан, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсон байна.

“КБ” ХХК нь “ХТ” ХХК-иас зээлийн гэрээний үүргийг дахин манайхаас шаардсан боловч дээрх баримтаас харахад зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон байна. Нэгэнт зээлийн гэрээний үүрэг болсон бол түүний үүргийг хангах тухай батлан даалтын гэрээ дуусгавар болно гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн 165,123,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь өмгөөлөгч Ш.О-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.13-ны өдрийн 1777 дугаар шийдвэрээр ЗБДС-аас батлан даалтын гэрээний дагуу 58,293,127 төгрөгийг гаргуулж, “КБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу тэднийх шийдвэрийг биелүүлж, манайхаас уг төлбөрийн тал хувийг авчихаад байна.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016.09.20-ны өдрийн 5145 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг авах гэж хандсан байсан. Гэтэл уг баримтыг авч чадаагүй байтал тус шүүхийн 1777 тоот шийдвэр гарчихсан байсан.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу бүх үүргийг манайхаас нэхэмжилсэн, харин ЗБДС-аас түүнтэй байгуулсан гэрээний дагуу үүрэг нэхэмжлээгүй байтал түүний гүйцэтгэсэн үүрэг нь манайд ирчихсэн. Тухайн үед зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь манайхнаас шаардсан, энэ талаар талууд эвлэрсэн учраас ЗБДС-г батлан даалтын гэрээний дагуу үүрэг хүлээх шаардлагагүй болсон гэж үзсэн. Гэтэл ЗБДС нь өөрсдөө биелүүлэх ёсгүй даалгаврыг биелүүлчихээд, биелүүлсэн үүргээ манайхаас шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэн гуравдагч этгээдийн байр сууринаас оролцож байгаа юм.

Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч зээлээ төлж чадаагүй тохиолдолд батлан даагч түүний нэрийн өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэнэ, 1.2-т энэхүү гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч, батлан даагч нарын хооронд байгуулагдсан гэрээ байх бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 30-ны өдрийн ЗГ-128 тоот зээлийн гэрээний хамт хүчин төгөлдөр байна гэж тус тус заасан.

“КБ” ХХК нь 2016.07.04-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 405,030,309 төгрөгийг “ХТ” ХХК-иас бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, энэ өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т банкны санаачилгаар гэрээг цуцлах заалтын дагуу шаардлага гаргаснаар зээлийн гэрээ дуусгавар болж, гэрээ цуцлагдсан учраас батлан даалтын гэрээ мөн адил дуусгавар болсон тул ЗБДС-д зээлийг батлан даах үүрэг байхгүй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.20-ны өдрийн 5145 тоот шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон.

“КБ” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлэн авсан мөртлөө уг үнийн дүнгээр бус 240,000,000 төгрөгөөр тусгасан учир үлдэгдэл 165,123,909 төгрөг шаардаж буй нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, “КБ” ХХК-иас Б.Р, М.Л нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “КБ” ХХК-ийн мемориалын баримт, 2014.12.30-ны өдрийн ЗГ-128 дугаартай зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, 2014.12.30-ны өдрийн БГ-128 дугаартай барьцааны гэрээ, ЗБДС-аас КБ-д хүргүүлсэн албан бичиг, 2014.12.30-ны өдрийн 2014-128 дугаартай батлан даалтын гэрээ, КБ-аас ЗБДС-д хүргүүлсэн албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.09.20-ны өдрийн 102/ШШ2016/05145 дугаартай захирамж, 2016.09.14-ний өдрийн эвлэрлийн гэрээ, КБ-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас КБ-д хүргүүлсэн мэдэгдлүүд, “ХТ” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Р.Э-д гаргасан хүсэлт, КБ-аас ЗБДС-д хүргүүлсэн албан бичиг, ЗБДС-аас КБ-д хүргүүлсэн хариу, зээлийн дансны хуулга, балансын гадуурх дансны хуулга, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай ”КБ” ХХК-ийг албадан татан буулгах тухай тушаал, мөн ерөнхийлөгчийн А-97 дугаартай “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал, “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019.04.16-ны өдрийн 36 тоот тус шүүхэд ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Д.Н-д олгосон итгэмжлэл, “ХТ” ХХК-ийн зээлийн өр төлбөр төлсөн тооцооны хүснэгт, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394,  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 дугаартай ”КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаал,-ийг албадан татан буулгах тухай тушаал, мөн ерөнхийлөгчийн А-97 дугаартай “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал, /1 хх-ийн 4-34, 113-115, 139-142, 176, 2хх-ийн 59-61, 86-87/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.03.01-ний 04 дугаартай ЗБДСгийн удирдах зөвлөлийн тогтоолууд, дүрэм, М.Д, М.А нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021.01.26-ны өдрийн “ЗБДС” болон “ХТ” ХХК-ийн хооронд байгуулсан “Авлага барагдуулах гэрээ”, ЗБДС-ийн 2021.03.09-нйи өдрийн 1/115 дугаартай “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”-д хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээ /1 хх-ийн 38-46, 51-52, 2хх-ийн 35-43, 88/ зэрэг баримтуудыг ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж.И, Т.Н-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Ш.О-ыг оролцуулах хүсэлт /1 хх-ийн 67,103,104, 2хх-ийн 74, 80/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн,

Шүүхээс: хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.20-ны өдрийн 5145 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дах “зээлийн барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн” хэсэгт хамаарах баримтууд /1 хх-ийн 75-101/-ыг бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “ЗБДС”-д холбогдуулан гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

“КБ” ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 370,000,000 төгрөгийг, сарын 0,58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 60 сарын хугацаатай, “утаагүй шахмал түлш үйлдвэрлэх төсөл” зориулалттай №ЗГ-128 тоот зээлийн гэрээ /1 хх-ийн 7-11/,

Уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдүүлэгч “КБ” ХХК, зээлдэгч “ХТ” ХХК-ийн хооронд мөн өдөр №БГ-128 тоот барьцааны гэрээгээр Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, ГД-0, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 51,04 м.кв талбай бүхий, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, ГД-0, Улаанбаатар, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Төв аймаг, Сэргэлэн сум, 0 дүгээр зөрлөгт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, ГД-0, 30,000 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан барьцааны гэрээ /1 хх-ийн 12-15/,

Мөн өдөр “КБ” ХХК /зээлдүүлэгч/, “ХТ” ХХК /зээлдэгч/, “ЗБДС”/батлан даагч/-ийн хооронд №2014-128 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулагджээ. /1 хх-ийн 17-19/

 

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “КБ” ХХК, “ЗБДС”, “ХТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээгээр зээлдэгч “ХТ” ХХК болон зээлдүүлэгч “КБ” ХХК нарын хооронд байгуулсан мөн өдрийн №ЗГ-128 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг хүлээх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон, уг гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан дээрх өдрийн ЗГ-128 тоот зээлийн гэрээний хамт хүчинтэй байхаар тусгасан байна.

 

Уг гэрээний 1.4-т: Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 /тавин дөрөв/ хувь гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр тохиролцсон батлан даалтын гэрээ байгуулагдсан, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд талууд гарын үсэг зурсан, гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

Зээлдүүлэгч “КБ” ХХК нь зээлдэгч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-д холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ-128 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 369,887,800.15 төгрөг, зээлийн хүү 29,193,757.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,838,751.46 төгрөг, нийт 405,030,308.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Баянол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 тоот захирамжаар:

Зээлийн гэрээний үндсэн төлбөр 315.371.906 төгрөг, 95 мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-128 тоот зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлийг хүүг үргэлжлүүлэн төлөхөөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 8.864.068 төгрөг, 69 мөнгөөр,

Хугацаа хэтэрсэн 54.620.000 төгрөгийн үндсэн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 2.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2.216.493 төгрөг, 76 мөнгөөр,

Хугацаа хэтэрсэн зээлийн хүү 35.032.508 төгрөг, 78 мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 1.459.600 төгрөгөөр, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.461.708 төгрөг, 78 мөнгөөр тус тус төлөх,

Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэхээр,

Зээлээс тодорхой хувиар төлсний дараа зээлийн барьцаанаас барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлүүлэхээр харилцан тохирч эвлэрснийг баталж, шийдвэрлэжээ. /1 хх-ийн 22-26/

 

Шүүхийн шийдвэрийг “ХТ” ХХК сайн дураар биелүүлээгүй гэх “КБ” ХХК-ийн хүсэлтийн дагуу дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “ХТ” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 997,950 төгрөг төлсөн, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул төлбөр төлөгч нь барьцааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, ГД-0, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 51,04 м.кв талбай бүхий, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 67,500,000 төгрөгт, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, ГД-0, Улаанбаатар, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгт, Төв аймаг, Сэргэлэн сум, 0 дүгээр зөрлөгт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, ГД-0, 30,000 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг 175,000,000 төгрөгт тус тус тооцон төлбөр авагч “КБ” ХХК-д төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт гаргажээ.

 

Ийнхүү дээрх барьцааны хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг “КБ” ХХК-д шилжүүлснээр төлбөр төлөгч нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1/82 тоот тогтоолоор төлбөр төлөгч “ХТ” ХХК-д холбогдох 17250078 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар дуусгавар болгосон байна. /1 хх-ийн 75-101, 2 хх-ийн 39/

 

Шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх бичиг баримтыг хаахаар заажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр “ХТ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 405,030,308.94 төгрөг төлөхөөс 997,950 төгрөг төлсөн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлагаар худалдан борлогдоогүй тул барьцаа хөрөнгийг 240,000,000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлсэн тул зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 165,123,909 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу “ЗБДС”-аас нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан болно.

 

Хариуцагч нь гэрээний 1.4-т батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байхаар заасан байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад санал болгох хурлаар барьцаа хөрөнгийг “КБ” ХХК-д шилжүүлж, зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, үүрэг нь дуусгавар болсон байх тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож байгуулсан батлан даалтын гэрээ мөн адил дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 405,030,308.64 төгрөгийг бүхэлд нь түүнд холбогдуулан шаардсан, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигч эвлэрснийг шүүх баталж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “ХТ” ХХК нь 997,950 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож барьцааны гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, ГД-0, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 51,04 м.кв талбай бүхий, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 67,500,000 төгрөгт, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, ГД-0, Улаанбаатар, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгт, Төв аймаг, Сэргэлэн сум, 0 дүгээр зөрлөгт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, ГД-0, 30,000 м.кв талбай бүхий, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг 175,000,000 төгрөгт, нийт 312,500,000 төгрөгт тооцон төлбөр авагч “КБ” ХХК-д шилжүүлсэн, төлбөр төлөгч “ХТ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан байх бөгөөд “КБ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож түүнтэй барьцааны гэрээ, хариуцагч “ЗБДС”-тай  батлан даалтын гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “КБ” ХХК нь 2014.12.30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-иас бүхэлд нь шаардсан, уг гэрээний үүргийг хариуцагч “ЗБДС”-тай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хуваарилан шаардаагүй, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 дугаар захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.1.3-т зааснаар буюу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болгосон зэргээс үзэхэд “КБ” ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх байдлаас үзэхэд “КБ” ХХК болон “ХТ” ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан №ЗГ-128 тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн үүрэг дуусгавар болсноор үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож “ЗБДС”-тай байгуулсан батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

Иймд хариуцагч “ЗБДС”-аас гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 тоот тушаалаар “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн  бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгасан байна. / 2 хх-ийн 60-61/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ”ЗБДС”-д холбогдох, гэрээний үүрэгт 165,123,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “КБ” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983,569.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ