Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/00687

 

“КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00470 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗБДС-д холбогдох,

Батлан даалтын гэрээний үүрэгт 165 123 909 төгрөг гаргуулах маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн эрх хүлээн авагч М.Адилбишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нараа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Даваажав,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Иманмагзам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХТ” ХХК нь 2014 оны 12 сарын 30-ны өдөр ЗГ-128 тоот зээлийн гэрээ байгуулж 370 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийн зориулалттайгаар КБ-аас зээлж авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 үл хөдлөх эд хөрөнгө болон 1 эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан бөгөөд үүнээс гадна энэхүү зээлд ЗБДС-гаас батлан даалт гаргасан болно. ЗБДС-гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад ЗБДС нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана гэж заасны дагуу ЗБДС нь 2014 оны 12 сарын 30-ны өдөр 2014-128 дугаар бүхий батлан даалтын гэрээг КБтай байгуулж, “ХТ” ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь буюу нийт 199 800 000 төгрөг хүртэлх үнийн дүнг батлан даахаар үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан бөгөөд дээр дурьдсан 2014-128 дугаар бүхий батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтад зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 1.4-т заасан хувиар батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн. “ХТ” XXК нь 2016 оны 10 сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд КБ-ны зүгээс батлан даалтын санд удаа дараа батлан даалтын үүргээ гүйцэтгэхийг шаардсан албан бичгийг хүргүүлж байсан боловч зээлдэгч болон батлан даагчийн аль аль нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улмаар, тус банк нь 2016 оны 7 сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд “ХТ” ХХК-иас үндсэн зээл 369 997 800.15 төгрөг, зээлийн хүү 29 193 757.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 838 751.46 төгрөг, нийт 405 030 308.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 9 сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ЗБДС-гийн гаргасан батлан даалтыг хэвээр үлдээж, үлдсэн хэсэг дээр эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч “ХТ” ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш нийт 997 950 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд 2016 оны 10 сарын 24-ний өдрөөс хойш гэрээний дагуу төлөлт огт хийгээгүй тул тус банкны зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу уг зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгүүдийг анхны болон хоёр дах дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул барьцаа хөрөнгүүдийг нийт 240 000 000 төгрөгийг өр төлбөрт тооцон, КБ-ны нэр дээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ЗБДС цаг тухайд нь хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс банканд хохирол учирч байна. Барьцааны хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан журмын дагуу барьцааны хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авсан. Энэ тухай бид 2017 оны 5 сарын 02-ны өдөр 4/1923 тоот албан бичгээр ЗБДС-д мэдээлэл хүргүүлж, зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 165 123 909 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг шаардсан боловч ЗБДС-гаас 2017 оны 9 сарын 15-ны өдрийн 1/317 тоот албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг зээлийн өр төлбөрт тооцон авсан тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Дээр дурьдсанчлан, ЗБДС нь зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нэмж батлан даалт гаргадаг болохоос биш барьцаа хөрөнгөтэй нөхөх байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болохгүй. Иймд барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авсан нь ЗБДС-г батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг нотолж байгаа. “ХТ” ХХК-ийн зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 165 123 909 төгрөгийг ЗБДС-гаас гаргуулж, тус банканд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ЗБДС нь “КБ” ХХК болон “ХТ” ХХК-тай 2014 оны 12 сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулан 370 000 000 төгрөгийн зээлийн 54 хувьд батлан даалт гаргасан. Батлан даалтын гэрээний 1.4-т батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 54 хувь байна гэж заасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж санал болгох хурлаар зээлийн өр төлбөрт тооцон барьцаа хөрөнгүүдийг КБ-ны нэр дээр шилжүүлж зээлдэгч банканд өр төлбөргүй болсон тул ЗБДС-гаас батлан даалтын үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд, ЗБДС-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХТ” ХХК нь “ЖАЙКА” Олон Улсын байгууллагаас зарласан утаагүй зуухны сонгон шалгаруулалтад 2011 онд шалгарсан бөгөөд уг төслийг төрөөс худалдан авах байсан боловч худалдан аваагүй, талууд үнийн хувьд санал зөрсөн. Ингээд уг төслөө хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан. Уг зээлтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 458 дүгээр зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.4 хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ЗБДС-гаас 165 123 909 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КБ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 983 569.55 төгрөгийг төсөвт үлдээж, хариуцагч ЗБДС-гаас 983 569.55 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд маргааны бодит үнэнийг тогтоохдоо батлан даалтын гэрээ, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авсан санал болгох ажиллагааны тэмдэглэл, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр нэг талын тайлбарт үндэслэн хариуцагч ЗБДС-гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Тодруулбал ... Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т батлан даах хэмжээг үндсэн зээлийн үлдэгдлээс 54 хувиар тооцохоор заасан. Шүүх уг нотлох баримтыг үнэлэхгүйгээр, зээлийн үлдэгдэл хэд байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын дүнгээр буюу КБ 2016 онд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед тодорхойлсон үндсэн зээлийн үлдэгдлийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг банк хэдэн төгрөгт тооцон авсан, зээлийн үлдэгдэл одоо хэд болсныг анхаарахгүй, санал болгох ажиллагааны тэмдэглэл, зээлийн дансны хуулга гэх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд "...даргалагчаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны тэмдэглэл гэж байна. 175 000 000 төгрөгийг тус тус төлбөрт тооцож аваад үүнийг хасахаар нэхэмжлээд байгаа дүн үлдээд байна уу” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэн “... хөрөнгүүдийг дуудлага худалдааны 50 хувиар тус тус тооцоод 70 сая, 67,5 сая, 175 сая төгрөг гэж тус тус тооцож авсан, энэ 352 /312.5/ сая төгрөгөөс 405 сая төгрөгийг хасахаар 92.5 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч үндсэн зээлийн үүрэг дуусгавар болоогүй гэдэг үүднээс 165 сая төгрөгийг гаргаж ирсэн” гэсэн байдаг. Банк зээлдэгч “ХТ” ХХК-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 405 сая төгрөгийн авлагатай атлаа шүүхийн шийдвэрээр 477 /312+165/ сая төгрөг авахаар болж байгаа. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга гэх баримтад “ХТ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 165 123 909 төгрөг байна. Энэ баримтыг шүүх огт үнэлээгүй. Уг зээлийн дансны хуулгаас харахад банк төлбөрт тооцон авсан барьцаа хөрөнгөөс нэмэгдүүлсэн хүү, хүүг тооцон хассан, мөн барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авсан дүнгээс бага дүнгээр зээлийн дансны хуулгад тусгасан байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт "үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ" гэж заасан. Банкны тодорхойлсон үндсэн зээлийн үлдэгдэл болох 369 997 800.15 төгрөгөөс “ХТ” ХХК-ийн төлсөн 997 950 төгрөгийг болон барьцаа хөрөнгийг төлбөр тооцон авсан 312 500 000 төгрөгийг хасвал үндсэн зээлийн үлдэгдэл нь 56 499 850.15 төгрөг болж байгаа. Энэ дүнгээс батлан даалтын гэрээний 1.4-т заасан 54 хувиар тооцвол батлан даалтын хэмжээ 30 509 919.08 төгрөг болох юм. Хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2019 оны 01 дүгээр сарын 20-нд хэргийн материалтай танилцсан. 2019 оны 01 дүгээр сарын 22-нд болсон шүүх хуралдаанд дээр “ХТ” ХХК-ийн зээлийн дансны хуулгыг КБ-аас гаргуулах хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хүлээн авсан. КБ зээлийн дансны хуулгыг 2019 оны 2 дугаар сарын 22-нд болсон шүүх хуралдаан дээр гаргасан. Уг зээлийн данстай танилцах боломж олгоогүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1 дэх заалтуудыг хэрэглээгүй. КБ-ны нэхэмжлэлтэй “ХТ” ХХК-д холбогдох зээлийн төлбөрт 405 030 308.94 төгрөг гаргуулах шаардлага бүхий уг хэрэг нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/05145 дугаар захирамжаар "зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-ийг баримтлан хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүх уг заалтыг баримтлаагүй гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч ЗБДС-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 165 123 909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд батлан даалтын гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн зээлийн үлдэгдлийн талаар хариуцагч маргаж 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн зээлийн харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 110-111 дүгээр тал/

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд “ХТ” ХХК-ийн зээлийн харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гарган өгчээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 92 500 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй боловч үндсэн зээлийн үүрэг дуусгавар болоогүй тул 165 000 000 төгрөгийг гаргаж ирсэн гэжээ. /хх-ийн 121 дүгээр тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтууд нь зөрүүтэй, энэ талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх нотлох баримтуудыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 113-115 дугаар тал/

Энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 983 569.54 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                   

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                              ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                                                                Г.ДАВААДОРЖ