Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/01402

 

 

 

 

 

 

 

 

2022 06 15

181/ШШ2022/01402

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Р-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  даатгал ХХК,

 

Хариуцагч: Ч.Б нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ч.Б болон Даатгал ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Даатгал ХХК болон иргэн Ч.Б-ын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Даатгал ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхарт байрлах 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг Ч.Б болон Даатгал ХХК-д даалгаж, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 102,580,000 төгрөгийг Даатгал ХХК-иас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Р, түүний өмгөөлөгч Б.Р, Б.А

Хариуцагч: Ч.Б, түүний өмгөөлөгч Э.Г,

Гэрч: Б.Ж, А.Я,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

/Хариуцагч Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсний дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Р хариуцагч Даатгал ХХК, Ч.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Р миний бие Даатгал ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, 0 гэрчилгээний дугаартай Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, гудамж ,  цогцолбор, 3 дугаар давхарт, үйлчилгээний зориулалттай, 130.4 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, 00 гэрчилгээний дугаартай, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхрын урд хэсэгт байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 190.0 м.кв талбайг тус тус худалдан авсан.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн нэг м.кв-ыг 2.618.000 төгрөгөөр тооцож нийт 838.807.200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч нь нийт төлбөрийн 60%-ийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40%-ийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр гарсан тохиолдолд төлж дуусгасан байхаар тохиролцсон.

Мөн гэрээний 4.1.1-т зааснаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийг 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Худалдан авагч Д.Р миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 600.000.000 төгрөгийг Даатгал ХХК-ийн Голомт банкин дахь 160 тоот дансанд төлсөн.

Гэрээ байгуулагдах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан бөгөөд барьцааг чөлөөлүүлсний дараа өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.

Гэтэл 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 5 жил 2 сарын хугацаа өнгөрсөн боловч худалдагч Даатгал ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлээгүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөөгүй байгаа гэсэн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн.

Гандирсын 2 болон 3 давхрын 740 мкв талбайг Хадгаламж банкнаас тусгай активын хэлтсийн захирал н.А, ажилтан У нар надад санал болгож байсан. Өмнө Голомт банканд хамт ажиллаж байсан. Энэ талаар надад анх хандаж Д.Р аа талбай авах уу, урьдчилгааг төлөөд 5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээгээр аваарай гэсэн санал тавьсан. 700 мкв гаруй хэмжээ нь надад их байсан учраас хамтарч худалдаж авах санал гаргаж анхны нөхцөлийг бүрдүүлж 190,000,000 төгрөгийн зээлийг Голомт банкнаас авч зээлийн данснаас шилжүүлсэн байдаг. Дараа нь тэр талбайг худалдаж авах засварлах ажиллагааг би хийж байсан. Тухайн үед би орлоготой, дансанд мөнгөтэй байсан. Голомт банкны дансны хуулгыг өгсөн.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад Даатгал ХХК болон бид хоёрын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх

1. Даатгал ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч.Б-ын өмчлөлд,

2. Даатгал ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээний дагуу Даатгал ХХК-ийн өмчлөлд,

3. Даатгал ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу Ч.Б-ын өмчлөлд тус тус шилжиж бүртгэгдсэн байдаг.

Даатгал ХХК болон бидний хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд Даатгал ХХК-ийг төлөөлж Ч.Б гарын үсэг зурсан тул энэ тухай Ч.Б мэдээгүй байх ямар ч үндэслэлгүй.

Тухайн үед Ч.Б нь Даатгал ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан бөгөөд дээрх гэрээг надтай байгуулах шаардлагатай бүхий л зөвшөөрлийг компанийн эрх бүхий этгээдүүдээс авсан байдаг.

Гэтэл иргэн Ч.Б нь өөрөө захирлын үүргийг нь гүйцэтгэн ажиллаж байсан Даатгал ХХК болон өөрийнхөө хооронд удаа дараагийн гэрээ, хэлцлээр надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийг өөр хоорондоо шилжүүлсэн нь гэрээний талууд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээ байгуулахыг зориогүй, хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй гэдгийг илтгэж байна.

Миний хувьд дээрх 3 хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн бүх шинжийг хангасан гэж үзэж байна. Ийнхүү Даатгал ХХК болон түүний хувьцаа эзэмшигч байсан Ч.Б-ын хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор байгуулсан дүр үзүүлсэн хэлцлийн улмаас Д.Р миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Д.Р миний бие Даатгал ХХК-тай байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн 190 м.кв талбайн үнийг 100% бүрэн төлсөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оноос хойш өөрийн эзэмшилдээ байлгаж, талбайн түрээсийн орлогыг авч, үр шимийг хүртэж байсан хууль ёсны, шударга эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бүрэн эрхтэй этгээд юм.

Мөн Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй талаар заажээ. Гэтэл Даатгал ХХК нь нэхэмжлэгч Д.Р-д огт мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр Ч.Бтой гэрээ байгуулж, хууль ёсоор, шударгаар эзэмшиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалттай нийцэхгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж, 56.5-д хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ...үүрэгтэй гэж тус тус заасан.

Гандирсын 3 давхрын 130.4 м.кв талбай нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн, мөн гэрээний нийт үнийн дүн бүрэн төлөгдөөгүй тул миний бие худалдах, худалдан авах гэрээний дагуу зөвхөн өөрийн эзэмшилд байсан 190 м.кв талбайг нэхэмжилж байгаа.

Ингэснээр нэхэмжилж буй талбайн үнийн дүн болон миний төлсөн мөнгөний зөрүү нийт 102,580,000 төгрөг болж байгаа тул энэхүү зөрүү дүнг Даатгал ХХК буцаан төлөх үүрэгтэй.

Энэ маргаан 2015 оноос 2022 оныг хүртэл үргэлжилж байгаа. Маш олон удаа хурал хойшилж, хариуцагчийн гэрч асуулгах болон нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг хангаж байсан. Би шүүхдээ итгэдэг боловч жаахан алдарч байна. Залилан гээд эрүүгийн хэрэг үүсгүүлж байсан. Шүүх хуралдаан бүрт шинэ гэрч асуулгах, шинэ хүсэлт гаргаж хойшлуулсан.

Хэргийг хоёр удаа дээд шатны шүүхээс буцаасан байдаг. Дээд шатны шүүх Ч.Энхсайхан гэх хүнийг гэрчээр татаагүй нь буруу гэсэн. Д.Р 130 мкв болон зөрүү төлбөрийг яагаад нэхэмжлэхгүй байгаа юм, нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулах хэрэгтэй гээд буцаасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Гэрчийг шүүхийн даалгавраар асуусан, ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна.

Иймд Ч.Б болон Даатгал ХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Даатгал ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Даатгал ХХК болон Ч.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эдгээр хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхарт байрлах, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай 645.5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг Ч.Б болон Даатгал ХХК-д даалгаж, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү болох 102.580.000 төгрөгийг Даатгал ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хэлье. Үл хөдлөх хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлснийг нуух зорилгоор хийсэн гэж байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 2014 оны худалдах, худалдан авах гэрээгээр миний өмчлөлд шилжсэн. Төлбөрийг төлсөн болох нь санхүүгийн баримтаар нотлогдоно. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр яагаад буцааж бэлэглэсэн бэ гэхээр би тэр үед Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй бөгөөд хувьцаа эзэмшигч байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтийн дагуу үе шаттайгаар дүрмийн санг нэмэх шаардлага гарсан бөгөөд уг шаардлагын дагуу бэлэглэж, санхүүгийн баримтыг үйлдэж Даатгал ХХК-ийн дүрмийн сан нэмэгдсэн.

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Даатгал ХХК-иас надад буцааж бэлэглэсэн гэрээ байгаа. 2015 онд Даатгал ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдах гэрээг Бишрэлт групптэй хийсэн. Уг гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Бидний хооронд ямар тохироо байсан бэ гэхээр 2.5 тэрбум төгрөгөөр дүрмийн санг үнэлэх гэж байсан. Тэр үл хөдлөх хөрөнгийг аваад тэр хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг Бишрэлт групп бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Бусад гүйлгээ санхүүгийн баримтаар батлагдаж байгаа.

2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ яагаад хийгдсэн бэ гэхээр би Д.Ртай найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд тэр үедээ би бүх зүйлээ ярьдаг байсан. Даатгал ХХК-д 2011 оны эцсээр Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ороод Санхүүгийн зохицуулах хорооны журмаар дүйцэх хөрөнгө 20 хувиас хэтрэхгүй гэсэн учраас үл хөдлөх хөрөнгийг худалдах шаардлага гарсан. А.Я үнэт чулууны дэлгүүр байгуулна, байршил тохирч байна гээд 600,000,000 төгрөгөөр тохиролцож, 3 давхрын 130 мкв талбайг худалдаж авахаар болсон. 600,000,000 төгрөгөөр тохиролцсон учраас Даатгал ХХК-ийн 17 хувьтай тэнцэх хөрөнгийг салгах хэрэгтэй болсон. 600,000,000 төгрөгийг А.Я-аас аваад дээд талын 130 мкв, 190 мкв гэдгийг мөнгөн дүнд тохируулж хуваасан. Үүний зорилго нь Санхүүгийн зохицуулах хороонд мөнгө нь ороод ирсэн, үл хөдлөх хөрөнгөө худалдсан гэдгээ харуулах гэсэн юм.

Д.Ртай байгуулсан гэрээний хувьд найзтайгаа тохиролцоод гарын үсэг зурчих гээд гарын үсэг зурсан, нэг хувь хийсэн гэрээ. Уг гэрээ нь хэзээ ч нотариатаар батлагдаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээг нотариатч хуулбар гэрээг баталсан юм уу, эсхүл эх хувиас баталсан юм уу мэдэхгүй байна. Ямар нотариатаар баталсныг тодорхойлох хэрэгтэй.

Нэхэмжлэл дээр нь 600,000,000 төгрөг төлсөн учраас гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэсэн байгаа. Гэтэл үндэслээд байгаа 600,000,000 төгрөгийг төлсөн гэх нотолгоо, нотлоход хэцүү байгаа боловч огт тийм зүйл болоогүй. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа 600,000,000 төгрөг Д.Рын мөнгө биш. Дээрх гэрээ нь ямар ч биелэгдэх боломжгүй гэрээ байсан. Энэ гэрээ 1 л хувь хийгдсэн бөгөөд хаана ч ашиглагдахгүй гэрээ байгаа. Харин энэ гэрээг Даатгалаас авсан юм шиг байсан. Нотариатаар батлагдсан байдал нь асуудалтай.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл байнга өөрчлөгдөж байгаа. Д.Рын нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэнээс хойш би залилангийн гэмт хэрэг гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг үүссэн боловч нэхэмжлэгч гомдол гаргаж хүчингүй болгосон. Эрүү үүсгэхээс татгалзсан байдлыг уншсан.

Прокурорын тогтоол дээр байгаа 600,000,000 төгрөгийн эх үүсвэрийн тайлбар бодит тайлбар биш байсан. 2012 оны 7 дугаар сарын 14-ны өдөр А.Я бид 2 уулзаж байгаад 600,000,000 төгрөг шаардлагатай байна, би чамд 130 мкв салгаж өгье гэхэд манай нөхрөөс авчих гэсэн. Улмаар манай жолооч Ч.Э А.Я-ийн нөхрөөс 600,000,000 төгрөгтэй тэнцэх юанийг авсан. Би өөрийн жолоочид хэлээд үл хөдлөхийн урьдчилгаа гээд тушаачих гээд тушаалгасан.

Голомт банкнаас 600,000,000 төгрөгийг юаниар тушаасан хоёр өөр тодорхойлолт ирсэн. Нэг нь энэ мөнгө юаниар тушаагдсан гэсэн албан бичиг ирсэн. Яг хуралд ороход нэхэмжлэгч талаас Голомт банкны юаниар тушаагаагүй, буруу бичсэн байна гэсэн бичгийг авч ирсэн. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтыг биш нэхэмжлэгчийн гаргасан баримтыг хүлээн авч, өмнөх шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. Тэгээд маргаан үүсч байгаа юм. Анхны нэхэмжлэл дээр 600,000,000 төгрөгийг хавсаргасан баримт 32-ын тойрогт байдаг Голомтын салбарын баримт байдаг. Тэр салбарт бодит мөнгө өгсөн. Гэтэл дараа нь Голомт банкны Солонго салбарын баримтыг хавсаргасан. Голомт банкнаас ирсэн бичиг, мөнгө тушаасан баримтыг бодит баримт гэх хэцүү байгаа юм.

600,000,000 төгрөгийг юань хэлбэрээр А.Я Ч.Бод өгөөд Ч.Б жолоочдоо өгөөд Голомтын 32-ын тойрог дээрх салбар дээр төгрөг болгож шилжүүлээд Д.Р-д өгсөн. Энэ баримтад эргэлзсэн учраас хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээр хийгдсэн ажиллагаа эцсийн баримт болох боломжгүй байгаа юм. Голомт банкны 32-ын тойргийн салбар дээр тушаасан баримтаас Солонго салбараас ирсэн 600 сая төгрөг тушаасан баримт өөр байгаа юм. Голомт банкны албан бичгээр юанийн гүйлгээ хийгдсэн, хийгдээгүй гэсэн. Дараа нь хуулийн газрын ажилтан тайлбар өгсөн. Голомт банкнаас 5 өөр эргэлзээтэй баримтыг тодорхой болгох шаардлагатай байхад шүүх хүсэлтийг хангаагүй. Гүйлгээ хийж байсан архивт үзлэг хийлгэх байсан. Голомт банк 5 өөр төрлийн нотлох баримт гаргаад байгаад нэхэмжлэгч нөлөөлөөд байна гэж хардаж байгаа. Д.Рын хувьд Голомт банканд үүсгэн байгуулахаас нь эхлээд ажилласан. Нүдээрээ харах хүсэлтийг хангасан бол ийм зүйл хэлэх шаардлагагүй байсан.

Даатгал ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэсэн тайлбар өгсөн. Энэ нь зүгээр сууж байгаад хөрөнгөтэй болчих гэж байгаа учраас өглөө гэж харж байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд Худалдан авагч балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн  хороо, гудамж,  байрны  давхарт байрлах Ү2 дугаартай 645.5 м.кв үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдагчийн нэр дээр шилжүүлэх ба үл хөдлөх хөрөнгө нь гэрээнд үл хамаарна гэж байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Зарим зүйлийг миний зүгээс зөвшөөрнө. Д.Р миний найз байсан. Би мөнгө зээлж, авсан зүйлээ эргүүлээд төлдөг байсан. Д.Рын ярьж байгаа тусгай активын асуудал 100 хувь үнэн. Д.Р Хадгаламж банктай яриад надтай уулзаад үүнийг худалдаж авъя гэж хэлсэн. Үнэ нь гайгүй юм байна, хадгаламжаа байршуулаад зээл авъя гэсэн. Д.Рын зүгээс Хадгаламж банканд төлбөр хийсэн зүйл байхгүй. Олсон хүн нь биш мөнгийг төлсөн хүн нь авна. Хамтарсан байдлаар аваад Даатгал-д худалдаж төлөөд дуусгасан.

2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Даатгал ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө 37 хувиар буюу 2 тэрбум төгрөгөөр илүү байна гэсэн. 2014 онд ямар асуудал үүссэнийг мэдэхгүй, шинэ мэдээлэл. Өмнө хийсэн худалдан авах гэрээг сүүлийн бэлэглэлийн гэрээгээр далдалж байгаа юм шиг зүйл ярьж байна. Тэрний ард тодорхой зүйл хэлэхгүй байна. Би баримтаар нотлох хэрэгтэй гэдгийг хэлсэн. 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос дүрмийн санг нэмэх шаардлагын үүднээс буцаж бэлэглээд дүрмийн санг 2.225.000.000 төгрөг болгосон. Дээрх гэрээний төлбөр 1.8 тэрбум төгрөгийн хувьд Даатгал ХХК-ийн нэр дээр 2 тэрбум төгрөгийн хадгаламжийг Капитал банкинд хийсэн байдаг. Тэр бол миний үл хөдлөх хөрөнгөөр авсан төлбөр гэсэн үг. Компанийн 50 хувийг 3.5 тэрбум төгрөгөөр зарсан санагдаж байна. 3.5 тэрбум төгрөг дотроо би Даатгал ХХК-ийн баланст байгаа 625 мкв талбайг би худалдаад авъя гээд 2 тэрбум төгрөгийн хадгаламж нээлгэсэн. Мөнгө гаргаж өгөөгүй.

2013 онд компанийн 50 хувийг Бишрэлтийн захирал Ариунболдод зарахаар болсон. Тэр үед 50 хувиа зарсан бөгөөд баримт нь Бишрэлтийн данснаас орж ирсэн гүйлгээгээр нотлогдоно байгаа. Д.Рын Голомт банкнаас авсан 300,000,000 төгрөгийн зээлийг 347,000,000 төгрөг болгож би төлсөн гэдгийг дансны хуулганаас харж болно. 600 сая төгрөгийг өгсөн баримт байхгүй.

2015 онд би Даатгал ХХК-ийн хувьцаагаа 100 хувь худалдах болоод худалдагчтай тохиролцсон нь Бишрэлт групптэй хийсэн тамгатай гэрээ байна. Энэ хөрөнгийг би авъя, шилжүүлсэн шилжүүлгийг гаргачих, тэгээд над руу шилжүүлсэн бөгөөд бэлэглэлээр хийе. Яагаад гэхээр татварын асуудлаас болж бэлэглэсэн.

Надад өөрийгөө зөвтгөх баримт байхгүй учраас энэ бүгдийг олохын тулд хугацаа авсан байгаа. Би нэг ч зүйлийг худлаа яриагүй. Эрүүгийн хэрэгтэй холбоотой худлаа зүйлс яриагүй. 2012 оноос хойш Д.Р түрээс авсан нь үнэн. 2019 онд Д.Ртай уулзаж, түрээсээ авна шүү гэхэд надад наад байшинг чинь би олсон шүү гэж хэлсэн. Би мөнгийг нь төлсөн. Шалтгаан нь ийм байна. 2017 оноос Ч.Б ингэж байна гээд нэхэмжлэл гаргаад явсан.

Найздаа итгээд 600 сая төгрөг өгсөнийхөө төлөө, баримт гаргаж аваагүйн төлөө энэ олон жилийг зарцуулж байгаа. Ганц хуудас цаас олох гэж энэ олон жилийг зарцуулж байгаа юм. Өнөөдөр нотлох баримтыг боломжийн хэмжээнд цуглуулсан. 600,000,000 төгрөг хүргэж өгсөн жолооч Австралид байгаа учраас гэрчийн мэдүүлэг авах боломжгүй байсан. Шүүх ажиллагаа явуулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авах явцад итгэмээргүй зүйл болсон. Гэхдээ итгэхээс өөр арга байсангүй. Д.Рын зүгээс Австралид байгаа гэрчид нөлөөлөх гэж оролдсон байсан. Шүүх хуралдаанаас өмнө нөлөөлөх гэж оролдсон баримтыг өгөх гээд чадсангүй. 600,000,000 төгрөгийн баримт байхгүй нь үнэн.

Бидний хувьд нотлох баримт цуглуулахад хэцүү байгаа ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, энэхүү зөвшөөрөл нь итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдсөн ч цаашид хэвээр үлдэнэ.

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Даатгал ХХК-д бүртгэлгүй, Ч.Б-ын эзэмшилд байх бөгөөд Даатгал ХХК нь хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдөх нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч Д.Р-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 102,580,000 төгрөгийг Даатгал ХХК-иас гаргуулахыг зөвшөөрсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу Даатгал ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, энэхүү зөвшөөрөл цаашид өөрчлөгдөхгүй болохыг тодотгож, цаашид миний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

 

4. Шүүх хуралдаанд гэрч А.Я, Б.Ж нарын мэдүүлгийг сонсов.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 2,645,050 төгрөг, 670,850 төгрөг төлсөн баримт, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх,6-7/, даатгал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх,8/, даатгал ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Т/12/00/04 дугаар тогтоол /1хх,9/, даатгал ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1хх,10-13/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2017/ дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /1хх,14-15/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2017/1 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /1хх,16-17/, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас, Д.Р-аас Даатгал ХХК-д 600,000,000 төгрөг, 175,000,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны кассын орлогын ордер, төлбөрийн баримт /1хх, 48-49/, Д.Рын Голомт банкны 11 тоот дансны хуулга /1хх, 50, 100-119/, Д.Рын Худалдаа хөгжлийн банкны 47 тоот дансны хуулга /1хх, 51-99/, Түрээсийн гэрээ /1хх,120-156/, Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ын мэдэгдэл /1хх,222/, Ч.Б-оос Б.Ж-д олгосон итгэмжлэл /1хх,223/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагч Даатгал ХХК-иас Даатгал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх,228, 3хх,144/, Даатгал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /3хх, 145/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагч Ч.Б-оос Э.Г-т олгосон итгэмжлэл, Хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ /2хх,47/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /2хх,65/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1632 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /2хх,66-67/, Монгол Улсын ерөнхий прокурорын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/298 дугаар Гомдолд хариу өгөх тухай албан бичиг /2хх,68/, Д.Раас зээл хаав гэх Голомт банкны кассын орлогын ордер /2хх,147/, Ч.Б-ын дансны хуулга /2хх,148-149/, Д.Р үл хөдлөх хөрөнгийн үнийн урьдчилгаа гэх Голомт банкны кассын орлогын ордер /2хх,150/, Ч.Б-ын Голомт банкны 20 тоот дансны хуулга /2хх,151-153/, Ерөнхий журнал /2хх,198/, Ерөнхий журнал /2хх,220/, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /4хх,194-198/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар дараах нотлох баримтуудыг бүрдүүлжээ. Үүнд:

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ү-22 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, тодорхойлолтыг тус шүүхийн архиваас /1хх, 170-213/, А.Я, Ч.Б, Д.Р нарын мэдүүлгийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас /2хх,179-180, 213/, Даатгал ХХК болон Хадгаламж банк, Төрийн банк нарын хооронд 2011 онд байгуулагдсан зээлийн гэрээ болон тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-22, Ү-22 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан Барьцааны гэрээ, Даатгал ХХК нь Хадгаламж банкнаас авсан зээлээ хэзээ төлж дуусгасан болон хэзээ Ү-22, Ү-22 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн тухай тодорхойлолт /2хх,183-188/,

 

Хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1632 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай шийдвэртэй материал, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2949 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материал /2хх,78-133/, Д.Рын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр юаны арилжаа хийсэн талаарх тодорхойлолт /2хх,182, 193-196, 218/, Ч.С-оос гэрчийн мэдүүлэг /2хх,207-210/, Голомт банк ХХК-иас Д.Р-ын Голомт банк ХХК-иас 2012 оны 12 дугаар сард авсан 300,000,000 төгрөгийн зээлийн түүх, эргэн төлсөн баримтууд /3хх,106-107/, Даатгал ХХК-д Д.Рын нэрээр төлөгдсөн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 80,000,000 төгрөгийн, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 158,807,200 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт санхүүгийн анхан шатны баримт /3хх,78-80, 120-135/, Голомт банкны 32-ын тойргийн салбарт ажиллаж байсан 157 дугаартай теллер, Голомт банкны Солонго салбарт ажиллаж байсан 173 дугаартай нягтлан бодогч нарын мэдээлэл /3хх, 240/, Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгал ХХК-ийн 2011-2014 онуудын санхүүгийн тайланд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь даатгалын компанид зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тухай албан бичиг /3хх,244-250, 4хх,1-10/, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /4хх, 50/, гэрч Ч.Э-ы мэдүүлэг /4хх,145/, гэрч А.Я Б.Ж нарын мэдүүлэг /4хх,/

Хариуцагч Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Голомт банк ХХК-д Даатгал ХХК-д Д.Р-аас төлөгдсөн гэх 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 80,000,000 төгрөгийн төлбөрийн баримт /3хх,135/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Р нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Р миний бие Даатгал ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 600,000,000 төгрөгийг Даатгал ХХК-д төлсөн. Надтай гэрээ байгуулснаас хойш Ч.Б-ын өмчлөлд шилжүүлсэг, Даатгал ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн хэлцлүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учир би сонирхогч этгээдийн хувьд уг хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Миний бие худалдах, худалдан авах гэрээний дагуу зөвхөн өөрийн эзэмшилд байсан 190 м.кв талбайг нэхэмжилж байгаа.

 

Ингэснээр нэхэмжилж буй талбайн үнийн дүн болон миний төлсөн мөнгөний зөрүү нийт 102,580,000 төгрөг болж байгаа тул энэхүү зөрүү дүнг Даатгал ХХК буцаан төлөх үүрэгтэй гэж тодорхойлов.

 

2. Хариуцагч Даатгал ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

 

3. Хариуцагч Ч.Б нь ...Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагын дүрмийн санг нэмэх үүднээс болон Бишрэлт групптэй хийсэн гэрээний дагуу бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээнүүд хийгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн компанийн үл хөдлөх хөрөнгө нь зөвшөөрөгдөх 20 хувиас хэтэрсэн тухай албан бичгийн дагуу Даатгал ХХК-ийн нэр дээрх 190 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгө байршуулахаар тохиролцсоны үндсэн дээр жолооч Ч.Э-аар 600,000,000 төгрөгтэй тэнцэх юанийг жолооч Ч.Э-аар дамжуулан Д.Р-д өгсний дагуу Даатгал ХХК руу шилжүүлсэн...Уг 600,000,000 төгрөг нь Д.Р-ын мөнгө биш учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Даатгал ХХК, Д.Р нар нь 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Даатгал ХХК нь Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, гудамж, цогцолбор,  дугаар давхрын урд хэсгийн 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-29 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо,   гудамж,  цогцолбор,  дугаар давхарт 130,4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Рын өмчлөлд шилжүүлэх, Д.Р нь 1 м.кв-ийг 2,618,000 төгрөгөөр тооцож, төлбөрийн 60 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40 хувийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үед төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /1хх, 6/

 

4.2. Даатгал ХХК болон Ч.Б нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан БГ/14/04155 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээгээр, Даатгал ХХК нь Чингэлтэй дүүрэг дүгээр хороо,  гудамж дугаартай барилгын Ү-22 улсын бүртгэлийн дугаартай, 645.5 м.кв талбайг 1.859.000.600 төгрөгөөр Ч.Б-од худалдах харилцааг зохицуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж, Улсын бүртгэлийн гэрчилгээ Ч.Б-ын нэр дээр шилжсэн байна. / 1хх, 188-196/

 

4.3. Ч.Б, Даатгал ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж 5 дугаартай барилгын Ү-2 улсын бүртгэлийн дугаартай, 645,5 м.кв талбайг Ч.Б-оос Даатгал ХХК-д шилжүүлжээ. /1хх, 197-203/

 

4.4. Даатгал ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б /А тал/, Ч.С /Б тал/, Ц.Б /В тал/, нөгөө талаас Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлт нар 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Даатгал ХХК-ийн хувьцаа эзэмшигч А талын 40.33 хувь буюу 1,411,450 ширхэг хувьцаа, Б талын эзэмшиж буй 40.77 хувь буюу 1,427,100 ширхэг хувьцаа, В талын эзэмшиж буй 18.90 хувь буюу 661,450 ширхэг хувьцаа, нийт 100 хувь буюу 3,500,000 ширхэг хувьцааны нийт үнийг 6,461,700,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 5 дугаар байрны 2 давхарт байрлах, Ү-2 дугаартай 645.5 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдагчийн нэр дээр шилжүүлэх ба энэхүү ҮХХ нь гэрээний үнэ төлбөрт үл хамаарна, худалдан авагч тал нь энэхүү гэрээний 1.2, 2.1.1.-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Худалдагчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн, Худалдагч нь энэ гэрээний 1.1-д заасан хувьцааны өмчлөх эрхийг зохих ёсоор худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр талууд энэхүү гэрээний үүргийг бүрэн биелүүлсэнд тооцохоор заажээ. /4хх, 194/

 

4.5. Даатгал ХХК болон Ч.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө Даатгал ХХК-иас Ч.Б-ын нэр дээр шилжин бүртгэгдсэн байна./1хх, 204-213/

 

4.6. Хариуцагч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...Д.Р намайг хууран мэхэлж, итгэл эвдэн надаас 600,000,000 төгрөгийг гаргуулан авч одоо ийнхүү нэхэмжлэл гаргаж надад хохирол учруулаад байгаа нь эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг дахин сайтар шалгаж өгнө үү гэх гомдол гаргасныг /2хх,79-80/ Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор залилах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Ч.Боос гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /2хх,96-97/

 

5. Талууд хэрэгт авагдсан дээрх гэрээ, хэлцлүүд бичгээр байгуулагдаж, гарын үсэг зурсан, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Даатгал ХХК-ийн Голомт банкны 16 тоот дансанд Д.Р үл хөдлөх хөрөнгийн үнийн урьдчилгаа гэх гүйлгээний утгатай 600,000,000 төгрөг шилжин орсон талаар маргаагүй.

 

Харин дээрх 600,000,000 төгрөг хэн төлсөн талаар болон хэрэгт авагдсан дээрх гэрээ, хэлцлүүд хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Даатгал ХХК, Д.Р нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тухайд:

 

Хариуцагч Даатгал ХХК нь нэхэмжлэгч Д.Ртай 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч хариуцагч Ч.Б нь гэрээ байгуулах шалтгаан, талуудын тохиролцоо, гэрээний зүйлийн үнийг хэн, ямар эх үүсвэрээр хэрхэн төлсөн талаар маргасан байх бөгөөд гэрээ хийх шалтгаан болон гэрээний төлбөрт шилжүүлсэн 600,000,000 төгрөгийг Д.Рынх биш төлбөрийг өөрийн мөнгөөр төлсөн гэж тайлбар гарган мэтгэлцэв.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 9/2026 тоот албан бичгээр Даатгал ХХК-ийн 2011 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланд хийсэн зайны хяналтын дүгнэлтэд ...Ердийн даатгалын хөрөнгийн байршил, хөрөнгө оруулалт, түүнд тавигдах шаардлага-ын дагуу компанийн үл хөдлөх хөрөнгө нийт хөрөнгийн 20 хувиас ихгүй буюу 1,123,361.57 мянган төгрөгөөс давахгүй байхаас санхүүгийн тайлангаар 35.73 хувь буюу 2,007,849.39 мянган төгрөг байгаа нь хөрөнгө байршуулах дээд хувийг зөрчсөн байна /3хх,248/ гэж, 2011 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд хийсэн зайны хяналтын дүгнэлтэд ...Ердийн даатгалын хөрөнгийн байршил, хөрөнгө оруулалт, түүнд тавигдах шаардлага-ын дагуу компанийн үл хөдлөх хөрөнгө нийт хөрөнгийн 20 хувиас ихгүй байхаас санхүүгийн тайлангаар 37.83 хувь буюу 2,050,308.65 мянган төгрөг... байгаа нь хөрөнгө байршуулах дээд хувийг зөрчсөн байна /4хх,3-4/ гэж, 2012 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланд хийсэн зайны хяналтын дүгнэлтэд ...Ердийн даатгалын хөрөнгийн байршил, хөрөнгө оруулалт, түүнд тавигдах шаардлага-ын дагуу компанийн үл хөдлөх хөрөнгө нийт хөрөнгийн 20 хувиас ихгүй байхаас санхүүгийн тайлангаар 38.03 хувь буюу 2,036,458.64 мянган төгрөг... байгаа нь хөрөнгө байршуулах дээд хувийг зөрчсөн байна /4хх,8/ дүгнэжээ.

 

Хариуцагч Ч.Б татгалзлын үндэслэлээ Санхүүгийн зохицуулах хорооны дээрх дүгнэлтүүдийн дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдах шаардлага гарсан учир А.Я-аас 600,000,000 төгрөгтэй тэнцэх юаныг өөрийн жолооч Ч.Э-аар авахуулж төлсөн гэж тайлбарладаг бөгөөд дээрх тайлбараа нотлохоор гэрч Ч.Э, А.Я нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан.

Хариуцагч Ч.Б-ын хүсэлтийн дагуу гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Э-ны ...Миний бие 2006-2014 оны хооронд иргэн Ч.Б-ын жолоочоор ажиллаж байсан. Тухайн хугацаанд захирал Ч.Б-ын аман хүсэлтээр, ажил үүргийн хүрээнд иргэн Р энэ хоёр хүний хооронд нэг бус удаа мөнгөн хөрөнгө дамжуулж байсан. Гэхдээ тухай бүрт ямар нэгэн тэмдэг тэмдэглэл хөтөлж, эсвэл гарын үсэг зуруулж авах, бичиг баримт үйлдэж байгаагүй тул ямар зориулалтаар хаанаас аваад хаана өгч байсан зориулалт болон он, сар, өдөр, мөнгөний хэмжээг одоо санахгүй, мэдэхгүй байна гэх, гэрч А.Я-ийн ...1.5 тэрбумыг өгсөн гэдгээ мэдэж байна... 130 мкв талбайг худалдаж авахаар өгсөн, тусалсан. Дүрмийн сан нэмэгдэх хэрэгтэй гэхээр нь тусалсан. Тэгээд өөр байр авъя гэсэн учраас авсан... гэх мэдүүлгээр хариуцагч Ч.Б-ын тайлбар эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Даатгал ХХК-ийн Голомт банкны  тоот дансанд Д.Р үл хөдлөх хөрөнгийн үнийн урьдчилгаа гэх гүйлгээний утгатай 600,000,000 төгрөгийн шилжүүлэг юаниар хийгдсэн эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхэд дээрх гүйлгээ юаниар бус төгрөгөөр хийгдсэн болох нь Голомт банк ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн  тоот албан бичгийн хавсралт, Голомт банк ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн  тоот ...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлэхдээ төгрөгийн гүйлгээг юаны гүйлгээ гэж буруу бичиж хүргүүлсэн байна. 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Д.Р нь юаны гүйлгээ хийгээгүй болохыг тодорхойлж, өмнөх бичгийг залруулан хүргүүллээ гэх албан бичиг, Голомт банкны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн  тоот Голомт банкны Солонго салбарт харилцагч Д овогтой Р нь 2012 оны 7 дугаар сарын 18-нд Даатгал ХХК-ийн  тоот данс руу 600,000,000 төгрөгөөр бэлэн орлого тушаасан нь үнэн болно. Харилцагч Д.Р нь уг орлогыг тушаахдаа ямар нэгэн валютаар буюу юаниар арилжаа хийлгээгүй төгрөгөөр өгсөн болно гэх Тодорхойлолт /2хх,196/, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн  тоот ...Д.Р нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 600,000,000 төгрөгийн гүйлгээг хийхдээ манай банктай юаны гүйлгээ хийгээгүй болно гэх албан бичиг, гэрч Д.Э-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /2хх, 181-182, 193, 218/

 

Иймд Даатгал ХХК-ийн Голомт банкны 16 тоот дансанд 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Д.Р үл хөдлөх хөрөнгийн үнийн урьдчилгаа гэх гүйлгээний утгатай 600,000,000 төгрөгийг Д.Р төлсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Д.Рын шүүх хуралдаанд гаргасан ...600,000,000 төгрөгийг 35 ширхэг байр авсан зараад өгсөн байх... гэх тайлбар нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн ...Батцогттой хамтарч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Мон хаус гэх орон сууцыг бариад хөрөнгө оруулалт хийж байсан ба энэ орон сууц баригдаж дууссаны дараа би тус орон сууцнаас 5 давхрыг авч байсан ба уг байруудыг зараад Даатгал руу уг мөнгийг өгсөн гэх мэдүүлгээр нотлогдож байна. /2хх,103/

 

Иймд нэхэмжлэгч Д.Р нь гэрээгээр харилцан тохиролцсон үнэ болох 190 м.кв талбайн үнэд 497.420.000 төгрөгийг хариуцагч Даатгал ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ. /1хх-48, 2хх-109, 116,182/

Дээрх үндэслэлээр Даатгал ХХК нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,  гудамж  цогцолбор,  давхарын 645,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 190 м.кв талбайг нь 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр худалдсан мөртлөө иргэн Ч.Б-той 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр БГ/14/04155 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус байгуулж Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхрын 645.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ч.Бод шилжүүлснээр Д.Рын худалдаж авсан 190 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Д.Р нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу Даатгал ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан Сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн талуудаас өөр бусад этгээд байх бөгөөд уг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас хөндөгдсөн байхыг ойлгоно.

 

Даатгал ХХК, Ч.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ нь, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан боловч хэлцэл хийсэн талуудын жинхэнэ хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Тодруулбал, Даатгал ХХК болон Ч.Б нар нь Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхрын 645.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Бод 1.859.000.000 төгрөгөөр бодитоор худалдах жинхэнэ хүсэл зориггүйгээр, эрх, үүрэг үүсгэлгүйгээр Ч.Б-ын өмчлөлд дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор хэлцэл хийсэн талууд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бэлэглэлийн гэрээг байгуулж, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхрын 645.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Даатгал ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлснээр 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Улмаар Даатгал ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхрын 645.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б-ын өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд Даатгал ХХК-д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх жинхэнэ хүсэл зориг байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Даатгал ХХК болон иргэн Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Хариуцагч Ч.Б дээрх гэрээ байгуулах болсон үндэслэлийг Бишрэлт холдинг ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр байгуулж, Капитал банкинд 2,000,000,000 төгрөгийн хадгаламжийг Даатгал ХХК-ийн нэр дээр байршуулсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Р, хариуцагч Даатгал ХХК нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан  дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхарт байрлах, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай 645.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс, 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг Ч.Бод даалгах нь зүйтэй.

 

8. Хариуцагч Даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.315.900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даатгал ХХК-иас 670,850 төгрөг, хариуцагч Ч.Боос 2,645,050 төгрөг 3.315.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ч.Б, Даатгал ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Даатгал ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бэлэглэлийн гэрээ, Даатгал ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ зэрэг хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхарт байрлах, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай 645.5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Р-д худалдсан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Рын өмчлөлд шилжүүлэхийг Ч.Бод даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан хариуцагч Даатгал ХХК-ийн нэхэмжлэгч Д.Рын нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Б, Даатгал ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Даатгал ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, Даатгал ХХК, Ч.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, цогцолбор, дугаар давхарт байрлах, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Р-д шилжүүлэхийг даалгах, Даатгал ХХК-иас 102.580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.315.900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даатгал ХХК-иас 670,850 төгрөг, хариуцагч Ч.Боос 2,645,050 төгрөг 3.315.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2017/14885 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ