Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00322

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01500 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2054 дүгээр магадлалтай,                                                                                                           

            Д ын нэхэмжлэлтэй,

            “Соёмбо даатгал” ХХК, Ч  нарт холбогдох

     2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “Соёмбо даатгал” ХХК болон иргэн Ч  нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19 болон 2015 оны 6 сарын 11-ний  өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д ад шилжүүлэхийг  “Соёмбо даатгал” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Ч , хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, К.Бауиржан, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д  нь “Соёмбо даатгал” ХХК-тай 2012 оны 6 сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан. Улсын бүртгэлийн дугаар Ү-2202017479, гэрчилгээний дугаар 000176222, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхар 130.4 м.кв үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн дугаар Ү-2202017477, гэрчилгээний дугаар 000176223, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсэг, 190 м.кв үйлчилгээний зориулалттай худалдах-худалдан авах гэрээнд заасан худалдан авах нөхцөлийн хувьд үл хөдлөх хөрөнгийн 1 /нэг/ м.кв-ыг 2,618,000 төгрөгөөр тооцож нийт 838,807,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч нь нийт төлбөрийн 60 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40 хувийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр гарсан тохиолдолд төлж дуусгасан байхаар тохиролцсон. Мөн тус гэрээний 4.1.1-т зааснаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийг 2012 оны 9 сарын 01-ний өдөрт багтаан худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Худалдан авагч Д  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 07 сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 600,000,000 төгрөгийг “Соёмбо даатгал” ХХК-ийн Голомт банкан дахь 1605004164 тоот дансанд, 2011 оны 05 сарын 31-ний өдөр тусгай активын урьдчилгаа “Соёмбо даатгал” ХХК-иас гэсэн утгатай 175,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийн 2 гүйлгээг миний бие өөрийн данснаас хийсэн бөгөөд энэхүү хийсэн төлбөрийг дээрх худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцохоор талууд тохиролцсон. Ийнхүү нийт 795,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт төлсөн. Гэрээ байгуулагдах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан бөгөөд барьцааг чөлөөлүүлсний дараа өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Гэтэл 2012 оны 06 сарын 27-ны өдрөөс хойш 5 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байхад худалдагч” Соёмбо даатгал” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлээгүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөөгүй гэсэн шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргуулсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад “Соёмбо даатгал” ХХК, Д  нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх дараах байдлаар өөрчлөгдсөн байдаг. “Соёмбо даатгал” ХХК болон  Ч  нарын хооронд 2014 оны 06 сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Ч ын өмчлөлд, “Соёмбо даатгал” ХХК, Ч  нарын хооронд 2014 оны 12 сарын  19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу “Соёмбо даатгал” ХХК-ийн өмчлөлд, “Соёмбо даатгал” ХХК, Ч  нарын хооронд 2015 оны 06 сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу Ч ын өмчлөлд, “Соёмбо даатгал” ХХК болон бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэдгийг иргэн Ч  мэдээгүй байх ямар ч үндэслэлгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд “Соёмбо даатгал” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан хүн бол Ч  юм. Тухайн үед Ч  нь “Соёмбо даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан бөгөөд дээрх гэрээг надтай байгуулах шаардлагатай бүхий л зөвшөөрлийг компанийн эрх бүхий этгээдүүдээс авсан байдаг. Гэтэл иргэн Ч  нь өөрөө захирлын үүргийг нь гүйцэтгэн ажиллаж байсан “Соёмбо даатгал” ХХК болон өөрийнхөө хооронд 3 удаагийн гэрээ, хэлцлээр надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийг өөр хоорондоо шилжүүлсэн нь гэрээний талууд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээ байгуулахыг зориогүй, хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй гэдгийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Д ын хувьд дээрх 3 хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байна. Ийнхүү “Соёмбо даатгал” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч байсан Ч ын хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор байгуулсан дүр үзүүлсэн хэлцлийн улмаас Д ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иргэн Д  нь “Соёмбо даатгал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаартай үл хөдлөх хөрөнгийн 190 м.кв талбай бүхий хэсгийн үнийг 100 хувь бүрэн төлсөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оноос хойш өнөөг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа хууль ёсны, шударга эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бүрэн эрхтэй этгээд юм. “Соёмбо даатгал” ХХК нь нэхэмжлэгч Д ад огт мэдэгдээгүй, зөвшөөрөл авалгүйгээр Ч той гэрээ байгуулж, хууль ёсоор, шударгаар эзэмшиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан заалттай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд иргэн Ч  болон “Соёмбо даатгал” ХХК нарын хооронд 2014 оны 06 сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “Соёмбо даатгал” ХХК, Ч  нарын хооронд 2014 оны 12 сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эдгээр хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д ад шилжүүлэхийг “Соёмбо даатгал” ХХК-д  даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-ийн гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хэрэгт авагдсан баримтаар иргэн Д  нь нэхэмжлэлд дурдсан 3 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардах эрхтэй этгээд мөн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, тухайн нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Ч  нь Гандирс хотхоны 2 давхарт байрлах 645,5 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн үнийг төлчихсөн байсан учраас өмчлөх эрхийг нь шилжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан. Өмнө нь худалдах-худалдан авах гэрээ байгуулаад өмчлөх эрхийг шилжүүлсэн нь байгууллагын санхүү бүртгэл, татвартай холбоотой асуудал үүссэн учраас буцааж аваад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэсэн. Иймээс хамгийн сүүлд байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Ч  төлсөн учраас Д ад нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэж үзэж байна. Иймд иргэн Д ын "Соёмбо даатгал" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Ч  нь “Соёмбо даатгал” ХХК-д 2012 оны 02 сараас 2012 оны 12 сар хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос “Соёмбо даатгал” ХХК-д хандан 2011 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд компанийн үл хөдлөх хөрөнгө нь нийт хөрөнгөнд зөвшөөрөгдөх 20 хувиас хэтэрч 37,83 хувь байна гэсэн албан бичгийг ирүүлж байсан. Уг албан бичгийн дагуу “Соёмбо даатгал” ХХК-ийн нэр дээрх Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг мөн Ү-2202017479 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт 130,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгөөр байршуулахаар бид харилцан тохиролцсон. Ингэж тохиролцсоны үндсэн дээр Ч  нь 600,000,000 төгрөгийг гарган Д ад өгсний дагуу Д  нь “Соёмбо даатгал” ХХК руу шилжүүлсэн. Д  нь тухайн үед хариуцагч Ч той найз нөхдийн харилцаатай байсан ба Д  нь яагаад шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр гайхаж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан Ч ын “Соёмбо даатгал" ХХК-тай байгуулсан 2014 оны 06 сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, 2014 оны 12 сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээг, 2015 оны 06 сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй байх тул Д ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01500 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар иргэн Ч , “Соёмбо Даатгал” ХХК нарын хооронд 2014.06.05-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, “Соёмбо Даатгал” ХХК болон иргэн Ч  нарын хооронд 2014.12.19-ний өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ зэрэг хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг “Соёмбо Даатгал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэл хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Соёмбо Даатгал” ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д ад худалдсан Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д ад шилжүүлэхийг даалгаж,     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,645,050 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “Соёмбо даатгал” ХХК, Ч  нараас 2,715,250 төгрөгийг гаргуулж Д ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2054 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01500 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Ч , “Соёмбо даатгал” ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “Соёмбо даатгал” ХХК, Ч  нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, “Соёмбо даатгал” ХХК, Ч  нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээ зэрэг хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Соёмбо даатгал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ч од даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Соёмбо Даатгал” ХХК-д 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12/04/15 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр Д ад худалдсан Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “Соёмбо даатгал” ХХК-д даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2054 дүгээр магадлалыг эс зөвшөөрч ИХШХШтухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй нь хууль буруу хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа "... Хариуцагч Соёмбо даатгал ХХК нь Ч ой 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ч  нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бодитоор төлөөгүй учир уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзнэ" хэмээн дүгнэсэн байдаг. Гэвч хэргийн материалд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 838,807,200 төгрөг бүрэн төлөгдсөн, ингэхдээ 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 600,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 80,000,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 158,807,200 төгрөг тус тус төлөгдсөн тухай “Соёмбо даатгал” ХХК-иас ирүүлсэн санхүүгийн баримт авагдсан. Эдгээр мөнгийг буюу 600,000,000 төгрөгөөс бусад мөнгийг Д  төлөөгүй болохоо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн ба тэрээр “Соёмбо даатгал” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулснаас хойш 600,000,000 төгрөг, гэрээ байгуулахаас өмнө буюу 2011 онд 195,000,000 төгрөгийг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Соёмбо даатгал” ХХК болон иргэн Д  нарын хооронд байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тус компанийн өмчлөлийн барилгаас 320.4 м.кв талбайг худалдахаар талууд тохиролцсон байдаг бөгөөд уг талбайн үнэ нийт 838,807,200 төгрөг байхаар тохиролцсон, улмаар 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Д аас барилгын үнэ гэсэн утгаар шилжиж бүрэн төлөгдөж дууссан талаарх баримтыг “Соёмбо даатгал” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн байхад Д  нь эдгээр мөнгийг бүгдийг төлөөгүй тухай тайлбараа нэхэмжлэлдээ хавсаргасан баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа тодорхой нотолсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүй “Ч.Батцогг нь үл хөдлөх эд хөрөнгийг үнийг бодитоор төлөөгүй”, нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэж дүгнэсэн. Хариуцагч талаас ИХШХШтухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан бөгөөд эдгээр хүсэлтийн агуулга нь Д  нь тухайн гэрээг байгуулах явцад гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хэмжээний хөрөнгө орлоготой байсан эсэх Голомт банкаар дамжуулан өгсөн гэх 600,000,000 төгрөгийн орлогын баримт дээрх гарын үсэг Д ын гарын үсэг мөн эсэх болон Д , Ч  нарын хооронд мөнгө шилжүүлж байгаа үйлдэл, уг мөнгөөр Д  нь Голомт банкнаас авсан зээлээ эргүүлэн төлсөн эсэхийг шалгуулахтай холбоотой хүсэлтийг гаргаж байсан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авч хангасан нөхцөлд энэхүү хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд болон хариуцагчийн татгалзлыг нотлоход ихээхэн ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Тухайлбал, хэргийн материалд Д  нь 2012 оны 12 сард Голомт банкнаас 300,000,000 төгрөгийн зээл авч байсан тухай Прокурорын хариу мэдэгдэх хуудас болон Ч оос Д ын данс руу 2013 оны 10 сарын 10-ны өдөр 357,939,287 төгрөг шилжүүлж байсан тухай дансны хуулга, Д  нь мөн өдрөө дээрх мөнгө буюу 357,939,287 төгрөгөөр Голомт банкны зээлийг төлсөн тухай баримтууд авагдсан байдаг. /Ямар учраас Ч  мөнгө шилжүүлж, уг мөнгөөр нь Д  банкны зээлээ өлсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй/ Энэ хугацаанд буюу 2012 оны сарын 21-ний өдөр, 2013 оны 06 сарын 24-ний өдөр Д  нь “Соёмбо даатгал” ХХК-д барилгын үнэ гэсэн утгаар нийт 238,807,200 төгрөгийг төлсөн баримтыг “Соёмбо даатгал” ХХК-иас гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч талаас уг мөнгийг шилжүүлээгүй, төлөөгүй болохоо тайлбарласан. Эндээс үзэхэд Д ын гаргаад байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй буюу тэрээр өөрийн мөнгөөр дээрх барилгыг худалдан аваагүй, барилгыг худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлээгүй болох нь тодорхой нотлогдоно. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч Д  болон “Соёмбо даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зөвхөн 1 хувь байгаа, нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу Иргэний хуульд заасан журмын дагуу байгуулагдаж, хэлбэрийн шаардлага хангаагүй байгааг анхааран үзэх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас гэрээг байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Хадгаламж банкны барьцаанд байсан учир зохих журмын дагуу бүртгүүлж, баталгаажуулаагүй гэх боловч уг барилга нь 2013 оны 07 сарын 18-ны өдөр барьцаанаас чөлөөлөгдсөн байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах тухай шаардлагыг Д ын зүгээс огт гаргаж байгаагүй ба харин “Соёмбо даатгал” ХХК нь тухайн барилгын үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэн иргэн Ч ын нэр дээр 2014 оны 06 сарын 05-ны өдөр шилжүүлж байсан баримт авагдсан. Энэ талаар гэрчүүд болох А.Янсанмаа, Соронзонболд нар тодорхой тайлбарласан болно. Мөн нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөнөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д ад шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй болон ямар ч маргаангүй байгаа Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2-р давхарт байрлах, Ү-2202017477 улсын А бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ч оос “Соёмбо Даатгал” ХХК-д шилжүүлэхийг даалгаж гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн хэргийг шийдвэрлэсэнText Box: [. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01500 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2054 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч “Соёмбо даатгал” ХХК, Ч  нарт холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, “Соёмбо даатгал” ХХК болон иргэн Ч  нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, “Соёмбо даатгал” ХХК болон иргэн Ч  нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулах, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д ад шилжүүлэхийг “Соёмбо даатгал” ХХК-д даалгуулахаар шаардлага гаргасан.

Хариуцагч “Соёмбо даатгал” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...өмнө нь худалдах-худалдан авах гэрээ байгуулаад өмчлөх эрхийг шилжүүлсэн нь байгууллагын санхүү бүртгэл, татвартай холбоотой асуудал үүссэн учраас буцааж аваад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээ хүчин төгөлдөр, Ч  нь ... 645,5 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн үнийг төлчихсөн байсан учраас өмчлөх эрхийг нь шилжүүлэх зорилгоор байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, Д ад нэхэмжлэл гаргах эрх байхгүй, "Соёмбо даатгал" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “...Ч ын “Соёмбо даатгал” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үед Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн компанийн үл хөдлөх хөрөнгө нь зөвшөөрөгдөх 20 хувиас хэтэрсэн тухай албан бичгийн дагуу “Соёмбо даатгал” ХХК-ийн нэр дээрх ... 190 м.кв талбайтай,  ...130,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгө  байршуулахаар тохиролцсоны үндсэн дээр 600,000,000 төгрөгийг Д ад өгсний дагуу “Соёмбо даатгал” ХХК руу шилжүүлсэн. Д  нь тухайн үед Ч той найз нөхдийн харилцаатай байсан, ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...“Соёмбо даатгал” ХХК-тай байгуулсан 2012 оны 6 сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр “...Гандирс цогцолбор, 3 дугаар давхрын 130.4 м.кв, ...2 дугаар давхрын урд хэсэг, 190 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1м.кв-ыг 2,618,000.00 төгрөгөөр тооцож, нийт 838,807,200.00 төгрөгөөр тохиролцсон, ... Д  нь 2012 оны 07 сарын 18-ны өдөр 600,000,000.00 төгрөгийг “Соёмбо даатгал” ХХК-ийн Голомт банкан дахь дансанд шилжүүлсэн, ... тусгай активын урьдчилгаанд 2011 оны 05 сарын 31-ний өдөр “Соёмбо даатгал” ХХК-иас гэсэн утгатай 175,000,000.00 төгрөг, 20,000,000.00 төгрөгийн 2 гүйлгээг би хийсэн тул үүнийг энэ гэрээний төлбөрт тооцохоор талууд тохиролцсон, нийт 795,000,000.00 төгрөгийг төлсөн, гэрээ байгуулагдах үед уг хөрөнгө нь банкны барьцаанд байсан, барьцааг чөлөөлүүлсний дараа нэр шилжүүлэхээр тохиролцсон байсан” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2012 оны 6 сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай худалдах-худалдан авах гэрээ нь 2017 оны 04 сарын 04-ний өдөр нийслэлийн архивын газрын “хуулбар үнэн” гэсэн дардастай хуулбар хувийг  нотариатчийн 2017 оны 09 сарын 13-ны өдрийн “хуулбар үнэн” дардастай баримт байх  бөгөөд уг гэрээний худалдагч тал буюу “Соёмбо Даатгал” ХХК-г төлөөлж хариуцагч Ч , худалдан авагч нь нэхэмжлэгч Д  нар байгуулсан ба гэрээний зүйл нь тус тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй 130.4 кв.метр, 190.0 кв.метр талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгө, 1м.кв-ыг 2,618,000.00 төгрөгөөр үнийг тохиролцож талууд гарын үсэг зурсан байна.

            Зохигчид дээрх гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурсан тухайд маргаагүй боловч хариуцагч Ч  нь гэрээ байгуулах шалтгаан, талуудын тохиролцоо, гэрээний зүйлийн үнийг хэн, ямар эх үүсвэрээр төлсөн талаар маргасан байх бөгөөд гэрээ хийх шалтгаан болон гэрээний төлбөрт шилжүүлсэн 600,000,000.00 төгрөг Д ынх биш, төлбөрийг өөрийн мөнгөөр төлсөн болохоо нотлох зорилгоор анхан шатны шүүхэд хүсэлтүүд гаргаж байжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...”Соёмбо Даатгал” ХХК-ийн 2011-2014 оны санхүүгийн тайлан, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлж байсан албан бичгийг гаргуулах болон 600,000,000.00 төгрөгийн гүйлгээ хийсэн баримтад зурсан гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “...талуудын маргаанд хамааралгүй” гэсэн үндэслэл зааж, хүсэлтийг хангахаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Хэрэгт 600,000,000.00 төгрөг шилжүүлсэн 2 өөр баримт авагдсан боловч аль баримт нь дээрх маргаанд хамаарах нь ойлгомжгүй, тодорхой бус байна. /I-хх-48, II-хх-182/

Түүнчлэн зохигчдын гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангахаас татгалзсан 2018 оны 05 сарын 03-ны өдрийн захирамжид заасан үндэслэлийг зөв гэж дүгнэх боломжгүй байна.    

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болж буй 2012 оны 6 сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 130.4 кв.метр, 190.0 кв.метр талбай бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч худалдан авч нийт 795,000,000.00 төгрөгийг төлсөн гэсэн боловч шаардлага нь зөвхөн “...190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д ад шилжүүлэх” гэсэн байна.    

Нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан 130.4 кв.метр талбай бүхий хөрөнгийг хэрхэх талаар нэхэмжлэлд дурдаагүй, түүнчлэн нийт 795,000,000.00 төгрөгийг төлсөн гэсэн боловч өмчлөлдөө шилжүүлэхийг шаардаж буй 190 кв.метр талбай бүхий хөрөнгийн үнийг гэрээнд тохиролцсон нөхцөлөөр тооцоход 497,420,000.00 төгрөг болж байх тул үлдсэн илүү төлөгдсөн төлбөр нь талуудын хэнд үлдэх нь ойлгомжгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй. 

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг зөрчсөн байхад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.                                                            

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01500 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2054 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 2,715,250.00  /хоёр сая долоон зуун арван таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН