Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02170

 

 

 

 

 

 

 

 

 

Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02131 дугаар шийдвэртэй,

 

Р-ын нэхэмжлэлтэй, *** даатгал ХХК, Б-од холбогдох, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, Гандирс цогцолбор, 2 давхарын 645,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах, гэрээний дагуу төлсөн урьдчилсан төлбөрийн зөрүү 102 580 000 төгрөгийг *** даатгал ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд, М.Балжинсүрэн, хариуцагч Т.Батцогтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *** даатгал ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт, үйлчилгээний зориулалттай, 130,4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсэгт байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 190,0 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан авсан.

Үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв-ыг 2 618 000 төгрөгөөр тооцож нийт 838 807 200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч нь нийт төлбөрийн 60 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ худалдан авагчийн нэр дээр гарсан тохиолдолд төлөхөөр тохиролцсон.

Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт 600 000 000 төгрөгийг *** даатгал ХХК-ийн дансанд, 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай активын урьдчилгаа *** даатгал ХХК-аас гэсэн утгатай 175 000 000 төгрөг болон 20 000 000 төгрөгийн 2 гүйлгээг хийсэн ба уг төлбөрийг гэрээний төлбөрт тооцохоор тохиролцож, нийт 795 000 000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт төлсөн.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх *** даатгал ХХК болон Б- нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн худадах, худалдан авах гэрээний дагуу Б-ын өмчлөлд, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу *** даатгал ХХК-н өмчлөлд, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний дагуу Б-ын өмчлөлд тус тус шилжиж өөрчлөгдсөн байдаг.

*** даатгал ХХК болон бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд *** даатгал ХХК-ийг төлөөлж Б- гарын үсэг зурсан тул энэ тухай Б- мэдээгүй байх ямар ч үндэслэлгүй.

Миний хувьд дээрх 3 хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 болон 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байна. Ийнхүү *** даатгал ХХК болон түүний хувьцаа эзэмшигч байсан Б-ын хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор байгуулсан дүр үзүүлсэн хэлцлийн улмаас Р- миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Р- би гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн 190 м.кв талбай бүхий хэсгийн үнийг 100 хувь бүрэн төлсөн, уг үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оноос хойш өнөөг хүртэл өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа хууль ёсны, шударга эзэмшигчийн хувьд тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бүрэн эрхтэй.

Иймд Б- болон *** даатгал ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эдгээр хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулах, 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202017477 дугаарт бүртгэлтэй, 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Р-ад шилжүүлэхийг Б- болон *** даатгал ХХК-д даалгаж, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү болох 102 580 000 төгрөгийг *** даатгал ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *** даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Б- би *** даатгал ХХК-д 2012 оны 02 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарыг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2012 онд Санхүүгийн зохицуулах хорооноос *** даатгал ХХК-д хандан 2011 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтэд компанийн үл хөдлөх хөрөнгө нь нийт хөрөнгөд зөвшөөрөгдөх 20 хувиас хэтэрч 37,83 хувь байна гэсэн албан бичгийг ирүүлж байсан.

Уг албан бичгийн дагуу *** даатгал ХХК-ийн нэр дээрх Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26. Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Ү-2202017479 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт 130,4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байдлаар бэлэн мөнгөөр байршуулахаар бид харилцан тохиролцсон.

Ингэж тохиролцсны үндсэн дээр Б- нь 600 000 000 төгрөгийг гарган Р-ад өгсний дагуу Р- нь *** даатгал ХХК-руу шилжүүлсэн. Р- нь яагаад шүүхэд ийм нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна.

Иймд нэхэмждлэлд дурьдсан Б-ын *** даатгал ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй тул Р-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Б- болон *** даатгал ХХК нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

*** даатгал ХХК болон иргэн Б- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ,

*** даатгал ХХК болон Б- нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12/04/15 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Р-ад худалдсан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Р-ын өмчлөлд шилжүүлэхийг Б-од даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан хариуцагч *** даатгал ХХК нь нэхэмжлэгч Р-ын нэхэмжлэлийн шаардлага болох Б- болон *** даатгал ХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *** даатгал ХХК болон иргэн Б- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, *** даатгал ХХК болон Б- нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Р-ад шилжүүлэхийг *** даатгал ХХК-д даалгах, *** даатгал ХХК-иас 102 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *** даатгал ХХК-ийн зөвшөөрлийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 315 900 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** даатгал ХХК, Б- нараас 3 315 900 төгрөгийг гаргуулж Р-ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх процесс алдаа гарган хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шүүхээс хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх 2012 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхдээ гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур субьект, агуулга, хэлбэр болон субектив талын шинжээр авч үзсэн атлаа субектив талын шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна. Учир нь *** Даатгал ХХК-иас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөө Р-ад худалдах дотоод хүсэл зориг байсан эсэх, Р- тухайн хөрөнгийг худалдах авах хүсэл зориг байсан уу гэсэн асуултад мөн л зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй. Б- нь 2012 оны 6 дугаар сард иргэн Янсанмаад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого болох 600.0 сая төгрөгийг тухайн үеийн ханшаар юанаар авч улмаар уг мөнгийг Р-ад өгч, Рэнцэнханд нь Голомт банкаар дамжуулан үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр гэсэн утгаар 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр *** даатгал ХХК-д шилжүүлсэн байдаг.

Тухайн үед Б-ын жолоочоор ажиллаж байсан Ч.Энхсайханыг гэрчээр зайлшгүй асуух шаардлагатай гэж үзээд Ч.Энхсайханыг гэрчээр асуух захирамж гарсан. Гэрч нь гадаадад амьдарч байсан тул холбоо тогтооход хүндрэлтэй байсан хэдий ч бид холбогдож чадан түүний хаяг, и-мэйл, холбоо барих утас зэргийг шүүхэд гарган өгсөн.

Ч.Энхсайхан гэрчийн мэдүүлэг өгснөөр 600 000 000 төгрөгтөй тэнцэх юаныг хэн, хэзээ, ямар зориулалтаар, ямар нөхцлөөр, хэнд өгч явуулсан гэх нөхцөл байдал тодорхой болох байсан бөгөөд түүнийг гэрчээр оролцуулах зайлшгүй авах шаардлагатай байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй яг тохирч байгаа талаар огт дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Р- нь хариуцагч *** даатгал ХХК, Б- нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхарт байрлах, Ү-2202017477 улсын бүртгэлийн дугаартай 645,5 м.кв үл хөдлөх хөрөнгөөс гэрээнд заасан 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Р-ын өмчлөлд шилжүүлэхийг Б- болон *** даатгал ХХК-д даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү болох 102 580 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч *** даатгал ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, хариуцагч Б- эс зөвшөөрч маргажээ.

 

*** даатгал ХХК, Р- нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр *** даатгал ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 2 дугаар давхрын урд хэсгийн 190 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун Сэлбийн гудамж, 5/26, Гандирс цогцолбор, 3 дугаар давхарт 130,4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Р-ын өмчлөлд шилжүүлэх, Р- нь 1 м.кв-ийг 2 618 000 төгрөгөөр тооцож, төлбөрийн 60 хувийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор, үлдэгдэл 40 хувийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах үед төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /1хх 6/

 

Нэхэмжлэгч Р- гэрээний үүрэгт 795 000 000 төгрөгийг *** даатгал ХХК-д төлсөн гэж, хариуцагч Б- уг мөнгөн хөрөнгийг өөрийнх нь гэж тайлбарлаж, өөрийн жолооч Ч.Энхсайханаар дамжуулан 600 000 000 төгрөгийг Р-ад өгсөн, Р- нь *** даатгал ХХК-руу шилжүүлсэн гэж маргасан.

 

Хариуцагч Б- өөрийн гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор Ч.Энхсайханаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2019/13114 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2020/01708 дугаар захирамжаар 181/ШЗ2019/13114 дугаар бүхий захирамжид өөрчлөлт оруулан Ч.Энхсайханыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

 

Анхан шатны шүүх Ч.Энхсайханы оршин суугаа хаягаар ажиллагаа хийх боломжгүй гэх үндэслэлээр захирамжид өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй, гадаадад нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулах боломжтой эсэх талаар тодруулах ажиллагааг хийлгүйгээр гэрч асуух хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болно.

 

Талууд гэрээний үүргийг биелүүлсэн эсэх, мөнгөн хөрөнгийг хэнээс хэнд шилжүүлсэн талаар маргаж байгаа нөхцөлд гэрч Ч.Энхсайхан мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байх боломжтой юм.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд үүний үндсэн дээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүндэтгэн үзэх шалгаан байгаа эсэх талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлэх учиртай.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийн зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02131 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 315 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА