Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1022

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00948 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Л, Ц.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34 953 143.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхчимэг, Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхчимэг, Н.Хэрлэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк зээлдэгч Д.Л, Ц.Ц нартай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №15/119 дугаар зээлийн гэрээ байгуулан 18 600 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 2 дугаар гудамж 792 тоотод байрлах 120 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, тус хаягт байрлах Г-2204023352 тоот бүртгэлийн дугаартай, 18644314523143 нэгж талбарын дугаартай 435 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 3 дугаар гудамж, 82 тоотод байрлах 64 м.кв талбай бүхий хувийн орон сууц, тус хаягт байрлах Г-2203000521 тоот бүртгэлийн дугаартай 18642312635333 нэгж талбарын дугаартай 311.12 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газруудыг барьцаалсан.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ юм

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд зээлдэгч нарт зээлийн төлбөрөө төлөх мэдэгдлүүдийг удаа дараа мэдэгдэж, гардуулсан боловч үүргээ биелүүлээгүй, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эргэн төлөлт огт хийгээгүй. Иймд Д.Л, Ц.Ц нараас үндсэн зээл 15 735 138.77 төгрөг, зээлийн хүү 17 238 215.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 979 790.05 төгрөг нийт 34 953 143.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 18 600 000 төгрөгийг авсан. Гэвч бизнесийн алдагдал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүсч, энэ талаар тухай бүрт “А” ХХК-д мэдэгдсэн. Түүнчлэн, 2017 оны 12 дугаар сард 25 000 000 төгрөгөөр зээл хаах талаар хүсэлт өгөхөөр очиход хэн хүлээж авах нь тодорхойгүй байсан учир тухайн үед хүсэлтээ шийдүүлж чадаагүй.

Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, хугацааг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байхад нэхэмжлэгч тал 1 413 хоног гэж тодорхойлсон. Эндээс үзэхэд 3 жил 11 сар орчим болж байх тул 11 сарын хүү илүү бодогдсон гэж үзэхээр байна. Түүнчлэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Л, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 34 953 143.91 төгрөгийг гаргуулан, “А” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 2 дугаар гудамж 792 тоотод байрлах Ү-2204068143 тоот бүртгэлийн дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-2204023352 тоот бүртгэлийн дугаартай 435 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамж, 82 тоотод байрлах Ү-2203011239 тоот бүртгэлийн дугаартай 64 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-2203000521 тоот бүртгэлийн дугаартай 311.12 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 402 916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар итгэмжлэл олгосон байна. Р.Наранбаатарыг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Жаргалсайханг томилсон байдаг. С.Жаргалсайханыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул тэдгээрийн эрх зүйн байдал нь тодорхойгүй гэж үзнэ. Түүнчлэн, улсын бүртгэлийн гэрчилгээнд Д.Төмөрхүүг томилсон байгаагаас харахад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.

Мөн нийт зээлсэн мөнгөн дүнгээс илүү хүү нэхэмжилж буй нь үндэслэлгүй бөгөөд хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүү 1 979 800 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34 953 143.91 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт “А” ХХК, Д.Л, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15/119 дугаартай зээлийн гэрээ авагдсан байна. Уг гэрээгээр “А” ХХК нь 18 600 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Д.Л, Ц.Ц нар нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, зээлдэгч нар мөнгийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогджээ. /хх 31-38 дахь тал/ Энэ үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд гэрээний талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэд биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан боловч зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд талууд жилийн хүүг 365 хоногоор тооцохоор, мөн зээлийн гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг баталж, зээлдэгч нар сар бүрын 25-ны өдөр зээл, зээлийн хүүд 854 308.64 төгрөг, 36 сарын хугацаанд нийт 30 755 111 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх 7-8 дахь тал/ Хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зээлийн үүрэгт 7 793 475 төгрөг төлж үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл /2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр/ хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдсон, хариуцагч уг баримтыг үгүйсгэж маргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлийн төлөлтөөс үндсэн зээлд 2 864 861 төгрөг, хүүд 4 909 563 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19 015 төгрөг суутган тооцон, хариуцагч нараас хамгийн сүүлд зээлийн эргэн төлөлт хийсэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг тооцон зээлийн үүргээ биелүүлэхийг шаардаж буй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар зөв дүгнэсэн.

Харин нэхэмжлэгч тал, хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүйд хариуцлага тооцон нэмэгдүүлсэн хүү нэмж төлүүлэхээр шаардахдаа зээлийн нийт хүүгийн 20 хувиар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэхгүй болно.

Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн заалтаас үзвэл гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх бөгөөд энэ хэмжээ нь үндсэн зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх агуулгатай байна. Иймээс нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцвол 1 114 047 төгрөг /жилийн 35.4 % : 20%= 7.08 нь нэмэгдүүлсэн хүү тооцох хувь, 15 735 139 төгрөг х 7.08%=1 114 047/ байх тул энэ хэмжээгээр хариуцагчийн төлөх нэмэгдүүлсэн хүүг тогтоох нь  дээрх хуульд заасанд нийцнэ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Д.Л, Ц.Ц нар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 гудамж, 792 тоотод байрлах 435 м.кв талбай бүхий газар, 120 м.кв талбай бүхий хувийн 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууцыг, мөн иргэн А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 82 тоотод байрлах 311.12 м.кв талбай бүхий газар, 64 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг тус тус барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 10-17 дахь тал/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар талууд маргаангүй. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Д.Лийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэж байна. Харин нэхэмжлэгч тал иргэн А.Мөнхцэцэгийг хариуцагчаар татаагүй байхад түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргасан нь буруу болжээ.

Хэргийн баримтаас үзвэл иргэн А.Мөнхцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн газраа зээлийн барьцаанд барьцаалах, гэрээг төлөөлөн байгуулах, гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг Д.Лид итгэмжлэлээр олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн хугацаа нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон байна. /хх 24 дэх тал/ Хариуцагч Д.Л нь уг итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчтэй барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт нийцэх хэдий ч итгэмжлэлийн хугацаа дууссанаар иргэн А.Мөнхцэцэгийг төлөөлөн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Иймд хариуцагч Д.Лид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас иргэн А.Мөнхцэцэгийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь иргэн А.Мөнхцэцэгт холбогдуулан зохих шаардлагаа гаргах нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй юм.

Хариуцагч тал нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ТУЗ/17 дугаар тогтоолоор тус компанийн манлай дэмжигч /гүйцэтгэх  захирал/-ийн орлон гүйцэтгэгчээр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Р.Наранбаатарыг түр томилсон байна. /хх 40 дэх тал/ Улмаар Р.Наранбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Д.Л, Ц.Ц нарт холбогдох иргэний хэргийн шүүхэд тус компанийг төлөөлөн Н.Хэрлэн, Ц.Энхчимэг нарт нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг үндэслэлгүй гэж үзнэ. /хх 6 дахь тал/

Иймээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00948 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “34 953 143 төгрөг 91 мөнгө” гэснийг “34 087 401” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 дугаар гудамж, 792 тоотод байрлах Г-2204023352 тоот бүртгэлийн дугаартай 435 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар болон Y-2204062143 тоот бүртгэлийн дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх иргэн А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамж, 82 тоотод байрлах Г-2203000521 тоот бүртгэлийн дугаартай 311.12 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, түүн дээр байрлах Ү-2203011239 тоот бүртгэлийн дугаартай 64 м.кв талбай бүхий хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                        Ч.ЦЭНД