Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00683

 

“А Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00948 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1022 дугаар магадлалтай,

“А Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

Д.Л, Ц.Цнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34 953 143.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “А Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхчимэг, Н.Хэрлэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк зээлдэгч Д.Л, Ц.Цнартай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №15/119 дугаар зээлийн гэрээ байгуулан 18 600 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 2 дугаар гудамж 792 тоотод байрлах 120 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, тус хаягт байрлах Г-0000000000тоот бүртгэлийн дугаартай, 18644314523143 нэгж талбарын дугаартай 435 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 3 дугаар гудамж, 82 тоотод байрлах 64 м.кв талбай бүхий хувийн орон сууц, тус хаягт байрлах Г-0000000000тоот бүртгэлийн дугаартай 18642312635333 нэгж талбарын дугаартай 311.12 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газруудыг барьцаалсан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд зээлдэгч нарт зээлийн төлбөрөө төлөх мэдэгдлүүдийг удаа дараа мэдэгдэж, гардуулсан боловч үүргээ биелүүлээгүй, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эргэн төлөлт огт хийгээгүй. Иймд Д.Л, Ц.Цнараас үндсэн зээл 15 735 138.77 төгрөг, зээлийн хүү 17 238 215.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 979 790.05 төгрөг нийт 34 953 143.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А Б” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 18 600 000 төгрөгийг авсан. Гэвч бизнесийн алдагдал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүсч, энэ талаар тухай бүрт “А Б” ХХК-д мэдэгдсэн. Түүнчлэн, 2017 оны 12 дугаар сард 25 000 000 төгрөгөөр зээл хаах талаар хүсэлт өгөхөөр очиход хэн хүлээж авах нь тодорхойгүй байсан учир тухайн үед хүсэлтээ шийдүүлж чадаагүй. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, хугацааг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байхад нэхэмжлэгч тал 1 413 хоног гэж тодорхойлсон. Эндээс үзэхэд 3 жил 11 сар орчим болж байх тул 11 сарын хүү илүү бодогдсон гэж үзэхээр байна. Түүнчлэн, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00948 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Л, Ц.Цнараас зээлийн гэрээний үүрэгт 34 953 143.91 төгрөгийг гаргуулан, “А Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 2 дугаар гудамж 792 тоотод байрлах Ү-2204068143 тоот бүртгэлийн дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-0000000000тоот бүртгэлийн дугаартай 435 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамж, 82 тоотод байрлах Ү-0000000000тоот бүртгэлийн дугаартай 64 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-0000000000тоот бүртгэлийн дугаартай 311.12 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 402 916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1022 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00948 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 34 953 143 төгрөг 91 мөнгө гэснийг 34 087 401 гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 дугаар гудамж, 792 тоотод байрлах Г-0000000000тоот бүртгэлийн дугаартай 435 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар болон Ү-0000000000 тоот бүртгэлийн дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх иргэн А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамж, 82 тоотод байрлах Г-0000000000тоот бүртгэлийн дугаартай 311.12 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, түүн дээр байрлах Ү-0000000000тоот бүртгэлийн дугаартай 64 м.кв талбай бүхий хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар гэх хүн итгэмжлэл олгосон байдаг. Харин Р.Наранбаатарыг гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолд ТУЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Жаргалсайхан гарын үсэг зурсан байдаг. Тухайн ТУЗ-ын хурлын тэмдэглэл хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд ТУЗ-ын хурлаар Р.Наранбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон эсэх нь эргэлзээтэй, мөн Жаргалсайхан нь ТУЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч мөн эсэх нь тодорхойгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Д.Төмөрхүүг гүйцэтгэх захирлаар томилсон байгаа нь харагддаг. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нийт зээлсэн мөнгөнөөс илүү их хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн зээл 15,735,138 төгрөг, зээлийн хүү 17,238,215 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Эндээс харахад зээлийн хүү нь үндсэн зээлээс их байна. Үндсэн зээлээс давсан хүү тооцож байгаа нь иргэний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. 17,238,215 төгрөг/Зээлийн хүү/-15,735,138 төгрөг/Үндсэн зээл/=1.503.077 төгрөг Иймд үндсэн хүүний 1,503,077 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А Б” ХХК нь хариуцагч Д.Л, Ц.Цнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 953 143.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар маргаж, бизнесийн алдагдал, эрүүл мэндийн байдлаас болж төлж чадаагүй, 2017 оны 12 сард энэ байдлаа хэлж 25 000 000 төгрөгөөр хаах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, зээлийн тооцоолол ойлгомжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч нарын биелүүлэх үүргийн хэмжээг багасгаж, 34 087 401 төгрөг болгон, барьцааны зүйлээс А.Мөнхцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгөөс үүргийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтыг үндэслэн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Д.Л, Ц.Цнар, “А Б” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 600 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 гудамж, 792 тоотод байрлах 435 м.кв талбай бүхий газар, 120 м.кв талбай бүхий хувийн 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууцыг, мөн иргэн А.Мөнхцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 82 тоотод байрлах 311.12 м.кв талбай бүхий газар, 64 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг тус тус барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 166 дугаар зүйлийн 166.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3., 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй. Зээлдүүлэгч мөнгийг шилжүүлж, үүргээ гүйцэтгэсэн бол зээлдэгч нар зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг баталж, сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүд 854 308.64 төгрөг, 36 сарын хугацаанд нийт 30 755 111 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байхад зээлдэгч нар 7 793 475 төгрөгийн  төлөлт хийжээ.

Банк 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлийн дутуу, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон зээлийн үүргийг  хангуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулахыг шаардсан, давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон анхан шатны шүүхийн алдааг залруулсан, барьцааны зарим хөрөнгөөс үүргийг хангуулах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон нь тус тус үндэслэлтэй болсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, ...зээлийн хүү үндсэн зээлээсээ их,  үндсэн хүүний 1 503 077 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн байх ба гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “А Б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ТУЗ/17 дугаар тогтоолоор тус компанийн манлай дэмжигч /гүйцэтгэх захирал/-ийн орлон гүйцэтгэгчээр Р.Наранбаатарыг түр томилсон, Р.Наранбаатар нь бүрэн эрхийн хүрээнд Н.Хэрлэн, Ц.Энхчимэг нарт нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх эрхийг  олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг зөрчөөгүйгээс гадна зээлийн хүүг буруу тооцсон байдал тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1022 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА