Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/0094

 

                                     

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр         Дугаар 101/ШШ2019/00948            Улаанбаатар хот

                                              

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “А банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 0 тоотод оршин суух, Б овогт Д.Л

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, санрайз таун, нийслэл хүрээ өргөн чөлөө /13313/ гудамж,0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Д овогт Ц.Ц нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34.953.143,91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Ц.Э, хариуцагч Д.Лийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

                                

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк зээлдэгч Д.Л, Ц.Ц нартай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №15/119 тоот зээлийн болон барьцаан гэрээ байгуулан 18.600.000 төгрөгийн зээлийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор доорх барьцаа хөрөнгүүдийг барьцаалсан.

Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Дунд дарь эх 0 дугаар гудамж 0 тоотод байрлах Ү0 тоот бүртгэлийн дугаартай 120 мкв талбай бүхий 80 хувйн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, тус хаягт байрлах Г-0 тоот бүртгэлийн дугаартай, 0 нэгж талбарын дугаартай 435 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, А.М-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо Алтайн 0 дугаар гудамж, 0 тоотод байрлах Ү-2203011239 тоот бүртгэлийн дугаартай 64 мкв талбай бүхий хувийн орон сууц, тус хаягт байрлах Г-2203000521 тоот бүртгэлийн дугаартай 18642312635333 нэгж талбарын дугаартай 311.12 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан.

Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2015 оны 05 дугаар сараас эхлэн хугацаа хэтэрч зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар Д.Л, Ц.Цнар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15.735.138,77 төгрөг, зээлийн хүү 17.238.215,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.979.790,05 төгрөг нийт 34.953.143,91 төгрөгийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч нараас 34.953.143,91 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Цэрэнбадам, Д.Л нар нь “А банк” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 14-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 18,600,000 төгрөгийг жилийн 35,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг 0 дүгээр хороо, Алтайн 0 тоотод байрлах хувийн сууц, газрын хамт, мөн Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Дунд дахь 0 гудамж 0 тоот хаягт байрлах хувийн сууц, газрын хамт барьцаанд тавьсан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 481, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлага хангасан. Барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ юм. Зээл авснаасаа хойш буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 05 дугаар сараас эхлээд зээлдэгч нар төлөхгүй зөрчил үүсгэсэн. 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд зээл төлүүлэх, төлөх, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нь хэдэн төгрөг байгаа талаар хариуцагч нарт мэдэгдсэн албан мэдэгдлүүдийг хариуцагч нарт гардуулсан. Хариуцагч нар нь нэгэн оршин суух хаяггүй түрээсийн орон сууцаар амьдардаг. Олдохгүй байсан учир зээлээ төлүүлэх хугацаа удааширсан. Энэ зээл тусгай активын газарт шилжин ирснээр хариуцагч нарыг олж тогтоогоод 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр талууд харилцан тохиролцож эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан. Хариуцагч нар эвлэрүүлэх ажиллагаанд оролцоогүй учир 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нарыг хаягийг тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл нь 15,735,138,37 төгрөг, үндсэн хүү нь 17,238,215,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 1,979,790,5 төгрөг нийт 34,953,143,91 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэв

 

Хариуцагч Д.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. би “А банк” ХХК-ийн шаардлагатай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч нь “А банк” ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг зээлийн. Гэвч хариуцагч нь бизнесийн алдагдал хүлээж зээлээ цаг хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж цаг тухайд нь “”А банк” ХХК-д мэдэгдэж байсан. Нийт зээлсэн мөнгөнөөс илүү их хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж бодсон нь тодорхойгүй бөгөөд зээлийн гэрээний хугацааг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Д.Л нь бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээл авсан. Зээл авснаас хойш 2015 оны 5,6 сард өвдсөн. 2015 оны 5-7 сард 2 удаа хагалгаанд орж, эмнэлэгт хэвтсэн. Иймээс компанийн үйл ажиллагаа доголдоод зээлээ төлж чадаагүй. 2017 оны 12 дугаар сард 25,000,000 төгрөгөөр зээлээ хаах талаар хүсэлтээ өгөхөөр очиход хэн хүлээж авах нь тодорхойгүй байсан учир тухай үедээ хүсэлтээ шийдүүлж чадаагүй байсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад 1413 хоног гэж харагдаж байна. Гэтэл хэдэн оны хэдэн сараас хэдэн оны хэдэн сарын өдрийг хүртэл бодсон бодолт харагдахгүй зөвхөн тоо нь харагдаж байна. 1413 хоногийг жил болон хоногт тооцон бодвол 3 жил 11 сар орчим болж байна Зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай хийсэн. Эндээс харахад 11 сарын хүү илүү бодогдсон харагдаж байна. Нэхэмжлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлээгүй цаг хугацаа алдсан байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Эдгээр шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Гэтэл сая тайлбартаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай зүйлийг ярихыг хүсэж байна. Ж гэдэг хүн нь ямар байдлаар томилогдоод ямар байдлаар энэ хүнд итгэмжлэл олгоод гарын үсэг зураад яваад байгаа нь хавтаст хэргээс харагдахгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “А банк” ХХК нь хариуцагч Д.Л, Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34.953.143,91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар А банк зээлийн гэрээний хугацааг хэдэн сараар бодож гаргасан нь тодорхойгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн бодсон нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Д.Л, Ц.Ц нар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15/19 дугаартай Ариг банктай зээлийн гэрээ байгуулж, 18.600.000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч гэрээг бичгээр байгуулжээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Мөн өдрөө зээлийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, Дунд дарь эх 0 гудамж, 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй, 435 м.кв газар, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Алтайн 0 дугаар гудамж, 0 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй барилга, хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 311.12 м.кв газрыг тус тус барьцаалж, гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 10-13 дугаар тал/

 

Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь “А банк” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 07, 2015 оны 10 дугаар сарын 15, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл /хх-ийн 54-56 дугаар тал/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зээлийн гэрээ байгуулж, зээл авсан, бизнесийн алдагдал хүлээж, зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэн зуучлал хийхээс татгалзсан тухай тэмдэглэл хэргийн 59 дүгээр талд авагджээ.

 

Хариуцагч нар “А банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Д.Лхагвасүрэн, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 34.953.143 төгрөг 91 мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Зохигч 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 0  дугаар хороо, Дунд дарь эх 0 гудамж, 0 тоот Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 80 хувийн гүйцэтгэлтэй барилга, хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэлтэй, 435 м.кв газар, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамж, 82 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй барилга, хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203000524 дугаарт бүртгэлтэй 311.12 м.кв газрыг тус тус барьцаалсан 15/119 дугаартай барьцааны гэрээг байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, барьцааны эрх хуульд зааснаар үүссэн тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч “А банк” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэргийн 40 дүгээр талд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “А банк” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолд “Манлай дэмжигч /гүйцэтгэх захирал/-ийн түр орлон гүйцэтгэгчтэй түр хугацааны контракт байгуулах эрхийг ТУЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ж-д олгосугай” гэжээ.

 

Уг тогтоолоос үзвэл С.Ж “А банк” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч болох нь тогтоогдож байна.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Д.Л, Ц.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 34.953.143 төгрөг 91 мөнгийг гаргуулж, “А банк” ХХК-нд олгосугай.

 

2. Хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт заасныг баримтлан Д.Лийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Дунд дарь эх 0 дугаар гудамж 0 тоотод байрлах Ү-0 тоот бүртгэлийн дугаартай 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, тус хаягт байрлах Г-0 тоот бүртгэлийн дугаартай 435 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар, А.М-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Алтайн 0 дугаар гудамж, 0 тоотод байрлах Ү-0 тоот бүртгэлийн дугаартай 64 мкв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-0 тоот бүртгэлийн дугаартай 311.12 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газраар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 402.916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.СОЛОНГО