Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0708/з |
Дугаар | 221/MA2017/0200 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/MA2017/0200
2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2017/0200 | Улаанбаатар хот |
Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.Нямдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нямдаваагийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн иргэн Б.Халиунд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Нямдаваа, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар иргэн Б.Халиунд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхэд зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг баталгаажуулан эзэмшүүлсэн байна” гэж дүгнэсэн атлаа “...Сүхбаатар дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 20 дугаар хороонд 6 га газрыг, 13-18 дугаар хороонд 10 га газрыг тус тус жилдээ багтаан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрхийг баталгаажуулан хэрэгжүүлэхээр тусгагдсан” гэж илтэд зөрүүтэй дүгнэлт хийжээ.
Гэтэл Сүхбаатар дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаж гарахаас өмнө 2011 оны 09 сарын 16-ны өдөр 316 дугаар захирамжаар иргэн Б.Халиунд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчсөн байхад дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх “2011 оны 01 сарын 31-ний өдрийн 12/3 дугаар тогтоолоор батлагдсан “2011 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дотор 18 хороо Бэлхэд 7.0 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан”... зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тухайн үед маргаан бүхий газар орчимд газар эзэмшүүлж байгаагүй” гэх тайлбар үгүйсгэгдэнэ” гэжээ.
Гэтэл “...2011 онд 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэнд газар эзэмшүүлэх асуудал дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, зөвхөн газар өмчлүүлэх асуудал тусгагдсан байхад Б.Халиунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчсөн ба шүүх иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг хольж хутган тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу үнэлж чадаагүй гэж үзэж байна.
Шүүх “...Б.Халиун нь анх 2009 оны 5 сарын 15-ны өдөр “Налуужин” ХХК-аар 700,1 м.кв нэгж талбарын зураг сүүлд 2012 оны 01 сарын 09-нд Сүхбаатар дүүргийн газрын албаар 692 м.кв кадастрын зураг тус тус хийлгүүлсэн, ...уг зураг нь /аль зураг нь тодорхойгүй/...газрын хувийн хэрэгт хавсаргагдсан, “Налуужин” ХХК-ийн бичиг баримтад хийсэн үзлэгээр тус компанийн архиваас олдоогүй ч тус компанийн зураг болох нь тогтоогдсон тул... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэгж талбарын зургийг сүүлд нөхөж”... гэх тайлбар үндэслэлгүй байна гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан “Налуужин” ХХК-ийн 2009 оны 5 сарын 15-нд хийсэн кадастрын зураг нь баталгаажаагүй, нэгж талбарын дугааргүй зураг байдаг.
Хавтаст хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 10 сарын 20-ны 1/1366 тоот бичигт: “Б.Халиуны эзэмшлийн газар нь анх 2010 онд 18649322196529 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайгаар бүртгэгдсэн. Харин 2012 оны нийслэлийн кадастрын мэдээллийн санд тус нэгж талбарын байршил, нэгж талбарын хэмжээ өөрчлөгдөн 1864932217518 нэгж талбарын дугаартай 692 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байна гэжээ.
Дээрх мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр “Налуужин” ХХК-иар хийлгэсэн /баталгаажаагүй, нэгж талбарын дугааргүй/ зургийг 2009 оны 5 сарын 30-ны өдөр газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, уг зураг нь 2012 оны 01 сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулсан байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газар нь анх 2010 онд 18649322196529 нэгж талбарын дугаар олгогдсон хэн нэгний эзэмшилд олгогдоогүй байхад 2012 онд газрын албаны газар зохион байгуулагч гэрч Ж.Азжаргал нь байршил талбайг 692 м.кв, нэгж талбарын дугаарыг 1864932217518 болгон өөрчилсөн нь Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.10-д заасныг дүүргийн газрын алба зөрчсөн байдаг.
2012 онд дээрх хууль зөрчин өөрчлөлт оруулах үед маргаан бүхий газарт нэхэмжлэгч Ц.Нямдаваа гэр бүлээрээ амьдарч байсан нь тогтоогдсон, мөн амьдарч байгаа газрынхаа кадастрын зургийг гуравдагч этгээд Б.Халиунаас өмнө “Голубой камень” ХХК-иар 2008 оны 04 сарын 03-ны өдөр хийлгэсэн байдаг. Гэтэл тухайн үеийн газар зохион байгуулагч Ж.Азжаргал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн байхад “бусдын эзэмшил газрын орц гарцтай давхацсан” гэх үндэслэлээр дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газрын байршил хэмжээ нэгж талбарын дугаарыг өөрчилснөөс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байдаг.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2 заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авсан он сар өдөр цаг минутаар тэмдэглэх тодорхойлолт гаргаж өгнө”.
Халиун Сүхбаатар дүүргийн Байгаль хамгаалах газарт өргөдөл гаргах нь гэжээ. 2011 оны 06 дугаар сарын 03 “Батбаатар овогтой Халиун миний бие нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн аманд хувьд оногдох 0.7 га газраа эзэмшихийг хүсч байгаа тул олгож тусална уу” гэжээ.
Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар бичиг баримт бүрдүүлээгүй хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг газар зохион байгуулагч цохолт хийж, хаана байршилтай ямар газар нь тодорхойгүй хуульд заасан шаардлага хангаагүй өргөдлийг хууль зөрчин хүлээн авч газар олгосон нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан журмыг зөрчсөн болох нь гэрч А.Галбаатарын “...иргэдийн газар хүссэн өргөдөл хороогоор дамжиж, газрын алба иргэдэд газар олгохдоо бүрдүүлэх материалын жагсаалтад хорооны тодорхойлолт байх ёстой...” гэж өгсөн мэдүүлгээр нотлогдож байхад шүүх зөрчөөгүй дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Бэлхийн Хадат зусланд эзэмшлийн газартай, жил бүр зусланд гардаг гэрч нар Ц.Нямдавааг одоо амьдарч байгаа газартаа 2008 оноос олон жил өвөл зунгүй амьдарч байгаа тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан гэдгийг гэрчилдэг.
Тухайн үед зуслангийн хаяглалт хийгдээгүй байсан тул Л.Зоригтын өрхийн бүртгэлд бүртгэгдэж 2011 оны 02 сарын 14-ний өдөр албан ёсоор бүртгүүлсэн нь маргаан бүхий газарт амьдарч байсныг үгүйсгэсэн баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх маргаан бүхий газар хашаа барьсан асуудлаар гуравдагч этгээдийн гэрчүүд зөрүүтэй мэдүүлсэн байхад тэдгээр гэрчүүдийн мэдүүлсэн үзэхэд: нэхэмжлэгч хашаа барьсан гэх байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа хашааг хэн хэрхэн хэзээ барьсныг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн гэрчийн мэдүүлгийг үгүйсгээгүй, дүгнээгүй нь тухайн хэргийг хянан шийдвэрлээд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан дээд шатны шүүхийн магадлал, тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй болохыг нотолж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх холбогдох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэснээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Бэлхэд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар иргэн Б.Халиун эзэмших эрхтэй болжээ.
Улмаар дээрх захирамжийг үндэслэн дүүргийн Газрын алба нь “иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Халиунтай байгуулж, 0366730 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Халиунд олгожээ.
Анхан шатны шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын албаны архивт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2009 оны дүүргийн Газрын албаны “Ирсэн бичиг”-ийн хуулбарын “2362” дугаарт “Батбаатар Халиун” гэж тэмдэглэсэн баримт зэргээр анх 2009 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд Б.Халиун гаргасан болох нь нотлогдож байна.
Мөн “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн аманд 0.7 га газар эзэмших” тухай хүсэлтийг гуравдагч этгээд Б.Халиун нь дүүргийн Газрын албанд хандаж 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картын маягт”-аар тогтоогдсон гэж үзлээ.
Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамж нь нэхэмжлэгч Ц.Нямдаваагийн газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох нь доорх дүгнэлтээр нотлогдож байна.
Учир нь нэхэмжлэгч Ц.Нямдаваа нь шүүхэд “миний 2007 оноос хойш амьдарч байгаа газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар иргэн Б.Халиунд олгосон миний газар өмчлөх эрхийг зөрчсөн. Уг асуудлыг би 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд дуудагдан очиход мэдсэн” гэх үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд иргэн, аж ахуй нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг ямар журмаар гаргах, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох албан тушаалтан нь хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг тусгайлан зааснаас үзвэл “газар эзэмшүүлэх шийдвэр” нь газар эзэмших иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэсэн байхыг хуулиар зохицуулсан.
Гэтэл 2009 он, 2011 оноос өмнө газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж Ц.Нямдаваа нь “газар эзэмших” тухай хүсэлт гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин “...Б.Халиунд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож, миний нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн гомдол, хүсэлтийг нэхэмжлэгч Ц.Нямдаваа нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн Засаг даргад гаргаж байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Нямдаваагийн “...2007 оноос хойш удаа дараа газрын алба, газар зохион байгуулагчид хандаж газар эзэмших, өмчлөх талаар хүсэлт гаргаж байсан” гэх үндэслэл нь дүүргийн Газрын албаны архивын бичиг баримтад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийн бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй.
Нөгөөтэйгүүр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, тус хорооны өрхийн бүртгэлийн дэвтэр, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, маргаан бүхий газрын 2010 оны байршлыг харуулсан сансрын зураг зэрэг хэргийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Нямдаваагийн “миний бие 2007 оноос хойш маргаан бүхий газар амьдарч байгаа” гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх зохицуулалтаас үзэхэд газар эзэмших хүсэлт /...уг газар дээр 2007 оноос хойш амьдарч байсан/ гаргаагүй иргэн Ц.Нямдаваагийн эрх, зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн гуравдагч этгээд Б.Халиуны эрхээс давуу байх учиргүй тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг зөрчөөгүй байна.
Иймд “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчиж маргаан бүхий захирамжийг гаргасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөрүүтэй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж гаргасан нэхэмжлэгч Ц.Нямдаваа, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй юм.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР