Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01019

 

М.Г, Ч.М, Г.М нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00783 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Г, Ч.М, Г.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч  Ч.М, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ганболд, Г.М, Ч.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жн, Д.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр Д.Г, М.Баярсайхан нараас 121 875 322 төгрөгийг гаргуулан “Даймонд финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэж М.Г болон бусад өмчлөгч нар болох түүний эхнэр Ч.М, хүү Г.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 200 тоот хаягт байрлах, хуучны 40 м.кв талбайтай, одоогийнхоор 80 м.кв талбайтай, орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа юм. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 102 300 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэлэгджээ. Уг үл хөдлөх хөрөнгө хотын төвд буюу Бөхийн өргөөний зэргэлдээ орших хуучны угсармал байр бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуучны 40 м.кв буюу одоогийн 80 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 1 200 000 төгрөгөөр үнэлэн нийт 102 300 000 төгрөгөөр үнэлсэн нь хэт багаар үнэлсэн гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага орон сууцыг үнэлэхдээ бусад өмчлөгч нар болох Ч.М, Г.М нарт мэдэгдэлгүй үнэлгээг гаргасан нь тэдний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчлөө. Орон сууцыг үнэлэхдээ төлбөр төлөгчөөс үнийн саналыг аваагүй төдийгүй зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулалгүй төлбөр төлөгч болон бусад өмчлөгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу ийнхүү гомдлоо гаргаж буй тул Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг 102 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр М.Г, М.Баярсайхан нараас 121 875 232 төгрөг гаргуулан “Даймонд файнанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М.Г, М.Баярсайхан нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул М.Г, Ч.М, Г.М нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлалтай, 40 м.кв талбайтай, эрхийн улсын Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 162/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 162/02 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/1355 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар болон өмчлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь үнийн санал ирүүлээгүй.

Төлбөр төлөгч М.Баярсайхан, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн нар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 14 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилоход 102 300 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шинжээчээс хүлээн авч 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгч М.Г, хамтран өмчлөгч Ч.М, Г.М нарт, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч М.Баярсайханд тус тус танилцуулсан. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор төлбөр хураагдсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 102 300 000 төгрөгийн 70 хувь буюу 71 610 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага явагдан төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирээгүй. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2687 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004924 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 102 300 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.Г, Ч.М, Г.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М.Г, Ч.М, Г.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2687 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.М, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзаяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааиы явцад буюу нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчсөн байтал шүүх уг асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” ойлгох бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож уг байрыг үнэлсэн Б.Мягмарсүрэн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшээгүй атал шүүх түүнийг үнэлгээчин гэж тооцсон байгаа нь илт хууль зөрчсөн байдаг.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх” гэж заасан байтал уг эд хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээ хийх төлөвлөгөө, хувиар огт батлаагүй үнэлгээ хийсэн талаар гэрч Б.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байдаг.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний аргачлал тодорхой бус мөн харьцуулсан байрнуудын үнэ зах зээлийн өнөөгийн ханшинд нийцээгүй. Үнэлгээ нь зохих ёсоор шинжилж шалгасан зах зээлийн үүсэлтэй мэдээнд тулгуурласан бол тухайн хэрэглэх хандлага болон арга нэг бүр нь зах зээлийн үнэ цэнийг илэрхийлнэ. Иймд шинжээчийн хэрэглэсэн арга, материал мэдээлэл бүр нь зах зээлийн ханшийг харуулах бөгөөд цаашид үнэлж буй хөрөнгийн үнийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Үнэлгээний мэдээлэл бодит бус, шинжээч үнэлгээний талаар хангалттай бүрэн тайлбар өгч чадаагүйг шүүх харгалзан үзээгүй. Шинжээч шүүхийн хэлэлцүүлгийн явцад барилгын стандарт талбайгаар үнэлсэн гэх боловч уг барилга баригдсан он барилгын үнэд чухал нөлөөтэй талаар дурдсан бөгөөд харьцуулсан барилгууд нь өөр өөр онд баригдсан, ижил онд баригдсан барилгаас үнэлсэн үнэлгээ нь хэт доогуур байдаг.

Мөн хариуцач байгууллага бусад өмчлөгч Ч.М, Г.М нарт мэдэгдэлгүй орон сууцны үнэлгээ гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн байтал анхан шатны шүүх уг асуудлаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Г, Ч.М, Г.М нарын нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00655 дугаар шийдвэрээр хариуцагч М.Г, М.Баярсайхан нараас 125 723 446 төгрөг гаргуулан төлбөр авагч “Даймонд файнанс ББСБ” ХХК-д олгож, Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1118 дугаар магадлалаар хариуцагч М.Баярсайхан, М.Г нараас 121 875 232 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд файнанс ББСБ” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1060 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна. /х.х-ийн 14-22, 43-51 дүгээр тал/

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу барьцаалагдсан Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй./ хэргийн 60-64 дүгээр тал/

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн болон төлбөр төлөгч М.Баярсайхан нар шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 65-66, 69 дүгээр тал/

Хариуцагч байгууллагаас хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн захирал,  шинжээч Б.Эрдэнэбаатарт шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан өгч баримтжуулсан. /хэргийн 70 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлтээр Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 102 300 000 төгрөгөөр тодорхойлсон байна. /хэргийн 79-80 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд үнэ цэнэ гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй.

“Мөнх-Оргил трейд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон. Үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь тухайн үнэлгээний компанийн захирал бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий эрхийн гэрчилгээгээ 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан болох нь тогтоогджээ. /хэргийн 84-85 дугаар тал/ Харин хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй Б.Мягмарсүрэнг үнэлгээ тогтоосон гэх боловч тэрээр туслах үнэлгээчингээр оролцсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар буюу зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ч.М, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзаяа нь “орон сууцны өмчлөгч болох Ч.М, Г.М нарт мэдэгдэлгүй орон сууцны үнэлгээ гаргасан” гэх давж заалдах гомдол гаргасан бөгөөд НШШГГын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг 4/2340 тоот мэдэгдлийг  өмчлөгч Ч.М гарын үсэг зурж хүлээн авсан байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.М, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.М, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА