Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00598

 

 М.Г-, Ч.М-, Г.М-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00783 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1019 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: М.Г-

          Нэхэмжлэгч: Ч.М-

          Нэхэмжлэгч: Г.М-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: БЗД-н ИХАШШ-н 2017-02-17-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр Д.Г-, М.Баярсайхан нараас 121,875,322 төгрөгийг гаргуулан Даймонд финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг ШШГГ-с албадан гүйцэтгэж М.Г- болон бусад өмчлөгч нар буюу түүний эхнэр Ч.М-, хүү Г.М- нарын өмчлөлийн хуучнаар 40 м.кв, одоогийн хэмжилтээр 80 м.кв талбайтай, орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдаж байгаа. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 102,300,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэлэгджээ. Уг үл хөдлөх хөрөнгө хотын төвд буюу Бөхийн өргөөний зэргэлдээ орших хуучны угсармал байр бөгөөд ШШГГ 1 м.кв талбайг 1,2сая төгрөгөөр нийт 102,300,000 төгрөгөөр үнэлсэн нь хэт бага байна. Орон сууцыг үнэлэхдээ Ч.М-, Г.М- нарт мэдэгдээгүй нь тэдний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчлөө. Орон сууцыг үнэлэхдээ төлбөр төлөгчөөс үнийн саналыг аваагүй төдийгүй зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулаагүй. ШШГТХ-н 55.3-т заасны дагуу ийнхүү гомдлоо гаргаж буй тул орон сууцыг 102,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 3 өрөө орон сууцыг 2018-10-24-ний өдрийн 162/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018-12-13-ны өдрийн 162/02 тоот тогтоолоор хураасан. ИХ-н 177.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2018-12-27-ны өдрийн 4/1355 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар болон өмчлөгч нарт ШШГТХ-н 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь үнийн санал ирүүлээгүй. Төлбөр төлөгч М.Баярсайхан, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн нар 2018-12-24-ний өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул мөн хуулийн 55.2-т заасны дагуу 2019-01-02-ны өдрийн 14 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-г томилоход 102,300,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2019-01-09-ний өдөр шинжээчээс хүлээн авч 2019-01-10-ны өдөр төлбөр төлөгч М.Г-, хамтран өмчлөгч Ч.М-, Г.М- нарт, 2019-01-14-ний өдөр төлбөр төлөгч М.Баярсайханд тус тус танилцуулсан. 2019-01-29-ний өдрийн тогтоолоор төлбөр хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 102,300,000 төгрөгийн 70 хувь буюу 71,610,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019-02-15-ны өдөр анхны албадан дуудлага явагдан төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирээгүй. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2019-02-15-ны өдрийн 2687 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 101/ШШ2019/00783 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй гээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.Г-, Ч.М-, Г.М- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2019-02- 15-ны өдрийн 2687 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1019 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ч.М-, Г.М- нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

       Нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох хэд хэдэн заалтыг зөрчсөн байтал шүүх уг асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1 Үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгох бөгөөд шүүх ХХША-нд гэрчээр оролцож уг байрыг үнэлсэн этгээд болон Б.Мягмарсүрэн нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшээгүй этгээд атал түүнийг шүүхээс үнэлгээчин гэж тооцсон байгаа нь илт хууль зөрчсөн байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.3. хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх гэж заасан байтал уг эд хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээ хийх төлөвлөгөө, хувиар огт батлаагүй үнэлгээ хийсэн талаар гэрч Б.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1. Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсьн болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасанчилан үнэлгээний аргачлал нь тодорхой бус мөн харьцуулсан байрнуудын үнэ нь зах зээлийн өнөөгийн ханшинд нийцээгүй. Үнэлгээ нь зохих ёсоор шинжилж шалгасан зах зээлийн үүсэлтэй мэдээнд тулгуурласан бол тухайн хэрэглэх хандлага болон арга нэг бүр нь зах зээлийн үнэ цэнийг илэрхийлнэ. Иймд шинжээчийн хэрэглэсэн арга, материап мэдээлэл бүр нь зах зээлийн ханшийг харуулах бөгөөд цаашид үнэлж буй хөрөнгийн үнийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байна. Үнэлгээний мэдээлэл нь бодит бус, шинжээч нь үнэлгээний талаар хангалттай бүрэн тайлбар өгч чадаагүй байтал шүүх уг байдлыг харгалзан үзээгүй. Шинжээч шүүхийн хэлэлцүүлгийн явцад барилгын стандарт талбайгаар үнэлсэн гэх боловч уг барилгын баригдсан он нь барилгын үнэд мөн чухал нөлөөтэй талаар дурдсан бөгөөд харьцуулсан барилгууд нь өөр өөр онд баригдсан барилгууд байхаас гадна ижил онд баригдсан барилгаас үнэлсэн үнэлгээ нь хэт доогуур байдаг. Мөн өмчлөгч нарын цор ганц амьдран суух орон сууцны байрыг үнэлэхдээ шийдвэр гүйцэтгэгч байгууллага бусад өмчлөгч нар болох Ч.М-, Г.М- нарт огт мэдэгдэлгүй үнэлгээг гаргасан байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн байтал анхан шатны шүүх уг асуудлаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлууд нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        М.Г-, Ч.М- Г.М- нар 2019-01-16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хорооллын ..-р байрны .. тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-17-ны өдрийн 101/ШШ2017/00655 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017-05-10-ны өдрийн 1118 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017-09- 26-ны өдрийн 001/ХТ2017/01060 дугаар тогтоолоор М.Баярсайхан, М.Г- нараас 121.875.232 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот 3 өрөө орон сууцнаас хангуулахыг заасан байна. 

        Дурдсан 3 өрөө орон сууц нь М.Г-, Ч.М-, Г.М- нарын өмчлөлийн эд хөрөнгө /хх 92/ байх бөгөөд хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа  барьцааны уг эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч, эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлсэн, нэхэмжлэгч нар санал ирүүлээгүй, төлбөр төлөгч М.Баярсайхан болон төлбөр авагч тал саналаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн үйл баримт нотлогджээ.  

        Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тогтоол гаргаж, шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь тогтоогдсон бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг  зөрчөөгүй байна.      

          Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж хийсэн гэх байдал нотлогдоогүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

        Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцжээ.

        Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын төлөөлөгч /хх 161-162,25,164,165/-г гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00783 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1019 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.Жавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ