Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02378

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02378

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн .................... тоотод оршин суух, регистрийн дугаар ..............., Б.М.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ................................... тоотод байрлах, улсын бүртгэлийн ......................, регистрийн .................. дугаартай, “ С” ХХК-д холбогдох,

“2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч  М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие М.Ө нь өөрийн сонирхлын дагуу аялал жуулчлалын салбарт өнөөг хүртэл ажиллаж ирсэн бөгөөд “Жуулчин” ХХК-д 2012-2015 онд хөтөч орчуулагч, 2017-2020 онд бизнес менежерээр ажиллаж байсан. Улаанбаатар бизнетворк ажлын байрны зарын дагуу Лүүк Монголиа компанитай холбогдон охин компани болох “С ” ХХК-д ажиллахаар болж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг хөдөлмөрийн гэрээгээр 1.500.000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэлт урамшуулал гэсэн нөхцөлтэй ажиллаж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үндсэн цалинг 50 хувиар бууруулж ажиллахаар харилцан тохирч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тус шинэчилсэн гэрээг устгаж үндсэн цалинг 1.300.000 төгрөг болгон, үүний 50 хувь буюу 650.000 төгрөгийн цалинтай, ажлын 10-11 өдөр ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хүний нөөцийн мэргэжилтэн Т.С Б/003 тоот ажлаас халах тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэртэй хамт өгсөн. Энэ талаар надад өмнө нь мэдэгдсэн зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээнд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой талаар хэлтэл “Онцгой нөхцөл байдалд хамаарахгүй” гэж хэлсэн. Ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 100.1 гэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчин 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийн тэтгэмж олгоод үлдэгдэл мөнгийг одоо болтол өгөөгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6.1-т “......аль нэг тал гэрээг цуцлах санал гаргавал дор хаяж нөгөө талдаа 30 хоногийн өмнө энэ талаар мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна. Иймд “С ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа хөдөлмөрийн гэрээ, дундаж цалин хөлс тооцож олгох журмынхаа дагуу хөдөлмөрийн хөлсийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд тооцож олгох, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “С ” ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани аялал жуулчлалын компани бөгөөд 2006 оноос хойш 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн чиг үүрэг нь гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах, эх орноо сурталчлан таниулах зорилготой. Ковид-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор хил хааснаас болж жуулчид хүлээн авахаа больж, ямар ч орлогогүй болсон. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зах зээл хариуцсан менежерээр ажилд авсан М.Ө д ямар орлого байхгүй, тухайн цаг үеийн нөхцөл байдал хэцүү байхад 3, 4, 5 дугаар сарын цалинг бүтэн олгосон. Харин 2020 оны 6 дугаар сараас эхлэн 1.500.000 төгрөгийн үндсэн цалинг бууруулж 1.300.000 төгрөг болгож, уг цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний цалинг 7 хоногт 2-3 өдөр, сард 10-11 өдөр ажиллаад авах, хил нээж, жуулчид ирээд хэвийн байдалд шилжих тохиолдолд хуучин хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үргэлжлэх санал тавьсан. Уг саналыг М.Ө  нь хүлээн аваагүй. Энэхүү саналыг хүлээн аваагүй учир ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх боломжтой юм. Иймээс нэхэмжлэлийн бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч М.Ө  нь хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан, “2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин олговрыг нэмж гаргуулахаар шаардсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч “С ” ХХК нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд М.Ө  нь тус компанид 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Зах зээл хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн байх ба 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулжээ.  

Ингээд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тус компанийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг удирдлага болгон, М.Ө г 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, зах зээл хариуцсан менежерийн ажлаас халсан байна.

Тухайн хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримталсан байх ба тус заалтад “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” зэргийн аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, хэрэгт тушаалын үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдээгүй байх бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг зөрчсөн байх тул уг тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж, хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн талууд цар тахлын улмаас хөдөлмөрийн хөлсийг багаар тогтоохоор хоорондоо ярилцаж байсан талаар маргаагүй байх боловч тухайн нөхцөлөө тусгасан хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, талууд энэ талаар зөвшилцөлд хүрээгүй асуудал нь М.Ө г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн 10-23 дугаар хуудаст авагдсан нотлох баримтад үзлэг хийлгэсэн боловч энэхүү нотлох баримт нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд мөн хамаарахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус байх тул М.Ө-г “С ” ХХК-ийн Зах зээл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, түүний 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаа буюу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5, 7 дугаар хэсэгт зааснаар тооцож, олголоо.  

Тодруулбал, нэхэмжлэгч М.Ө  нь тус компанид ажилд орсноос хойш буюу 2020 оны 3 дугаар сард 877.272 төгрөг, 2020 оны 4 дүгээр сард 1.227.272 төгрөг, 2020 оны 5 дугаар сард 1.214.285 төгрөг, нийт 3.318.829 төгрөгийн цалин авсан байх бөгөөд үүнээс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал хугацааны ажлын 13 хоногийн цалин 668.902 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын цалин 1.106.276 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын цалин 1.106.276 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 01-09-ний өдөр хүртэл 7 хоногийн цалин 360.178 төгрөг, нийт 3.241.632 төгрөгийг  хариуцагч “С ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Ө д олгохоор шийдвэрлэв.

 Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэж байгаа тул дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг доор хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.

Үүнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч М.Ө гийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх эрхтэй байх ба “С ” ХХК нь М.Ө гийн дээрх хугацаанд төлөгдөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн хариуцаж, харин энэ шүүхийн шийдвэрээр олгогдож байгаа цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг суутгахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч “С ” ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ө  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С ” ХХК-иас “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 3.241.632 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 66.816 төгрөг, нийт 137.016 төгрөгийг гаргуулж Хан-УУл дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “С ” ХХК-ийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/003 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М.Ө г тус компанийн Зах зээл хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “С ” ХХК-иас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.241.632 /гурван сая хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ө д олгосугай.  

 

3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ө гийн ажилгүй байсан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “С ” ХХК-д даалгасугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ө  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 137.016 /нэг зуун гучин долоон мянга арван зургаа/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ