Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/00219

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/00219

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, өөрийн байр 3 давхарт оршин байрлах Х ХХК /РД: /

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 5 дугаар хэсэг гудамж 79-2169 тоотод оршин суух Г. Т /РД: /

 

түрээсийн гэрээний үүрэгт 3,620,000 төгрөг, алдангид 1,810,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөгнөөс барьцаа 1,200,000 төгрөгийг суутгаж 4,300,200 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Г.Т, хариуцагийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Х ХХК нь хуучин түрээслэгч иргэн Г.Ттэй Ажлын байр түрээслэх № 281 дугаартай гэрээг 2014 оны 09 сарын 01-ны өдрөөс 2016 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан. Энэ нь Хос худалдааны төвийн 2 давхрын № 12 тоот олон үндэстний хоол хийх зориулалттай павилон юм. Түрээсийн нэг сарын төлбөр нь 1,200,000 тегрег болно. Түрээслэгч Г.Т нь түрээсийн гэрээг 2015 оны 10 сарын сүүлээр цуцалж, түрээсийн байрнаас гарсан. Энэ үедээ дараахь тооцоотой үлдсэн. Үүнд:

-               2015 оны 07 сарын түрээсийн үлдэгдэл 420,000 төгрөг,

-               2015 оны 08 сарын түрээс 1,200,000 төгрөг,

-               2015 оны 09 сарын түрээс 1,200,000 төгрөг,

-               2015 оны 10 сарын ашигласан хоногийн түрээс 800,000 төгрөг, бүгд 3,620,000 төгрөг болно.

Түрээсийн гэрээний 1.8 дахь заалтад түрээслэгч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, хугацаа хэтрүүлсэн тохиололд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0,5%-иар нөгөө талдаа алданги төлөхөер тохирсон. Алданги нь 1,810,000 төгрөг болж байна. Г.Т нь шүүхээс зугтааж, улмаар цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олдсон болно. Иймд хариуцагч Г.Тээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,620,000 төгрөг, алданги 1,810,000 төгрөг, эрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөгнөөс барьцаанд үлдээсэн 1,200,000 төгрөгийг хасаад 4,300,200 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Үндсэн төлбөрт 3,620,000 төгрөг, алданги 1,810,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан нэмэлт зардалд 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөг болсоноос барьцаа 1,200,000 төгрөгийг хасаж үлдэх 4,300,200 төгрөгийг нэХж байгаа юм. Бид 2014.9.1-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. 2016 онд эрэн сурвалжлуулж байсан. Компанийг төлөөлж би эрэн сурвалжлуулах хуралд орж байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн захирал нь би өөрөө хуралд оролцоно гэсэн. Гэтэл өнөөдрийн шүүх хурал хойшлохгүй, хүсэлт хүлээж аваагүй тул үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригын эсрэг энэ хуралд орж чадахгүй. Мөн хариуцагчийг эрхээр нь хангаагүй, өөрөөр хэлбэл хариуцагийн нөгөө өмгөөлөгчид хурлын товыг мэдэгдээгүй байх тул энэ хурал үр дүнгүй хурал болох гээд байна гэв.

 

Хариуцагч Г.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т миний бие тус дүүргийн шүүхэд ирүүлсэн Х ХХК-ын надад холбогдуулан гаргасан 4,300,200 /дөрвөн сая гурван зуун мянга хоёр зуун/ төгрөгийн түрээсийн гэрээний маргаан бүхий иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Г.Т миний бие Х ХХК-ын Намянжүгийн гудамж, ******* тоот, Хос худалдааны төвийн хоёр давхарт байрлах олон үндэстэний хоолны газарт №12 павилоныг 2014 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн. 2015 оны Улсын баяр наадмаас хойш миний бие амаржих болсон тул өөрийн повилоноо ажилуулж чадаагүй бөгөөд 2015 оны 08-р сарын 12-ны өдөр төрсөн. 2015 оны Улсын баяр наадмаас хойш өөрийн нагац эгч Т.Ч-манд өөрийн павилоноо үлдээсэн боловч манай нагац эгч 2 cap ажилуулах гэж үзээд ашиггүй байсан тул би гэрээгээ 2015 оны 09-р сарын 20-ны өдөр цуцалсан. Иймд нэХж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Би 4,300,200 төгрөгнөөс 1,200,000 төгрөгийг Хос худалдааны төвд төлөхийг зөвшөрөнө. Бусдыг болон 1 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхгүй. 2014.9.1-ны өдрөөс эхлэн түрээсэлсэн. 2015 онд наадмаас хойш би амаржих болсон тул павилоноо ажиллуулах боломжгүй болсон. Улмаар нагац эгч Чд павилоноо үлдээсэн. Эгч 2 сар ажиллуулаад ашиггүй байгаа тул гэрээгээ цуцал гэсэн. Ингээд би Майдар захиралтай уулзаад павилоноо буцааж өгье гэхэд нурааж байгаа шинэ павилон өгнө гээд 2015.9.20-нд гэрээгээ цуцалсан. 9.1-ны өдрөөс гэрээгээ цуцлах талаар байнга хэлүүлдэг байсан. Шинэ павилон өгнө гэсэн тул нэхэмжлэгчийн агуулахад тоног төхөөрөмжөө хийсэн. Улмаар 9.20-с хойш Алтай захирлаас асуухад 10 сарын сүүлээр тоног төхөөрөмжөө ирж ав гэсэн. Шинэ павилон өгнө гэсэн яасан бэ гэхэд өөр үйл ажиллагаа явуулах болсон тул павилон өгөх боломжгүй гэсэн. Энэ үед Майдар захирал үлдэгдэл 1,200,000 төгрөгийг авахгүй гэж байсан. Тоног төхөөрмжөө авахад үлдэгдэл төлбөрөө нэхээгүй тул авахгүй юм байна гэж ойгосон. Гэтэл 2 жилийн дараа нэхэмжлэх ирсэн тул зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.9.1-нд хуулийн этгээд Хос худалдааны төвтэй гэрээ байгуулсан. Үүний дагуу 1,200,000 төгрөгийг Хос худалдааны төвтэй гэрээ байгуулсан тул төлнө. Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй. Учир нь үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй. Х ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 56.1-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байж болно. Мөнгөө Х ХХК гээд бэлнээр аваад байдаг. Энэ нь татвараас зугатаах арга байж болно. Түрээслэгч нартаа өөр этгээдтэй гэрээ байгуулсан гэсэн ойлголт төрүүлээд байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 3,620,000 төгрөг, алдангид 1,810,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 70,200 төгрөг, нийт 5,500,200 төгрөгнөөс барьцаа 1,200,000 төгрөгийг суутгаж 4,300,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Т нь би нэхэмжлэгч Х ХХК-тай гэрээ байгуулаагүй, харин Хос худалдааны төвтэй гэрээ байгуулсан тул Хос худалдааны төвд төлбөрийн үлдэгдэл 2,400,000 төгрөгнөөс барьцаа 1,200,000 төгрөгийг суутгуулаад үлдэх 1,200,000 төгрөгийг төлнө. Иймд Х ХХК-ний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Т нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо, Намъянжугийн гудамж, Их тойруу 155 тоот хаягт байрлах Хос худалдааны төвын 2 давхарын №12 дугаар павилоныг түрээслэх тухай гэрээ байгуулжээ. /хэргийн 5 дугаар тал/ Гэрээний удиртгал хэсэгт түрээслүүлэгч талыг Хос худалдааны төв гэсэн байна. Гэвч Хос худалдааны төв нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хэрэгт байгаа Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Дээрх түрээсийн гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 6-р хороо, Намъянжугийн гудамж, Их тойруу 155 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Д.Майдар, иргэн М.Орхон нарын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 89 дүгээр тал/ Улмаар өмчлөгч нар нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэх, эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгч Х ХХК-д олгосон болох нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зөвшөөрлөөр тогтоогдож байна. /хэргийн 91 дүгээр тал/ Хэдийгээр энэхүү зөвшөөрлыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу маргаж буй гэрээ байгуулагдсанаас хойш олгосон боловч эрх олгосон хэлцэлээ сүүлд баталгаажуулсан нь хууль зөрчсөн, бусдын хууль ёсны эрх ашигт харшилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд өмнө олгогдсон эрхээ сүүлд бичгэн хэлбэрээр баталгаажуулсан гэж үзлээ. Өөрөөр хэлбэл иргэн Д.М, иргэн М.О болон нэхэмжлэгч Х ХХК-ний хооронд дамжуулан түрээслэх эрхтэйгээр түрээсийн гэрээ байгуулаагүй, харин эзэмших эрхээ шилжүүлсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн буюу түрээсийн гэрээний харилцаанд оролцоогүй гэж маргасан боловч уг тайлбар нь хариуцагч талаас гаргасан 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2 ширхэг бэлэн мөнгөний орлогын баримтаар үгүйсгэгдэж байна. Учир нь уг баримтад Х ХХК гэж тэмдэг дарагдсан байгаа нь хариуцагчийг нэхэмжлэгч Х ХХК-д түрээсийн төлбөрийг төлж байсан, өөрөөр хэлбэл түрээслэгчийг Х ХХК гэж мэдэж байсан болох нь тогтоогдсон. Мөн хариуцагч нь шүүхэд гаргасан миний бие Х ХХК-ын Намянжүгийн гудамж, ******* тоот, Хос худалдааны төвийн хоёр давхарт байрлах олон үндэстэний хоолны газарт №12 павилоныг 2014 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн. гэх тайлбараар уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь нэхэмжлэгч Х ХХК-тэй байгуулсан гэрээний дагуу түрээсэлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсч, хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсжээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээний дагуу №12 дугаар павилоныг хариуцагч ашиглаж байсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд сарын түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөгөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын төлбөрийн үлдэгдэлд 420,000 төгрөг нэХсэн. Улмаар хариуцагчийг энэ хугацаанд 660,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Харин хариуцагч нь 07 дугаар сарын төлбөрийг бүрэн төлсөн гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг устгасан тул гаргах баримтгүй гэж тайлбарлаж байна. Үүнийг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Улмаар сарын 1,200,000 төгрөгний төлбөрөөс төлсөн 660,000 төгрөгийг хасвад 540,000 төгрөг үлдэх боловч нэхэмжлэгч нь 420,000 төгрөг нэХсэн. Ийнхүү төлбөрийг багасгасныг зохигчид улсын баяр наадамтай холбогдуулж тайлбарласан. Иймд хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 420,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Харин 2015 оны 08 болон 09 дүгээр сарын төлбөр нийт 2,400,000 /1,200,000*2/ төгрөгийг төлөөгүй талаар зохигч хэн аль маргаагүй бөгөөд үүнээс 1,200,000 төгрөгийг барьцаагаар барагдуулсан гэж тайлбарласан. Иймд энэ хугацаанд хариуцагч нь 1,200,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгосон гэж тайлбарласан бол хариуцагч нь 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болгосон гэж маргаж байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д хэрэв түрээслэгч түрээсийн гэрээг цуцлах бол 1 сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх талаар зохицуулсан байна. Хариуцагч нь цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн, үлдэгдэл төлбөрийг авахгүй тухай хэлсэн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй. Улмаар хариуцагч нь сүүлийн төлбөрийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч нь 09 дүгээр сарын төлбөрийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн зэргээс зохигчид гэрээг 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болгосон гэж үзэх боломжгүй байна. Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш шинээр олгох павилоны талаар асууж байсан гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй. Иймд зохигчид түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгосон гэж үзлээ. Үүнээс тооцвол хариуцагч нь 10 дугаар сарын төлбөрт 800,000 /1,200,000/30*20/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Эдгээрийг нэгтгэн тооцвол хариуцагч нь 2,420,000 /420,000+1,200,000+800,000/ төгрөгний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Гэрээний 1.8-д түрээслэгч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Гэрээг дуусгавар болгосон 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 510 хоног хэтэрсэн тул нийт 6,171,000 /2,420,000*0.5%*510/ төгрөгний алданги тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг 1,210,000 төгрөгөөр тоооцно. Иймд түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх төлбөр нь нийт 3,630,000 /2,420,000+1,210,000/ төгрөг байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар хариуцагч Г.Тийг эрэн сурвалжлуулсан болох Баянзүрх дүүрэг дахь цагдаагийн гуравдугаар хэлтэсийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  тоотоор тогтоогдож байна. Үүнийг нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор хариуцагчийг эрэн сурвалжлуулсан гэж үзэхээр байх бөгөөд эрэн сурвалжлагдсан талаар хариуцагч маргаагүй. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид нэмэлт зардал буюу 70,200 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 3,700,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.                   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Тээс түрээсийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3,700,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД