Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01630

 

 

 

 

2017 07 19

1630

 

 

 

Хэмжил ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01999 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Хэмжил ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Туяацэцэгт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 4 300 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Г.Туяацэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хэмжил ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Туяацэцэгтэй 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Энэ нь Хос худалдааны төвийн 2 давхрын 12 тоот олон үндэстний хоол хийх зориулалттай талбай юм. Түрээсийн нэг сарын төлбөр нь 1 200 000 төгрөг болно. Түрээслэгч Г.Туяацэцэг нь түрээсийн гэрээг 2015 оны 10 сарын сүүлээр цуцалж, түрээсийн байрнаас гарсан. Энэ үедээ дараах тооцоотой үлдсэн. Үүнд: 2015 оны 07 сарын түрээсийн үлдэгдэл 420 000 төгрөг, 2015 оны 08 сарын түрээс 1 200 000 төгрөг, 2015 оны 09 сарын түрээс 1 200 000 төгрөг, 2015 оны 10 сарын ашигласан хоногийн түрээс 800 000 төгрөг, нийт 3 620 000 төгрөг болно. Түрээсийн гэрээний 1.8 дахь заалтад түрээслэгч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Алданги нь 1 810 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Г.Туяацэцэгээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 620 000 төгрөг, алданги 1 810 000 төгрөг, эрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 5 500 200 төгрөгөөс барьцаанд үлдээсэн 1 200 000 төгрөгийг хасч 4 300 200 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Г.Туяацэцэгийн тайлбарт:  Г.Туяацэцэг миний бие Хэмжил ХХК-ийн Намянжүгийн гудамж, Их тойруу-155, Хос худалдааны төвийн хоёр давхарт байрлах олон үндэстний хоолны газарт 12 дугаартай павильоныг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн. 2015 оны Улсын баяр наадмаас хойш миний бие амаржих болсон тул өөрийн павилоноо ажиллуулж чадаагүй бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. 2015 оны Улсын баяр наадмаас хойш өөрийн нагац эгч Т.Чагцалдуламд өөрийн павильоноо үлдээсэн боловч манай нагац эгч хоёр сар ажиллуулах гэж үзээд ашиггүй байсан тул би гэрээгээ 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан. 2015 оны 07 дугаар сарын 420 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 1 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн талбайг хүлээлгээд өгсөн учраас 09 дүгээр сарыг дуустал нэхэмжилж байгаа түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. 09 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол 2 420 000 төгрөг төлөх байсан. Барьцаанд өгсөн 1 200 000 төгрөгийг хасч тооцвол түрээсийн төлбөр 1 220 000 төгрөг болно. Үүнээс алданги тооцох юм бол 50 хувиас хэтрэхгүй гэдэг үндэслэлээр 1 210 000 төгрөг төлөх үндэслэлтэй. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 08 дугаар сарын түрээсийн төлбөрт 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг. 1 080 000 төгрөгийн түрээсийн үлдэгдэл байна. Гэхдээ танайх ашиггүй байрлалд байсан учраас түрээсийн төлбөрийг авахгүй гэдэг байдлаар асуудлыг шийдсэн. Тухайн хөрөнгө нь Д.Майдар, М.Орхон гэдэг хүний өмч болох нь тогтоогддог. Гэрээ байгуулах эрх Хэмжил ХХК-д олгоогүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгч нь итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлдөг. Итгэмжлэл хугацаатай, нотариатаар батлуулсан байх ёстой. Итгэмжлэлгүй байгаа байдал нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Үл хөдлөх хөрөнгийн хувьд энэ хэлцэл хэрхэн хүчин төгөлдөр болох вэ гэхээр тухайн түрээсийн гэрээг нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж байж хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй хэлцэл байгаа. Тухайн талбай бүхэлдээ 165 тоот буюу 590 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Энэ хүрээндээ зохих зөвшөөрлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээд явах үндэстэй байсан. Энэ үндэслэлээр алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэгэнт тухайн павильоныг ашиглаад явсан гэдэг үүднээс ашигласан хугацааны төлбөрийг төлөх үндэслэл байгаа боловч Д.Майдар гэдэг хүн өөрөө энэ төлбөрийг авахгүй гэж тохиролцсон. Хэмжил ХХК нь төлөөлөх эрхгүй учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэмжил ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Туяацэцэгт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 4 300 200 /дөрвөн сая гурван зуун мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хэмжил ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 46.8 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Хэмжил ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Хэмжил ХХК давж заалдах гомдолдоо: Хариуцагч Г.Туяацэцэг болон түүний гэрч нь түрээсийн гэрээг 2017 оны 09 сарын 20-ны өдөр цуцалсан гэж тайлбарлаж, гэрчилдэг. Нэхэмжлэгч тал 2017 оны 10 сарын 20-ны өдөр гэрээг цуцалсан гэж маргадаг. Ингэснээр талуудын хооронд 1 сарын түрээсийн зөрүү 1 200 000 төгрөгийн маргаан үүссэн. Үүн дээр нэмэгдээд алдангийн тооцоо байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Туяацэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, түүний шүүх хуралдаанд оролцуулсан гэрчийн мэдүүлэг зэргээр 2015 оны 07 сарын түрээсийн үлдэгдэл 420 000 төгрөг, 08 сарын түрээс 1 200 000 төгрөг, 9 сарын 20 хоногийн түрээс 800 000 төгрөг, нийт 2 420 000 төгрөгийг төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин 2017 оны 09 сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны өдөр хүртэлх 1 сарын 1 200 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Г.Туяацэцэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлээд байна. Анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ
"Хос" худалдааны төв, иргэн Г.Туяацэцэг нар нь
281 дугаартай "Ажлын байр түрээслэх гэрээ"-г байгуулжээ гэж дүгнэсэн байна. Гэрээ байгуулсан менежер Сүнрэв овогтой Төмөрсүх гэдэг хүний нэр болон түүний гэрээнд зурсан гарын үсэг, мөн гэрээнд дарагдсан "Хэмжил" ХХК-ийн тамга, дардасны талаар огт дурдаагүй. Мөн хариуцагч Г.Туяацэцэг нь гэрээний дагуу "Хос" худалдааны төвийн 2 дугаар давхрын 12 тоот павилоныг ашиглаж байсан хугацааны төлбөрийг төлөх үүргийг "Хос" худалдааны төвийн өмнө хүлээсэн байх бөгөөд уг гэрээний үүргийг нэхэмжлэгч "Хэмжил" ХХК нэхэмжлэх эрхгүй гэжээ. "Хос" худалдааны төвийн павилоныг хариуцагч ашиглаж байжээ гэж зөв дүгнэсэн хэрнээ төлбөр төлөх үүргийг амьгүй субъектийн өмнө хүлээлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, амьгүй эд зүйл болох "Хос" худалдааны төв нэртэй барилга өөрийгөө ашигласны төлбөрийг Г.Туяацэцэгээс нэхэмжлэх эрхтэй, харин уг амьгүй эд зүйл болох барилгын өмчлөгч болох иргэн Д.Майдар, түүний хүү М.Орхон нар эдгээр өмчлөгч нараас эзэмших, бусдад түрээслэх эрх авсан "Хэмжил" ХХК /Компанийн дүрэм, гэрчилгээнд зааснаар нэг гишүүнтэй, тэр нь Д.Майдар. Гэрээ байгуулах үед захирал байсан. 2017 онд эхнэр Ц.Алтанцэцэгийг гүйцэтгэх захирлаар томилсон/ нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн. "Хос" худалдааны төвийн өмчлөгч Д.Майдар, М.Орхон нар, эзэмшигч "Хэмжил" ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч Д.Майдар, гүйцэтгэх захирал Ц.Алтанцэцэг нар нь хариуцагч Г.Туяацэцэгтэй байгуулсан ажлын байр түрээслэх гэрээнд гарын үсэг зурсан менежер Сүнрэв овогтой Төмөрсүхийг "Хэмжил" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж огт маргаагүй, гэрээ байгуулах эрх олгоогүй гэж огт маргаагүй, гарын үсэг нь биш гэж огт маргаагүй, манай "Хэмжил" ХХК-ийн тамганы дардас биш гэж огт маргаагүй. Харин ч эсрэгээр гэрээ байгуулсан нь манай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа гэж бүрэн дэмжсэн. Мөн хариуцагч Г.Туяацэцэгийн түрээсийн төлбөрөө төлж байсан буюу төлбөр мөнгийг хүлээн авч байсан бэлэн мөнгөний кассын орлогын баримт болох "Хэмжил" ХХК-ийн санхүүгийн баримтыг шүүх үнэлээгүй. Энэ бол Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан чухал нотлох баримт болно. Иймд манай гомдлыг хянан үзэж, шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Хэмжил ХХК нь хариуцагч Г.Туяацэцэгт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4 300 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Туяацэцэг нь Хос худалдааны төвтэй 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Намъянжугийн гудамж, 155-д байрлах Хос худалдааны төвийн 2 давхрын 12 тоот павилоныг 2 жилийн хугацаатай түрээслэхээр, түрээсийн төлбөрт сар бүр 1 200 000 төгрөг төлөхөөр тохиролцож, ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан байна.

 

Уг ажлын байр түрээслэх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Д.Майдар, М.Орхон нарын өмчлөлд бүртгэлтэй гэсэн баримт хэргийн 89 дүгээр талд авагдсан байх бөгөөд шүүх нэхэмжлэгч Хэмжил ХХК-ийг Хос худалдааны төв, Г.Туяацэцэг нарын хооронд байгуулагдсан ажлын байр түрээслэх гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зөвшөөрөл гэх баримтад Хэмжил ХХК-ийг ... хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрлөөр түрээслэгч нартай гэрээ байгуулж, төлбөрийг авч байсан ... болохыг баталсан гэх агуулга тусгагдсан байх тул уг баримтаар нэхэмжлэгчийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 281 тоот ажлын байр түрээслэх гэрээний нэг тал гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч Хэмжил ХХК нь Хос худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг байх нь Хос худалдааны төв, Г.Туяацэцэг нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах эрхийг үүсгэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэмжил ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Туяацэцэгт холбогдох 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 800 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ