Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00250

 

“Хэмжил” ХХК, Д , М  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02055 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2029 дүгээр магадлалтай,

    “Хэмжил” ХХК, Д , М  нарын нэхэмжлэлтэй,

             Г т холбогдох

       Гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 4,300,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Г , хариуцагчийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Хэмжил” ХХК нь Г тэй ажлын байр түрээслэх 281 дугаартай гэрээ байгуулж, сарын 1,200,000.00 төгрөгөөр 2014 оны 9 сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай байхаар тохиролцсон бөгөөд түрээслэгч нь гэрээг 2015 оны 10 сарын сүүлээр цуцалж байрнаас гарсан. Түрээсийн үлдэгдэл төлбөр 3,620,000.00 төгрөг, алдангид 1,810,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөг, нийт 5,500,200.00 төгрөг, үүнээс барьцаанд үлдээсэн 1,200,000.00  төгрөгийг хасч, 4,300,200.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагчийн хувьд төлбөрийн асуудлыг нэхэмжлэгч Д тай тохиролцсон гэж ярьдаг. Түрээсийн зүйл нь Д , М  нарын өмч бөгөөд “Хэмжил” ХХК-д уг эд хөрөнгөө түрээслүүлэх эрх олгосон тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “Хос худалдааны төв”-тэй түрээсийн гэрээ байгуулсан боловч сүүлд түрээслүүлэгч нь “Хэмжил” ХХК гэдгийг мэдсэн. Тус компанийн павилоныг 2014 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн. 2015 оны наадмаас хойш эгч Т.Чанцалдуламд павилоныг үлдээсэн боловч 2 сар ажиллуулах гэж үзээд ашиггүй байна гэсэн. Би 2015 оны 8 сарын 12-ны өдөр хүүхдээ төрүүлсэн учир гэрээгээ 2015 оны 9 сарын 20-ны өдөр цуцалж, нэхэмжлэгчийн агуулахад тоног төхөөрөмжөө хийж, 2015 оны 10 сарын сүүлчээр буцаан авахад үлдэгдэл төлбөр нэхээгүй тул Д тай ойлголцсон гэж бодсон. Нэхэмжилж буй 4,300,200.00 төгрөгөөс 1,200,000.00 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02055 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан, хариуцагч Г ээс 2,500,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,753 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 47 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 54,953.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2029 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ээс гэрээний үүрэгт 2,100,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,199,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “48,550” гэснийг “50,147” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/02055 дугаартай шийдвэрийг 1,800,000 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2029 дугаартай магадлалыг 2,199,800 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэг бодит зүйлийг анхаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г  нь “2015 оны 7 сард төрөх гээд явлаа” гэсэн, “2015 оны 08 сарын 12-ны өдөр хүүхэд төрүүлсэн” гэх үйл баримт тогтоогджээ. Хариуцагч эд зүйлээ хүлээн авч, ажлын байрыг чөлөөлсөн 2015 оны 09 сарын 20-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ” хэмээн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. “Төрөх” гэж байгаа хүн ажил хийх боломжгүйг бид мэднэ, 7 сард явлаа гэж хэлснийг, Г  нь “2015 оны 08 сарын 12-ны өдөр хүүхэд төрүүлсэн” байж болно, бид энэ тухай сонссон байж болно. Энэ чинь гэрээ цуцална гэсэн үг биш. Яагаад гэвэл явахдаа биднээс зөвшөөрөл аван Г  нь павильоноо 2015 оны 07 сараас эхлэн өөрийн нагац эгч Т.Чагцалдуламд хариуцуулан үргэлжлүүлэн ажиллуулсан. /Г ийн анхны тайлбар ХХ-27 тал/, /Г ийн мэдүүлэг XX-76 тал/. Мөн эгч Т.Чагцалдулам миний павильоныг хүлээлгэж өгсөн зүйлгүй. Би өөрөө ирж гэрээ цуцалсан. /Г ийн мэдүүлэг XX-77 тал/, 2015 оны 10 сарын 20-нд ирж тоног төхөөрөмжөө авсан /Г ийн мэдүүлэг XX-78 тал/, Г  нь өөрийн тоног төхөөрөмжөө 2015 оны 10 сарын сүүлээр хүлээн авснаа зөвшөөрдөг. /Г ийн тайлбар ХХ-73 дахь тал,/ түүнийг тоног төхөөрөмжөө 2015 оны 10 сарын сүүлээр авсан болох өөрөө дахин хүлээн зөвшөөрсөн болохыг баталгаажуулсан ярианы баримт /ХХ-75 дахь тал/ гэх мэт олон удаагийн мэдүүлэг байхад шүүх үнэлсэнгүй. Мөн Г ийн нагац эгч Т.Чагцалдулам шүүхэд гэрчлэхдээ “Би 2015 оны 7 сарын сүүл 8 сарын эхээр Г ийн павильоныг 09 сарын 20-д хүртэл хариуцан ажиллуулж, төлбөрийг бага багаар төлж байсан” /XX-101 тал/, 2015 оны 9 сарын дундуур Майдар захиралтай уулзаж, павильоноо өгье гэж хэлсэн” /ХХ-100 дахь тал/ гэж гэрчилж байхад шүүх үнэлсэнгүй. Г  нь ашигтай ажлын байраа хадгалан биднээс зөвшөөрөл аван эгчдээ түр хугацаагаар хариуцуулан ажиллуулсныг бид буруутгахгүй. Ингэлээ гэж бид гэрээ цуцлаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх “түрээслэгч “жирэмсэн болсон, төрөхөөр явснаа хэлсэн, хүүхэд төрүүлсэн” байна. Үүнийг та нар “гэрээ цуцалсан мэдэгдэл гэж ойлгох нь зөв” гэсэн дүгнэлт гаргасан. Мөн “хариуцагч нь гэрээ цуцлахыг бичгээр мэдэгдсэн баримтгүй... гэхдээ хариуцагч эд зүйлээ хүлээн авч, ажлын байрыг чөлөөлсөн 2015 оны 09 сарын 20-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ” гэжээ. Шууд хүрч ирээд гэрээ цуцалж болно. Юмаа аваад ажлын байрыг хаяад явж болно. гэсэн байна. Ингэснээр шүүх “талуудын хооронд гэрээний чөлөөт байдлын зарчмаар тохиролцсон гэрээний 3.6 дахь заалт огт хамаагүй гэсэн шийдвэр гаргалаа. Улмаар шүүх Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчмуудыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх, нотлох баримтыг тал бүрээс үнэлэх гэх мэт хуулийн заалтуудыг хэрэглэсэнгүй. Иймд дээр дурдсан гомдол, түүний үндэслэлийг хянан үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан манай нэхэмжилсэн 4,300,200 төгрөгөөс хангаагүй үлдсэн 2,199,800 төгрөгийг хариуцагчаар нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2029 тоот дугаар магадлалын зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Хариуцагч би “Хэмжил” ХХК-д төлөх ёстой 2015 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 420,000 төгрөг, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70,200 төгрөгийг зөвшөөрч байгаа боловч миний өмнө нь өгсөн барьцааны 1,200,000 төгрөгийг яагаад өнөөдөр тооцооноос хасаж байгааг ойлгохгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал барьцааны мөнгийг аль 2014 онд гэрээний 3.4-т заасны дагуу өөрийн дансандаа авсан, тэгээд гэрээний 1.7-д заасны дагуу төлөөгүй түрээсийг суутган авсан буюу 2015 оны 7 дугаар сарын үлдэгдэл 420,000 төгрөг мөн 8 дугаар сарын төлбөр 1,200,000 төгрөгөөс 780,000 төгрөгийг тус тус суутган авсан байтал шүүх огт авч хэлэлцэлгүй буруу тооцоолол хийсэнд гомдолтой байна. Хэрэв шүүх зөв тооцоолол хийсэн бол нэхэмжлэгчийн яриад байгаа 2015 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр тухайн үедээ барьцааны мөнгөнөөс төлөгдөөд надад зөвхөн 8 дугаар сарын үлдэгдэл төлбөр 420,000 төгрөг л үлдэх байсан. Энэ мөнгийг гэрээнд заасан алданги 210,000 төгрөгийн хамт нийт түрээсийн үлдэгдэл төлбөрт 630,000 төгрөг төлөх нь шударга ёсонд нийцэх байсан. 2015 оны 9 дүгээр сард огт үйл ажиллагаа явуулаагүй байхад яагаад 20 өдрийн түрээсийн төлбөр 800,000 төгрөг нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Учир нь аль 7 сард нь төрөх дөхсөн учир эгчдээ хариуцуулан үлдээж яваад, 9 сард гэрээ цуцлахаа мэдэгдэн огт үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 9 сарын 20-нд тоног төхөөрөмжөө авсан байхад түрээсийн үйл ажиллагаа явуулж орлого олсон гэж үзээд түрээсийн төлбөр нэхэх нь утгагүй юм. Иймд нотлох баримтыг дутуу үнэлж, буруу тооцоолол хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2,100,200 төгрөгөөс 1,400,000 төгрөгийг хасаж 700,200 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Хэмжил” ХХК нь хариуцагч Г т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3,620,000.00 төгрөг, алданги 1,810,000.00 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад зарцуулсан зардал 70,200.00 төгрөг, нийт 5,500,200.00 төгрөгөөс  барьцааны 1,200,000.00  төгрөгийг хасч, 4,300,200.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д , М  нар хамтран нэхэмжлэгчээр оролцсон байна.

Хариуцагч нь “...1,200,000.00 төгрөгийг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй” гэж, түүний өмгөөлөгч нь “түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлага хангаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан байна.

Г  нь 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Намянжүгийн гудамж Их тойруу 155 тоот хаягт байрлах “Хос худалдааны төв”-ийн 2 дугаар давхрын 12 дугаар павильоныг түрээслэх тухай гэрээ байгуулж, сарын төлбөрийг 1,200,000 төгрөгөөр тохиролцжээ. Гэрээнд, түрээслүүлэгч талыг “Хос худалдааны төв” гэсэн боловч хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдсон, дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Д , М  нарын өмч, “Хэмжил” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Д  бөгөөд түрээслэх, эзэмших, ашиглах эрхийг “Хэмжил” ХХК-д олгосон болох нь хэрэгт авагдсан 000590255 дугаартай гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зөвшөөрөл зэргээр тогтоогдож байна.

“Хос худалдааны төв” түрээслүүлэгч талыг төлөөлж гэрээ байгуулсан байх боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан түрээсийн гэрээний талуудаар “Хэмжил” ХХК, Г  нарыг тодорхойлсон нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн хариуцагч Г ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хоёр шатны шүүх хангасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцсэн байна.

Харин зохигчдын хооронд байгуулагдсан “Ажлын байр түрээслэх гэрээ”-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасан үндэслэлээр эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм. 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр гурван этгээд оролцсон байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас гаргуулах төлбөрийг нэг нэхэмжлэгчид олгож, үлдэх 2 нэхэмжлэгчийг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулалгүйгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох худалдааны төвийн 2 давхарт байрлах №12 тоот павильон нь улсын бүртгэлд бүртгэлтэй тусдаа үл хөдлөх эд хөрөнгө биш тул энэ маргаанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм. 

Зохигчид гэрээ дуусгавар болсон хугацааны талаар маргаж, хоёр шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байрыг чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, гэрээний 3.6-д гэрээг цуцлахыг хүсвэл саналаа нөгөө талд 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхгүй тухай дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэнгүй.  

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээ цуцлах мэдэгдлийг нэг сарын өмнө бичгээр өгөөгүй тул 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.6 дахь нөхцөлийг заасан байна.

Хариуцагч Г  нь гэрээний зүйлийг ашиглах боломжгүй болсон буюу 2015 оны 8 дугаар сард амаржих талаар захирал Д т мэдэгдсэн ба 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүүхэд төрүүлсэн, эгч Т.Чанцалдуламд павильоноо үлдээсэн боловч ашиггүй байна гээд 2015 оны 09 сарын 20-ны өдөр гэрээгээ цуцалж, тоног төхөөрөмжөө агуулахад хийж, 10 сарын сүүлээр авсан гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 3.6-д “...гэрээг цуцлахыг хүсвэл саналаа нөгөө талд цуцлахаас 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх”-ээр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т нийцсэн бөгөөд түрээслэгч Г  нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгсөн баримт хэрэгт авагдаагүй байна.          

Түрээсийн гэрээний 1.8-д заасан алдангийн заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн, хариуцагч үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 3,620,000.00 төгрөг, алданги 1,810,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөг, нийт 5,500,200.00 төгрөгөөс  Г ээс барьцаанд тавьсан 1,200,000.00 төгрөгийг хасч, үлдэх 4,300,200.00 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Хэмжил” ХХК-д олгож, нэхэмжлэгч Д , М  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2029 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/02055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ээс 4,300,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-д олгож, Д , М  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “54,953.2 төгрөгийг” гэснийг “83,753.2” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 46,950.00 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Г ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750.00 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН