Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01034

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч СИГ ХХК-д холбогдох

26 841 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр СИГ ХХК-тай СА-02/32 тоот “Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр үйлчилгээний талбайг 2017 оны 1 дүгээр улирал дотор багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл уг барилга ашиглалтанд ороогүй. Иймд миний бие уг үйлчилгээний талбай ашиглалтанд орох хугацаа хэтэрсэн тул СИГ ХХК-ийн захирал Б.Энхбаттай уулзан гэрээг цуцлах санал тавьсан. Үйлчилгээний талбайн захиалгын гэрээний 3.2.10-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор заасны дагуу алдангийг тооцон үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 240 хоног буюу 26 400 000 төгрөг /37 000 000*0.3%/, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 60 хоног 5 222 000 төгрөг /29 000 000*0.3%/, 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 7 хоног буюу 406 800 төгрөг /22 600 000*0.3%/, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 28 хоног буюу 1 596 000 төгрөг /19 000 000*0.3%/, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 24 хоног буюу 1 008 000 төгрөг /14 000 000*0,3%/, 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 4 хоног буюу 132 000 төгрөг /11 000 000*0.3%/, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 11 хоног буюу 297 000 төгрөг /9 000 000*0.3%/, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 23 хоног буюу 483 000 төгрөг /7 000 000*0.3%/ нийт гэрээний алданги 35 544 800 төгрөг болно.

СИГ ХХК-ийн захирал Б.Энхбаттай уулзан 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр харилцан тохиролцож гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийг баталсан. Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба уг гэрээг байгуулснаас хойш хуваарьт өдрүүдийг хариуцагч Б.Энхбат нь удаа дараа хэтрүүлэн гэрээний төлбөр болох 37 000 000 төгрөгийг нийт 10 удаа цувуулан төлсөн. Уг гэрээний төлбөрийн буцаан олгох хуваарийн дагуу төлсөн төлбөр болон алдангийг дараах байдлаар тооцон үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлөх 8 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төлөх 10 000 000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 6 400 000 төгрөг төлж, 7 хоногоор хэтрүүлж 1 015 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 3 600 000 төгрөг төлж 7 хоногоор хэтрүүлж 791 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлөх 10 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 5 000 000 төгрөг төлж 6 хоногоор хэтрүүлж 570 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг төлж 55 хоногоор хэтрүүлж 3 850 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлөх 9 000 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сасрын 4-ний өдөр 3 000 000 төгрөг төлж 4 хоногоор хэтрүүлж 200 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөг төлж 11 хоногоор хэтрүүлж 385 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 2 000 000 төгрөг төлж 23 хоногоор хэтрүүлж 575 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг төлж, 47 хоногоор хэтрүүлж 705 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг төлж 50 хоногоор хэтрүүлж 250 000 төгрөг нийт 8 341 000 төгрөг болж байна.

Хэрэв нэхэмжлэгч уг үйлчилгээний талбайн захиалгын гэрээний төлбөр 37 000 000 төгрөгийг 2017, 2018 онд банкны хадгаламжинд хадгалуулсан бол жилийн дундаж хүү тухайн үед 13 хувь байсан бөгөөд олох ёстой орлого болох нэг сарын 1.08 хувийн хүүтэй хадгалах боломжтой байсан. Энэхүү гэрээгэээр тохиролцсон үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх хугацаа болох 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл буюу гэрээний төлбөр 37 000 000 төгрөгийг төлж дууссан 1 жил 6 capын хугацаанд олох байсан хүүгийн орлого 7 215 000 төгрөг байх боломжтой байна.

СИГ ХХК-тай үйлчилгээний талбайн захиалгын гэрээг байгуулаагүй бол бусад үйлчилгээтэй орон сууцанд талбай захиалан, гэрээгээр тохиролцсон хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан бол сард дунджаар 700 000 төгрөгийн орлого олж, нийт  дунджаар 12 600 000 төгрөгийг олох ёстой байлаа.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 232.7 дах хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон үнийн дүнгийн алдангид 18 500 000 төгрөг, мөн төлбөрийг буцаан олгох хуваарийн алдангид 8 341 000 төгрөг нийт 26 841 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ”СИГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б-гийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийг манай байгууллагын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СИГ ХХК-иас бүгд 26 841 000/хорин зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн 2019 оны 01-р сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 616 төгрөгөөс 292 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1461 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх гэрээ болон анз тогтоож байгаа хэлцэл нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт заасныг хэрэглээгүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар зөвлөмжинд гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг гэж заасан. Өөрөөр  хэлбэл, хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс 37 000 000 төгрөг авч 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ашигласны хариуцлагыг нэхэмжлэгч гэрээнд анз буюу алданги хэлбэрээр оруулж өгснийг шүүх үнэлээгүй.

Хариуцагчид өгсөн 37 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөөгүйгээс ийм хохирол учирсан гэдгийг тодорхойлж чадахгүй байсан учир талууд анхнаасаа гэрээнд үүргээ гүйцэтгэхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон тохиролцоог шүүх үнэлээгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй, анз шаардах эрхтэй гэрээ байхад шүүх огт үнэлээгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйл бол үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал болох хоёр талын үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг зохицуулсан зохицуулалт юм. Гэтэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй бол түүний төлөө мөнгөн төлбөр төлөхөөр талууд тохиролцсон тохиролцоог анхан шатны шүүхээс үнэлээгүй. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр хариуцагч СИГ ХХК нь үйлчилгээний талбайг түүний хөрөнгөөр барьж, нэхэмжлэгч Д.Б- энэхүү үйлчилгээний талбайг барих зардалыг төлөх үүрэг хүлээж байгаа. Харин 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр талуудын хооронд хийсэн хэлцэл нь “СИГ” ХХК нь Д.Б-гаас авсан мөнгөө тохирсон хугацааны дотор буцаан төлөх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч Д.Б- хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол алданги авах эрхтэй байхаар харилцан тохиролцсон хэлцэлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй байхад шүүх гаргуулахаар  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн өмгөөлөгч “хариуцагч талаас алданги төлөх байж болно. Гэхдээ гэрээ цуцалбал нийт үнийн дүнгийн 20 хувийн буцааж авах тухай заасан” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч алданги төлөх үүргээ хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх үнэлээгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд буюу зохигчид анх гэрээ байгуулахдаа анз тохиролцсон мөн нэмэлт гэрээнд бас анзын зохицуулалт орсон байтал анхан шатны шүүх үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч СИГ ХХК-д холбогдуулан алданид 26 841 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан СА-02/32 тоот “Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ”-гээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, CIVIL APARTMENT үйлчилгээний орон сууцны барилгын 2 давхарын 32.17 м.кв талбайг худалдан авагчид 2017 оны 1 дүгээр улирал дотор хүлээлгэн өгөх, гэрээ байгуулагдсан талбайн үнэд 37 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллага орон сууцны 32.17 м.кв талбайг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул талууд 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр СА-02/32 тоот гэрээний төлбөр болох 37 000 000 төгрөгийг буцаан олгох талаар тохиролцон, төлбөр төлөх хуваарь гарган хэлцэл хийж бичгээр баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 6-11 дүгээр тал/

Дээрх хэлцлийг анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагавар учир алданги тооцох үндэслэлгүй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Талууд гэрээнээс татгалзсаны үр дагаварт өгсөн, авсан зүйлээ буцаах, уг үүргээ биелүүлэх хугацаа тогтоох, биелүүлэхгүй бол анз тооцох талаар тохиролцсон хэлцэл хийхийг хуулиар хориглоогүй болно.

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар уг хэлцлийг бичгээр хийж, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөрийн үлдэгдэл 29 000 000 төгрөгийг 3 хувааж төлөх, хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр гарын үсэг зуржээ. /хэргийн 13 дугаар тал/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талууд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч хугацаандаа үүргээ гүйцэтгэж төлбөрөө төлөөгүйгээс төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Б-гийн ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 39-49 дүгээр тал/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа алданги тооцож болох нөхцлийн талаар, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулсан байх талаар заасан.

Тиймээс 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн гэрээний төлбөрийг буцаан олгох тухай хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу талуудын тохиролцсон хуваарийн дагуу тооцоход 4 000 000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг 55 хоногоор хэтэрсэн бөгөөд үүний алдангид 3 850 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ нь зөрчигдсөн үүрэг 50 хувиас хэтрэх ёсгүй тул 4 000 000 төгрөгт ногдох алдангийг 2 000 000 төгрөгөөр тооцож, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны алдангид 6 491 000 төгрөг /1 015 000+791 000+570 000+2 000 000+200 000+385 000+575 000+705 000+250 000/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 350 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч СИГ ХХК-иас 6 491 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “...гаргуулан...” гэснийг “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 806 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 155  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                     ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                          Д.БАЙГАЛМАА