Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 00717

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                                         

Нэхэмжлэгч: Д.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК/РД: /-д холбогдох,

 

26 841 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал, харуицагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”

Талуудын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ”-ний 3.2.10-т “Худалдагч гэрээнд зааснаар үйлчилгээний талбайг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцон авах эрхтэй.”

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Үйлчилгээний талбайн захиалгын гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийн дагуу “Гэрээний төлбөрөө төлөхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцов” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Д.Б миний бие 2016 оны 08 сарын 16-ны өдөр “С” ХХК-тай СА-02/32 тоот “Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ”-г байгуулсан.

Тус гэрээгээр үйлчилгээний талбайг 2017 оны 1-р улирал дотор багтаан хүлээлгэн өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл уг CIVIL APARTMENT үйлчилгээний орон сууцны барилга ашиглалтад ороогүй байна. Тиймээс нэхэмжлэгч миний бие уг үйлчилгээний талбай ашиглалтад орох хугацаа нь аль эрт хэтэрсэн тул “С” ХХК-ийн захирал Б.Энхбаттай уулзан гэрээг цуцлах санал тавьсан.

Үйлчилгээний талбайн захиалга гэрээний 3.2.10-т “Худалдагч гэрээнд зааснаар үйлчилгээний талбайг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авагч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцон авах эрхтэй.” гэж заасан байдаг. Үүний дагуу алдангийг дараах байдлаар тооцон үзэхэд нийт гэрээний алданги 35 544 800 төгрөг болж байна.

Он Cap Өдөр

Хэтэрсэн

хоног

Алдангийн

дүн

2017.11.31

240

26 400 000= 37 000 000*0,3%

2018.01.30

60

5 222 000=29 000 000*0,3%

2018.02.06

7

406 800 = 22 600 000*0,3%

2018.03.06

28

1 596 000= 19 000 000*0,3%

2018.04.30

24

1 008 000=14 000 000*0,3%

2018.05.04

4

132 000=11 000 000*0,3%

2018.05.15

11

297 000 =9 000 000*0,3%

2018.06.07

23

483 000 =7 000 000*0,3%

“С” ХХК-ийн захирал Б.Энхбаттай уулзан 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр харилцан тохиролцож Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийг батласан.

“Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийн дагуу” төлбөрөө төлөхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба уг гэрээг байгуулснаас хойш хуваарьт өдрүүдийг хариуцагч Б.Энхбат нь удаа дараа хэтрүүлэн гэрээний төлбөр болох 37 000 000 төгрөгийг нийт 10 удаа цувуулан төлсөн. Уг гэрээний төлбөрийн буцаан олгох хуваарийн дагуу төлсөн төлбөр болон алдангийг дараах байдлаар тооцон үзэхэд алданги нь 8 341 000 төгрөг болж байна:

Хуваарьт

өдөр

Төлөх дүн

Төлбөр төлсөн өдөр

Төлсөн

төлбөр

 

Хэтэрсэн

хоног

Алдангийн дүн

2017.11-12

8 000 000

2017.11-12

8 000 000

0

0

2018.01.23

10 000 000

2018.01.30

6 400 000

7

1 015 000

2018.02.06

3 600 000

7

791 000

2018.02.28

10 000 000

2018.03.06

5 000 000

6

570 000

2018.04.30

4 000 000

55

3 850 000

2018.03.30

9 000 000

2018.05.04

3 000 000

4

200 000

2018.05.15

2 000 000

11

385 000

2018.06.07

2 000 000

23

575 000

2018.07.24

2 000 000

47

705 000

2018.09.12

1 000 000

50

250 000

Хэрэв нэхэмжлэгч миний бие уг “Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ”-ний төлбөр болох 37 000 000 төгрөгийг 2017 болон 2018 онд дурын банкны хадгамжинд хадгалуулсан бол, жилийн дундаж хүү тухайн үед 13 хувь байсан бөгөөд олох ёстой орлого болох нэг сарын 1.08 хувийн хүүтэй хадгалах боломжтой байсан. Энэхүү гэрээгэээр тохиролцсон үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх хугацаа болох 2017 оны 4 сарын 1-нээс 2018 оны 9 сарын 12 хүртэлх буюу гэрээний төлбөр 37 000 000 төгрөгийг төлж дууссан хугацаа юм. Нийт энэ нь 1 жил 6 cap ба энэ хугацаанд олох ёстой байсан хүүгийн орлого 7 215 000 төгрөг байх боломжтой байна.

“С” ХХК-тай “Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ”-г байгуулаагүй бол бусад үйлчилгээтэй орон сууцанд үйлчилгээний талбай захиалан, гэрээгээр тохиролцсон хугацаанд хүлээн авч үйл ажиллагаагаа явуулсан бол сард дунджаар 700 000 төгрөгийн орлого олох байсан. Нийт дунджаар 12 600 000 төгрөгийг олох ёстой байлаа.

“Иргэний хуулийн” 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн хуулийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу гэрээгээр тохиролцсон алданги авах эрхээ алдаагүй тул гэрээгээр гүйцэтгэхээр тохиролцсон үнийн дүнгийн алданги болох 18 500 000 төгрөг, мөн гэрээний төлбөрийн буцаан олгох хуваарийн алданги болох 8 341 000 төгрөг нийт 26 841 000 төгрөгийг С ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.

“С” ХХК-иас “Үйлчилгээний талбайн захиалгын” гэрээний үнийн дүнгийн алданги 18 500 000 төгрөг. Мөн гэрээний төлбөрийн буцаан олгох хуваарийн алданги болох 8 341 000 төгрөг, 26 841 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 155 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Бгийн өмгөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас тайлбартаа нэг төлбөр дээр 2 удаа алданги тооцож байна гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 2 өөр харилцаа явагдаж байгаа. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл анх Иргэний хуулийн 350-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа явагдаж байгаа юм. Энэ эрхийн дагуу 18,500,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. 2-рт үүрэг дуусгавар болж байгаа өөр үүрэгт шилжиж байна гэж байна. Тооцооллын дагуу мөн үүргээ зөрчсөн байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр н.Энхбат, Д.Б нар гэрээ хийсэн байгаа бөгөөд 8,0000,000 төгрөг төлнө гээд бичсэн байгаа. Нэхэмжлэл дээр ч мөн 2017 оны 11-12-р сард 8,000,000 төгрөг төлсөнөөр алданги тооцож нэхэмжлээгүй. Харин 01 сарын 13-ны өдрөөс нэхэмжилсэн. Иргэний хуулийн 236.1.3-т заасныг хариуцагч дурдаж байна. Хэдийгээр барилга барьж өгөх үүрэг дуусгавар болсон хэдий ч үүргийн гүйцэтгэл хангах буюу анз тооцох үүрэг хэвээр хадгалагдаж байгаа юм. Учир нь хариуцагч үүргээ гүйцэтгэж чадаагүй бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй ашигласан бөгөөд үүний төлбөр болгож анзыг гэрээгээр тогтоож өгсөн байгаа. Нэг л удаа анз тооцох ёстой гэж гэсэн тийм биш 2 өөр харилцаа юм. Иргэний хуулийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэсэн байгаа. Хариуцагч гэрээгээр хүлээсэн 2 үүргээ хүлээгээгүй учраас үүнийг нэхэмжилж байгаа. Тийм учраас шүүх гэрээгээ хүлээсэн тус үүргийг салгаж шүүхийн шийдвэртэй тусгаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Хариуцагч “С” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Д.Бгийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийг манай байгууллагын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.” гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч М.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуульд зааснаар талууд хүсэл зоригоо шинээр илэрхийлсэн нөхцөл боломж үүссэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Талуудын хүсэл зоригийг сонсгохын тулд би н.Энхбатыг шүүх хуралдаанд оролцуулахыг хүссэн. Хавтаст хэргийн 13 дугаар хуудаст баталгааны хуваарь буюу буцаан олгох алдангийг  хэрхэн тооцох тухай Иргэний хуулийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч талаас гэрээ цуцалсантай холбоотой, хариуцагч талаас тухайн гэрээний төлбөрийг хэзээ шилжүүлэх вэ? гэдэг талаар шинэ үүргийг сольсон байна. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 236.1-т Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно гэсэн байна. 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол гэсэн байна. тэгэхээр баталгааны хуваарь гэдэг ойлголт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа гэрээний алданги тооцох хуваарь болоод байгаа тусгайлан өөрчилсөн хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байна. Энэ баталгааны хуваарийг хариуцагч талаас нэхэмжлэгч Д.Бд гаргаж өгснөөрөө өмнөх алданги тооцох үүрэг шинээр гарсан байна гэдэг нь тодорхой харагдана. 8,341,000 төгрөгийн тухайд бол үүнээс хойш алданги тооцох алдангийг асуудал гарах юм. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээний хүсэл зоригоо өөрчлөөд байгаа нь энэ нөхцөл байдал нь баталгааны хуваариар өөрчлөгдөж байгаа нь хавтас хэрэгт байгаа нотлох баримт болон нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан талууд хооронд гэрээг цуцлахтай холбоотой маргаан байдаггүй. Үүнтэй холбоотой талууд тохирсон гэдэг маргаан байдаггүй. Гэтэл өмнө нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т худалдан авагчийн хүсэлтээр гэрээг цуцалбал нийт төлсөн үнийн дүгийн 20 хувийн алданги тооцно гэсэн байна. Төлбөрийг бэлнээр авна. Хариуцагчийн талаас алданги төлөх байж болно. Гэхдээ гэрээнд мөн адил цуцалсан тухай үеийн гэрээ дээр 20 хувь буцаан авах тухай заасан байгаа юм. Ийм учраас хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч “С” ХХК-иас гэрээний үнийн дүнгийн алдангид 18 500 000/арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг, төлбөр буцаан олгох хуваарийн алдангид 8 341 000/найман сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг, бүгд 26 841 000/хорин зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болормаад 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болормаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болормаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Үйлчилгээний талбайн захиалгын гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 3.1.2-т зааснаар хариуцагч нь 32.17/гучин хоёр зууны арван долоо/ м.кв талбайг барьж 2017 оны 01 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь талбайн үнэд нийт 37 000 000/гучин долоон сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх ... хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь байрыг барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь тохирсон  хөлс төлөх үүргийг хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 32.17/гучин хоёр зууны арван долоо/ м.кв үйлчилгээний талбайн үнэд хариуцагчид 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нийт 37 000 000/гучин долоон сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний болон Хавсралт-1-ийн хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчид хариуцагч нь 32.17/гучин хоёр зууны арван долоо/ м.кв үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй талаар болон хариуцагч нь 37 000 000/гучин долоон сая/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй алдангид 18 500 000/арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл ... орох байсан орлогыг хохиролд тооцно.”, 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гэрээг цуцалсан болох нь Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийн хуулбараар нотлогдож байна.

 

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалсан байх тул алданги нэхэмжлэх үндэслэлгүй байх ба учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 18 500 000/арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийг хэтрүүлсэн алдангид 8 341 000/найман сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийг тогтоосон болох нь Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийн хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар зохигчид өмнөх үүргээ сольсон, хариуцагч нь алданги төлөх үүрэг хүлээсэн гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3 дахь заалтад зааснаар үүргийг солих гэдэг нь гэрээний талууд өмнөх үүргийг өөр үүргээр сольж, өөр үүрэг гүйцэтгүүлэхийг ойлгоно. 

  

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийг тогтоосон нь өмнөх үүргийг өөр үүргээр сольж, шинэ үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 8 341 000/найман сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

  

Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас бүгд 26 841 000/18500000+8341000=26841000/ /хорин зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас бүгд 26 841 000/хорин зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн 2019 оны 01-р сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 616 төгрөгөөс 292 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1461 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ