Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00709

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00717 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1034 дугаар магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

СИГ ХХК ХХК-д холбогдох

26.841.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Х, хариуцагчийн өмгөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-гийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр СИГ ХХК ХХК-тай СА-02/32 тоот Үйлчилгээний талбайн захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр үйлчилгээний талбайг 2017 оны 1 дүгээр улирал дотор багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл уг барилга ашиглалтанд ороогүй. Иймд миний бие уг үйлчилгээний талбай ашиглалтанд орох хугацаа хэтэрсэн тул СИГ ХХК ХХК-ийн захирал Б.Энхбаттай уулзан гэрээг цуцлах санал тавьсан. Үйлчилгээний талбайн захиалгын гэрээний 3.2.10-т хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор заасны дагуу алдангийг тооцон үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 240 хоног буюу 26.400.000 төгрөг /37.000.000*0.3%/, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 60 хоног 5.222.000 төгрөг /29.000.000*0.3%/, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 7 хоног буюу 406.800 төгрөг /22.600.000*0.3%/, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 28 хоног буюу 1.596.000 төгрөг /19.000.000*0.3%/, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 24 хоног буюу 1.008.000 төгрөг /14.000.000*0,3%/, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 4 хоног буюу 132.000 төгрөг /11.000.000*0.3%/, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 11 хоног буюу 297.000 төгрөг /9.000.000*0.3%/, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 23 хоног буюу 483.000 төгрөг /7.000.000*0.3%/ нийт гэрээний алданги 35.544.800 төгрөг болно. СИГ ХХК ХХК-ийн захирал Б.Энхбаттай уулзан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийг баталсан. Гэрээний төлбөрийг буцаан олгох хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба уг гэрээг байгуулснаас хойш хуваарьт өдрүүдийг хариуцагч Б.Энхбат нь удаа дараа хэтрүүлэн гэрээний төлбөр болох 37.000.000 төгрөгийг нийт 10 удаа цувуулан төлсөн. Уг гэрээний төлбөрийн буцаан олгох хуваарийн дагуу төлсөн төлбөр болон алдангийг дараах байдлаар тооцон үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлөх 8.000.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлөх 10.000.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 6.400.000 төгрөг төлж, 7 хоногоор хэтрүүлж 1.015.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 3.600.000 төгрөг төлж 7 хоногоор хэтрүүлж 791.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх 10.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг төлж 6 хоногоор хэтрүүлж 570.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөг төлж 55 хоногоор хэтрүүлж 3.850.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төлөх 9.000.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг төлж 4 хоногоор хэтрүүлж 200.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг төлж 11 хоногоор хэтрүүлж 385.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг төлж 23 хоногоор хэтрүүлж 575.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг төлж, 47 хоногоор хэтрүүлж 705.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг төлж 50 хоногоор хэтрүүлж 250.000 төгрөг нийт 8.341.000 төгрөг болж байна. Хэрэв нэхэмжлэгч уг үйлчилгээний талбайн захиалгын гэрээний төлбөр 37.000.000 төгрөгийг 2017, 2018 онд банкны хадгаламжинд хадгалуулсан бол жилийн дундаж хүү тухайн үед 13 хувь байсан бөгөөд олох ёстой орлого болох нэг сарын 1.08 хувийн хүүтэй хадгалах боломжтой байсан. Энэхүү гэрээгээр тохиролцсон үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх хугацаа болох 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл буюу гэрээний төлбөр 37.000.000 төгрөгийг төлж дууссан 1 жил 6 capын хугацаанд олох байсан хүүгийн орлого 7.215.000 төгрөг байх боломжтой байна. СИГ ХХК ХХК-тай үйлчилгээний талбайн захиалгын гэрээг байгуулаагүй бол бусад үйлчилгээтэй орон сууцанд талбай захиалан, гэрээгээр тохиролцсон хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан бол сард дунджаар 700.000 төгрөгийн орлого олж, нийт дунджаар 12.600.000 төгрөгийг олох ёстой байлаа. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 232.7 дах хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон үнийн дүнгийн алдангид 18.500.000 төгрөг, мөн төлбөрийг буцаан олгох хуваарийн алдангид 8.341.000 төгрөг, нийт 26.841.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч СИГ ХХК ХХК-ийн төлөөлөгч Б.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Иргэн Д.Б-гийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийг манай байгууллагын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00717 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СИГ ХХК ХХК-иас бүгд 26 841 000/хорин зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн 2019 оны 01-р сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293 616 төгрөгөөс 292 155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1461 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1034 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч СИГ ХХК ХХК-иас 6 491 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад ...гаргуулан... гэснийг ...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 806 төгрөгийг гаргуулж... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. Магадлалд “Талуудын хооронд 2016 оны 08 сарын 16-ны өдөр байгуулагдсан СА-02/32 тоот Үйлчилгээний талбайн захиалгын гэрээгээр Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороонд байрлах, Civil apartment үйлчилгээний орон сууцны барилгын 2 давхрын 32.17 м.кв талбайг худалдан авагчид 2017 оны 1 дүгээр улирал дотор хүлээлгэн өгөх, гэрээ байгуулагдан талбайн үнэд 37.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон” гэж дүгнэсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд тус гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаангүй, шүүхээс ч тус гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үздэг. Иргэний хуулийн 350.1.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй байдаг гэтэл энэ үүргээ огт биелүүлээгүй. Шүүхээс үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдэлд ямар нэг дүгнэлт хийлгүй бүрхэгдүүлж орхигдуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байна. Учир нь талууд анхнаасаа гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэгч орон сууцыг 2017 оны 1-р улиралд ашиглалтанд оруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй бол хоног тутам 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцож хуульд заасны дагуу гэрээнд тусгаж өгсөн. Уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд талууд үүнтэй маргадаггүй. Хариуцагч эхний гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 01 сарын 08-ны өдрийн гэрээг байгуулсан. Хариуцагч үүргээ биелүүлээгүй гэм буруутай эс үйлдэхүйн улмаас гэрээг цуцалсан байтал шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл эхний гэрээний үүргээ биелүүлсэн бол хоёр дах гэрээний асуудал яригдахгүй байсан. Гэтэл шүүхээс хоёр дах гэрээний хариуцлага буюу алдангийг хангасан атлаа эхний гэрээний алдангийг хэрхэх талаар орхигдуулсан. Алдангийг хэсэгчлэн тооцсон нь буруу. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бүрхэгдүүлж орхисон. Магадлалд 2016 оны 08 сарын 16-ны өдөр СА-02/32 тоот үйлчилгээний талбайн захиалгын гэрээний үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон алданга болох 18.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хангаагүй талаар дурдаагүй. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 03 дугаар зөвлөмжид “Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдээж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг” гэж зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2016 оны 08 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс 37.000.000 төгрөгийг авч 2018 оны 01 сарын 08-ны өдөр хүртэлх ашигласны хариуцлагыг хэрхэх талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй. Гэтэл талууд энэ хоорондох хариуцлагыг гэрээнд анз хэлбэрээр оруулж өгсөөр байтал шүүх үүнийг харгалзаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй л бол түүнийхээ төлөө мөнгөн төлбөр төлөхөөр талууд тохиролцсон тохиролцоог давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй буюу ямар үндэслэлээр түүнийг хангаагүйгээ заагаагүй. Шүүхийн шийдвэр нь шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа үндэслэл бүхий тайлбарласан байх ёстой. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2016.08.26-наас 2018.09.12-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн 37.000.000 төгрөгийг авч ашиглаж өөр газар барилга барьж ашиг олсон. Гэтэл шүүхээс зөвхөн 2018.01.08-аас 2018.09.12-ны өдрийг хүртэлх анзыг гаргуулж байгаа мөртөө 2016.08.26-наас 2018.01.08-ны өдрийг хүртэл ашигласны хариуцлагыг хүлээлгээгүй байгаа нь Үндсэн хуулийн шудрага ёсны зарчимд харшилж байна. Нэхэмжлэгчийн хувьд 37.000.000 төгрөг гэдэг бол маш их хэмжээний мөнгө бөгөөд 3 жил гаран зальт этгээдүүдэд мэхлэгдэж хохирч байгааг шудрага шүүх үнэн зөвөөр шийднэ гэж итгэж энэхүү гомдлыг өмгөөлөгчөөр дамжуулан гаргаж байна. Давж заалдах шатны дээрх хууль буруу хэрэглэж тайлбарлаж хэрэглэсэн болон хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг засаж залруулах эрх нь хяналтын шатны шүүхэд байгаа тул дээрх үндэслэлээр гомдол гаргаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын 18.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б-, СИГ ХХК ХХК-д холбогдуулан алдангид 26.841.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “...2016.08.16-ны өдөр үйлчилгээний талбай захиалгын СА-02/32 тоот гэрээ байгуулж 37.000.000 төгрөг төлсөн,...  ажлын үр дүн  гараагүй, хугацаа хэтэрсэн тул алдангид гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар буюу 18.500.000 төгрөг, ...2017.11.12-ны өдөр гэрээг цуцалсны дараа мөнгийг хуваарийн дагуу төлөөгүй учир алданги 8.341.000 төгрөг гаргуулна” гэснийг хариуцагч “...нэг төлбөрт хоёр өөр алдангийг нэхэмжилж байна...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн өмгөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

1.Зохигчийн хооронд 2016.08.16-ны өдөр үйлчилгээний талбай захиалгын СА-02/32 тоот гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, гэрээний төлбөрт нэхэмжлэгч Д.Б-  37.000.000 төгрөг төлсөн боловч, хариуцагч СИГ ХХК ХХК нь үйлчилгээний талбайг 2017 оны 1 дугаар улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан үйл баримтад зохигч маргаагүй байна.

Зохигчийн ажил гүйцэтгэх гэрээний харилцааг дуусгавар болгосон нөхцөл нь гэрээг цуцлах ойлголтод хамаарахгүй байна. Учир нь зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлын үр дүн нь хэсэгчлэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх зүйл бишээс захиалагчид үлдэх ажлын хэрэгжсэн хэсэг гэж байхгүй байна. Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, шаардсан боловч үр дүн гараагүйгээс захиалагч хэлцлээр шилжүүлсэн мөнгөө бүхэлд нь буцаан авахаар шаардаж буй нөхцөлд гэрээнээс татгалзсан гэж үзэх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэх юм.

2. Нэхэмжлэгч Д.Б- 2 гэрээнээс үүдэлтэй алданги шаарджээ.

а/ Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд алдангид 18.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Харин давж заалдах шатны шүүх уг шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба анз нь алданги, торгууль гэсэн хэлбэртэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заажээ.

Алданги нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ огт гүйцэтгээгүйгээс захиалагч гэрээнээс татгалзаж, гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болсон тохиолдолд алданги шаардах нь хууль болон гэрээний 3.2.10-т заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй байна.

б/ 2017 оны 11 дүгээр сард гэрээг дуусгавар болгохоор талууд тохирч хариуцагч 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгчээ. СИГ ХХК ХХК нь үлдэгдэл 29.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, тогтоосон хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор талууд 2018.01.08-ны өдөр бичгийн хэлбэртэй хэлцэл байгуулсан байна.

Нэхэмжлэгч уг хэлцлийн дагуу алдангид 8.341.000 төгрөг шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо, шинээр байгуулсан хэлцэл нь өмнөх гэрээний үүргийг өөр үүргээр сольсон агуулгагүйгээс нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж алдангийн хэмжээг тооцоолж нийт 6.491.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээнд заасан агуулгад нийцсэн байна.

Өмнөх ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзснаар хариуцагч нь мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд уг үүрэг биелүүлэх хугацааг тогтоож, хэрэв хугацаа хэтрүүлбэл алданги төлүүлж хариуцлага хүлээлгэх зохигчийн тохиролцоог үгүйсгэх боломжгүй юм. Иймээс тэдний хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хариуцагч хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1034 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Д.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 250.450 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ