Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 938

 

“Н” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00863 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Н” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М, А.Д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 119 639 823 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Н” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М, Д.Ц нар нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаар зээлийн, БГ/201610018128 дугаар барьцааны гэрээг байгуулан 60.000.000 төгрөгийг 30 хоногийн 2.99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор “Н” ХЗХ-ноос зээлж авсан. Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр, 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлдэгч Д.М-ын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг дахин 12 сараар сунгаж 2017 оны 6 сарын 30-ны өдөр ЗГ/201610018128/01 дугаар нэмэлт гэрээг байгуулсан боловч нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэрээний үүргийг мөн биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Иргэний хуулийн 451.1, 453.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа нэмэгдүүлсэн. А.Д гэдэг хүний нэр дээр хадгаламж зээлийн хоршоонд ямар ч данс байхгүй, зээлийн олголт хийгдээгүй, зээл олгох ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймд хариуцагч А.Даваанямыг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Хариуцагч Д.Мягмараас үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 56.032.600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.581.023 төгрөг, нотариатын зардалд 26.200 төгрөг, бүгд 119.639.823 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.М миний бие шүд эрүү нүүрний мэс заслын чиглэлээр Цэвхэн денд нэр бүхий эмнэлгийг 2012 онд байгуулан иргэдэд үйлчлэх болсон бөгөөд 2016 онд үйл ажиллагаагаа өргөтгөн эмплант аппарат суурилуулах тоног төхөөрөмж авах зориулалтаар “Номинюнион” ХЗХ-оос нэг жилийн хугацаатай 60.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.99 хувийн хүүтэй авсан. Хоршооноос авсан зээлээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлбөрийн урьдчилгаанд 27.000 ам.доллар шилжүүлэн ачилт хийгдсэний дараа үлдэгдэл төлбөрийг хийхээр тохиролцсон бөгөөд захиалга хийгдэн тоног төхөөрөмж ачигдах үед буюу 2016 оны 10 дугаар сард ам.долларын ханш огцом өссөнөөс гэрээнд тохиролцсон үнээр тоног төхөөрөмжөө авахад хүрэлцэхгүй байдалд орсон. Найз А.Д тааралдаж нэгэнт ханшийн зөрүүтэй холбоотой тоног төхөөрөмжөө авч чадахгүй болсон юм бол Налайхын нүүрсний уурхайд хамтран ажиллая гэсэн санал тавьсан юм. Ингээд бодит байдлыг хоршоонд танилцуулан нүүрсний уурхайд хөрөнгөө оруулахаар болсныг тайлбарлан хамтран зээлдэгч байсан Д.Цагааныг сольж А.Д-ыг хамтран зээлдэгч болгосон. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Хамтран хариуцагчаар А.Даваанямыг татсан. “Номинюнион” ХЗХ-ны дүрмийн 8.3-д гишүүнээр элсэх хүсэлтийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Д.М ямар мэдэгдлээр ямар ашиг сонирхлоор гишүүнээр элсүүлэн зээл олгов гэдэг талаар Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрт заасан зүйл байхгүй. Үүнээс харахад Д.Мягмартай зээлийн гэрээ хийсэн асуудал нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.9-д заасан хууль зөрчиж хийсэн. Эхнээсээ хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт гэрээг батлав гээд Номин юнион Хадгаламж зээлийн хоршоо А.Д-тай хийсэн гэрээ байгаа. Д.М-т 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийг шилжүүлж, зээлийн харилцаа үүссэн. Гэтэл 8 дугаар сарын 02-ны өдөр “Номинюнион” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан байгаа. Гишүүн болсон хүмүүст зээл олгох ёстой, гишүүнээр тооцсон асуудал нь сарын дараа байдаг. Зээл олгосон хугацаа нь 1 сарын өмнө байна. Гишүүнээр элсүүлээд, элсүүлсний дараа зээл олгох ёстой. Энэ нөхцөлийг хангаагүй байж зээл олгосон асуудал нь Иргэний хуулийн 56.1.9, 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Тиймээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох үндэслэл гарч ирж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл 60.000.000 төгрөгийг төлөх үндэстэй байна гэжээ.

 

Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Н” ХЗХ-той 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан байсан. Тухайн үед валютын ханшийн өсөлтөөс болж мөнгө хүрэлцэхгүй байна гэхэд нь би нэгэнт авсан зээл учир миний уурхай руу оруулчих гэсэн. Тэгээд бид хоршоонд очиж уулзсан. Намайг зээлийн хугацааг сунгах шимтгэл, татвар төл гэсэн Би 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 715.000 төгрөг төлөөд хорооны хурлаар ороход 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээл олгох биш, зээл төлүүлэх шийдвэр гарсан. А.Д-ыг хамтран зээлдэгчээр оруулахаар зааж, хугацааг 12 сараар сунгасан. Д.М-ын авсан 60.000.000 төгрөгийг би төлөх юм байна гэж ойлгосон. Зээлийг уурхай руугаа оруулаад түлш шатахуунд зарцуулсан учраас нэмэлт гэрээний дагуу 60.000.000 төгрөгийг би хариуцан төлье гэдгээ албан ёсоор хэлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.1 453.2, зээлийн гэрээ, нэмэлт гэрээг үндэслэл болгож байна. Хэргийн материалтай танилцахад хариуцагч Д.Мягмар гишүүнээр элсэх хүсэлт гаргасан байгаа нь огноогүй, хэзээ гишүүнээр элсээд байгаа нь тодорхой биш. Зээл хүсэгчийн анкетыг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бөглөсөн. Зээлийн хорооны хурлын шийдвэр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан. 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус хоршооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын 1 хавсралтын 67-д Д.М-ыг хоршооны гишүүнээр элсүүлсүгэй гэсэн байна. Гишүүнээр элсэх хүсэлтээ хэзээ гаргасан нь тодорхой бус, гишүүнээр элсэхийг нь батламжлаагүй байхад зээл хүсэгчийн анкет бөглүүлээд зээлийн хорооноос шийдвэр гаргаад байдаг нь ямар учиртай юм бэ. Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ үйлчлэх үүрэгтэй. Зээлийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус бол үүнтэй холбоотойгоор байгуулаад байгаа хэлцлүүд 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар бүгд хүчин төгөлдөр бус болно. “Н”  ХЗХ-ны дүрмийн 8.3-т зааснаар гишүүнээр элсэх хүсэлтийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Зөвлөлийн хурлын шийдвэр гэж байгаагүй. Хоршооны Тэргүүлэгчдийн хожимдож буюу 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тогтоолыг харахаар яг ямар үндэслэлээр, Д.Мягмарыг гишүүнээр элсүүлж, ямар нөхцөл болзлыг нь хангаад зээлийн үйл ажиллагаа үзүүлээд байгаа нь тодорхой бус байна. Иймд зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учир харилцан өгч авсан зүйлээ буцаан өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Үүнтэй холбоотой барьцааны гэрээ, нэмэлт гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 60.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59.639.823 төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111.75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч А.Даваанямд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.135.473,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3.146.344,34 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Номин юнион Хадгаламж зээлийн хоршоонд буцаан олгож, хариуцагч Д.Мягмараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номин юнион Хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлсон боловч Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль тогтоомжийн буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар талд “...хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт зааснаар аль нөхцлийн үндсэн дээр Д.Мягмарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Гэтэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Н” ХЗХ нь Улаанбаатар хотод оршин суудаг зээл авахыг хүссэн, хүн бүр гишүүнээр элсэх, зээл авах боломжтой байдаг хуулийн энгийн зохицуулалтыг шүүх анхаарч үзээгүй. “Н” ХЗХ-ны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хоршооны гишүүдийн дүрмийн санд оруулах хөрөнгийн доод хэмжээ 1.000 төгрөг байх ба зөвхөн мөнгөн хөрөнгө байна гэж тус тус заасан байдаг. Уг заалтын дагуу Д.М нь хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хоршоонд бүрэн оруулсан баримт нь хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан. Хууль болон дүрэмд хоршоонд элсүүлэх гишүүний татвар, хураамжийн асуудлыг зохицуулсан зүйл одоогоор байхгүй бөгөөд гишүүний хураамж нэртэй төлөгдсөн баримт бол угтаа хоршоонд оруулж байгаа хувь хөрөнгийн доод хэмжээ юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХЗХ нь хариуцагч Д.Мр, А.Д нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 119 639 823 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

 Нэхэмжлэгч тал хариуцагч А.Д-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.М-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Н” ХЗХ нь Д.Мягмар, Д.Ц нартай 2016 оны 7 сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаартай зээлийн гэрээ болон БГ/201610018128 дугаартай барьцааны гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг, 30 хоногийн 2,99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 8-12/

 

Мөн “Н” ХЗХ нь Д.М, Д.Ц, А.Д нартай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр  ЗГ/201610018128/01 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 12 сараар сунгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 13/

Нэхэмжлэгч  нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 4/96 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дах хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ”  гэж заасантай нийцсэн ба тусгай зөвшөөрлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан  байна. /хх-ийн 5-6/

Хариуцагч Д.М нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргаж,  гишүүнээр элсэх хураамжийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн, улмаар “Н” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Д.Мягмарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн,  дээрх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийн 60 000 000 төгрөгийг түүнд олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 16, 30, 39, 40, 41-44 /

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан  Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хариуцагч Д.М нь “Н” ХЗХ-ноос зээл хүссэн өргөдөл гаргахдаа  тус хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан,  гишүүнээр элсэх хураамжийг төлсөн, эдгээр баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй тул түүний хүсэл зориг хангалттай тодорхой илэрхийлэгдсэн гэж үзнэ.

Түүнчлэн “Н” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Д.Мягмарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн нь хоршоонд гишүүнээр элсэх Д.М-ын хүсэл зоригийг үгүйсгэх, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн “Н” ХЗХ-ны дүрэмд хоршооны гишүүнээр элсүүлэх болзол нөхцөл, журмын талаар нарийвчлан заагаагүй нь хоршоонд гишүүн элсүүлсэн үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгоно гэсэн нь хуулийн хориглосон хэм  хэмжээ тогтоосон агуулгагүй байна.

Иймд анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь, улмаар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн БГ/201610018128 дугаартай Барьцааны гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201610018128/01 дугаартай Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь тус тус  хууль зүйн үндэслэлгүй байна.

 Зохигчдын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн ба банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан ба  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаар нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу үндсэн зээл 60 000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү 56 032 600 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 3 581 023 төгрөг, нотариатын зардал 26 200 төгрөг, нийт 119 639 823 төгрөг нэхэмжилжээ. /хх-ийн 212/

Хариуцагч А.Д нь зээлд 1 250 000 төгрөг төлсөн гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй байна. /2хх-ийн 46/

 

Зээлийн гэрээгээр 60 000 000 төгрөгийг, 30 хоногийн 2,99 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр, зээл, зээлийн хүүг төлж барагдуулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр тус тус харилцан тохиролцсон /хх-ийн 8/ байх тул үндсэн зээл 60 000 000 төгрөг,  гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 сар 24 хоногийн хүү 55 255 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 3 581 023 төгрөг, нийт 118 836 223 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн өөрийнх нь үйл ажиллагааны зардал болох нотариатын зардал  26 200 төгрөг зэрэг үндэслэлгүй нэхэмжилсэн нийт     803 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваанямыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. /2хх-ийн 43/

Нэхэмжлэгч “Н” ХЗХ нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн БГ201610018128 тоот барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111.75 мкв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх  нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилготой хийгдсэн дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 156.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 649 616 төгрөг,  90905 төгрөг, 3 284 036 төгрөг, 59 729 төгрөг, 89 851 төгрөг, 107 951 төгрөг, нийт 4 282 088 төгрөг төлсөн ба төлбөл зохих нь 752 131 болж байгаа ба илүү 3 529 957 төгрөг төлсөн байх тул буцаан олгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00863 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М-аас 118 836 223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 803 600 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч А.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалт болгож Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлд  барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэлтэй,  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн заалт нэмж, 2 дах заалтыг 3 дах заалт болгож, уг заалтын “1 135 473.66” гэснийг “752 131” гэж, “3 146 344.34” гэснийг  “3 529 957” гэж,”457 950” гэснийг “752 131” гэж, 3 дах заалтыг 4 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 526 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                               Н.БАТЗОРИГ