Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 863

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/00863

Улаанбаатар хот

 

        МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: “Н ” Хадгаламж зээлийн хоршоо -ны нэхэмжлэлтэй, 

 

   Хариуцагч: Д.М,

 

   Хариуцагч: А.Д нарт холбогдох,

 

   Зээлийн гэрээний үүрэгт 119,639,823 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д, хариуцагч Д.М , хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдорж, хариуцагч А.Д , хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бишдарь нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Иргэн Д.М , Д.Ц  нар нь 2016 оны 07 сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаар зээлийн, БГ/201610018128 дугаар барьцааны гэрээг байгуулан 60,000,000 төгрөгийг 30 хоногийн 2,99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор “Н ” Хадгаламж зээлийн хоршооноос зээлж авсан. Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр, 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг төлөх графикийг ноцтой зөрчиж зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлдэгч Д.М ын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг дахин 12 сараар сунгаж 2017 оны 06 сарын 30-ны өдөр ЗГ/201610018128/01 дугаар нэмэлт гэрээг байгуулсан боловч нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэрээний үүргийг мөн биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Иймд ЗГ/201610018128 дугаар үндсэн зээлийн гэрээний 4.3.1-д заасны дагуу зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр буцаан дуудаж дараах шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн ЗГ/201610018128 дугаар зээлийн гэрээний 2.11-д Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн Зээлдүүлэгч нь өмгөөлөгч болон эрх бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хураамж, шинжээчийн ажлын хөлс, унаа харилцаа холбоо, SMS banking үйлчилгээ, томилолтын зардал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, барьцааны зүйлийг үнэлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахтай холбогдох гэх мэт бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлнө гэж” тус тус заасан байна. Иргэний хуулийн 451.1, 453.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа нэмэгдүүлсэн. Хариуцагч нар өнөөдөр эсрэг тэсрэг байр суурьтай, зээлийг төлнө, төлөхгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Хуулийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. А.Д  гэдэг хүний нэр дээр хадгаламж зээлийн хоршоонд ямар ч данс байхгүй, зээлийн олголт хийгдээгүй, зээл олгох ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймд хариуцагч  А.Д ыг хариуцагчаар татахаас татгалзаж байна.  Хариуцагч Д.М аас үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 56,032,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,581,023 төгрөг, нотариатын зардалд 26,200 төгрөг, бүгд 119,639,823 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Д.М  миний бие шүд эрүү нүүрний мэс заслын чиглэлээр “Цэвхэн денд” нэр бүхий эмнэлгийг 2012 онд байгуулан иргэдэд үйлчлэх болсон бөгөөд 2016 онд үйл ажиллагаагаа өргөтгөн эмплант аппарат суурилуулах тоног төхөөрөмж авах зориулалтаар “Н ” Хадгаламж зээлийн хоршооноос нэг жилийн хугацаатай 60 сая төгрөгийн зээлийг сарын 2.99 хувийн хүүтэй авсан. Хоршооноос авсан зээлээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлбөрийн урьдчилгаанд 27000 ам.доллар шилжүүлэн ачилт хийгдсэний дараа үлдэгдэл төлбөрийг хийхээр тохиролцсон бөгөөд захиалга хийгдэн тоног төхөөрөмж ачигдах үед буюу 2016 оны 10 дугаар сард ам долларын ханш огцом өссөнөөс гэрээнд тохиролцсон үнээр тоног төхөөрөмжөө авахад хүрэлцэхгүй байдалд орсон. Дээрх асуудлаар найз нөхөдтэйгөө уулзан боломжийн талаар ярилцаж явтал багын найз А.Д  тааралдаж нэгэнт ханшийн зөрүүтэй холбоотой тоног төхөөрөмжөө авч чадахгүй болсон юм бол Налайхын нүүрсний уурхайд хамтран ажиллая гэсэн санал тавьсан юм. Ингээд бодит байдлыг хоршоонд танилцуулан нүүрсний уурхайд хөрөнгөө оруулахаар болсныг тайлбарлан хамтран зээлдэгч байсан Д.Ц ыг сольж А.Д ыг хамтран зээлдэгч болгосон. 2016 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг 2017 оны 07 сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Хамтран хариуцагчаар А.Д ыг татсан учир эрх зүйн байдалтай холбоотой асуудлыг хөндөж ярих нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч Д.М ыг хоршоонд гишүүнээр элсүүлсэн асуудал нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 19.3-д заасан заалтыг хангасан уу гэдэг асуудал гарч ирж байна. Хуулийн 21.1-д зааснаар гишүүнээр элсүүлэх журмыг дүрмээр тогтоохоор заасан ба “Н ” Хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 8.3-д гишүүнээр элсэх хүсэлтийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Д.М  ямар мэдэгдлээр ямар ашиг сонирхлоор гишүүнээр элсүүлэн зээл олгов гэдэг талаар Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрт заасан зүйл байхгүй. Үүнээс харахад Д.М тай зээлийн гэрээ хийсэн асуудал нь Иргэний хуулийн 56.1.9-д заасан хууль зөрчиж хийсэн. Эхнээсээ хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тиймээс энэ хоршооноос нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн зайлшгүй гарах ёстой юу гэдэгт эргэлзэж байна. 2017 оны 06 сарын 30-ны өдөр нэмэлт гэрээг батлав гээд “Н ” Хадгаламж зээлийн хоршоо А.Д тай хийсэн гэрээ байгаа. Энэ нэмэлт гэрээний 3.1-д зааснаар А.Д ыг хариуцагчаар татах үндэслэл бий болж байгаа. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 19.3, Иргэний хуулийн 56.3 дахь хэсгийг яагаад ярьж байна вэ гэвэл Д.М т 07 сарын 01-ний өдөр зээлийг шилжүүлж, зээлийн харилцаа үүссэн. Гэтэл 08 сарын 02-ны өдөр “Н ” Хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан байгаа. Энэ хоёрын хооронд 20-иод хоногийн хугацаа байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, хоршооныхоо дүрмийн заалтыг зөрчсөн байна. Гишүүн болсон хүмүүст зээл олгох ёстой, гишүүнээр тооцсон асуудал нь сарын дараа байдаг. Зээл олгосон хугацаа нь 1 сарын өмнө байна. Гишүүн болоогүй хүнд яагаад зээл олгосон юм бэ. Гишүүнээр элсүүлээд, элсүүлсний дараа зээл олгох ёстой. Энэ нөхцөлийг хангаагүй байж зээл олгосон асуудал нь Иргэний хуулийн 56.1.9,  56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хууль зөрчсөн учир хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 281-д заасан хүү, алданги тооцох ёстой юу үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Иргэний хуулийн 451 дэх заалт хэрэглэгдэхгүй. Тиймээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох үндэслэл гарч ирж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл  60,000,000 төгрөгийг төлөх үндэстэй байна” гэв.

 

Хариуцагч А.Д  шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д.М  нь 2016 оны 07 сарын 30-ны өдөр “Н ” Хадгаламж зээлийн хоршоотой 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан байсан. Тухайн үед валютын ханшийн өсөлтөөс болж мөнгө хүрэлцэхгүй байна гэхэд нь би нэгэнт авсан зээл учир миний уурхай руу оруулчих гэсэн. Тэгээд бид хоршоонд очиж уулзсан. Намайг зээлийн хугацааг сунгах шимтгэл, татвар төл гэсэн  Би  2017 оны 06  сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 715,000 төгрөг төлөөд хорооны хурлаар ороход 2017 оны 06 сарын 15-ны өдөр зээл олгох биш зээл төлүүлэх шийдвэр гарсан. А.Д ыг хамтран зээлдэгчээр оруулахаар зааж, хугацааг 12 сараар сунгасан. Би үүнээс юу ойлгосон бэ гэвэл Д.М ын авсан 60,000,000 төгрөгийг би  төлөх юм байна гэж ойлгосон. Зээлийг уурхай руугаа оруулаад түлш шатахуунд зарцуулсан учраас нэмэлт гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг би хариуцан төлье гэдгээ албан ёсоор хэлж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 453.1.1  453.2, зээлийн гэрээ, нэмэлт гэрээг үндэслэл болгож байна. Үндсэн зээлийн гэрээний хувьд энэ гэрээ хуулийн хүчин төгөлдөр байх эсэх дээр тайлбар хэлмээр байна. Хэргийн материалтай танилцахад хариуцагч Д.М  гишүүнээр элсэх хүсэлт гаргасан байгаа нь огноогүй, хэзээ гишүүнээр элсээд байгаа нь тодорхой биш. Гишүүнээр элсэх хураамжийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр төлсөн. Зээл хүсэгчийн анкетыг 2016 оны 06 сарын 24-ний өдөр бөглөсөн. Зээлийн хорооны хурлын шийдвэр 2016 оны 06 сарын 30-ны өдөр гарсан. 2016 оны 08 сарын 02-ны өдөр тус хоршооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын 1 хавсралтын 67-д Д.М ыг хоршооны гишүүнээр элсүүлсүгэй гэсэн байна. Нэхэмжлэгчийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ойлгохгүй байна. Гишүүнээр элсэх хүсэлтээ хэзээ гаргасан нь тодорхой бус, гишүүнээр элсэхийг нь батламжлаагүй байхад зээл хүсэгчийн анкет бөглүүлээд зээлийн хорооноос шийдвэр гаргаад байдаг нь ямар учиртай юм бэ. Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ үйлчлэх үүрэгтэй. Зээл хүсэж байгаа иргэдийн эрэлт дээр гудамжинд явж байгаа хэнийг ч хамаагүй дуудаж авч ирж гишүүнээр элсүүлээд, гишүүнээр элсүүлэх өргөдөл, хураамж гээд 1000 төгрөг тушаалгаад, 10,000,000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгөөд иргэдэд арилжааны зээл олгоод байна. Энэ нь үндсэн зорилгоо зөрчиж хийсэн хэлцэл байна. Зээлийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус бол үүнтэй холбоотойгоор байгуулаад байгаа хэлцэлүүд 56.1.10-т зааснаар бүгд хүчин төгөлдөр бус болно. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17.1-д зааснаар Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгож болох бөгөөд тухайн хоршооны гишүүн байх нөхцөл, гишүүнээр элсэх журмыг хуулиар тусгайлан зохицуулна гэж заасан.  Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 19.3-т тодорхой хэдэн нөхцөлүүд байгаа. Үүнд: ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг, нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг хүмүүс хоршооны гишүүнд элсэх боломжтой. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно гэж заасан. “Н ” Хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 8.3-т зааснаар гишүүнээр элсэх хүсэлтийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Зөвлөлийн хурал гээд байгаа юм уу, Тэргүүлэгчдийн хурал гээд байгаа юм уу маш тодорхойгүй байгаа. Зөвлөлийн хурлын шийдвэр гэж байгаагүй. Хоршооны Тэргүүлэгчдийн хожимдож буюу 2016 оны 08 сарын 02-ны өдөр гаргасан тогтоолыг харахаар яг ямар үндэслэлээр, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 19.3.1, 19.3.2, 19.3.3 дахь зүйлийн яг аль үндэслэлээр нь Д.М  гэдэг хүнийг гишүүнээр элсүүлээд байгаа юм бэ. Ямар сонирхол нэгтэй байна, ямар нөхцөл болзлыг нь Д.М  хангаад гишүүнээр элсүүлээд зээлийн үйл ажиллагаа үзүүлээд байгаа нь тодорхой бус байна. Зээл авсан хойно нь гишүүнээр элсэхийг нь батлаад өөрсдөө Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг маш ноцтой зөрчөөд нөгөө гишүүний хадгалуулсан мөнгийг үрэн таран хийж байна. Иймд зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учир харилцан өгч авсан зүйлээ буцаан өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Үүнтэй холбоотой барьцааны гэрээ, нэмэлт гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.М , А.Д  нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 56,032,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,581,023 төгрөг, нотариатын зардалд 26,200 төгрөг, нийт 119,639,823 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагч А.Д ыг хариуцагчаар татсан шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.М аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд А.Д ыг хариуцагчаар татсанаас татгалзсан нь хууль зөрчөөгүй.

 

   Хариуцагч нар нь “Н ” хадгаламж зээлийн хоршооноос зээл олгосон үйл ажиллагааг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг зөрчсөн, зээлийн гэрээ хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй,  үндсэн зээл 60,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

“Н ” Хадгаламж зээлийн хоршоо нь Д.М , Д.Ц  нартай 2016 оны 07 сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаартай Зээлийн гэрээ болон БГ/201610018128 дугаартай Барьцааны гэрээг байгуулж 60,000,000 төгрөгийг, 30 хоногийн 2,99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Д.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хавтаст хэрэг 1-н 8-12 дугаар хуудас/

 

Мөн 2017 оны 06 сарын 30-ны өдөр “Н ” Хадгаламж зээлийн хоршоо нь Д.М , Д.Ц , А.Д  нартай ЗГ/201610018128/01 дугаартай Нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 12 сараар сунгасан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Эдгээр гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй. /хавтаст хэрэг 1-н 13 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар Д.М ыг татан гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч “Н ” хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 04 сарын 26-ны өдөр 4/96 дугаартай “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосны үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ” гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

 

            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Д.М  нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2016 оны 06 сарын 24-ний өдөр гаргасан,  гишүүнээр элсэх хураамжийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр төлсөн, 60,000,000 төгрөгийн зээлийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр авсан болох нь тогтоогдож байна. /хавтаст хэрэг 1-н 30, 39, 40 дүгээр хуудас/

 

            “Н ” хадгаламж зээлийн хоршооны Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 08 сарын 02-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Д.М , Д.Ц  нарыг хоршооны гишүүнээр элсүүлжээ. /хавтаст хэрэг 1-н 41-44 дүгээр хуудас/

 

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгож болох бөгөөд тухайн хоршооны гишүүн байх нөхцөл, гишүүнээр элсэх журмыг хуулиар тусгайлан зохицуулсан. Тухайлбал, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/, нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг хүмүүс хадгаламж зээлийн хоршоог байгуулж гишүүн байх боломжтойг заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно гэж заасан.

 

“Н ” хадгаламж зээлийн хоршоо нь дээр дурдсан хуульд заасан аль нөхцөлийн үндсэн дээр Д.М ыг гишүүнээр элсүүлсэн нь тодорхойгүй байна. Мөн тус хоршооны дүрэмд хоршооны гишүүнээр элсүүлэх болзол нөхцөл, журмын талаар нарийвчлан заагаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь тус хоршооны гишүүн болох шалгуурыг хангасан Д.Ц ы хамаатан садан гэсэн үндэслэлээр Д.М ыг хоршооны гишүүнээр элсүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч Д.М , Д.Ц  нар нь зээл олгосны дараа 2016 оны 08 сарын 02-ны өдөр хоршооны гишүүнээр элссэн болох нь баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримтаар “Н ” хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгоно гэсэн заалтыг зөрчиж зээл олгох хугацаанд буюу 2016 оны 07 сарын 01-ний өдөр тус хоршооны гишүүн бус Д.М , Д.Ц  нарт зээл олгосон болох нь тогтоогдож байна.

 

“Н ” хадгаламж зээлийн хоршоо нь хоршооны үндсэн чиг үүрэг, зарчмыг зөрчин хариуцагч нарт зээл олгосон байх тул тус хоршоо болон  Д.М , Д.Ц  нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07 сарын 01-ний өдрийн ЗГ/201610018128 дугаартай Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Үндсэн буюу зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир 2016 оны 07 сарын 01-ний өдрийн БГ/201610018128 дугаартай Барьцааны гэрээ, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн ЗГ/201610018128/01 дугаартай Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасантай нийцнэ.

 

Иймээс нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.М  нь “Н ” Хадгаламж зээлийн хоршооноос 60,000,000 төгрөгийг авснаас төлөлт хийгээгүй байх тул түүнээс 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах тул нотариатын зардалд төлсөн 26,200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үүрэг гүйцэтгүүлэгч этгээдээс зайлшгүй гарсан зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэн хариуцагч Д.М аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,639,823 төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч А.Д д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч А.Д  нь “Н ” Хадгаламж зээлийн хоршоонд 2017 оны 06 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 715,000 төгрөг төлсөн талаар тайлбар гаргасан бөгөөд энэ мөнгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч түүнийг хариуцагчаар татсанаас татгалзсан тул түүний төлсөн гэх 500,000 төгрөг, 715,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тооцож шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Д.М аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,639,823 төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204028749 дугаарт бүртгэгдсэн, 000492289 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч А.Д д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1,135,473.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3,146,344.34 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоонд буцаан олгож, хариуцагч Д.М аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н ” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР