Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00295

 

 “НЮ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00863 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 938 дугаар магадлалтай,

“НЮ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Д.М, А.Днарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 119 639 823 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Мын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “НЮ” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М, Д.Цагаан нар нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаар зээлийн, БГ/201610018128 дугаар барьцааны гэрээг байгуулан 60.000.000 төгрөгийг 30 хоногийн 2.99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор “НЮ” ХЗХ-ноос зээлж авсан. Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, 0000000000 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр, 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлдэгч Д.Мын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг дахин 12 сараар сунгаж 2017 оны 6 сарын 30-ны өдөр ЗГ/201610018128/01 дугаар нэмэлт гэрээг байгуулсан боловч нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэрээний үүргийг мөн биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Иргэний хуулийн 451.1, 453.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа 5 удаа нэмэгдүүлсэн. А.Дгэдэг хүний нэр дээр хадгаламж зээлийн хоршоонд ямар ч данс байхгүй, зээлийн олголт хийгдээгүй, зээл олгох ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Иймд хариуцагч А.Даваанямыг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Хариуцагч Д.Маас үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүү 56.032.600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.581.023 төгрөг, нотариатын зардалд 26.200 төгрөг, бүгд 119.639.823 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, 0000000000 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.М миний бие шүд эрүү нүүрний мэс заслын чиглэлээр Цэвхэн денд нэр бүхий эмнэлгийг 2012 онд байгуулан иргэдэд үйлчлэх болсон бөгөөд 2016 онд үйл ажиллагаагаа өргөтгөн эмплант аппарат суурилуулах тоног төхөөрөмж авах зориулалтаар “НЮ” ХЗХ-оос нэг жилийн хугацаатай 60.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.99 хувийн хүүтэй авсан. Хоршооноос авсан зээлээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлбөрийн урьдчилгаанд 27.000 ам.доллар шилжүүлэн ачилт хийгдсэний дараа үлдэгдэл төлбөрийг хийхээр тохиролцсон бөгөөд захиалга хийгдэн тоног төхөөрөмж ачигдах үед буюу 2016 оны 10 дугаар сард ам.долларын ханш огцом өссөнөөс гэрээнд тохиролцсон үнээр тоног төхөөрөмжөө авахад хүрэлцэхгүй байдалд орсон. Найз А.Дтааралдаж нэгэнт ханшийн зөрүүтэй холбоотой тоног төхөөрөмжөө авч чадахгүй болсон юм бол Налайхын нүүрсний уурхайд хамтран ажиллая гэсэн санал тавьсан юм. Ингээд бодит байдлыг хоршоонд танилцуулан нүүрсний уурхайд хөрөнгөө оруулахаар болсныг тайлбарлан хамтран зээлдэгч байсан Д.Цагааныг сольж А.Даваанямыг хамтран зээлдэгч болгосон. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Хамтран хариуцагчаар А.Даваанямыг татсан. “НЮ” ХЗХ-ны дүрмийн 8.3-д гишүүнээр элсэх хүсэлтийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Д.М ямар мэдэгдлээр ямар ашиг сонирхлоор гишүүнээр элсүүлэн зээл олгов гэдэг талаар Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрт заасан зүйл байхгүй. Үүнээс харахад Д.Мтай зээлийн гэрээ хийсэн асуудал нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.9-д заасан хууль зөрчиж хийсэн. Эхнээсээ хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт гэрээг батлав гээд Номин юнион Хадгаламж зээлийн хоршоо А.Даваанямтай хийсэн гэрээ байгаа. Д.Мт 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийг шилжүүлж, зээлийн харилцаа үүссэн. Гэтэл 8 дугаар сарын 02-ны өдөр “НЮ” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан байгаа. Гишүүн болсон хүмүүст зээл олгох ёстой, гишүүнээр тооцсон асуудал нь сарын дараа байдаг. Зээл олгосон хугацаа нь 1 сарын өмнө байна. Гишүүнээр элсүүлээд, элсүүлсний дараа зээл олгох ёстой. Энэ нөхцөлийг хангаагүй байж зээл олгосон асуудал нь Иргэний хуулийн 56.1.9, 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Тиймээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох үндэслэл гарч ирж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл 60.000.000 төгрөгийг төлөх үндэстэй байна гэжээ.

Хариуцагч А.Дшүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “НЮ” ХЗХ-той 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан байсан. Тухайн үед валютын ханшийн өсөлтөөс болж мөнгө хүрэлцэхгүй байна гэхэд нь би нэгэнт авсан зээл учир миний уурхай руу оруулчих гэсэн. Тэгээд бид хоршоонд очиж уулзсан. Намайг зээлийн хугацааг сунгах шимтгэл, татвар төл гэсэн Би 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 715.000 төгрөг төлөөд хорооны хурлаар ороход 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зээл олгох биш, зээл төлүүлэх шийдвэр гарсан. А.Даваанямыг хамтран зээлдэгчээр оруулахаар зааж, хугацааг 12 сараар сунгасан. Д.Мын авсан 60.000.000 төгрөгийг би төлөх юм байна гэж ойлгосон. Зээлийг уурхай руугаа оруулаад түлш шатахуунд зарцуулсан учраас нэмэлт гэрээний дагуу 60.000.000 төгрөгийг би хариуцан төлье гэдгээ албан ёсоор хэлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.1 453.2, зээлийн гэрээ, нэмэлт гэрээг үндэслэл болгож байна. Хэргийн материалтай танилцахад хариуцагч Д.М гишүүнээр элсэх хүсэлт гаргасан байгаа нь огноогүй, хэзээ гишүүнээр элсээд байгаа нь тодорхой биш. Зээл хүсэгчийн анкетыг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бөглөсөн. Зээлийн хорооны хурлын шийдвэр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гарсан. 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус хоршооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын 1 хавсралтын 67-д Д.Мыг хоршооны гишүүнээр элсүүлсүгэй гэсэн байна. Гишүүнээр элсэх хүсэлтээ хэзээ гаргасан нь тодорхой бус, гишүүнээр элсэхийг нь батламжлаагүй байхад зээл хүсэгчийн анкет бөглүүлээд зээлийн хорооноос шийдвэр гаргаад байдаг нь ямар учиртай юм бэ. Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ үйлчлэх үүрэгтэй. Зээлийн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус бол үүнтэй холбоотойгоор байгуулаад байгаа хэлцлүүд 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар бүгд хүчин төгөлдөр бус болно. “НЮ” ХЗХ-ны дүрмийн 8.3-т зааснаар гишүүнээр элсэх хүсэлтийг Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан. Зөвлөлийн хурлын шийдвэр гэж байгаагүй. Хоршооны Тэргүүлэгчдийн хожимдож буюу 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тогтоолыг харахаар яг ямар үндэслэлээр, Д.Мыг гишүүнээр элсүүлж, ямар нөхцөл болзлыг нь хангаад зээлийн үйл ажиллагаа үзүүлээд байгаа нь тодорхой бус байна. Иймд зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус учир харилцан өгч авсан зүйлээ буцаан өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Үүнтэй холбоотой барьцааны гэрээ, нэмэлт гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00863 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Маас 60.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номин юнион Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59.639.823 төгрөгт холбогдох хэсэг, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, 0000000000 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111.75 мкв 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага, хариуцагч А.Даваанямд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.135.473,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3.146.344,34 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Номин юнион Хадгаламж зээлийн хоршоонд буцаан олгож, хариуцагч Д.Маас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Номин юнион Хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 938 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00863 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Маас 118 836 223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номин юнион ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 803 600 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч А.Даваанямд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалт болгож Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111.75 мкв 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн заалт нэмж, 2 дах заалтыг 3 дах заалт болгож, уг заалтын 1 135 473.66 гэснийг 752 131 гэж, 3 146 344.34 гэснийг 3 529 957 гэж,457 950 гэснийг 752 131 гэж, 3 дах заалтыг 4 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 526 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.М хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч Д.М миний бие ИХШХШТХуулийн 172 дугаар эүйлийн172.1, 172.2.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар дараахь гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь “зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан” гэж, хариуцагч Д.М нь “НЮ” ХЗХ-ноос зээл хүссэн өргөдөл гаргахдаа тус хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан, гишүүнээр элсэх хураамжийг төлсөн, эдгээр баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй тул түүний хүсэл зориг хангалттай тодорхой илэрхийлэгдсэн, “НЮ” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Д.Мыг хоршооны гишүүнээр элсүүлсэн нь хоршоонд гишүүнээр элсэх Д.Мын хүсэл зоригийг үгүйсгэх, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх, ХЗХТХуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ““НЮ”” ХЗХ-ны дүрэмд хоршооны гишүүнээр элсүүлэх болзол нөхцөл, журмын талаар нарийвчлан заагаагүй нь хоршоонд гишүүн элсүүлсэн үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна ХЗХТХуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хадгаламж, зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгоно гэсэн нь хуулийн хориглосон хэм хэмжээ тогтоосон агуулгагүй байна гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх зохицуулалтыг бүхэлд нь дүгнэж үзвэл хоршоо нь мөнгөн хөрөнгийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэхээр зохицуулагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХ нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж буюу ХЗХТХуулийг бүхэлд нь зөрчиж, гишүүн бус этгээдэд зээл олгосныг хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн, мөн эрх зүйн чадамжгүй буюу гишүүн бус этгээдтэй хэлцэл хийсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Хоршооны зээлийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд явуулахаар хязгаарлаж өгсөн ба ХЗХТХуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “хоршоо нь энэ хууль болон хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэснийг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дэх хэсэгт зааснаар хоршооны гишүүнээр тодорхой нөхцөлийг хангасан эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх шаардлага тавигддаг. Гэвч нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХ нь хууль болон өөрийн дүрэм, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн байх тул уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үр дагаварыг үүсгэх гэж үзэх байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “НЮ” ХЗХ, хариуцагч Д.М, А.Днарт холбогдуулан үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 56 032 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 581 023 төгрөг, нотариатын зардалд 26 200 төгрөг нийт 119 639 823 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоот 111,75 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцаас хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагч А.Даваанямд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан ба хариуцагч Д.М зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндсэн зээл 60 000 000 төгрөгийг төлнө гэж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Маас 60 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 60 000 000 төгрөгийг 118 836 223 төгрөг гэж өөрчлөн, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

“НЮ” ХЗХ нь Д.М, Д.Цагаан нартай 2016 оны 7 сарын 01-ний өдөр ЗГ/201610018128 дугаартай зээлийн гэрээ болон БГ/201610018128 дугаартай барьцааны гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг, 30 хоногийн 2,99 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Д.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, 0000000000 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 байр 1103 тоотод байрлах 111,75 мкв 4 өрөө орон сууцыг барьцаалсан, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 12 сараар сунгасан байна.

“НЮ” ХЗХ нь 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 4/96 дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байх ба зээлийн үйл ажиллагааг Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, гэрээний төрөл, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг анхан шатны шүүх Иргэний хуулийн дагуу зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлд хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох, зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтоодог, хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүддээ олгох зээл нь барьцаа, батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан байх, зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах, уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болох, хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй зэрэг зээлийн үйл ажиллагааны онцлог, журмыг тусгайлан зохицуулжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан, “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан байна.

Д.М нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, гишүүнээр элсэх хураамжийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн, улмаар “НЮ” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор хоршооны гишүүнээр элссэн, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг авсан үйл баримтаас үзэхэд хоршооны гишүүн болоогүй байхдаа зээл авсан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг зөрчсөн, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

“НЮ” ХЗХ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг хууль болон дүрэмд заасны дагуу явуулах үүрэгтэй. Тэрээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн шаардлагаа баримтлаагүй, зээлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах нөхцөл бололцоог үгүйсгэсэн шинжтэй хэлцэл хийсэн байгаа нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.

Хадгаламж, зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хэлбэрийн хувьд иргэнийг гишүүнээр бүртгэж, зээл олгох үйл ажиллагаа явуулах нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн Хадгаламж зээлийн хоршоо нь сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй, хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд саналын нэг эрхтэй оролцох, сонгох, сонгогдох эрх эдлэх, мөнгөн хөрөнгөө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах; хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хөрөнгө авах зэрэг эрх эдэлдэг байх ба Д.М нь хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан, гишүүнээр элсэх хураамжийг төлсөн хэдий ч эдгээр эрхийг эдлээгүй, зээл авах зорилготой байснаас үзэхэд гишүүн гэж үзэхээргүй байв.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэжээ. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавартай тул хариуцагчаас 60 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсгийг зөрчөөгүй юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 938 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА