Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 39

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмлын газрын Кадастрын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Д.Мөнхтуяа

                                   П.Соёл-Эрдэнэ

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн:      Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, МV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0559 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0713 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, өмгөөлөгч Н.Баярсайхан,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нар,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0559 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, М-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0713 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0559 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 01 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0713 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4. Магадлалын 3 дугаар талд: “...Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасан байдаг ч төлбөр төлсөн баримтаа захиргааны байгууллагад ирүүлээгүй нь дээрх үйл баримтыг үгүйсгэх, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно" гэж заасан. Энэхүү хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн гэдгийг тодорхойлох 2 нөхцөлийг хангасан байх шаардлагыг хуульчилсан. Үүнд “тусгай зөвшөөрлийн төлбөрийг банканд төлсөн байх, уг төлбөрийн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлж, бүртгүүлсэн байх” гэсэн 2 нөхцөл зэрэг хангагдаж байж тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн гэж тооцохоор хуульчилсан. Гэтэл магадлалд дурдсанаар бол дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20 дахь хэсэгт заасан “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах" гэж тодорхойлсон геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг үгүйсгэсэн дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

5. Магадлалд “...төлбөрийн гүйлгээний утга дээр өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн МV-16967 дугаарын 6 ба 9 тоог зөрүүлж МV-19657 гэж, компанийн нэрийг “Калиосголд” ХХК гэж бичсэн зэрэг нь бичиглэлийн алдаа болохоос гүйлгээний алдаа бус, иймд эдгээр нь нэхэмжлэгчийг төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй" гэсэн байна. “Хелиосголд” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ маргаан нь төлбөрийг хуульд заасны дагуу урьдчилан төлөх болон алдангитай төлөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой маргаан /төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлсөн эсэх тухай асуудал/ болохоос ерөөсөө төлбөрийг төлсөн эсэхтэй холбоотой маргаан биш юм. Түүнчлэн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг буруу бичсэн нь тухайн компанийн холбогдох албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болохоос төрийн захиргааны байгууллагын Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэж гарсан хууль ёсны захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

6. Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх” хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл баримтыг давж заалдах шатны шүүх авч үзэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

7. Түүнчлэн магадлалын “Тогтоох” хэсгийн 1-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг үндэслэл болгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан байдаг. Энэхүү “урьдчилан төлөх” зохицуулалтын агуулга нь өмнөх жилийн төлбөрийг төлснөөс хойш тухайн жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх сүүлийн хугацаанаас өмнө буюу энэ маргааны тухайд 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны хоорондын аль нэг хугацаанд урьдчилан төлөх хуульд заасан үүргийг тодорхойлж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “...”Х” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-016957 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу анх олгосон сар, өдрөөс нь эхлэн тооцоход 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан ч энэхүү хугацаанд бус харин мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлжээ...” гэсэн атлаа “...нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх боломжит хугацаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байсан төдийгүй” гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийж, хуульд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг өөрөөр тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар “төлбөрийг банканд төлсөн л бол болно” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд төлбөрийн баримтыг холбогдох төрийн захиргааны байгууллагад ирүүлж бүртгүүлснээр буюу төлбөрийг хэзээ, хэрхэн төлсөн гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр 34.4 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэх ёстой байсан.

8. Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0713 дугаартай магадлал хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

10. “Хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй“ гэх үндэслэлээр “Х“ ХХК-ийн Увс аймгийн Зүүнхангай сумын Баянголын доод хэсэг нэртэй газарт 64.11 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн холбогдох заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус заасантай нийцээгүй байна.

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Х“ ХХК-ийн MV-016957 дугаар тусгай зөвшөөрөл нь анх 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөгдсөн байх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр биш, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөрөө алдангийн хамт төлсөн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “...34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд ...тооцон алданги ногдуулна”, 34.7-д ”...34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд...” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ. 

12. Нэхэмжлэгч нь төлбөр төлсөн гүйлгээний баримтад тусгай зөвшөөрлийн дугаарыг MV-19657А гэж болон компанийн нэрийг “Калиос голд” гэж алдаатай бичсэн, банкны ажилтны буруугаас дээрх алдаа гарсан, уг алдаатай бичигдсэн MV-19657А дугаарт “Майн индастри консалтинг“ ХХК-ийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл байгаа нь нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл тухайн дансанд хийгдсэн төлбөр нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр мөн болохыг үгүйсгээгүй байна.

13. Иймээс нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор төлбөрийг төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв, түүний тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “... төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасныг зөрчжээ.

14. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “...холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасныг баримтаа ирүүлээгүй нь төлбөрийг хугацаандаа төлсөн үйл баримтыг үгүйсгэх, улмаар “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол” гэх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “цуцлах үндэслэл” болохгүйг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхийг үүрэг болгож, энэ үүргээ биелүүлээгүй нь цуцлах үр дагаварт хүргэхийг тодорхойлсноос биш, төлбөр төлсөн баримтыг хугацаанд нь ирүүлээгүй нь дээрх үр дагаварт хүргэхээргүй болно.

15. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ...энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “...мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “...хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох...” гэж зааснаас үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн хугацаанд ээлжит жилийн төлбөрөө төлсөн ч холбогдох баримтаа тодорхой шалтгаанаар хүргүүлээгүйгээс цуцлах үндэслэл бүрдсэн нөхцөлд хуулийн хугацаанд төлбөр төлсөн баримтыг захиргааны байгууллагад ирүүлж, төлбөрөө хугацаанд нь төлснөөр тооцуулах боломжийг хуулиар зохицуулсан байна.

16. Иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг банкинд төлсөн байх, уг төлбөрийг баримтыг төрийн захиргааны байгуулллагад ирүүлж, бүртгүүлсэн байх” гэсэн 2 нөхцөл зэрэг хангагдсан байх ёстой гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.   

17. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, “тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээх“ нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш гэж дүгнэн, шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.      

18. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0713 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ