Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/02155

 

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/02155

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ...................... тоотод оршин суух, регистрийн дугаар ............., Б.Д.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ............. байрлах, регистрийн дугаар ........., “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ..............4 тоот тушаалаар Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлаар томилогдож, ажил олгогчтой 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль, дүрэм журмыг чанд сахин, алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллаж ирсэн. Миний удирдсан Чингис хаан Олон улсын нисэх буудал маань 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2018 онд үйл ажиллагаагаараа манлайлж, иргэний нисэхийн салбарын шилдэг салбар нэгжээр шалгарч, 2019 оны жилийн эцсээр миний ажлын үр дүнг дүгнэж, оны сүүлээр нэг сарын цалинаар, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан. Мөн манай байгууллага жил бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, орлогын тогтмол өсөлттэй байсан ба 2019 онд л гэхэд 5.000.000.000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ бүхэн нь намайг хүлээсэн үүргээ биелүүлж, үр бүтээлтэй ажилласан болохыг харуулж байна. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Иийн дарга П.М хувийн ашиг сонирхлоор Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчиж, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/111 дүгээр тушаал гаргаж, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаалын нэг дэх хэсэгт “Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирал Д.М нь санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр худалдан авалт хийсэн, өр авлагыг барагдуулаагүй, санхүүгийн сахилга бат сайжруулж ажиллаагүйгээс Үндэсний аудитын газрын “Хязгаарлалттай” санал дүгнэлт гарсан, орон тоо, цалингийн сан хэтрүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай” гэжээ. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмыг зөрчөөгүй, манай санхүүгийн хэлтсийн ажилчид хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу хичээн ажиллаж ирсэн. Байгууллагын хэмжээнд худалдан авах ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын гаргаж өгсөн төлөвлөгөөгөөр, төсвийн хуваарийн дагуу тендер шалгаруулалтыг явуулсан. Өр авлагыг барагдуулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, олон жил хуримтлагдсан өр байсныг 20 гаруй хувиар бууруулж, үлдэх авлагыг шүүх, хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж ирсэн. Санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүй гэдгийг ямар хэмжүүрээр дүгнэсэн нь тодорхойгүй, орон тоо, цалингийн сан хэтрүүлээгүй байхад ийнхүү хувийн үзэмжээр дүгнэн дээрх хууль бус тушаалыг гаргажээ. Мөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 4.2.3.1-т заасныг тусган ноцтой зөрчил гаргасан гэжээ. Гэтэл миний бие ямар ч ноцтой болон сахилгын зөрчил давтан гаргаж байгаагүй. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар албан шаардлага зэргийг үндэслэсэн нь хууль зөрчсөн байна. Төрийн аюудитын тухай хуулийн дээрх заалтын агуулга нь аудитын байгууллагад саад учруулах, нөлөөлөхийг оролдох, баримт материалыг гаргаж өгөхөөс зайлсхийх зэргээр зөрчил гаргавал хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахаар албан тушаалтныг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх тухай заалт байгаа. Гэтэл Үндсэний аудитын газраас миний ажил олгогчид албан шаардлага, саналыг хүргүүлээгүй. Харин Үндэсний аудитын газрын дээрх албан шаардлагад зөвхөн зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх, биелэлтийг тодорхой хугацаанд буцаан хүргүүлэхийг мэдэгдсэн агуулгатай байна. Бид биелэлтийг, хариу тайлбарын хамт хүргүүлж, худалдан авах ажиллагааны талаар буруу дүгнэлт гаргасан талаар залруулга хийлгэхээр ажиллаж байсан боловч намайг ажлаас чөлөөлснөөр энэхүү ажил зогссон. Уг шаардлагад надад ямар нэгэн сахилгын арга хэмжээ авахуулах, эсхүл ажлаас чөлөөлөх тухай саналыг огт тусгаагүй. Мөн надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил олгогч биш этгээд хувийн сонирхлоор дур мэдэн аудитын байгууллагын албан шаардлагыг гуйвуулан тайлбарлаж тушаал гаргаж байгаа нь хууль бус. Мөн тушаалын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг үндэслэсэн нь буруу байх бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг заалтыг баримталж тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Б-гийн тушаалаар ажилд томилогдсон, түүнд ажлаа тайлагнадаг. Гэтэл түүний өмнөөс Иийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргаж намайг хохироож байгаад гомдолтой байна. Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Эм Би Жи гэмтэл согогын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байх ёстой байсан. Иймд Д.М намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хэмжээгээр гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т болон өмгөөлөгч Н.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас хариуцагч Иийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг гаргасан. Үүнээс хойш хариуцагч захирамжийн биелэлтийг хангаж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул тухайн гаргасан хүсэлтээсээ татгалзаж, харин тус төвийн регистрийн дугаарыг ашиглан нийтэд илэрхий үйл баримт болох opendata.burtgel.gov.mn сайтаас тухайн хуулийн этгээдийн мэдээллийг авах боломжтой тул уг илэрхий баримтыг шүүх үнэлж, шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргасан” хэмээн дурдсан бөгөөд шинэ бүтэц, зохион байгуулалтаар Чингис хаан Олон улсын нисэх буудал нь Ид харьяалагдах болсон байх тул уг нэхэмжлэлийн үндэслэлээсээ татгалзаад, харин тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд маргаж байгаагаа хэлмээр байна. Тушаалд заасан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, мөн санхүүгийн үйл ажиллагааны дутагдал гаргасан гэх асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Чингис хаан Олон улсын нисэх буудлын үйлчилгээний хэсэгт мах, махан бүтээгдэхүүн авсан байна. Энэ нь санхүүгийн ноцтой зөрчилд тооцогдохгүй гээд аудитын байгууллагын албан шаардлага, албан тоотод дурдагдсан байгаа. ... Нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаа буюу 3 сар 18 хоногт тооцоход нийт 14.762.077 төгрөгийн цалинтай тэнцэх олговорыг  гаргуулж өгнө үү. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна” гэжээ.

Хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.М ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан “Иргэний нисэхийн салбарын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын саналыг харгалзан нисэх буудлуудыг удирдах нэгжийг өргөжүүлэн тус газрын үйлдвэрлэл, үйлчилгээний алба, нэгжүүдийг нэгтгэн, мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүргээс тусгаарлан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 он “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 387 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийг шинэчлэн баталж, И байгуулагдсан. Мөн сайдын 2020 оны “Дүрэм батлах тухай” А/69 тоот тушаалаар “И”-ийн дүрмийг баталсан. Уг дүрмээр Иийн даргад ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх олгогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “Ажил олгогч биш этгээд тушаал гаргасан” гэсэн нь үндэслэлгүй байна. Санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр худалдан авалт хийсэн, өр авлагыг барагдуулаагүй, санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүй ажилтан /албан тушаалтан/-д Хөдөлмөрийн тухай хуулийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Иймд Иийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/111 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан, “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

Хариуцагч Иийн дарга 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б/111 дугаар тушаалаар Д.М ыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Үндэсний аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаар албан шаардлага, ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 4.2.3.1, Иийн дүрмийн 6.4.6, 6.4.7 дахь хэсэгт тус тус заасныг үндэслээд “Санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, нээлттэй тендер шалгаруулалт явуулаагүй худалдан авалт хийсэн, өр авлагыг барагдуулаагүй, санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүйгээс Үндэсний аудитын газрын “Хязгаарлалттай” санал дүгнэлт гарсан, орон тоо, цалингийн сан хэтрүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдох тул ажлаас чөлөөлөв” гэжээ.

1. “Санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, нээлттэй тендер шалгаруулалт явуулаагүй худалдан авалт хийсэн, өр авлагыг барагдуулаагүй, санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүйгээс Үндэсний аудитын газрын “Хязгаарлалттай” санал дүгнэлт гарсан” гэх үндэслэлийн тухайд

Үндэсний аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ............ дугаар “Аудитын гэрчилгээ”-ний “Аудитын гол асуудал” гэсэн хэсэгт “Он удаан жил болсон авиа компаниудаас авах 9.026,2 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй, 207,8 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер зарлаагүй, харьцуулалтын аргаар худалдан авсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 31,3 сая төгрөгийн хөрөнгийг Нисэх буудлын удирдах газарт хүлээлгэж өгсөн, данс бүртгэлээс хасаагүй зэрэг нь санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, эрх ба үүрэг, оршин байх батламж мэдэгдлийг хангахгүй байна” гээд “Хязгаарлалттай санал дүгнэлт” хэсэг хэсэгт “Аудитын гол асуудалд дурдсан алдаа, зөрчлийг эс тооцвол Буян-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудал Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө /өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайланг материаллаг зүйлсийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул хязгаарлалттай санал дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

Энэхүү дүгнэлтээ үндэслэн тус газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот “Зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлагыг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ирүүлсэн байх бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар 50.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээг авахыг үүрэг болгож, уг зөрчлийг давтан гаргахгүй байх, биелэлтийг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирал Д.М , Аж ахуйн хангамжийн хэлтсийн дарга Ц.Ж нарт даалгаснаас үзэхэд ямар нэгэн сахилгын хариуцлага хүлээлгэх агуулга тусгагдаагүй байна.

Нөгөө талаар, хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ......... дүгээр албан бичигт “... тодорхой албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэх талаар албан шаардлагад дурдаагүй байна” гэсэн байх тул уг албан шаардлагыг үндэслэн Д.М т сахилгын шийтгэл хүлээлгэж, ажлаас чөлөөлсөн нь үндлэслэлгүй болжээ.

Санхүүгийн тайлангийн 2.10-т “Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан, тус бүр 50,0 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 2 нэр төрлийн 207,8 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг нээлттэй тендер зарлаагүй, харьцуулалтын аргаар худалдан авсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасантай нийцээгүй” гэжээ.

Тухайн хуулиудыг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус заасан байх боловч хариуцагч Иийн даргын 2020 оны Б/111 тоот тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хууль дурдагдаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан байна.

Түүнчлэн “Он удаан жил болсон авиа компаниудаас авах 9.026,2 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй” гэдгийг “Санхүүгийн аудитын тайлан”-гийн 3.1-т дэлгэрэнгүй дурдсан байх бөгөөд тухайн тайлбараас үзэхэд дээрх авлага нь 2014 оноос өмнө үүссэн 8.576,2 сая төгрөг, 2015 онд үүссэн 407,3 сая төгрөг, 2016 онд үүссэн 42,7 сая төгрөг буюу нийт 9.026,2 сая төгрөгийн авлага нь “МИАТ” компани, “А ХХК, “Х” ХХК-иас тус тус авах авлага байна” гэснээс үзэхэд эдгээр авлагын асуудал нь нэхэмжлэгч Д.М ыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын албан тушаалд томилогдохоос өмнөх онуудад үүссэн авлага байжээ.

Мөн 2.8 дахь хэсэгт “Мөнгөн хөрөнгийн дансны үлдэгдэл 10.929,4 сая төгрөгөөр өссөн нь урд оны авлагын үлдэгдэлээс 2.519,7 сая төгрөг барагдуулсан” гэж дурдагдсанаас үзэхэд нэхэмжлэгчийг “Өр төлбөр барагдуулаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тушаалд “Санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүй” гэж дурдсан байгаа боловч үүнийг ямар шалгуураар үнэлсэн нь тодорхойгүй, санхүүгийн өөр төрлийн зөрчил гаргасан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

2. “Орон тоо, цалингийн сан хэтрүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд

Хариуцагч Иийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус төвийн даргын итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Чингис хаан Олон улсын нисэх буудал хичнээн ажилтантай болох, цалингийн сан хэдий хэмжээгээр хэтэрсэн болох, захирал Д.М өөрийн ажлын байрны /албан тушаалын/ тодорхойлолтод заагдсан ямар үүргээ биелүүлээгүй болох талаар тогтоож, дүгнэлт хийх боломжгүй байна.

3. “Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийн тухайд

Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирал Д.М 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Б-тэй “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээнд нийт 13 ноцтой  зөрчлүүдийг дурдсанаас тушаалд уг зөрчлийн 4.2.3.1-т заасан буюу “Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн, нэгжийн үйл ажиллагааны заавар, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн бол” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ноцтой зөрчилд тооцоно” гэснийг баримталсан байна.

Уг хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-т заасан үндэслэлийг тус тусад нь үзэхэд

- Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн гэх үндэслэлийг дурджээ.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/69 тоот тушаалаар батлагдсан “И”-ийн дүрмээс үзэхэд тус байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд эдийн засгийн үр ашигтай агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, удирдан чиглүүлэх, зохион байгуулалтаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байх ба үүнийг Иийн хөдөлмөрийн дотоод журам үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Иийн хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг тухайн дотоод журамд заасан ажил, үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлүүлээгүй гэх тушаалын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, мөн нэхэмжлэгч Д.М сахилгын ямар ямар зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

- Нэгжийн үйл ажиллагааны заавар, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газраас “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг шүүгчийн захирамжаар татаж, хэрэгт хавсаргасан.

Гэтэл тухайн ажлын байрны тодорхойлолтын аль заалтад заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, эсхүл хангалттай биелүүлээгүй болох нь ойлгомжгүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлээгүй.

Иийн дүрмийн 6.4.6, 6.4.7 дахь хэсэгт тухайн төвийн даргын тушаал шийдвэр гаргах эрх, холбогдох дүрэм, журам, заавар батлан мөрдүүлэх, биелэлтийг хангуулах, үр дүнг тооцох, өөрийн байгууллагын бүтцийг баталж, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах эрхийг зохицуулсан байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаагүй” гэж маргасан боловч түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад энэхүү үндэслэл, тайлбараас татгалзсан тул шүүх уг тушаалд баримталсан дээрх дүрмийн заалттай холбоотой дүгнэлтийг хийх шаардлагагүй байна.

Иймд хариуцагч Иийн даргын 2020 оны Б/111 тоот тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тушаалын үндэслэл болсон нотлох баримтуудаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Д.М ыг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар түүнийг Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Д.М ын нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд 2020 оны 1 дүгээр сард 4.060.960 төгрөг, 2 дугаар сард 4.179.812 төгрөг, 3 дугаар сард 4.060.960 төгрөг, нийт 12.301.732 төгрөгийг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцож үзэхэд нэг өдрийн цалин 190.724 төгрөг  ба 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал ажлын 3 хоногийн цалин 572.172 төгрөг, 2020 оны 5 дугаар цалин 4.060.960 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын цалин 4.060.960 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын цалин 4.060.960 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажлын 10 хоногийн цалин 1.907.240 төгрөг, нийт 14.662.292 төгрөгийг хариуцагч Иөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 267.053 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч Д.М ын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж шийдвэрлэлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилд эгүүлэн тогтоолгох тухай, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М т,  ажилгүй байсан хугцаааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 14.662.292 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 231.261 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас нэхэмжлэгч Д.М ын ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 14.662.292 /арван дөрвөн сая зургаан зуун жаран хоёр мянга хоёр зуун ерэн хоёр/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 267.053 /хоёр зуун жаран долоон мянга тавин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М ын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгасугай.  

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М т, мөн 231.261 /хоёр зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                        ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                             Í.ÃÝÐÝËÒÓßÀ