Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00806

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183ШШ2020/02155 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.М-

           Хариуцагч: ИНҮ..төв

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлтийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016-09-09-ний өдрийн Б/144 тоот тушаалаар Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлаар томилогдож, ажил олгогчтой 2016-12-13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль, дүрэм журмыг чанд сахин, алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллаж ирсэн.. манай байгууллага жил бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, орлогын тогтмол өсөлттэй байсан ба энэ бүхэн нь намайг хүлээсэн үүргээ биелүүлж, үр бүтээлтэй ажилласан болохыг харуулж байна. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа ИНҮ..төвийн дарга П.Мөнхжаргал хувийн ашиг сонирхлоор Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчиж, 2020-04-27-ны өдрийн Б/111 дүгээр тушаал гаргаж, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмыг зөрчөөгүй, манай санхүүгийн хэлтсийн ажилчид хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу хичээн ажиллаж ирсэн. Байгууллагын хэмжээнд худалдан авах ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын гаргаж өгсөн төлөвлөгөөгөөр, төсвийн хуваарийн дагуу тендер шалгаруулалтыг явуулсан. Өр авлагыг барагдуулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, олон жил хуримтлагдсан өр байсныг 20 гаруй хувиар бууруулж, үлдэх авлагыг шүүх, хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж ирсэн. Санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүй гэдгийг ямар хэмжүүрээр дүгнэсэн нь тодорхойгүй, орон тоо, цалингийн сан хэтрүүлээгүй байхад ийнхүү хувийн үзэмжээр дүгнэн дээрх хууль бус тушаалыг гаргажээ. Мөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 4.2.3.1-т заасныг тусган ноцтой зөрчил гаргасан гэжээ. Гэтэл миний бие ямар ч ноцтой болон сахилгын зөрчил давтан гаргаж байгаагүй. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 28.1, Үндэсний аудитын газрын 2020-03-18-ны өдрийн 01/120 дугаар албан шаардлага зэргийг үндэслэсэн нь хууль зөрчсөн байна. Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалтын агуулга нь аудитын байгууллагад саад учруулах, нөлөөлөхийг оролдох, баримт материалыг гаргаж өгөхөөс зайлсхийх зэргээр зөрчил гаргавал хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахаар албан тушаалтныг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх тухай заалт байгаа. Гэтэл Үндэсний аудитын газраас миний ажил олгогчид албан шаардлага, саналыг хүргүүлээгүй. Харин Үндэсний аудитын газрын дээрх албан шаардлагад зөвхөн зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх, биелэлтийг тодорхой хугацаанд буцаан хүргүүлэхийг мэдэгдсэн агуулгатай байна. Бид биелэлтийг, хариу тайлбарын хамт хүргүүлж, худалдан авах ажиллагааны талаар буруу дүгнэлт гаргасан талаар залруулга хийлгэхээр ажиллаж байсан боловч намайг ажлаас чөлөөлснөөр энэхүү ажил зогссон. Уг шаардлагад надад ямар нэгэн сахилгын арга хэмжээ авахуулах, эсхүл ажлаас чөлөөлөх тухай саналыг огт тусгаагүй. Мөн надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил олгогч биш этгээд хувийн сонирхлоор дур мэдэн аудитын байгууллагын албан шаардлагыг гуйвуулан тайлбарлаж тушаал гаргаж байгаа нь хууль бус. Мөн тушаалын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57.1-г үндэслэсэн нь буруу байх бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг заалтыг баримталж тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд Д.М- намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хэмжээгээр гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

         Хариуцагч тал тайлбартаа: Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан Иргэний нисэхийн салбарын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын саналыг харгалзан, нисэх буудлуудыг удирдах нэгжийг өргөжүүлэн тус газрын үйлдвэрлэл, үйлчилгээний алба, нэгжүүдийг нэгтгэн, мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүргээс тусгаарлан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай 387 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийг шинэчлэн баталж, ИНҮ..төв байгуулагдсан. Мөн сайдын 2020 оны Дүрэм батлах тухай А/69 тоот тушаалаар ИНҮ..төв-ийн дүрмийг баталсан. Уг дүрмээр ИНҮ..төвийн даргад ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх олгогдсон. Санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр худалдан авалт хийсэн, өр авлагыг барагдуулаагүй, санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүй ажилтан /албан тушаалтан/-д Хөдөлмөрийн тухай хуулийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Иймд ИНҮ..төвийн даргын 2020-04-27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/111 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183ШШ2020/02155 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг Чингис хаан Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “ИНҮ..төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.662.292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 267.053 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ИНҮ..төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИНҮ..төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т, мөн 231.261 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 262 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт хяналтын гомдолдоо: .. шийдвэр, магадлалыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх ХХША-ны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.. анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндэсний аудитын газраас Нисэх буудлуудын удирдах газрын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулан авах хүсэлт гаргаж хүсэлтийг хүлээн авч захирамж гаргасан бөгөөд захирамж гаргахдаа Үндэсний аудитын газраас Чингис хаан Олон улсын нисэх буудлын 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргуулан авахаар захирамж гаргасан нь алдаатай байна. Дээрх буруу буюу алдаатай дүгнэлтийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг илтгэж байна. Мөн үүнийг давж заалдах шатны шүүхээс хянахдаа “...Үндэсний аудитын газраас Чингис хаан олон улсын нисэх буудлын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд тус баримт нь хэрэгт хамааралгүй баримт биш байна.” гэжээ. Энэхүү баримт нь хэрэгт хамааралтай баримт байна гэж үнэлсэн атлаа анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020-07-03-ны өдрийн 183/Ш32020/09822 дугаартай тэмдэглэлд “Үндэсний аудитын газраас Нисэх буудлуудын удирдах газрын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг...гаргуулан авах” тухай хүсэлтийг гаргахад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч өөр баримт гаргуулан авч, түүнийг үнэлж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх дүгнэж үзэлгүй шийдвэрлэжээ. УДШ-н 2008 оны ИХШХШТХ-н дэлгэрэнгүй тайлбар-нэмэлт өөрчлөлттэй 2 дахь хэвлэлд “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэдэгт “тэмдэглэл хөтлөөгүй”-г хамааруулжээ. Гэтэл “тэмдэглэлд дурдагдсан” баримтыг гаргуулан авах хүсэлт гаргахад өөр баримтыг гаргуулан авсан нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн байна. Хэдийгээр гурван итгэмжлэгдсэн төлөөлөгч ИНҮ..төвийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн оролцож байгаа боловч шүүх хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэрмаагийн гаргасан хүсэлтийг хангалгүй орхисноос гадна, мөн хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэрмааг шүүхэд хүрэлцэн очиж хүсэлт гаргах үед шүүхээс хавтаст хэрэгтэй танилцуулж гарын үсэг зуруулалгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулалгүй гаргасан хүсэлтийг нь хүлээн авч, тухайн хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй. ИХШХШТХ-н 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх...эрхтэй оролцоно.” гэж заасны дагуу мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, шүүх хуралд биечлэн оролцох боломжоор хангалгүй шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх үнэлсэнгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.М- 2020-05-14-ний өдөр ИНҮ..төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “..хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал холбогдох хуульд нийцсэн...” гэж маргасан байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        ИНҮ..төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт хяналтын шатны шүүхэд 2020-10-19-ний өдөр гомдол гаргасан боловч зохигч нар эвлэрсэн байна.

        Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй юм. 

        Д.М- болон ИНҮ..төвийн дарга П.Мөнхжаргал нарын хооронд 2020-10-28-ны өдөр байгуулсан №01 дугаартай “ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ” -нд “Энэхүү ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ /цаашид “гэрээ” гэх/-г Нэг талаас: Боржигон овогтой Дашнямын М- /цаашид “Нэхэмжлэгч” гэх/ РД: СЮ69050578, Утас: 99114810, нөгөө талаас: ИНҮ..төв /цаашид “Хариуцагч” гэх/ нар /цаашид хамтад нь “Талууд”, эсхүл “Зохигчид” гэх/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэр /цаашид “шүүхийн шийдвэр” гэх/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлал /цаашид “шүүхийн магадлал” гэх/-тай иргэний хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөлийг бүрэн судлан үзэж, Зохигчид эвлэрснийг үндэслэн тэдний харилцан тохиролцоо, үүрэг амлалтын үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон байгуулав. Нэг. Ерөнхий зүйл 1.1. Зохигчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалтай иргэний хэрэгт эвлэрч, нэгдсэн тохиролцоонд хүрч, Талуудын хэн аль нь нөгөөгийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх хүсэл зоригоо илэрхийлж, түүнийгээ баталгаажуулан энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулсан болно. Хоёр. Эвлэрлийн агуулга, нөхцөл 2.1. Зохигчид шүүхийн шийдвэрээр тогтоосон дараах асуудлаар дор дурдсан тохиролцоонд хүрч, эвлэрэв. Үүнд: 2.1.1. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-т Нэхэмжлэгчийг одоогийн Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 /тав/ хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна. 2.1.2. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 2-т хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 14,662,292.00 /арван дөрвөн сая, зургаан зуун жаран хоёр мянга, хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба Талууд харилцан тохиролцсноор нэхэмжлэгч энэхүү олговрыг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. 2.1.3. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 3-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг, нөхөн бичилт хийхийг Хариуцагчид даалган шийдвэрлэсэн байх ба Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, эвлэрч байна. Гурав. Бусад зүйл 3.1. Гэрээний цогц байдал: Гэрээ хүчин төгөлдөр болсноор энэхүү гэрээ нь талууд хоорондын бүхий л ойлголт ба тохиролцоог төлөөлөх ба талууд хоорондын бүх тохиролцоо, амлалт, ойлголтыг орлоно гэдгийг талууд хүлээн зөвшөөрөв. 3.2. Гэрээ хүчин төгөлдөр байх: Энэхүү гэрээ нь Талууд гарын үсэг зурснаар хуулийн адил хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээгээр тохиролцсон тохиролцоо бүр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үр дагаврыг үүсгэнэ. 3.3. Зохицуулах хууль: Энэхүү гэрээнд заагаагүй, эсхүл энэхүү гэрээнээс үүссэн асуудлыг Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна. 3.4. Хувь: Энэхүү гэрээг Монгол хэлээр 4 /дөрөв/ эх хувь үйлдэж, Нэхэмжлэгчид 1 /нэг/ хувь, үлдэх хувийг Хариуцагч тус тус хадгалсан нь адил хүчинтэй. 3.5.         Хэрэглэгдэх хэл: Энэхүү гэрээг Монгол хэл дээр үйлдэв. 3.6. Заавал дагаж мөрдөх: Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурснаар тэдгээрийн тус тусын эрх шилжүүлэн авагч нар заавал дагаж мөрдөх үүргийг хүлээнэ. 3.7. Эрх шилжүүлэх: Зохигчдын хэн аль нь энэхүү гэрээний дагуу хүлээх аливаа эрх, үүргийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн нөгөө талынхаа зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ХАРИУЦАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: ИНҮ..төвийн дарга П.Мөнхжаргал, Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн Дашнямын М-” гэж заажээ.     

        2020-10-28-ны өдрийн №01 дугаар “ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ” нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх байдал тогтоогдоогүй байна.  

        Иймд Д.М- болон ИНҮ..төвийн эвлэрлийг батлах нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж үзлээ. 

       Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183ШШ2020/02155 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2017 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, ИНҮ..төв болон Д.М- нар 2020-10-28-ны өдөр эвлэрч “...нэхэмжлэгчийг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоосныг хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, эсхүл шүүхийн тогтоол цаасан хэлбэрээр гарсан өдрөөс хойш ажлын 5 /тав/ хоногт багтаан тухайн албан тушаалд томилохоор эвлэрч байна. ...Талууд харилцан тохиролцсноор нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 14,662,292 төгрөгийг авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрч байна.. Хариуцагч нь эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсны дараа ажилд томилох шийдвэр /тушаал/ гарч, ажил үүргээ гүйцэтгэж эхлэх өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус нөхөн бичилт хийх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн...” тухай №01 дугаар “ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ” –г баталж, ИНҮ..төвд холбогдох “...Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах...” тухай Д.М-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа ИНҮ..төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 231,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                   

        

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ