Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/02017

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И- ТӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгосүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 09-ний өдрийн Б/144 тоот тушаалаар Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлаар томилогдож, ажил олгогчтой 2016 оны 12 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль, дүрэм журмыг чанд сахин, алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллаж ирсэн. Миний удирдсан Чингис хаан олон улсын нисэх буудал 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, 2018 онд үйл ажиллагаагаараа манлайлж, иргэний нисэхийн салбарын шилдэг салбар нэгжээр шалгарч байсан. Мөн манай байгууллага жил бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, орлогын тогтмол өсөлттэй байсан ба 2019 онд 5 000 000 000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ бүхэн нь намайг хүлээсэн үүргээ биелүүлж, үр бүтээлтэй ажилласан болохыг харуулж байна. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа И-ийн дарга П.Мөнхжаргал хувийн ашиг сонирхлоор Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчиж, 2020 оны 4 сарын 27-ны өдрийн Б/111 дүгээр тушаал гаргаж, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмыг зөрчөөгүй, манай санхүүгийн хэлтсийн ажилчид хариуцсан ажил үүргийн хуваарийн дагуу хичээн ажиллаж ирсэн. Байгууллагын хэмжээнд худалдан авах ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын гаргаж өгсөн төлөвлөгөөгөөр, төсвийн хуваарийн дагуу тендер шалгаруулалтыг явуулсан. Өр авлагыг барагдуулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, олон жил хуримтлагдсан өр байсныг 20 гаруй хувиар бууруулж, үлдэх авлагыг шүүх, хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж ирсэн. Санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүй гэдгийг ямар хэмжүүрээр дүгнэсэн нь тодорхойгүй, орон тоо, цалингийн сан хэтрүүлээгүй байхад ийнхүү хувийн үзэмжээр дүгнэн дээрх хууль бус тушаалыг гаргажээ. Мөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 4.2.3.1-т заасныг тусган ноцтой зөрчил гаргасан гэжээ. Гэтэл миний бие ямар ч ноцтой болон сахилгын зөрчил давтан гаргаж байгаагүй. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/120 дугаар албан шаардлага зэргийг үндэслэсэн нь хууль зөрчсөн байна. Төрийн аюудитын тухай хуулийн дээрх заалтын агуулга нь аудитын байгууллагад саад учруулах, нөлөөлөхийг оролдох, баримт материалыг гаргаж өгөхөөс зайлсхийх зэргээр зөрчил гаргавал хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахаар албан тушаалтныг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх тухай заалт байгаа. Гэтэл Үндсэний аудитын газраас миний ажил олгогчид албан шаардлага, саналыг хүргүүлээгүй. Харин Үндэсний аудитын газрын дээрх албан шаардлагад зөвхөн зөрчлийг арилгах, дахин гаргахгүй байх, биелэлтийг тодорхой хугацаанд буцаан хүргүүлэхийг мэдэгдсэн агуулгатай байна. Бид биелэлтийг, хариу тайлбарын хамт хүргүүлж, худалдан авах ажиллагааны талаар буруу дүгнэлт гаргасан талаар залруулга хийлгэхээр ажиллаж байсан боловч намайг ажлаас чөлөөлснөөр энэхүү ажил зогссон. Уг шаардлагад надад ямар нэгэн сахилгын арга хэмжээ авахуулах, эсхүл ажлаас чөлөөлөх тухай саналыг огт тусгаагүй. Мөн надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил олгогч биш этгээд хувийн сонирхлоор дур мэдэн аудитын байгууллагын албан шаардлагыг гуйвуулан тайлбарлаж тушаал гаргаж байгаа нь хууль бус. Мөн тушаалын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь буруу байх бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг заалтыг баримталж тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд Д.М- намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хөлсийг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хэмжээгээр гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргасан хэмээн дурдсан бөгөөд шинэ бүтэц, зохион байгуулалтаар Чингис хаан олон улсын нисэх буудал нь И-д харъяалагдах болсон байх тул уг нэхэмжлэлийн үндэслэлээсээ татгалзаад, харин тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд маргаж байгаагаа хэлмээр байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан Иргэний нисэхийн салбарын бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын саналыг харгалзан, нисэх буудлуудыг удирдах нэгжийг өргөжүүлэн тус газрын үйлдвэрлэл, үйлчилгээний алба, нэгжүүдийг нэгтгэн, мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүргээс тусгаарлан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай 387 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийг шинэчлэн баталж, И- байгуулагдсан. Мөн сайдын 2020 оны Дүрэм батлах тухай А/69 тоот тушаалаар И--ийн дүрмийг баталсан. Уг дүрмээр И-ийн даргад ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх олгогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Ажил олгогч биш этгээд тушаал гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр худалдан авалт хийсэн, өр авлагыг барагдуулаагүй, санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүй ажилтан /албан тушаалтан/-д Хөдөлмөрийн тухай хуулийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Иймд И-ийн даргын 2020 оны 4 сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/111 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч И- ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 662 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэлээс 267 053 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч И- ТӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-т, мөн 231 261 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндэсний аудитын газраас Нисэх буудлуудын удирдах газрын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулан авах хүсэлт гаргасныг хүлээн авч, захирамж гаргасан бөгөөд захирамж гаргахдаа Үндэсний аудитын газраас Чингис хаан олон улсын нисэх буудал-ын 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргуулан авахаар захирамж гаргасан нь алдаатай болсон. Дээрх буруу буюу алдаатай дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг илтгэж байна. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн байна. Хэдийгээр гурван итгэмжлэгдсэн төлөөлөгч И-ийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн оролцож байгаа боловч шүүх хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэрмаагийн гаргасан хүсэлтийг хангалгүй орхисноос гадна, мөн түүнийг шүүхэд хүрэлцэн очиж хүсэлт гаргах үед шүүхээс хавтаст хэрэгтэй танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй, гаргасан хүсэлтийг нь хүлээн авч, тухайн хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч И- ТӨААТҮГ-т холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 09-ний өдрийн Б/144 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.М- нь Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлаар томилогдон, 2016 оны 12 сарын 13-ны өдөр тус газрын даргатай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. И- ТӨААТҮГ-ын даргын 2020 оны 4 сарын 27-ны өдрийн Б/111 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэжээ. Тушаалд нэхэмжлэгч Д.М-ыг Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Үндэсний аудитын газрын 2020 оны 3 сарын 18-ны өдрийн 01/120 дугаар албан шаардлага, хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 4.2.3.1, И-ийн дүрмийн 6.4.6, 6.4.7 дахь хэсэгт зааснаар санхүү, нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, нээлттэй тендер шалгаруулалт явуулаагүй худалдан авалт хийсэн, өр авлагыг барагдуулаагүй, санхүүгийн сахилга батыг сайжруулж ажиллаагүйгээс Үндэсний аудитын газрын хязгаарлалттай санал дүгнэлт гарсан, орон тоо, цалингийн сан хэтрүүлж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг заасан байна. /хх-ийн 8-14-р тал/

 

Үндэсний аудитын газар нь Чингис хаан олон улсын нисэх буудлын 2019 оны санхүүгийн тайлан, тодруулгад аудит хийж, 2020 оны 3 сарын 13-ны өдөр хязгаарлалттай санал дүгнэлт гарган, 2020 оны 3 сарын 18-ны өдөр зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг тус байгууллагын дарга буюу нэхэмжлэгч Д.М-т хүргүүлжээ. /хх-ийн 16, 18-р тал/

 

Уг санал дүгнэлт бүхий аудитын гэрчилгээнд он удаан жил болсон авиа компаниудаас авах авлагыг барагдуулаагүй, бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер зарлаагүй харьцуулалтын аргаар худалдан авсан, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг хангаагүй ч аудитын гол асуудалд дурдсан алдаа, зөрчлийг эс тооцвол Чингис хаан олон улсын нисэх буудлын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн нь нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул хязгаарлалттай санал дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг зааснаас гадна ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг тухайлан заасан байна. /хх-ийн 12-р тал/

 

Нэхэмжлэгч Д.М-ыг ажлаас чөлөөлсөн хариуцагч И- ТӨААТҮГ-ын даргын тушаалд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1-т заасныг баримталсан байх бөгөөд тус заалтад ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заажээ. /хх-ийн 12-р тал/ Хөдөлмөрийн гэрээний уг заалтад заасан үндэслэл буюу нэхэмжлэгч Д.М-т өмнө сахилгын шийтгэл хүлээлгэж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч Д.М-ыг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т заасантай тус тус нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мөн хариуцагч талаас гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ хүсэлтэд зааснаас өөр нотлох баримт бүрдүүлсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Гэвч, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 5 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020 оны 5 сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлтэд нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, эрх үүрэг болон хэргийн материалыг танилцуулсан байна. Мөн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 сарын хугацаанд үргэлжилжээ. /24-26, 31-32-р тал/

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, шүүх хуралдааны товыг мэдээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь хуралдааныг хойшлуулах тухай түүний хүсэлт гаргасан байдлаар няцаагдаж байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт ээлжийн амралттай байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм. Түүнчлэн, хариуцагч талын бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Цэрмаа, Х.Болор-Эрдэнэ нар шүүх хуралдаанд оролцох боломжтой гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй, тэдгээрийн шүүхэд ирж эрх үүрэг болон хэргийн материалтай танилцах эрхийг шүүх хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. /хх-ийн 91, 101-103-р тал/

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийхдээ Үндэсний аудитын газраас Чингис хаан олон улсын нисэх буудлын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд тус баримт нь хэрэгт хамааралгүй баримт биш байна. /хх-ийн 38-39, 40-42-р тал

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 262 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ