Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 115/ШШ2023/0002

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “...” ХХК,

Хариуцагч: Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагч ******* сумын Засаг дарга ..., түүний өмгөөлөгч ...нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...” ХХК нь, Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээр дурдсан ******* сумын Засаг даргын 2016 оны А/82 дугаар захирамжийг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардан авч, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гарган хариуг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/852 тоот албан бичгээр авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн оролцогчдын тайлбар болон түүний үндэслэл:

3.1.“...” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани анх 2012 оны 5 дугаар сард газар олгох төсөл сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцэн Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжаар Ханги боомтын ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 20 га газар эзэмшихээр болж 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээг бидэнд олгосон.

Гэвч 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн ******* сумын Засаг дарга “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/87 дугаартай захирамж гаргасан байх ба уг захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад “Тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 20 га газар эзэмшигч “...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гээд 3 дугаар заалтаараа Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай холбогдох аж ахуйн нэгжид мэдэгдэхийг газрын даамал /.../-д үүрэг болгосугай” гэжээ.

Энэхүү хууль бус захирамжийг манай компани огт мэдээгүй бөгөөд манай компанид мэдэгдээгүй байсан. “...” ХХК-ийн захирал миний эцэг ...нь олон жил хүндээр өвчилж /чихрийн шижин, уушгины хорт хавдар/ бие нь муу байсан тул өөрийн төрсөн охин болох намайг ковидын цар тахал гайгүй болж намжсан тул дээрх газрын асуудлыг тодруулж өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаанд Ханги боомтын газраа ашиглах хэрэгтэй талаар хэлж, намайг гүйцэтгэх захирлаар томилсон.

Миний бие 2022 оны 05 сарын 04-ний өдөр 99043225 дугаарын утсаар Оюунгэрэл гэдэг хүнээс газрын талаар асуухад, манай компанийн газрыг хүчингүй болсон байх, өөрийн биеэр ирж уулзаарай гэсэн хариу өгсөн. Тэгээд миний бие 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж холбогдох мэргэжилтнээс нь дээрх газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг “Хүргэсэн бичгийн бүртгэл”-ийн дэвтэрт гарын үсэг зурж хүлээн авсан.

Сумын Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгт дурдсанаас үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “ж” заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ. Уг заалтуудыг нэг бүрчлэн авч үзвэл үндэслэлгүй хууль зөрчиж манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 29.1.3. хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар: ж/газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх; гэжээ. Энэ заалтыг үндэслэснээс харвал манай компанийн газар эзэмших эрхтэй холбоотой маргаан үүсэж, түүнийг нь сумын Засаг дарга шийдвэрлэсэн юм шиг харагдаж байх ба манай газартай холбоотой маргаан огт үүсэж байгаагүй, маргаан үүссэн бол манай компанийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд огт татан оролцуулаагүй шийдвэрлэсэн асуудал хууль бус байх бөгөөд Засаг дарга яагаад уг заалтыг захирамжийнхаа хууль зүйн үндэслэл болгосон нь үндсэндээ ойлгомжгүй байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно. 39.1.1 газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэжээ. Манай компанид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 оноос эхлээд 15 жилийн хугацаатай буюу 2027 онд дуусахаар газар эзэмших гэрээний хугацаа ч мөн ижил 15 жилийн хугацаатай байхад “хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэдэг хуулийн заалтыг захирамжийнхаа хууль зүйн үндэслэх хэсэгт үндэслэсэн байгаа нь уг захирамж нь хууль бус, бодит байдалд огт нийцээгүй болохыг харуулж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох: 40.1-Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэжээ. 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч хоёрын хооронд байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.4-т зааснаар жилд 800000 /найман зуун мянган/ төгрөгийн газрын төлбөрийг төлөхөөр заасан байсан бөгөөд газар эзэмшигчийн хувьд газрын төлбөрийг төлөхөд үргэлж бэлэн байсан бөгөөд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан Хадгаламжийн банк татан буугдсантай холбоотой дансны өөрчлөлтийн талаар тодруулга мэдээлэл авахаар ярьсан боловч хариу мэдэгдээгүй, мөн түүнчлэн сумын газрын даамал, төлбөрийн байцаагч нараас ганц ч удаа төлбөрөө төлөхийг сануулж шаардаж байгаагүй надад газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас ирүүлж байгаагүй утсаар ч огт залгаж байгаагүй, газар эзэмшүүлэх гэрээгээ огт дүгнэж байгаагүй, газрын төлбөрийн тооцоог нийлж дүгнэж байгаагүй байж хуулийн энэхүү заалтыг үндэслэсэн нь хууль бус байна.

Газрын тухай хуулийн 51 дүгээр зүйл /Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох 61.1.Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэжээ. Эндээс харахад Сумын Засаг дарга өөрийн өмнө гаргасан шийдвэр буюу захирамжаа өөрөө хүчингүй болгох тухай заалт байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамжийн 2 дахь заалтаараа өмнөх сумын Засаг даргынхаа 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэж заасан байх бөгөөд эрх зүйн зохицуулалтын хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох талаар хуульчилсан бөгөөд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 48.2-т заасан тохиолдолд л хүчингүй болгох зохицуулалттай.

Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Дорноговь аймгийн ******* сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Захирамж буюу захиргааны акт гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох /эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг зөрчсөн:, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулах ёстой байсан ч сонсох ажиллагаа огт хийгээгүйгээрээ хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэлгүй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

Түүний дараа буюу захирамж гарсны дараа Газрын тухай хуулийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар “Захиргааны актыг мэдэгдэх” хуультай гэвч 2005 оны 07 дугаар сард гарсан захиргааны акт болох захирамжийг манай компанид мэдэгдээгүй нуун дарагдуулж байгаад 6 жилийн дараа Аймгийн газрын харилцааны мэргэжилтэн мэдэгдэж байгаа нь Газрын тухай хуулийн 40 2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдож байна.

Түүнчлэн хууль тогтоогч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн тэрчилгээг хүчингүй болгох” гэж хуульчлан тогтоосон бөгөөд Сумын Засаг даргын захирамжийн тэргүү болон 1 дүгээр заалтад дурьдсан “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” ойлголт эрх зүйн зохицуулалт Газрын тухай хуульд байхгүй бөгөөд болон Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор ч Сумын засаг даргад тийм эрх олгогдоогүй болно. Өөрөөр хэлбэл Газар эзэмших эрхийг хүчингүй болгож болохгүй ба гагцхүү Газар эзэмших эрх дуусгавар болох тухай зохицуулалт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд тусгагдсан бөгөөд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийн нэг юм.

Энэ дагуу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын А/87 дугаар захирамж нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь харагдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон эсхүл түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно мөн хуулийн 27 дугаар зүйлд “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж”, тэдгээрийг захиргааны шийдвэр гаргах процесст оролцуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40.1.5 дахь заалт буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд газар эзэмшигчид урьдчилан мэдэгдэж сонсох үйл ажиллагаа явуулах замаар газрын төлбөрөө яагаад төлөөгүй шалтгаанаа тайлбарлах боломжийг хуульчилсан.

“Захиргааны тусгай зан байдал”-ыг ийнхүү хуульчилснаар тайлбарлаж буй заалтыг хэрэглэх захиргааны байгууллага, албан тушаалтны хэрэглээ, түүнтэй холбогдох шүүхийн маргааны практик өөрчлөгдөж, уг заалтыг үндэслэн газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Засаг даргын шийдвэрт нэмэлт нөхцөл шаардагдах болсон юм” гэснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Манай компанийн зүгээс ******* сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Аймгийн Засаг даргад хандаж 2022.06.02-ны өдөр гомдол гаргасан боловч тус захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн тухай 2022.06.21-ний өдрийн А/852 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Бидний зүгээс Дорноговь аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

******* сумын Засаг даргын 2016.01.05-ны өдрийн 05/10 дугаартай мэдэгдлийг Аймгийн Засаг даргын ирүүлсэн хариунд хавсаргасан байсныг л анх харж мэдсэн.

Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргаас манай компанид дээрх 2016 оны 05/10 дугаартай албан бичгийг гардуулж огт өгч байгаагүй. Бид гардаж авч байгаагүй, түүнчлэн баталгаат шуудангаар болон цахим /и-мэйл/ шуудангаар ч хүлээж аваагүй утсаар ч мэдэгдээгүй мэссэж ч ирүүлээгүй, бидний зүгээс тийм агуулгатай албан бичиг гарсан эсэх болон манай компани руу явуулсан гэдэгт бүрэн эргэлзэж, эсэргүүцэж байна.

******* сумын Засаг дарга энэхүү албан бичгээ манай компанид мэдэгдсэнээ, хүргүүлснээ баримтжуулсан байх учиртай. Ийм байхад манай компанид мэдэгдсэнд тооцох нь хууль зүйн хувьд ямар ч боломжгүй, Сумын засаг дарга дээрх мэдэгдлээ манай компанид мэдэгдсэн хугацаа, арга, хэлбэрээ өөрөө нотлох учиртай, гэвч үүнийгээ нотолсон ямар ч нотлох баримтгүйгээр зүгээр л нэг албан бичиг үйлдсэн байснаа гаргаж ирэн манай компанид мэдэгдсэн, хүргүүлсэн байсан гэж үзэх, түүнийг нь нотлох баримтаар тооцох үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

Үүний бас нэг нотолгоо нь Дорноговь аймгийн ******* сумын Засаг дарга 2016.07.27-ны өдөр А/87 дугаартай захирамж гаргаснаа ч Газрын тухай хуулийн 40.2 Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх” талаар хуульд заасан ажиллагааг ч огт хийгдээгүй нь тодорхой харагдаж байх ба 2016 оны 01 дүгээр сард гаргасан албан бичгээ ч манай компанид мэдэгдсэн, бүүр хүргүүлсэн байх боломжгүйг давхар давхар нотолж байгаа болно.

Газрын тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.11-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40 2-т заасан ... мэдэгдэнэ” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан ...этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ. гэжээ

Тухайн үед манай аав өвчтэй байсан. Би зарим зүйлийг нь мэдэхгүй байна. Манай газрын асуудлыг хариуцсан ажилтан байдаг байсан. Тэр хүн бүх газартай холбоотой зүйлийг төлж байсан гэсэн. Би архив ухаж нарийн зүйлийг нь олж хараагүй. Тухайн үед ааваас тодруулж асуухад холбогдох хүмүүстэй нь холбогдон юм аа хиймээр байна гэхэд одоохондоо үйл ажиллагаагаа хийгээгүй дэд бүтцэд байхгүй байгаа юм чинь та хэд 1, 2 жилийн дараа хийхгүй юу гэсэн гэж надад хэлсэн. Би энэ талаар нотлох баримтаар нотолж чадаагүй учраас энэ талаар яриагүй гэв.

Манай аав ер нь сахрын өвчтэй байсан, сүүлийн 13 жил өвдсөн. Уушгины хорт хавдартай бие нь муу гадаадад эмчлүүлж байгаа. Онош нь тодорхойгүй байж байгаад ковидын дараагаас хүндээр өвдсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1,106 дугаар зүйлийн 106.3 1-д заасны дагуу Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамжийн “..." ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Сая Э Засаг дарга  тайлбараа уншихдаа захирамжийнхаа алдааг засаж газар эзэмших эрхийн гэрчилгээг гэж зөвтгөж уншиж хариу тайлбар гаргаад байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай гэж захирамжид заасан байгаа. Захирамжийн тэргүү дээр мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай гэж байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна.

Хоёрдугаарт газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээгээ сунгах талаар тодорхой тайлбар гаргаагүй гэж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон байгаа. Газар эзэмшүүлэх гэрээгээ сунгуулах хүсэлт тавиагүй гэдэг тайлбар тавьж байна. Газар эзэмшүүлэх гэрээний 3.4-т гэрээг жил бүр дүгнэнэ гэдэг нь Засаг дарга, газрын даамлын үүрэг байгаа. 

Нэмээд энэ захиргааны акт нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Энэ актын үйлчлэлтэй холбоотой харилцааг хоёр үечлэлд хувааж авч үзэх нь зүйтэй. Нэгдүгээрт нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс өмнөх болон хойших үе гэж хуваан өмгөөллийн үгээ хэлэхийг хүсэж байна. Яагаад ингэж хувааж байна гэхээр Монгол Улсын Их хурлаас баталсан Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн учраас ингэж хувааж авч үзэх нь зүйтэй. Нэг нь хуулийн үйлчлэлийн өмнөх харилцаа, нөгөө нь хуулийн үйлчлэлээс хойших харилцаа юм.  Тэгэхээр 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 05/10 тоотыг хүргүүлсэн гэж байна. Яг хүргүүлсэн гэдгийг нь нотлох гээд шүүхээс шуудангийн архивт шүүлгэсэн ч 3 жилээс өмнөх баримтууд хадгалагдаагүй байна гэсэн агуулгатай зүйлийг нотлох баримт болгож бичгээр ирүүлсэн байна. Тэгэхээр энэ 05/10 дугаартай мэдэгдлийг тухайн компани руу явуулсан байдаг бол явуулснаа, хэрэв шуудангаас тухайн хаяг дээрээ байхгүй байх юм бол ямар нэгэн байдлаар гардаж аваагүй ч гэдэг юм уу тийм хариу хүргүүлсэн эсэх нь яригдахгүй байна. ******* сумын Засаг даргын тамгын газраас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/10 гэсэн дугаартай бичгийг явуулсан бичгийн бүртгэл дээрээ бичсэн байна гэж нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь газар эзэмшигч ... ХХК уг албан бичгийг хүлээн авсан гэсэн үг биш. Энэ акт сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт учраас хаяглагдсан этгээддээ заавал очсоныг баталгаажуулах үүрэг нь Засаг даргад байгаа.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан. Засаг дарга захирамжийнхаа гуравдугаар заалт дээр газрын даамалдаа тухайн компанид мэдэгдэхийг үүрэг болгосон. Үүнийгээ мэдэгдэж баталгаажуулсан байх ёстой болохоос биш ямар нэгэн байдлаар өөрийнхөө явуулсан бичгийн бүртгэлд бичсэнээрээ мэдэгдсэн гэж үзэх нь хангалтгүй юм.

Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойших харилцаа буюу Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхэлснээс хойших харилцаанд захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах гэсэн хуульд заасан ажиллагаануудаас аль нь ч хийгдээгүй.

Мөн захиргааны акт гаргасныхаа дараа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх зохицуулалттай. 43.1, 43.2, 43.8-д захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй үүнийгээ нотолж чадахгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан тайлбар хэлэхэд Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тооцох вэ гэдгийг зааж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор зохицуулсан байгаа. Тэгэхээр энэ цуцлахаас өмнөх мэдэгдэл мөн дараа нь хүчингүй болгосон актыг ч ... ХХК хүлээн аваагүй, мэдээгүй учраас хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй. Эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох учраас захиргааны акт эрх зүйн зөрчилтэй.

Өмгөөлөгч...сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэдэг агуулгаар тайлбарлаад байгаа боловч эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцална гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн 48.2.1- 48.2.5-т заасан үндэслэлээр цуцлахаар заасан. Тийм учраас эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа тохиолдолд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1 - 40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгээр л эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар заасан. Гэтэл энэ захиргааны актад эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар заагаагүй зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар зохицуулсан байна.

Тийм учраас миний түрүү асуугаад, хэлээд байгаа газар эзэмшүүлэгч, эзэмшигч хоёрын хооронд байгуулсан гэрээгээ дүгнээд сонсох ажиллагааг хийгээд хэрэв төлөхгүй бол мэдэгдлийг нь өгөөд хэрэв мэдэгдлээ авчхаад мэдэгдэлд заасан зөрчлөө арилгахгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх нь байгаа.

Энэ захирамж нь өөрөө эрх зүйн зөрчилтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, эрхийг хүчингүй болгосон. Энэ нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний акт ч байж болзошгүй нөхцөл харагдаж байгаа гэв.

3.3.Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжаар Ханги боомтын ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 20 га газар эзэмших эрх олгосон. Нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрхтэй болсноос хойш хугацаанд Газрын тухай хууль болон  иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлж, газрыг бодитоор эзэмшиж байгаагүй болно.

Газар эзэмших эрхийг  Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “ж”,  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн захирамжийг тухайн үеийн Засаг дарга гаргасан байдаг.

Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.4-д “газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний 2.4-д зааснаар газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн дансанд төлнө гэж тодорхой заасан. “...” ХХК-иас газар эзэмших эрх нээгдсэнээс цуцалсан захирамж гарах хүртэл 4 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар газрын төлбөрийг огт төлж байгаагүй бөгөөд эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй тул газрыг бодитоор эзэмшээгүй гэж үзэх бүрэн үндэслэл болно. Газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулдаг. Байгуулсан өдрөөс хойш уг хугацааг сунгуулахаар ямар нэг байдлаар хүсэлт өгч байгаагүй боловч тухайн гэрээний хугацаа дуусгавар болсноор нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй учраас дуусгавар болсон гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар газар эзэмших эрх нь өв уламжлагдан хадгалагддаг, хэзээ ч дуусгавар болдоггүй нэг удаа олгосон бол үүргээ биелүүлсэн эсэхээс үл хамааран хэвээр хадгалагдаж байдаг эрх биш юм. Мөн газрын төлбөрийг төлөх эсэх талаар байнга захиргааны байгууллага мэдэгдэж сануулж мэдэгдэж байх үүрэгтэй мэтээр тайлбарласан. Гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг байгаагүй. Гэрээнд жилийн хугацаанд улирал тутам төлнө гэж заасан л бол гэрээний үүргээ хэрэгжүүлж эзэмших талбайн төлбөрийг тухай бүрд нь барагдуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болохыг сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/10 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар огт мэдэгдээгүй гэж буй нь үндэслэлгүй. Тус  компанийн өөрийнх нь өгсөн хаягийн дагуу хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг хаяган дээрээ хүлээж авсан эсэх нь захиргааны байгууллагын хариуцах ёстой асуудал биш.

Нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрхтэй эсэхээ ч мэдэхгүй 10 жилийн хугацаанд явж ирснээ гэнэт газар эзэмших эрх нь  хэвээр эсэхийг нягталж шалгаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тус асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэдэн жилээр хэтрүүлсэн байна. Газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр эсэхийг мэдэх боломжид захиргааны байгууллагаас аливаа байдлаар нөлөөлөөгүй бөгөөд хүчин төгөлдөр эсэхээ мэдэх талаар аливаа үйлдлийг нэхэмжлэгчээс 2022 оныг хүртэл огт хэрэгжүүлж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтаар тодорхой нотлогдож байна. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудалд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлж байгаагүйгээс үүдэн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

  Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа газар нь Монгол Улсын хилээс 7 км орчим орших 20 га газар байгаа. Тухайн үед нь 300 га газрын тус бүрд нь адил  хэмжээгээр 16 аж ахуйн нэгжүүдэд олгосон. Тухайн үеийн Засаг дарга нь цуцлахдаа бүх газруудыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг шалтгаануудаар цуцалсан байгаа. Түүнээс хойш ямар нэгэн дахин төлөвлөлт хийгээгүй байж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Хилийн тухай хуульд өөрчлөлт орж, хилийн зурвасаас дотогш 15 хүртэлх км газрын хилийн зурвас гэж үзээд энэ газрыг олгох эрх хэмжээг Монгол Улсын Засгийн газарт олгоно гээд хуульчилсан. Ингээд 2017 оноос хойш Ханги хилийн боомт дээр ямар нэгэн байдлаар газар олголт хийгдээгүй. Монгол Улсын Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги хилийн боомтыг дахин төлөвлөлтөд оруулахаар Дорноговь аймгийн 2023 оны жилийн эцсийн төлөвлөлтөд 200 сая төгрөгийг тусгасан. Мөн боомтын сэргэлтийн хүрээнд дахин төлөвлөлтөд энэ бүх зурвас орсон байгаа гэж тайлбар хэлэх байна гэв.

   3.4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Халиуны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг бүхэлд нь дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн маргаж байгаа маргаан бүхий захиргааны актад хэд хэдэн хууль зүйн үндэслэлийг зааж өгсөн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэдэг үндэслэл нь газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох нэг үндэслэл болсон. Хэрэгт энэ газартай холбоотой бүх баримтуудыг цуглуулсан гэж үзэж байгаа. Эдгээр баримтаар ямар нэгэн байдлаар гэрээнийхээ хугацааг сунгана ч гэдэг юм уу ийм үйл ажиллагааг огт хийж байгаагүй.

Мөн газрын төлбөрийг төлөөгүй нь хүчингүй болгох бас нэг үндэслэл болсон. Газрын төлбөр төлөөгүй гэдэг нь сум болон аймгаас авсан лавлагаагаар нотлогдож байгаа. Анх энэ газар нь 2012 онд төсөл онгон шалгаруулалтын журмаар олгогдсон газар байгаа. 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ нь олгогдоод гэрээ нь хийгдээд явсан. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч газрын төлбөрийг төлж байгаагүй. Газрын төлбөрийн тухайд газрын төлбөрийг төлөх үүрэг нь газар эзэмшигчид буюу нэхэмжлэгчид байсан. Энэ газрын төлбөр төлөөгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Нийт газрын төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал нь одоо ч хэвээр байгаа учраас газар эзэмших эрхийг сэргээх маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.

Мөн энэ газар эзэмших эрх нь хэвээр байхад өөрөөр хэлбэл 2012 оноос хойш энэ газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэгч ч нэхэмжлэлдээ  тусгасан байсан. Нэгэнт энэ газраа ашиглахгүй, эзэмшихгүй яваад ирсэн газраа гэнэт 10 жилийн дараа хадгалагдсан хэвээр байна гэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж харж байгаа.

Газар эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар өмчлөх эрх биш, захиргааны байгууллагаас газрын төлбөрөө төлөөч ээ гэж байнга хандаад байх нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр өөрт хадгалж, өв залгамжлах ёстой эрх биш, тодорхой зориулалтын дагуу тодорхой хэмжээний газрыг тухайн цаг хугацаанд өөрийн мэдэлд л байлгах үйл ажиллагаа юм. Газар эзэмшигчийн хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй байж одоо газар эзэмших эрхтэй байсан, манай эрхийг хүчингүй болгочихож гэж маргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа болон хууль зүйн үндэслэлийн хувьд маргах боломжгүй болсон нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх харгалзаж үзэх ёстой.

Энэ эрхийг авснаасаа хойш эрхээ хэрэгжүүлэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байж одоо захиргааны байгууллагын буруу мэдэгдээгүй, сонсох ажиллагаа заавал хийх ёстой байсан гэдэг зүйл ярьж байгааг нь хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Сонсох ажиллагаа хийснээр ямар нөхцөл байдал өөрчлөгдөх  юм гэдэг дээр газрын төлбөр төлөх байсан гэдэг л юм яриад байна. Ийм тайлбар өгч байгааг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Маргаан бүхий захирамж нь зөвхөн газрын төлбөр төлөөгүй гэдгээр үндэслэлээр биш хуульд заасан газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөл байдал бий болсон байна. Гэрээний хугацаа сунгах байхад сунгуулах хүсэлт гаргаагүй байна гэсэн хэд хэдэн үндэслэлийг харгалзаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа.

 Маргаан бүхий захирамжийн нэр буруу бичсэн гэж байгаа ч  яагаад хүчингүй болж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхой байгаа. Тэгэхээр энэ захиргааны актыг ямар нэгэн байдлаар алдаатай гэж үзэх боломжгүй. Нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа харин хийгдэж газрын төлбөр төлөөгүй юм байна, гэрээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байна гэдэг нөхцөл байдал нь бий болоод явчихсан ажиллагаа учраас үүнийг Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, сонсох ажиллагаа хийснээр нөхцөл байдал өөр болох байсан гэдэг зүйл энэ шүүх хуралдааны явцад тодорсонгүй гэж үзэж байна. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан эдгээр нөхцөл байдал байхгүй. Мөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг 48.2.1-т зааснаар хүчингүй болгох ёстой гэж яриад байна. Хэдийгээр бичээгүй ч гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл шаардлага хангагдаж байгаа. Тэгэхээр хариуцагч талын гаргасан захиргааны акт нь ямар нэгэн хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Түрүү нэхэмжлэгч нэгээс хоёр жил байж бай гэсэн, өмнө аав өвчтэй байсан гэж хэлсэн гэж яриад байна. Энэ нөхцөл байдал нь хэрэгт цугларсан байдлаар тогтоогдоогүй. Энэтэй холбоотой нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

3.5.Хариуцагчийн өмгөөлөгч ...ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэ газар эзэмших эрхээ авснаас хойш эргэж сумтайгаа ямар ч харилцаа холбоо байхгүй байж байгаад 10 жилийн дараа гэнэт гарч ирсэн. Гарч ирсэн шалтгаанаа компанийн удирдлага өөрчлөгдсөн, тийм учраас газрынхаа асуудалд санаа тавьж хөөцөлдсөн гэдэг зүйл ярьж байна. Жишээ нь үл хөдлөх хөрөнгөтэй орон сууцыг өмчлөх эрхийг харьцуулаад хэлье л дээ. Тухайн орон сууцанд гэрчилгээ аваад өмчлөх эрхтэй боллоо гэж үзэхэд тэр хүн болон түүний өмчлөх эрхэд нь ямар нэгэн байдлаар тулгаж өмчлөх эрхээ хадгалж байхын тулд ингээрэй гэх боломж байхгүй. Гэтэл эзэмших эрх дээр тухайн газар эзэмших эрх дээр үнэхээр энэ эрхээ хадгалж байя гэвэл хуулиар маш тодорхой нөхцөл шаардлагыг тавьдаг. Юу гэхээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэж байгаа. Үүнийг биелүүлж байх юм бол таны газар эзэмших эрх хэвээр байна. Дараа нь 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэсэн зохицуулалт тухайн үед үйлчилж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 35.3.3 дахь заалтын "тогтоосон" гэснийг "хуульд заасан" гэж өөрчлөлт орсон юм байна лээ. Өөрөөр хэлэх юм бол яг энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байж тэр эрх хадгалагдана. Түүнээс биш нэг л эрх авсан бол дуртай цагтаа гарч ирээд би ийм газартай байсан гэсэн асуудал ярих боломжгүй.

 Дараа нь 15 жилийн хугацаагаар олгосон гэдэг зүйл яриад байна. Гэхдээ энэ дээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “...гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэсэн зохицуулалт байгаа. Мөн энэ гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж байгаа шүү гэдгээ тодорхой заасан. Засаг дарга төрийн захиргааны байгууллагаас тухайн эрхийг нь олгоод үүнийхээ хойноос байнга хөөцөлдөж байх ёстой юм шиг зүйл ярьж байна, төлбөрөө  төлөх, хугацаа сунгах эсэх талаар асуух байсан л гэж хэлээд байна. Гэтэл энэ асуудал чинь газар эзэмшигчийн өөрийнх үүрэг шүү дээ. Үүнийг захиргааны байгууллага хэлсэнгүй, мэдэгдсэнгүй гэдэг зүйл хэлж болохгүй. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэсэн зохицуулалт байгаа.

Энэ газрыг ачиж, буулгах талбайн зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар авсан гэж яриад байгаа боловч бодит байдал дээр гэрээ, гэрчилгээ хоёроос өөр зүйл байхгүй. Газар дээрээ ямар ч ажиллагаа хийгээгүй. Гэхдээ хүчингүй болгосон үндэслэл нь төлбөртэй холбоотой учраас ингээд орхиё, ер нь бодит байдал дээр юу ч хийгээгүй байгаа. Тэгэхээр Засаг даргын захирамж хуулийн үндэслэлтэй гарсан. Өөрөөр хэлэх юм энэ дээр тодорхой, талууд маргахгүй асуудал нь төлбөр төлөөгүй гэдэг дээр маргадаггүй.

 Харин сонсох ажиллагаа явуулж байж үүнийг хүчингүй болгох байсан гэдэг. Тэгэхээр сонсох ажиллагаатай холбоотой  тайлбар хэлье. Гол нь сонсох ажиллагаа явуулах хэрэгтэй байсан уу? үгүй юу гэдэг дээр ярих ёстой зүйл нь юу гэхээр хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол яах байсан юм. Нэхэмжлэлд дурдсан агуулгаараа бид төлбөрөө төлөх байсан гэдэг. Хэрэв сонсох ажиллагаа явуулахад төлбөрөө төлчих байсан гэж байгаа бол энэ нь хүлээн авах шалтгаан биш.Талуудын хооронд байгуулсан гэрээ дээр 3, 4 дүгээр улиралд газрын төлбөр 400,000 төгрөг төлнө гэж заасан байгаа. Яагаад ингэж заасан юм гэхээр энэ төлөвлөлтийн дагуу л сумын газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явна. 10 жилийн дараа гарч ирээд төлбөрөө төлөөрэй хүчингүй болголоо шүү гэхээр нь ер нь энэ хэрэгтэй, үнэд орж магадгүй юм шиг байна гээд төлбөрөө төлөх байсан гэх юм бол энэ яагаад ч хүлээж авах зүйл биш. Хуульд заасан хугацаанд төлөөгүй л бол төлөөгүй гэж үзнэ.

Хоёрдугаарт сонсох ажиллагаа явуулсан бол ямар боломж үүсэх байсан юм гэдгийг анхаарч үзэхэд яагаад төлөөгүй шалтгааныг нь тайлбарлаж өгөх ёстой. Нэхэмжлэлд дурдсан шалтгаан зэргээс үнэхээр яах аргагүй хүндэтгэн үзэх шалтгаан байж тийм учраас энэ төлөөгүй шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаанаа баримт нотолгоотой ярих ёстой. Түүнээс компанийн удирдлага солигдлоо, аав байж байгаад би болсон тэгээд төлбөр төлж чадсангүй гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Сонсох ажиллагаа  явуулаагүй гэж ярихаасаа өмнө шалтгаанаа ярих ёстой. Тэр нь үнэхээр яах аргагүй шалтгаан байгаад сонсох ажиллагаа явуулсан бол ингэх байж дээ гэж бодож шийдвэр гаргахдаа харгалзаж үзэх байх. Гэтэл яг энэтэй холбоотой баримт байхгүй, үндэслэл ч дурдаагүй. Энэ компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байгаа. ******* суманд газар эзэмших эрх авсан. Тэр газар эзэмших эрхийг нь өгнө, араас нь төлбөрөө өгөөч гэж хөөцөлдөх асуудал байхгүй. Шүүх энэ асуудлыг шийдэхдээ үнэхээр илэрхийлж байгаа эрх ашиг сонирхлыг нь анхаарах ёстой. Би үүргээ биелүүлээгүй, гэхдээ энэ хамааралгүй манай эрхийг хэвээр хадгалах ёстой гэдэг тайлбар байж болохгүй. 2012 онд танайх ачих буулгах зориулалтаар газар өгчихөө бид ийм зориулалтаар эзэмшинэ гээд авсан. Тэгчхээд хүчингүй болгох хүртэл 4 жил, хүчингүй болгосноос хойш 6 жил болсон. Тэр ачиж буулгах талбай барьж байгуулсан нь хаана байна. Газар эзэмших талаар бодитой үйлдэл хийгээгүй байж манайд боломж олгосонгүй гэдэг нь үндэслэлгүй.

Хадгаламж банкны данстай холбоотой үндэслэл дурдаад банк татан буугдсан гэсэн байсан. Үнэхээр Хадгаламж банкны дансанд төлөгдсөн асуудал байсан юм уу? гэхэд Манай аав өвчтэй байсан гэж байх шиг байна. Энэ газар компанид олгосон газар,  яахав иргэн А гэж хүнд олгосон газар байж байгаад тухайн хүн нь өвчтэй гэсэн бол сонсож болох л тайлбар байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө маш тодорхой хариуллаа. Төлбөрийн асуудал өөр хүн хариуцаж байсан, төлбөрүүдийг төлөөд явсан юм байна лээ гэсэн. Тэр хүний эрүүл мэндийн байдал хамаагүй, компанийн үйл ажиллагаа явагддагаараа явагдсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ өвчтэй байсан гэх шалтгаан нөхцөлийг харгалзаж үзэх боломжгүй.

Ер нь энэ актыг ямар зорилгоор гаргачхав гэхээр ямар нэгэн шалтгаан нөхцөл байхгүй, цэвэр зөрчлөөр нь л хүчингүй болгосон зүйл байсан. Энэ дээр үнэхээр үйл ажиллагааг нь явуулаад ачиж буулгах талбайгаа зориулалтын дагуу ашиглаад төлбөрөө төлөхөө мартчихсан байхад нь энэ нөхцөл байдлыг нь далимдуулан хүчингүй болгосон байх юм бол харгалзаж үзэж болно. Гэтэл энэ дээр тодорхой байгаа асуудал нь үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрөө ч төлөөгүй байгаа болохоор эрхийг хүчингүй болгох хариуцлага хүлээлгэхээс өөр ямар ч боломж байхгүй. Бодитой нөхцөл байдал гэвэл ер нь газар эзэмших эрх авч гэрээгээ байгуулчхаад алга болчихвол яах уу? тэгж хойноос нь хөөцөлдөж эрхийг нь эдлүүлдэг зүйл гэж байхгүй. Төлбөр төлөөгүй байгаад нь захиргааны байгууллага буруутай биш, ийм агуулгаар тайлбарлаад байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн мэтгэлцээн болон нотлох баримт шинжлэн судлах явцад гаргасан зөрчил нь маргаангүй тогтоогдож байна. Үүний дагуу л шийдвэр гарсан.  Тэгэхээр нөхцөл байдал нь ийм л тодорхой маргаан шиг санагдаж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Энэ хэрэгт газар эзэмшигчийн, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нутгийн захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргаан хянан хэлэлцэгдсэн ба, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/87 дугаар захирамжаар (хавтаст хэргийн 45 дах тал ), Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “ж”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, 1 дэх заалтаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Ханги хилийн боомтын ойролцоо, ачиж буулгах талбайн зориулалтаар газар эзэмшигч хоёр аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар уг захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн үйлчлэлд нэхэмжлэгч “...” ХХК хамаарчээ.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... захирамжийн хууль зүйн үндэслэл хэсгээс үзэхэд үндэслэлгүйгээр хууль зөрчиж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, ... хуулийн 29.1.3-ын “ж” заалтын хувьд манай газартай холбоотой маргаан огт үүсч байгаагүй, ... хуулийн 39.1.1 дэх заалтын хувьд гэрчилгээний хугацаа 2027 онд дуусахаар, гэрээний хугацаа ч 15 жилийн хугацаатай байхад “хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэснийг үндэслэсэн нь хууль бус, бодит байдалд нийцээгүй, 40.1.5 дахь заалтын хувьд гэрээний 2.4-т 800,000 төгрөг төлөхөөр заасан, төлөхөд бэлэн байсан, гэрээнд заасан Хадгаламж банк татан буугдсантай холбоотой дансны өөрчлөлтийн тодруулга авахаар ярьсан боловч хариу өгөөгүй, нэг ч удаа төлбөр төлөхийг сануулж шаардаагүй, мэдэгдэх хуудас ч ирүүлээгүй, ... гэрээгээ огт дүгнэж байгаагүй, 61.1 дэх хэсгийг үндэслэсэн нь эрх зүйн зохицуулалтын хувьд алдаатай шийдвэр, ... сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахад шаардлагатай бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах, захиргааны актыг мэдэгдэх зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27,43 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40.2-ыг зөрчсөн, ... гэрчилгээг хүчингүй болгох гэж хуульчилсан, гэтэл газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд ийм ойлголт хуульд байхгүй, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт” гэж,

7. Хариуцагчаас “...газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх хуульд заасан үүрэг болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй, ... газар эзэмших эрх нээгдсэнээс хойш цуцалсан захирамж гарах хүртэл 4 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар газрын төлбөрийг огт төлж байгаагүй, ... эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй тул газрыг бодитоор эзэмшээгүй, ... гэрээг сунгуулахаар хүсэлт өгч байгаагүй, ... сумын Засаг даргын 2016 оны 05/10 дугаар албан бичгээр мэдэгдсэн тул сонсох ажиллагаа явуулаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар огт мэдэгдээгүй гэсэн нь үндэслэлгүй” гэх зэргээр маргаж байна.

8. Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/62 дугаар захирамжаар, төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд тус сумын Замын шанд багийн нутаг дэвсгэрт Ханги тосгоны ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эзэмшил газрын хэмжээ, хил зааг, байршлыг хавсралтаар баталсан, үүнд нэхэмжлэгч “...” ХХК, хавсралтын №2-т зааснаар 6 дугаартай байршилд, 20 га газар эзэмшихээр тэмдэглэгдсэн,

Улмаар тус сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан дээрх шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “...” ХХК (захирал Ю.Алтайхүү)-тай  2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” (цаашид “Газар эзэмшүүлэх гэрээ” гэх) байгуулж, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ... дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” (цаашид “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэх) олгосноор нэхэмжлэгч “...” ХХК нь маргаан бүхий 20 га газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн нь хавтаст хэргийн 14-21, 101-105 дахь талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ... байгаа ... аж ахуйн нэгж, ...зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө), 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх заалт) гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ... байгаа Монгол Улсын ... аж ахуйн нэгж, ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх ... гэрээний дагуу ... аж ахуйн нэгж, ...(-ийн)  эзэмшиж, ... байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” (3, 4 дүгээр зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх) хэмээн тус тус зохицуулжээ.

10. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “(Газар эзэмших гэрээнд)...”Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” ... (-г тусгах)”-аар (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх заалт) заасан байх ба хэрэгт авагдсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний (хавтаст хэргийн 19, 102, 103 дахь тал) 2.4-т газрын төлбөрийн хэмжээг бүгд 800,000 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг хоёр хувааж буюу мөн оны 3, 4-р улиралд тус тус 400,000 төгрөгийг газар эзэмшүүлэгчийн Хадгаламж банкны 28110000731 тоот дансанд шилжүүлэхээр, 3.4-т “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”-өөр тусгасан байна.

11. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээр дурдсанаар эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрын төлбөр болох 800,000 төгрөгийг тухайн газрыг ашигласан эсэхээс үл хамааран гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй боловч түүнийг төлөөгүй байхаас гадна эзэмшиж буй 20 га газрын төлбөрийг огт төлж байгаагүй нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 522 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн “...” ХХК-ийн газрын төлбөрийн судалгаа (хавтаст хэргийн 113-114 дэх тал)-нд тус хуулийн этгээд газрын төлбөрт 2012 онд 872, 329, 2013 онд 1,600,000, 2014 онд 1,600,000, 2015 онд 1,600,000, 2016 оны 1, 2-р улиралд 800,000, нийт дүн 6,472,329 төгрөг төлөхөөс, төлөгдөөгүй 6,472,329 төгрөг хэмээн бичигдсэн байгаагаар болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх ба газрын төлбөр төлөөгүй тухайн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

   12. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс харин газрын төлбөр төлөөгүй шалтгаан нөхцөлийн талаар “...газар эзэмшүүлэх гэрээнд заасан Хадгаламж банк татан буугдсантай холбогдуулан дансны өөрчлөлтийн талаар тодруулга мэдээлэл авахаар ярьсан боловч хариу мэдэгдээгүй, ...өмнөх захирал нь олон жил хүнд өвчтэй байсан” гэсэн тайлбарыг гаргах боловч тэрээр тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг гэрээнд заасан төлбөр төлөх хугацаанд болон газрын төлбөр төлбөл зохих хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлж маргаагүй бөгөөд тухайн этгээдийн хүндээр өвдсөн цаг хугацаа нь “газрын төлбөр төлбөл зохих хугацаанд” хамаарахгүй болох нь ...ий  шүүх хуралдаанд гаргасан “аав ер нь сахрын өвчтэй байсан, сүүлийн 13 жил өвдсөн. Уушгины хорт хавдартай бие нь муу гадаадад эмчлүүлж байгаа. Онош нь тодорхойгүй байж байгаад ковидын дараагаас хүндээр өвдсөн” гэх тайлбараар тогтоогдож байна.  Мөн хэрэгт авагдсан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А-153 дугаар тушаал (хавтаст хэргийн 159 дэх тал)-аас үзэхэд  газрын төлбөр төлөхөөр гэрээнд заагдсан хугацаа болох 2012 оны 3, 4 дүгээр улиралд Хадгаламж банк татан буугдаагүй байсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тухайн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь тухайн эзэмшил газрынхаа төлбөрийг огт төлж байгаагүй шалтгааныг “...төлбөр төлөхөд бэлэн байсан ч сумын газрын даамал, төлбөрийн байцаагч нараас ганц ч удаа төлбөрөө төлөхийг сануулж шаардаж байгаагүй, газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас ирүүлж байгаагүй, утсаар ч огт залгаж байгаагүй, газар эзэмшүүлэх гэрээгээ огт дүгнэж байгаагүй, газрын төлбөрийн тооцоог нийлж дүгнэж байгаагүй” гэх зэргээр газар эзэмшүүлэгчийн буюу хариуцагчийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг.

Хэрэгт авагдсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний (хавтаст хэргийн 19, 102 дах тал) газар эзэмшүүлэгчийн үүрэг гэсэн хэсгийн 4.4-т “газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх”-ээр тусгасан байх боловч Газрын тухай хуулиар гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэхээр заасан улмаар “газрын төлбөр төлөх үүрэг” нь газар эзэмшигчид хуулиар (мөн 2012 онд байгуулсан гэрээгээр) хүлээлгэсэн үүрэг тул хариуцагчийн газар эзэмших гэрээг дүгнээгүй, газрын төлбөр төлөх талаар мэдэгдэж, сануулж байгаагүй зэрэг нь тухайн газар эзэмшигчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

13. Улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “(сумын Засаг дарга) ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... (тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох)-оор заасан бөгөөд дээр тогтоогдож буй нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч “...” ХХК-ийн хувьд эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болох “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” зөрчлийг гаргасан нь маргаангүйгээр тогтоогдож байна.

14. Гэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан “...хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай байтал маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эрхийг хүчингүй болгох ойлголт хуульд байхгүй, эрхийн зөрчилтэй захиргааны акт” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

15. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тодруулбал, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулах талаарх Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн хэмээн маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хуульд заасан тусгай зарчмуудыг баримтлах үүрэгтэй ба тухайн тохиолдолд 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлах, ингэхдээ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасан дагуу холбогдох ажиллагааг явуулахаар байна.

Хариуцагчаас, нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлтэй холбогдуулан “..... сонсох ажиллагаа явуулсан хэмээн маргаж ******* сумын Засаг даргын тамгын газраас 2016 онд явсан албан бичгийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийг (хавтаст хэргийн 97-98, 120 дах тал) нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. Гэвч тухайн бүртгэлд сумын Засаг даргын мэдэгдэл хүргүүлэх тухай 2016 оны 01 сарын 05-ны өдрийн 05/10 тоот албан бичгийн огноо, дугаар, аль хэлтэс тасгаас явуулж байгаа, хэнд хаягласан, товч утга, хуудасны тоо, хариутай эсэхийг тусгаснаас өөрөөр нэхэмжлэгчид хэзээ, хэрхэн ямар байдлаар хүргүүлсэн талаар огт тэмдэглээгүй байгаагаас үзэхэд уг баримт нь хариуцагчийн энэхүү тайлбарыг нотолж чадахгүй байх ба энэ нь нэхэмжлэгчийн “сонсох ажиллагаа явуулаагүй” гэх тайлбар үндэслэлтэй болохыг баталж байна.

16. Гэвч хариуцагчийн сонсох ажиллагаа явуулаагүй үйлдэл нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн тогтооход нөлөөлөхгүй. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “газрын төлбөрийг бүрэн төлөх боломжтой, төлөхөд бэлэн байсан” гэх зэрэг тайлбарыг гаргаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааны зорилго нь тухайн шийдвэрийг гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож улмаар бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгдсэн агуулгатай учир газар эзэмшигчээс газар эзэмшүүлэх гэрээнд заасан 800,000 төгрөгийг болон 2013-2016 оныг хүртэлх хугацааны газрын төлбөрийг бүхэлд нь төлөөгүй нөхцөл байдал сонсох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл тухайн төлбөрийг нөхөн төлүүлсэн ч энэ нь газар эзэмшигчийг газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

17. Улмаар хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа дээрх байдлаар шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, тухайн шийдвэрийг гаргахад хамааралгүй хуулийн зохицуулалтыг үндэслэсэн (Монгол Улсын Засаг захиргаа, нутаг нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “ж”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг) зэргээр эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан нь тогтоогдож байх боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” хэмээн зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд уг захиргааны актыг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж сэргээн тогтоох учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан баримт бичиг болох эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох нөхцөл байдлыг өөрсдөө үүсгэж буюу газар эзэмшигчийнхээ хувьд хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь нэгэнт тогтоогдсон бөгөөд энэхүү үүргээ нөхөн биелүүлснээр ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зөрчигдсөн гэж үзэж, сэргээлгэхээр шаардаж буй нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж шүүхээр хамгаалагдана.

18. Түүнчлэн нэхэмжлэгчээс “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т болон Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар тухайн захиргааны актыг мэдэгдэх зохицуулалттай үүнийг хэрэгжүүлээгүй” гэх агуулгатай тайлбар гаргаж маргасан, хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасан “захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох” үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мөн тогтоогдож байх боловч захиргааны актыг мэдэгдсэн эсэхтэй холбоотой энэхүү асуудал нь маргаан бүхий захиргааны акт хууль ёсны эсэх үндэслэлд хамааралгүй, харин нэхэмжлэгчийн зүгээс холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хугацааг тоолоход ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ нэгэнт хэрэгжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

19. Дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч  хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “...” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/87 дугаар захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 20. Хавтаст хэргийн 22-24, 30-33, 48-49, 53, 55-72 дах талд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд хэрэгт давхардаж авагдсан, 99, 115-116 дах талд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн учир эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт (эдгээр хэсэг, заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө), 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх)-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “...” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамжийн “...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байхыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА