Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1039

 

 

 

 

 

 Б.И нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00559 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.И нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ холбогдох

                                                                                      

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.И төлөөлөгч Ч.Бэлэгсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: НШШГГ нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01866 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Б.И өмч болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 78 дугаар байрны 01 тоотод байх 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлж 100.068.114 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно гэсэн байна. Хуулийн энэ шаардлагаар өмчийн эзэн Б.И үнийн санал авах байсан байна. Гэвч НШШГГ энэ шаардлагыг зөрчиж өмчлөгч Б.И үнийн санал аваагүй байна. Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 78 дугаар байрны 1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 142.954.449 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 1866 дугаар захирамжаар Гомбо-Ичингийн Намжимсүрэнгээс 72.330.000 төгрөг гаргуулж "Есөн дэлбээ" хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Намжимсүрэнгийн барьцааны Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай, 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 123/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 123/05 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч Г.Намжимсүрэнгээс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 250.000.000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч "Есөн дэлбээ" ХЗХ нь төлбөр төлөгч Г.Намжимсүрэн нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 250.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу "Лэндс" ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч томилоход уг орон сууц нь 142.954.449 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Орон сууцны үнэлгээг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 3/4948 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Намжимсүрэнд мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 142.954.449 төгрөгийн 70 хувиар тооцон 100.068.114 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно. Өмчлөгч Н.Амарзаяа нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ хэргийн талаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01558 дугаар тогтоолоор шийдвэр магадлал хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, маргаж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нь албадан дуудлага худалдаанд оруулаагүй, талуудад мэдэгдэл хүргүүлээгүй өмнө энэ хэрэг маргаан шийдвэрлэгдэж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 78 байр 01 тоотод байрлах 53 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.И гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтиин хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.Намжимсүрэн үл хөдлөх хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр үнэлсэнийг зөвшөөрөхгүй шинжээч томилж өгөхийг хүссэн. Шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийг 142.954.449 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн явагдсан хэмээн маргасан байдаг. Харин өмчлөгчөөс үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн талаар маргаагүй. Анхан шатны шүүх үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээг үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ хийх асуудал яригдахгүй болно гэсэн логик алдаатай үл ойлгогдох дүгнэлт хийсэн. Мөн Б.И үнийн санал аваагүй “Лэндс” ХХК-ийн үнэлгээ бодитой бус, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно гэж 2 дахь дүгнэлтээ өгсөн байна. Зах зээлийн ханшаас доогуур гэсэн шаардлага нэхэмжлэлд байхгүй байхад дээрх шаардлагуудыг шүүх өөрийн үзэмжээр нэмээд түүнийгээ нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01866 дугаар захирамжаар Г.Намжимсүрэн нь “Есөн дэлбээ” ХЗХ-нд 72 330 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжид шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 21-23/

 

Хариуцагч НШШГГ-ын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 123/4 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 123/5 тоот тогтоолоор хураасан ба уг орон сууцны өмчлөгчөөр Н.Амарзаяа, насанд хүрээгүй  охин Б.И нар бүртгэгджээ.  /хх-ийн 5, 9, 54-55/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул НШШГГ “Лэндс” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 142 954 449 төгрөгөөр тогтоосон, уг үнийн 70 хувь буюу 100 068 114 төгрөгөөс анхны албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон,  орон сууцны өмчлөгч  Н.Амарзаяа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэл гаргаж,   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1558 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Н.Амарзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 36-52/

Шинжээч “Лэндс” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр үйлчилгээний зориулалттай орон сууцыг 142 954 449,90 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 100 068 114 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт болон өмчлөгч нарт мэдэгдсэн, энэ талаар нийтэд мэдээлсэн хариуцагч байгууллагын  ажиллагаа хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 6, 7/

 

Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй,  шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцнэ.

 

Хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа явуулах үед Б.И нь 9 настай иргэний эрх зүйн зарим чадамжтай байсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч нь эх Н.Амарзаяа болох нь төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүний нэрийн өмнөөс өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/00559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                 Ч.ЦЭНД                                                                                                                                                                 Н.БАТЗОРИГ