Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00605

 

Б.И-гийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00559 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1039 дүгээр магадлалтай,

Б.И-гийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ы нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

   Нэхэмжлэгч Б.И-гийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01866 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Б.И-гийн өмч болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 78 дугаар байрны 01 тоотод байх 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон үнэлүүлж 100 068 114 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно гэсэн байна. Хуулийн энэ шаардлагаар өмчийн эзэн Б.И-гаас үнийн санал авах байсан байна. Гэвч Н энэ шаардлагыг зөрчиж өмчлөгч Б.Игаас үнийн санал аваагүй байна.

Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 78 дугаар байрны 1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 142 954 449 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 1866 дугаар захирамжаар Ггийн Нагээс 72 330 000 төгрөг гаргуулж “Е” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Нагийн барьцааны Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай, 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 123/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 123/05 дугаартай тогтоолоор хураан авсан байна.

Төлбөр төлөгч Г.Нагээс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 250 000 000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч “Е” ХЗХ нь төлбөр төлөгч Г.На нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэж хүсэлт гаргасан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу “Л” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч томилоход уг орон сууц нь 142 954 449 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Орон сууцны үнэлгээг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 3/4948 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Над мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 142 954 449 төгрөгийн 70 хувиар тооцон 100 068 114 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно.

Өмчлөгч Н.А нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэ хэргийн талаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01558 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулаагүй, өмнө энэ хэрэг маргаан шийдвэрлэгдэж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00559 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 78 байр 01 тоотод байрлах 53 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Игийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1039 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/00559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж Нраас тогтоосон үнэлгээг Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг зөрчсөн буюу шинжээч томилж үнэлгээ хийлгэхдээ “үнийн санал аваагүй гэж үндэслэл” зааж гомдол гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэн хэмээн гомдол гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхэд нэхэмжлэлийн утга, шаардлага, үндэслэлийг өөрийн үзэмжээр өөрчлөн  шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй. Уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан боловч давж заалдах шатны шүүх уг алдааг засалгүй хууль бус шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэр томьёоны болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Б.Игийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б Нт холбогдуулан төлбөр төлөгчөөс төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байр 01 тоотод байрлах 53 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхээс өмнө өмчлөгчөөс үнийн санал аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.                     

Г.Нагээс 72 330 000 төгрөгийг гаргуулан “Е” ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001866 дугаар шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байр 01 тоотод байрлах 53 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авчээ.

Төлбөр төлөгч Г.На хөрөнгийг 250 000 000 төгрөгөөр, тухайн хөрөнгийн шударга өмчлөгч гэх Ч.Б 500 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн санал ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй, улмаар шинжээч томилж үнэлгээ хийлгэхийг хүссэнд шийдвэр гүйцэтгэгч “Л” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Б.И, Н.А нарын өмч бөгөөд Б.И 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах 2016 оны 09 дүгээр сард 9 настай байсан тул түүнийг Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д зааснаар “иргэний эрх зүйн зарим чадамжтай, бага насны хүүхэд” гэж үзэх бөгөөд 17.2.-т зааснаар өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, асран хамгаалагч хийнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөхөөр заасан.

Б.Игийн эх Н.А Нт холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн тул давж заалдах шатны шүүхээс тухайн шийдвэртэй холбогдуулан Н.Агийн нэхэмжлэл түүний насанд хүрээгүй хүүхдийн эрхтэй хамт хэрэгжсэн гэж үзснийг буруутгах үндэслэлгүй болно.

Түүнчлэн Б.Иг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан Ч.Б нь Б.Игийн төрсөн эцэг болох нь хэрэгт авагдсан Б.Игийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал авахад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдснаар шударга өмчлөгч гэх Ч.Б гэр бүлийн хүмүүстэй зөвшилцөж үнийн санал өгөх хүсэлт гаргасны дараа хөрөнгийг 500 000 000 төгрөгөөр үнэлэх саналаа шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн байх тул дээрх саналыг мөн Б.Игийн эрх, ашиг сонирхлыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн үнэлгээтэй холбогдуулан дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй, шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Иймд “...шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч Б.Игийн саналыг авалгүй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн...” гэх Ч.Бы гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй, шийдвэрт хуулийн хэрэглэвэл зохих заалтыг оновчтой хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засаагүй байна.

Б.И насанд хүрээгүй, бага насны хүүхэд тул түүнийг төлөөлөн төрсөн эцэг буюу хууль ёсны төлөөлөгч Ч.Б нэхэмжлэл гаргасан байтал шүүх нэхэмжлэгчийг Б.И гэж шийдвэр, магадлалд заажээ. 

Б.И нь хууль ёсны төлөөлөгчөөр төлөөлүүлөхгүйгээр бие дааж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байх боломжгүй тул нэхэмжлэгчийг Б.Игийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б гэж тодорхойлох учиртай.

Мөн Ч.Б шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль нэг тал биш, харин өмчлөгчийн өмчлөх эрхтэй холбогдсон шаардлагыг хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан тул түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д заасан шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Иймд хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн алдааг засч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1039 дүгээр Магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00559 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55.7.” гэсний дараа “..., 122 дугаар зүйлийн 122.1.” гэж нэмж, “...нэхэмжлэгч Б.Игийн...” гэснийг “...нэхэмжлэгч Б.Игийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бы...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД