Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1138

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01175 дугаар шийдвэртэй, Т.Бын нэхэмжлэлтэй, “В ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5 311 896 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир, Д.Өлүн-Үжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “В ” ХХК-д туршилтын 2 сарын хугацаагаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон.

Туршилтын хугацаанд ажил үүргээ зохих хууль, дүрмийн дагуу сайн гүйцэтгэж туршилтын хугацаа дууссан ч ажил олгогч талаас амаар болон бичгээр мэдэгдээгүй учраас хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан, жинхэлсэн гэж ойлгож ажил үүргээ гүйцэтгэж ирсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 20/10 ээлжтэйгээр ажиллаж байгаад мөн сарын 02-ны өдрөөс хойш 14/7 ээлжинд шилжин ажилласан.

 Уг ээлжээр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж дуусгаад, ээлжээ хүлээлгэж өгсөн. Улмаар 7 хоног амраад, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа очих гэтэл компанийн хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Саруулзаяа таныг дахин ажиллуулахгүй, ажлаас халсан гэж утсаар мэдэгдсэн. Уг тушаалаа авах гэтэл ажлаас халсан тушаал гаргаагүй, хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан гэдгийг мэдэгдсэн байдаг. Би гэрээний нэг хувийг авахын тулд “Хөлсөөр ажиллах гэрээ” гэсэн нэртэй гэрээнд нөхөж хэд, хэдэн хэсэгт гарын үсэг зураад, Нийгмийн даатгалын дэвтрийн хамт авсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэний хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ-нээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5 311 896 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Вертекс майнгинг партнер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Т.Бтой, манай компани 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ХАБЭА-гийн ахлах мэргэжилтнээр, 20/10 ээлжээр ажиллуулахаар “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан. Нэхэмжлэгч ажиллах угацаандаа өөрөө аюулгүй байдлаа сахихгүй хоёр удаа дараалаад ХАБ-ын зөрчил гаргасан, зөрчлийн хуудас нь байгаа бөгөөд энэ зөрчилд ажлын хувцас хэрэглэлгүй талбайд гарсан.

Түүнчлэн, тус ажлын байр байнгын ажлын биш. Байгууллага улирлын чанартай ажлаасаа шалтгаалан ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг байгуулдаг. Энэ орон тоонд 3 ажилтан авахаар батлагдсаны 1 орон тоон дээрээ хөлсөөр ажиллах гэрээг байгуулж, ажилтан авсан. Энэ орон тоонд нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээг байгуулан, ажиллуулсан бөгөөд гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж ажилласан бөгөөд өнөөдөр би мэдээгүй, аргагүйн эрхэнд гарын үсгээ зурсан гэж маргаж байгаагаа ямар нэгэн баримтаар нотлоогүй. Мөн тойрох хуудас дээр гарын үсэг зурж, ажлаа хүлээлгэн өгсөн.

Манай компани “Энержи ресурс” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг. 2018 оны 5 дугаар сард “Энержи ресурс” ХХК манай ажлын хэмжээг ихэсгэнэ гэж тохиролцсон бөгөөд ажлын хэмжээг ихэсгэсэнтэй холбоотойгоор түр хугацаагаар ажиллах хүчээ нэмэгдүүлж, үүний дагуу бид шаардлагатай орон тоон дээр хөлсөөр ажиллах гэрээгээр түр хугацаагаар Т.Быг авч, уг гэрээг байгуулсан байдаг.

Дээрх гэрээ цуцлагдсаны дараагаар нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөна, хөлсөөр ажиллах гэрээгээ авъя гэж ирсэн. Тэгэхээр нь бид “манайд нэг хувь байгаа чамд нэг хувийг нь өгсөн” гэхэд “би өөрийнхийгөө олохгүй байна” гэхэд нь “танд яг ижилхэн гэрээг тамга дараад, хэвлээд өгье” гээд гарын үсэг зураад өгсөн. Иймд ямар нэгэн гэрээг шинээр байгуулж, гарын үсэг зуруулсан процесс байхгүй.

Мөн Т.Б ажил үүргийн хуваарьт заагдаагүй үүрэг буюу уулын ажилд оролцож, операторт буруу чиглэлд явах заавар өгч “Энержи ресур”с ХХК-ийн цахилгааны шугамыг тасдаж, компанид асар их хэмжээний хохирол учруулсан. Гэрээний гүйцэтгэх ажил уурхай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хариуцаж, уурхайн хэсэгт ажиллаж байгаа хүмүүст зааварчилгаа, зөвлөгөө өгөх ёстой болохоос энэ замаар тээвэр хийнэ, хийж болохгүй гэж чиг үүрэг өгөх эрхгүй. Иймээс өмнөх 2 зөрчлөөр урамшуулалын цалинг 20 хувь хасаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх зөрчлүүд удаа дараа давтагдсан тул хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Быг “В ” ХХК-ийн ХАБЭА-гийн ахлах мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 80 хоногийн цалин 6 015 520 төгрөгийг “В ” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Т.Бт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 940 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 111 198 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “В ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хөлсөөр ажиллах гэрээний хүчин төгөлдөр эсэхд дүгнэлт хийгээгүй, Т.Быг байнгын орон тоон дээр ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дурдсан атлаа ажилд нь эгүүлэн тогтоосон нь уг шийдвэр тодорхойгүй, агуулгын хувьд зөрчилдөж байна.

Мөн шүүх хариуцагчийн аман болон бичгээр гаргасан тайлбарт буюу Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь заалтыг хэрэглэж гэрээг цуцалсан тухайд ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөөгүй.

Түүнчлэн, бид Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байхад мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цлин гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Шүүгч талуудын хооронд үүссэн харилцааг иргэний харилцаа бус хөдөлмөрийн харилцаа гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, ойлгомжгүй, зөрчилдөөнтэй шийдвэр гаргасан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч “В ” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шүүхэд гомдол гаргасныг хариуцагч “...хөлсөөр ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон...” гэх үндэслэлээр татгалзаж байна.

Т.Б, “В ” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан үйл баримтад талууд маргаангүй. Харин гэрээний төрлийн талаар маргаж, нэхэмжлэгч “...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээ нэрээр халхавчлан гэрээг цуцалсанд гомдолтой...” гэж, хариуцагч тал “...байгууллага улирлын чанартай ажлаас шалтгаалан ажилчидтай хөлсөөр болон хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, ...захирлын тушаалаар компанийн бүтэц, орон тоог баталсан..., ...нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, ...гэрээг цуцалсан...” гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт талуудын байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ,  компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3/61 дугаартай тушаалын хавсралт 1-ээр баталсан хөдөлмөрийн дотоод журам, хариуцагч компанийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2018-2019 оны компанийн бүтэц, орон батлах тухай 18/168 дугаартай тушаал, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /1хх 4-5, 42-52 дахь тал/

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч компани нь дотоод журмаараа өөрсдийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг хэдийд, ямар үндэслэлээр байгуулах талаар зохицуулалтдаа өөрийн баталсан бүтэц, орон тооны дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангасан иргэнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр, компани өндөр ачааллын үе, үйл ажиллагааны онцлог болон хэрэгжүүлж буй төсвийн хүрээнээс хамаарч шаардлагатай ажиллах хүчийг хөлсөөр ажиллуулах гэрээний үндсэн дээр ажиллуулахаар журамдаа тусгажээ. /1хх 43-50 дахь тал/

Мөн “В ” ХХК-ийн захирал нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 18/168 дугаартай тушаал гарган, 2 дахь заалтаараа “төсөл ажлуудын хүрээнд байнгын ажлын байрны орон тоо, ... төслүүдийн хугацаанд түр буюу хугацаатай ажлын байрны орон тоо, өндөр ачааллын үе буюу 2018 оны 6 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэмэлт ажиллах хүч буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу авч ажиллуулах ажлын байрны орон тоог баталсан” байх ба хавсралт 1-ийн 14-т “хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтний нийт орон тоо 3, үүнээс байнгын ажлын байрны тоо 2, хөлсөөр ажиллуулах тоог 1” гэж тусгажээ. /хх-51-52/ Хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журам болон тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Т.Бтой хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх боловч хэрэгт авагдсан компанийн дотоод журам нь нэхэмжлэгч Т.Бтой хөлсөөр ажиллах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулснаас хойш батлагдсан байна.  

Үүний улмаас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед дагаж мөрдөж байсан өөрөөр хэлбэл 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр байсан компанийн дотоод журам хэрэгт авагдаагүй байх тул маргаж буй ажлын байрыг байнгын гэж үзэх эсхүл хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажлын байранд хамаарах эсэхийг тогтоох боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                              ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                 Ч.ЦЭНД