Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 1175

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр                  Дугаар 102/ШШ2019/01175                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ................. Бат-Очирын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ..............“Вертекс майнинг партнер” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.311.896 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Бат-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, Н.Энх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Бат-Очир нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Вертекс майнинг партнер” ХХК-д туршилтын 2 сарын хугацаатайгаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон.

Туршилтын хугацаанд миний бие ажил үүргээ зохих хууль, дүрмийн дагуу сайн гүйцэтгэж туршилтын хугацаа дууссан ч ажил олгогч талаас дуусгах талаар амаар болон бичгээр мэдэгдээгүй учраас миний бие хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан, жинхэлсэн гэж ойлгож ажил үүргээ гүйцэтгэж ирсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 20/10 ээлжтэйгээр ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 14/7 ээлжинд шилжин ажилласан бөгөөд уг ээлжээр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж дуусгаад, ээлжээ хүлээлгэж өгөөд, Улаанбаатар хотод гэртээ 7 хоног амраад, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа очих гэтэл компанийн хүний нөөцийн мэргэжилтэн н.Саруулзаяа таныг дахин ажиллуулахгүй, ажлаас халсан гэж утсаар мэдэгдсэн.

Ажлаас халагдах тушаалаа авъя гэхэд 12 дугаар сарын 27-ны өдөр ирж ав гэсэн. Хэлсэн өдөр нь очиход тушаал гараагүй, танд гарахаар нь хэлнэ гэж хэлсэн боловч дуудахгүй байсан.

Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн дээр дахин очиж тушаалаа авах гэтэл, ажлаас халсан тушаал гарахгүй, таньтай “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан байсныг цуцласан гэж хэлэхэд нь “тэгвэл гэрээний нэг хувийг авмаар байна” гэхэд та энэ гэрээндээ нөхөж гарын үсэг зур, зурахнүй бол өгөхгүй гэж хэлсэн.

Би гэрээний нэг хувийг авахын тулд “Хөлсөөр ажиллах гэрээ” гэсэн нэртэй гэрээнд нөхөж хэд, хэдэн хэсэгт гарын үсэг зураад, Нийгмийн даатгалын дэвтрийн хамт авсан.

Тус компани надтай байнгын ажлын байранд “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй, хөдөлмөрийн харилцааг “Хөлсөөр ажиллах гэрээ” нэрээр халхавчлан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцлаж, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгсөнд гомдолтой байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэний хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд “Хөдөлмөрийн гэрээ”-нээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн.

Миний ажиллаж байсан ажлын байр байнгын ээлжийн хуваариар ажилладаг, тасралтгүй үргэлжилдэг, одоо ч энэ ажлын байр байгаад ээлжийн ажилтнууд ажиллаж байгаа.

Иймээс ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа ойлгоогүй, надаас шалгалт аваагүй, уулын ажилд оролцож, операторт чиглэл зааварыг би өгдөггүй, миний үүрэг биш тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.311.896 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжихгүй. Учир нь:

Т.Бат-Очиртой, манай компани 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ХАБЭА-гийн ахлах мэргэжилтнээр, 20/10 ээлжээр ажиллуулахаар “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулсан.

Нэхэмжлэгч ажиллах угацаандаа өөрөө аюулгүй байдлаа сахихгүй хоёр удаа дараалаад ХАБ-ын зөрчил гаргасан, зөрчлийн хуудас нь байгаа бөгөөд энэ зөрчилд ажлын хувцас хэрэглэлгүй талбайд гарсан.

Түүнчлэн тус ажлын байр байнгын ажлын биш. Байгууллага улирлын чанартай ажлаасаа шалтгаалан ажилчидтайгаа “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулдаг. Энэ орон тоонд 3 ажилтан авахаар батлагдсаны 1 орон тоон дээрээ “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулж, ажилтан авсан.

Энэ орон тоонд нэхэмжлэгчтэй “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан, ажиллуулсан бөгөөд гэрээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж ажилласан бөгөөд өнөөдөр би мэдээгүй, аргагүйн эрхэнд гарын үсгээ зурсан гэж маргаж байгаагаа ямар нэгэн баримтаар нотлоогүй.

Эсрэгээрээ өөрөө хүлээн зөвшөөрч, “Тойрох хуудас” дээр гарын үсгээ зураад, ажлаа өгөөд явсан.

Яагаад, “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан бэ? гэхээр манай компани “Энержи ресурс” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг.

2018 оны 5 дугаар сард “Энержи ресурс” ХХК манай ажлын хэмжээг ихэсгэнэ гэж тохиролцсон бөгөөд ажлын хэмжээг ихэсгэсэнтэй холбоотойгоор түр хугацаагаар ажиллах хүчээ нэмэгдүүлж, үүний дагуу бид шаардлагатай орон тоон дээр “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр түр хугацаагаар Т.Бат-Очирыг авсан.

Нэхэмжлэгч “Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээгээ дараа байгуулъя гэж хэлээд хугацаа авч, намайг ажлаас халж, халсны дараагаар гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан” гэх боловч энэ нь үндэслэлгүй.

Ажилтан өөрөө анх ажилд орохдоо “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж, нэг хувийг өөрөө аваад, нэг хувь нь компанид үлддэг.

Дээрх гэрээ цуцлагдсаны дараагаар нэхэмжлэгч “Ажилгүйдлийн тэтгэмж” хөөцөлдөх гэсэн юм. “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээ авъя гэж ирсэн.

Тэгэхээр нь бид “манайд нэг хувь байгаа чамд нэг хувийг нь өгсөн” гэхэд “би өөрийнхийгөө олохгүй байна” гэхэд нь “таньд яг ижилхэн гэрээг тамга дараад, хэвлээд өгье” гээд гарын үсэг зураад өгсөн.

Түүнээс биш гэрээг шинээр байгуулж, гарын үсэг зуруулсан процесс байхгүй.

Мөн Т.Бат-Очир ажил үүргийн хуваарьт заагдаагүй үүрэг буюу уулын ажилд оролцож, операторт буруу чиглэлд явах заавар өгч “Энержи ресурс” ХХК-ийн цахилгааны шугамыг тасдаж, компанид асар их хэмжээний хохирол учруулсан.

Нэхэмжлэгчийн гэрээний гүйцэтгэх ажил уурхай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хариуцаж, уурхайн хэсэгт ажиллаж байгаа хүмүүст зааварчилгаа, зөвлөгөө өгөх ёстой болохоос энэ замаар тээвэр хийнэ, хийж болохгүй гэж чиг үүрэг өгөх эрхгүй. Иймээс өмнөх 2 зөрчлөөр урамшуулалын цалинг 20 хувь хасаж шийдвэрлэсэн байдаг.

Ингээд дээрх зөрчлүүд удаа дараа давтагдсан болохоор “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар хэлэхэд, нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн арын хуудасны ажилласан байдал хэсэгт “146 дугаартай тушаалаар” гэж тодорхой бичсэн байгаа.

Энэ дугаар бол “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний дугаар. Эндээс харахад нэхэмжлэгч “Хөдөлмөрийн гэрээ”-гээр биш “Хөлсөөр ажиллах гэрээ”-ээр ажиллаж байсныг нотлож байгаа юм, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Бат-Очир, хариуцагч “Вертекс майнинг партнер” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 5.311.896 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Т.Бат-Очирын ажлын байр бол байнгын ажлын байр биш учраас “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

              

Нэхэмжлэгч Т.Бат-Очир 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 146 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулж, “Вертекс майнинг партнер” ХХК-д ХАБЭА-гийн ахлах мэргэжилтнээр 20/10 ээлжтэйгээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэр, “Тойрох хуудас”, Ажилчдын цагийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

        Ажил олгогч, ажилтны хооронд тодорхой нөхцөл зааж, “Хөлсөөр ажиллах гэрээ” байгууллагдсан боловч ажиллуулагч гэрээг цуцлахдаа үндэслэл бүхий шийдвэрийг гаргах ёстой.

 

Улмаар хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцлахдаа “тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан тул гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр цуцлав” гэжээ.

   

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

         Хариуцагч гэрээг цуцлахдаа, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь хэсэг “хөлсөөр ажиллагчийн ажлын гүйцэтгэл нь сарын төлөвлөгөөнд 2 удаа хүрээгүй” гэсэн заалтыг баримталсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”

         Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу татгалзлаа үгүйсгэж, баримтаар нотлож чадаагүй, ямар үзүүлэлт, төлөвлөгөөг үндэслэж, хэзээ, хэдэн сарын хэдний үед ямар бүрэлдэхүүнтэй шалгалтаар нэхэмжлэгчийн ажлыг үнэлж, сарын төлөвлөгөөнд 2 удаа хүрээгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ажилчдын ажлыг ямар аргачлал, хэмжүүрээр дүгнэх талаар гэрээндээ тусгаагүй атлаа дээрх заалтыг баримтлан, гэрээг цуцлаж, нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

         

Иймээс ажлаас буруу халсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ”...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар ажилгүй байсан үеийн олговорыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журам”-ын дагуу ажилтны  сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлохоор байна.

          

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 10 дугаар сарын цалин 1.980.000 төгрөг, 11 дүгээр сарын цалин 1.690.000 төгрөг, 12 дугаар сарын цалин 1.180.000 төгрөгнөөс тооцоход, сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад 4.850.000:3=1.616.667 төгрөг/ нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 1.616.667:21.5= 75.194 төгрөг / нэг өдрийн цалин/

       

Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийг хүртэл ажлын хоногийг тооцохдоо, зохигчид нэг сард 20/10 ээлжээр ажилладаг талаар маргаагүй тул нийт 80 хоног буюу 75.194 /нэг өдрийн цалин/ х 80 /хоног/ =  6.015.520 төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

      

Мөн нэхэмжлэгч миний ажлын байр байнгын ажлын байр гэж маргаж байгаа боловч хавтас хэргийн 51-52 дугаар хуудсанд авагдсан “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 18/168 дугаартай, 2018-2019 оны Компанийн бүтэц орон тоо батлах тушаалын хавсралтаар ХАБЭА-гийн ахлах мэргэжилтэний ажлын байрны орон тоо 3, үүнээс 2 нь байнгын ажлын байрны орон тоо, 1 нь хөлсөөр ажиллуулах ажлын байрны орон тоо байна гэж баталсан байх тул нэхэмжлэгчийг байнгын ажлын байрны орон тоон дээр ажилласан гэж үзэх боломжгүй байна.

          

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 5.311.896 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 99.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 111.198 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Төмөрбаатарын Бат-Очирыг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн ХАБЭА-гийн ахлах мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосугай.         

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 80 хоногийн цалин 6.015.520 төгрөгийг “Вертекс майнинг партнер” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Т.Бат-Очирт олгосугай.             

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.940 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 111.198 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй           

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА