Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00497

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02610 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2075 дугаар магадлалтай,

Б.О-ын нэхэмжлэлтэй,

В М П ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.О- 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр В М П ХХК-д туршилтын 2 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Туршилтын хугацаанд ажил үүргээ зохих хууль дүрмийн дагуу сайн гүйцэтгэж, туршилтын хугацаа дууссан ч ажил олгогч талаас хөдөлмөрийн харилцааг дуусгах талаар амаар болон бичгээр мэдэгдээгүй учир хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдаж, жинхэлсэн гэж ойлгож ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 20/10 ээлжтэйгээр ажиллаж байгаад, 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 14/7 ээлжид шилжин ажиллаж, 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж дуусаад, ээлжээ хүлээлгэж өгчихөөд Улаанбаатар хотод 7 хоног гэртээ амраад 12 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа явах гэтэл компанийн хүний нөөцийн мэргэжилтэн н.Саруулзаяа таныг дахин ажиллуулахгүй, ажлаас халсан гэж утсаар мэдэгдсэн. Ажлаас халагдах тушаалаа авъя гэхэд 12 дугаар сарын 27-нд ирж аваарай гэсэн. Тухайн өдөр нь очиход тушаал гараагүй, гарахаар нь хэлнэ гэсэн боловч дуудахгүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн дээр дахин очиж тушаалаа авах гэтэл ажлаас халах тушаал гарахгүй, тантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байсныг цуцалсан гэж хэлсэн. Гэрээнийх нь хувийг авмаар байна гэхэд та энэ гэрээнд нөхөж гарын үсэг зур, тэгэхгүй бол танд гэрээний хувь өгөхгүй гэсэн. Гэрээний нэг хувиа авахын тулд хөлсөөр ажиллах гэрээ гэсэн нэртэй гэрээнд нөхөж хэд хэдэн хэсэгт гарын үсэг зураад, нийгмийн даатгалын дэвтрийн хамт авсан. В М П ХХК нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, хөдөлмөрийн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ нэрээр халхавчлан, уг гэрээг цуцалсан хэмээн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Уг ажлын байр нь байнгын, ээлжийн хуваариар ажилладаг, тасралтгүй үргэлжилдэг, одоо ч байгаа бөгөөд ээлжийн ажилтнууд ажиллаж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.О-ыг ажлаас халсан гэх шийдвэрийг амаар мэдэгдсэн, нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ цуцалсан гэсэн бичилт хийсэн. В М П ХХК нь өөрсдөө ажилчдад нормын хувцас өгдөггүй атлаа нормын хувцасгүй ажилд гаргасан гэж нэхэмжлэгчид арга хэмжээ авсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн бол ажилтан, карьерийн аюулгүй ажиллагаатай холбоотой таних тэмдэг тавих үүрэгтэй ажилладаг. Уулын мастерыг тэмцээнд явуулснаас болж ахлах уулын мастерыг орлож үлдсэн. Б.О- болон дампын инженер нар мэдээгүйгээс болж цахилгааны утас тасалсан асуудал гарсан бөгөөд тухайн үедээ арга хэмжээ авахуулсан. Хариуцагч хөлсөөр ажиллах гэрээ гэж байгаа боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.6 дахь хэсэг, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн сайдын баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах тушаалд зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажиллуулах нь Монгол улсад нийтээр дагаж мөрдөх байнгын ажлын байр гэж заасан. Байнгын ажлын байран дээр ялгавартайгаар гэрээ байгуулан, 3 ээлжээр очоод 12/12 цагаар тулж ажиллаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч удирдлагууддаа тавьснаас болж ажлаас халагдсан гэж үздэг. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.О- нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр туршилтын 2 сарын хугацаатай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орсон гэх нь үндэслэлгүй. Манай компани Б.О-той анхнаасаа хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, ямар нэг тушаал, шийдвэр гаргаагүй. Харин хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Анх 2 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээг сунгаад ажиллах явцад Б.О-ын хариуцсан ээлжинд дараалан 2 удаа хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гарсан ба энэ нь тухайн хүн өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7.2, талуудын байгуулсан 146 тоот хөлсөөр ажиллах гэрээний 5.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн гэрээг цуцалсан. Иргэний хуульд хөлсөөр ажиллах гэрээ байгуулах нөхцлийг хязгаарлаагүй. Мөн Б.О-ын ажлын байр байнгын ажлын байр гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа ч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, ахлах мэргэжилтэн, инженер гэсэн бүтэц байдаг. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасны дагуу 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэртэй танилцаж мэдчихээд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн байнгын орон тоо мөн. Энэ чиглэлээр хэлтэс, нэгж ажилладаг. Шаардлагатай тохиолдолд нэмж хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хүн авч болно. 1 сар ажиллах байхад 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь нийцэхгүй. Хуульд энэ нөхцөл байдлыг ялгах үүднээс хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг заасан. Нэхэмжлэгчид анх ажилд ороход нь хөлсөөр ажиллах гэрээ, 2 сар ажиллана гэдгийг тайлбарлаж өгсөн. В М Пс ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь гуравдагч этгээдийн уурхай бөгөөд гэрээний дагуу хийж байгаа ажлын объем тодорхой боловч эзэмшдэг компани нь сарынхаа төлөвлөгөө, бүтээгдэхүүн экспортлож байгаа зах зээлийн эрэлтээс шалтгаалж ажлын объемыг нэмж, хасдаг. Урт хугацааны өмнөөс биш тухайн үедээ засаад явдаг. Үүнтэй холбоотой орон тоо нэмдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтэнээс гадна операторууд гээд хүмүүс тухайн хугацаандаа ажиллаад ажлын ачаалал буурсан тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаад явдаг. Шаардлагатай тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээгээр хүн авч ажиллуулдаг. Орон тоо нь байнгын болон байнгын бус гэдэг дээр маргаан байхгүй. Хөлсөөр ажиллах гэрээг ажил олгогч цуцлах боломжтой бөгөөд хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй. Шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцоогүй тул гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний хүрээнд асуудал яригдана. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан, байнгын орон тоон дээр ажилласан гэдэг боловч нотолсон баримт хэрэгт байхгүй. Ажилд орох болон гарахад нь тушаал гараагүй нь хөлсөөр ажилласан гэдгийг тодорхой харуулж байна. Хөлсөөр ажиллагчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй буюу Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь заалтыг үндэслэж гэрээг цуцалсан. Иймд хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02610 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ыг В М П ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 792 439 /арван дөрвөн сая долоон зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний 21904200314373 нэхэмжлэхийн дагуу төлсөн 99 940 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан Б.О-т олгож, хариуцагч В М П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 231 912 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2075 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 915 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын 2018 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг “Хөлсөөр ажиллах гэрээ” гэрээ гэж нэрлэсэн боловч, гэрээний нэрийг талууд юу гэж нэрлэснээс үл хамааран, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт зааснаар маргаан бүхий гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний агуулгатай харьцуулах замаар тодорхойлох боломжтой бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Б.О-ыг ажилд нь эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь 2 шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” гэж заасан заалтыг үндэслэн талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж дүгнэсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн төдийгүй хариуцагч талын тайлбар, нотлох баримтуудад ямар нэг дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. В М П ХХК нь иргэн Б.О-той Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийг үндэслэн “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Б.О-т олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Б.О-той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах болсон үндэслэлээ хариуцагч тал тус ажил гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан, 2 сар дараалан зөрчил дутагдал гаргасныг үндэслэн Хөлсөөр ажиллах гэрээний 5.3.2 дах заалт болон Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дах хэсэгт заасан “Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч хөлс шаардах эрхээ алдана” гэж заасны дагуу тус гэрээ цуцлагдсан тухай шүүхэд гаргасан хариу тайлбар нотлох баримтуудаар нотолж маргаж байсан ч шүүх хариуцагчийн үндэслэл болгож буй хуулийн заалтад дүгнэлт хийлгүйгээр гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтад заасан үндэслэлийг хангахгүй байна гэж үзсэн нь нэхэмжлэгч хариуцагчийн аль аль талаас гарч ирээгүй үндэслэл, маргааны үндэслэлд огт нийцээгүй хуулийн зүйл заалт дээр дүгнэлт гаргасан. Иймээс 2 шатны шүүх гэрээний чөлөөт байдлын зарчим, манай компанийн үйл ажиллагааны онцлог нөхцөлийг үл харгалзан, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.О-, В М П ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлоогүйгээс маргааны үйл баримт, нотлох баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй...” тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Б.О- 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс В М П ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халагджээ.

Нэхэмжлэгч Б.О- нэхэмжлэлийн үндэслэлээ, “...хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2 сарын туршилтын хугацаагаар ажиллаад гэрээ сунгагдан жинхэлсэн гэж хэлсэн, 2018.12.21-ний өдөр амаар ажиллуулахгүй гэсэн, ...халсан тушаал гардуулаагүй...” гэж, хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, “...талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, ...гэрээг сунгаж байсан, гэрээний үүргээ нэхэмжлэгч зөрчсөнөөс гэрээний 5.32-т зааснаар гэрээг цуцалсан...” гэсэн тайлбар гаргаснаас үзвэл зохигч гэрээний төрөл, гэрээний хугацаа, гэрээг цуцалсан үндэслэлийн талаар маргасан байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах бус хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Шүүх зохигчийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “хөлсөөр ажиллах” гэж нэрлэгдсэн гэрээний нөхцлүүдийг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасантай нийцсэн байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ иргэний эрх зүйн талуудын тэгш эрхийн хүрээнд байгуулагдсан хөлсөөр ажиллах бус, захирах, захирагдах зарчмаар байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний шинжийг агуулсан, энэ тухай шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно. Хариуцагч тал, түр хугацаанд компанийн ажлын ачааллаас шалтгаалж ажлын байрыг нэмж бий болгон хөлсөөр ажиллах гэрээгээр шинээр ажилтан авсан гэх утгаар тайлбарлаж байгаа боловч энэ тайлбар баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчтэй байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулахыг заасан бөгөөд хэрэв тодорхой үндэслэл, шаардлага байвал талууд тохиролцож гэрээг хугацаатай байгуулна.

Нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа гэрээг 2 сарын хугацаатай байгуулж, дараа нь 3 сараар сунгахдаа гэрээг хугацаатай байгуулж байгаа үндэслэлээ заагаагүй байх тул тодорхой үндэслэл, шалтгаанаар талууд тохиролцон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм.

Б.О- нь 2 удаа дараалан хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргасан буюу гэрээний 5.3.2-т заасан ажлын гүйцэтгэл нь сарын төлөвлөгөөнд 2 удаа хүрээгүй гэж   ажлаас чөлөөлсөн тухай хариуцагчийн тайлбар нотлогдоогүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02610 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2075 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч В М П ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 231.912 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ