Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/04096

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/04096

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Т/РД: /

 

Хариуцагч: Ц.Ц /РД: 

 

зээлийн гэрээний үүрэгт 1,717 ам доллар, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3,000 ам доллар буюу 7,336,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц нь 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдөр надад 1,717 ам доллар олж өгөөч би алтны ордныхоо лицензийн төлбөрийг төлмөөр байна гэхэд өөрийн найз М.Б-с 1,717 ам долларыг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлэн авч Цы алтын ордны газрын лицензийн төлбөрт ашигт малтмалын газрын дансанд хийж төлбөр төлсөн баримтыг Цд өгсөн. Ц өөрийн компанийхаа албан бланк дээр зээлсэн мөнгөө хэрхэн төлөх талаар баталгаа гэрээг надад өгсөн юм. Ц ярихдаа би энэ ордыг худалдаанд таны Балжиннямаас зээлсэн мөнгийг худалдан үнийн 10 хувьтай тэнцэх урамшууллын хамт өгнө гэж амласан юм. Ц гэрээнд заасан хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй. Харин би түүнд өгсөн лицензийн төлбөр төлсөн баримтыг ашиглан 1,717 ам долларыг хувьдаа 2008 оны 12-р сарын 23-нд авсан байсан. 2009 онд Цтай уулзаж өгсөн мөнгөө нэхэхэд авсан мөнгийг төлж өгнө гэсэн боловч өгөөгүй, 2010-2015 онуудад төлбөрөө өгөөгүй. 2010 онд Баянгол дүүргийн шүүхэд мөнгөө нэхэмжилж өргөдөл өгөхөд Ц олдохгүй байна гэдэг хариу өгсөн. 2016 онд дахин шүүхэд хандаад эрэн сурвалжлах тухай шийдвэр гарсан. Цагдаагийн байгууллага 2016 оны 1 сард одоогийн хаягийг олж өгөөд би очиж уулзсан боловч одоо болтол төлбөрөө төлөөгүй байна. Иймд Балжиннямаас түүнд зээлж авч өгсөн 1,717 ам доллар, түүний хүү алданги бүгд 3,000 ам долларыг гаргуулж өгнө үү.

 

Анх өгсөн 1,717 ам доллар, түүний алданги 858.5 ам доллар, дээр нь хүнээс зээл аваад төлсөн хүүг нэмээд 3,000 ам доллар нэхнэ. Үүнийг хэрэгт байгаа ханшаар тооцож нэхнэ. Монгол мөнгө авсан гэж байгаа боловч би ашиг малтмалын газрын касс дээр доллар төлсөн. Албан бичиг дээр зээлийг удаана гэж ойлгоогүй тул төгрөгөөр бичсэн гэв.

 

Хариуцагч Ц.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 оноос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт алтны шороон ордны лиценз эзэмшиж байсан бөгөөд 2007 оны лицензийн ээлжит төлбөр болох 2,080,000 төгрөгийг 2007 оны 12-р сарын 25-ны өдөр Тгуайгаар төлүүлсэн. Уг лиценз нь голын эрэг дагуу голдиролын дотор, мөн төлбөр хоцроож хийсэн гэх шалтгаанаар цуцлагдсан юм. Лиценз цуцлагдаж хураагдсанаас хойш бизнесийн үйл ажиллагаа зогсож түүнчлэн орлогогүй болж маш их эрсдэл хүлээн хэцүү байдалдтай амьдарч байгааг маань Тгуай өөрийн нүдээр харж уулзаж учирсан. Амьдралын төвшин дордож чадвар боломжгүй байгаа байдлыг маань харгалзаж үзнэ үү. Зээлсэн 2,080,000 төгрөгийг ямар нэг байдлаар төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги хүү гэх мэтчилсэн төлөх боломж чадваргүй болсон байдлыг Тгуай сайн мэднэ.

 

Би нэхэмжлэгчээс 2,080,000 төгрөг авсан. Энэ нь тухайн үеийн ханшаар 1,717 ам доллар болох бөгөөд лицензийн төлбөрийг доллараар төлдөг тул доллар болгож тушаасан. Иймд 3,000 ам долларыг төлөх үндэслэлгүй. Би тухайн үед бага багаар мөнгө өгч байсан боловч баримт алга. Иймд алданги хүү зэргийг өгсөн бөгөөд үндсэн 2,080,000 төгрөг төлөхөд татгалазахгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Тнь зээлийн гэрээний үүрэгт 1,717 ам доллар, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3,000 ам доллар буюу 7,336,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Энэхүү шаардлагаа 3,000 ам долларыг хэрэгт байгаа ханшийн лавлагааг үндэслэсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ц.Ц нь 2,080,000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд төлөхийг зөвшөөрнө. Харин зээлийн хүү болон алдангийг төлөх боломжгүй. Зээлийг төгрөгөөр авсан тул 3,000 ам доллар төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулж 1,717 ам долларын зээл олгосон бөгөөд хүү, алдангийн талаар тохиролцсон болох нь хариуцагч Ц.Ц нь өөрийн М ХХК-иас 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон 34 дугаар албан тоотоор тогтоогдоно гэж тайлбарласан. Уг албан тоотод Н.Т-р зуучлуулж М.Б-с 2,080,000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл сарын 8 хувийн хүүтэйгээ, 3 сарын хугацаагаар зээлсэн. Зээлийг Ц.Ц би өөрөө төлнө. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0,2 хувийн алданги төлнө гэж заажээ. Хэдийгээр энэхүү албан тоотод М.Б-с зээлсэн гэсэн боловч хариуцагч нь бодит байдалд мөнгийг нэхэмжлэгч Н.Т-с авсан гэж тайлбарласан бөгөөд энэ талаар зохигч хэн аль маргахгүй байна. Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нь зээлийг ам доллараар олгосон гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, дээрх албан бичгээр нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн хариуцагч нь 2,080,000 төгрөг зээлсэн бөгөөд энэ нь тухайн үеийн ханшаар 1,717 ам доллартай тэнцэнэ гэж тайлбарласан. Түүнчлэн нэхэмжлэгч нь ам доллар олгосон болох нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын мөнгөн хөрөнгийн журналаар нотлогдоно гэж тайлбарласан. Гэвч дээрх 34 дугаар албан тоотыг үйлдсэн нэхэмжлэгчийн эзэмшдэг /зохигчид энэ талаар маргаагүй/ Марко трейд ХХК-иас 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт 2,099,147.55 төгрөг төлөгдсөн байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 2,080,000 төгрөгний зээл олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь дээрх 34 дугаар албан тоот нь зохигчдын хоорондын тохиролцоог илэрхийлээгүй, хариуцагчийн авсан зээлийг баталгаажуулсан шинжтэй байна. Иймд зээлийн гэрээний дагуу хүү болон алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т нийцэхгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нь дээрх албан тоотод дурдсанаар зээлийг 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдөр төлөхөөр амласан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04583 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. Энэ үед мөн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэвч зээлийг эргэн төлөх хугацаа өнгөрсөнөөс хойш хариуцагч нь зээлийг төлөх талаар амлаж байсан, тодорхой хэмжээний төлбөр төлсөн болох нь түүний шүүх хуралдаан гаргасан би уулзах үедээ төлнө гэж байсан, бага хэмжээгээр төлбөр төлж байсан боловч баримтгүй тул үүнийг хүүнд гэж ойлгож байна гэх тайлбараар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь үндсэн зээлд 1,717 ам доллар нэхэмжилнэ гэсэн боловч зээлийн хүү, алданги буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд ямар үндэслэлээр хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тайлбарлаж чадаагүйг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь ийнхүү хүү, алданги, учирсан хохирол нэхэмжилсэн нь М.Б-с авсан зээлд төлсөн төлбөрийг нэгтгэн тооцож байгаа гэж тайлбарлсан. Гэвч нэхэмжлэгчийн бусдаас зээл авах нь түүний өөрийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд ийнхүү зээл авсанаас үүсэх хариу төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нь М.Б-с зээл авах тухай гэрээ хэрэгт байх боловч уг зээл бодит байдалд олгогдсон, гэрээний дагуу хүү, алданги төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,080,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ц.Цаас 2,080,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,256,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 48,320 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД