Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01028

 

Н.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04096 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар магадлалтай

Н.Т-гийн нэхэмжлэлтэй

Ц.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 3 000 ам.доллар буюу 7 336 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц- нь 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдөр надад 1 717 ам.доллар олж өгөөч би алтны ордныхоо лицензийн төлбөрийг төлмөөр байна гэхэд өөрийн найз М.Балжиннямаас 1 717 ам.долларыг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлэн авч Ц.Ц-ы алтны ордны газрын лицензийн төлбөрт ашигт малтмалын газрын дансанд хийж төлбөр төлсөн баримтыг Ц.Ц-д өгсөн. Ц.Ц- өөрийн компанийнхаа албан бланк дээр зээлсэн мөнгөө хэрхэн төлөх талаар баталгаа, гэрээг надад өгсөн. Ц.Ц- ярихдаа би энэ ордыг худалдаад таны н.Балжиннямаас зээлсэн мөнгийг үнийн 10 хувьтай тэнцэх урамшууллын хамт өгнө гэж амласан юм. Гэтэл гэрээнд заасан хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй. Харин би түүнд өгсөн лицензийн төлбөр төлсөн баримтыг ашиглан 1717 ам.долларыг хувьдаа 2008 оны 12 дугаар сарын 23-нд авсан байсан. 2009 онд Ц.Ц-тай уулзаж өгсөн мөнгөө нэхэхэд авсан мөнгийг төлж өгнө гэсэн боловч өгөөгүй, 2010-2015 онуудад төлбөрөө өгөөгүй. 2010 онд Баянгол дүүргийн шүүхэд мөнгөө нэхэмжилж өргөдөл өгөхөд Ц.Ц- олдохгүй байна гэдэг хариу өгсөн. 2016 онд дахин шүүхэд хандаад эрэн сурвалжлах тухай шийдвэр гарсан. Цагдаагийн байгууллага 2016 оны 1 сард одоогийн хаягийг олж өгөөд би очиж уулзсан боловч одоо болтол төлбөрөө төлөөгүй байна. Иймд н.Балжиннямаас түүнд зээлж авч өгсөн 1 717 ам доллар, түүний хүү алданги бүгд 3 000 ам.долларыг гаргуулж өгнө үү. Анх өгсөн 1 717 ам.доллар, түүний алданги 858.5 ам доллар, дээр нь хүнээс зээл аваад төлсөн хүүг нэмээд 3 000 ам.доллар болж байгаа. Үүнийг хэрэгт байгаа ам.долларын ханшаар тооцож нэхэмжилнэ. Монгол мөнгө авсан гэж байгаа боловч би ашиг малтмалын газрын касс дээр доллар төлсөн. Албан бичиг дээр зээлийг удаана гэж ойлгоогүй тул төгрөгөөр бичсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2003 оноос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт алтны шороон ордны лиценз эзэмшиж байсан бөгөөд 2007 оны лицензийн ээлжит төлбөр болох 2 080 000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Т- гуайгаар төлүүлсэн. Уг лиценз нь голын эрэг дагуу голдирлын дотор, мөн төлбөр хоцроож хийсэн гэх шалтгаанаар цуцлагдсан юм. Лиценз цуцлагдаж хураагдсанаас хойш бизнесийн үйл ажиллагаа зогсож түүнчлэн орлогогүй болж маш их эрсдэл хүлээн хэцүү байдалтай амьдарч байгааг маань Н.Т- гуай өөрийн нүдээр харж уулзаж учирсан. Амьдралын төвшин дордож чадвар боломжгүй байгаа байдлыг маань харгалзаж үзнэ үү. Зээлсэн 2 080 000 төгрөгийг ямар нэг байдлаар төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг төлөх боломж чадваргүй. Би нэхэмжлэгчээс 2 080 000 төгрөг авсан. Энэ нь тухайн үеийн ханшаар 1 717 ам.доллар болох бөгөөд лицензийн төлбөрийг доллараар төлдөг тул доллар болгож тушаасан. Иймд 3 000 ам.долларыг төлөх үндэслэлгүй. Би тухайн үед бага багаар мөнгө өгч байсан боловч баримт алга. Иймд хүү, алданги зэргийг өгсөн бөгөөд үндсэн 2 080 000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04096 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ц.Ц-аас 2 080 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 256 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 48 320 төгрөг гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Марко трейд” ХХК-ийн захирал Ц.Ц- 2 080 000 төгрөг зээлж авснаа хүлээж байгаа бөгөөд би зээлдэгчээс заавал ам.доллар гаргуулж авна гэж нэхэмжлээгүй. Харин бүтэн 10 жилийн хугацаанд санаатайгаар оргон зайлж надад их хэмжээний хохирол учруулсан учир болсон явдлыг үнэнийг зөвөөр шийдэж өгөхийг хүсье. Дээрх мөнгийг би банкинд 10 жил хадгалуулсан бол зөвхөн хүү нь 3 120 000 төгрөг болох байсан. /жилийн 15 хувийн хүүтэйгээр/. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар магадлалын 4 дүгээр хуудсанд нэхэмжлэгч гомдолдоо 19 дүгээр талд байгаа дээрх баримтаас үзвэл М.Балжиннямаас 2 080 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдэж авсан. Хэрэв хугацаандаа төлж чадахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр байгааг үгүйсгэж Н.Т-д хүү алданги төлөх утгыг агуулаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно гэж ямар ч утгагүй юм бичжээ.

Уул нь өргөдөлдөө М.Балжиннямаас мөнгө зээлж авсан 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг хавсаргасан. “Марко трейд” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 34 тоот албан бичигт Н.Т- “Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямаас 2 080 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлэн авч “Марко трейд” ХХК-ийн захирал Ц.Ц-д өгсөн зээлийн гэрээ болох бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлнө гэж уг бичигт дурдсан.

Шүүгчид үүнийг зээлийн гэрээ биш гэж үзэж байгаа нь хэт нэг талыг баримталсан буруу шийдвэр гэж үзэж байна. Дээрх албан бичиг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгч, зээлдүүлэгчээс мөнгийг зээлж авч буйг утгыг ил тод илэрхийлсэн баримт бичиг. Ер нь зээлийн гэрээг тэгж хийнэ гэсэн стандарт байхгүй.

Энэ бичиг нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг буюу зээлийн төлөх хугацааг маш тод илэрхийлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн утгыг тодорхой зааж зээлийн хүүг тогтоосон байгаа учир зээлийн гэрээ гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 3 дугаар хуудсанд Балжиннямаас зээлж аваад Ц.Ц-д өгсөн мөнгийг Балжиннямд эргүүлж төлсөн баримтыг дурджээ. Би Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өгсөн өргөдөлтэй хамт Балжиннямд зээлж авсан мөнгөө эргүүлэн төлсөн баримтыг хавсаргасан. Давж заалдах шатны шүүх өргөдөлд 2008 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2 080 000 төгрөгийн зээлийг төлөхдөө 3 сарын хүү нь 499 200 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 150 хоногийн алдангид хоног тутамд 0.2 хувиар бодож 624 000 төгрөг, үндсэн зээл 2 080 000 төгрөг бүгд 3 203 200 төгрөг төлсөн.

Одоо би Ц.Ц-аас 3 681 600 төгрөг нэхэмжилж байна. Давж заалдах шатны шүүхийн 488 дугаар магадлал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна гэсэн атлаа алданги тооцоогүй нь буруу гэж үзэж байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан эсвэл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ. Ц.Ц- энэ арван жилийн хугацаанд ямар ч урьдчилгаа, хүү эвийн хэлэлцээр хийж байгаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгч нар ямар ч баримтгүй юманд буруу шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т арбитр, шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээн, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заажээ. Хариуцагч Ц.Ц- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй оргон зайлж олон жил хохироосон тул иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж учирсан хохирол 3 681 600 төгрөгийг барагдуулан гаргуулан өгнө үү.

...Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнө 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөлд байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан тохиолдолд энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгохгүй гэж заасан байна. Миний нэхэмжлэл энэ зүйл ангид хамрагдах бөгөөд би энэ тухай хотын шүүхэд гаргасан өргөдөлдөө маш тодорхой бичсэн.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээн зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасныг үндэслэн миний хохирлыг барагдуулж 3 681 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 ам доллар буюу 7 336 980 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 2 080 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Н.Т- нь Ц.Ц-ы хүсэлтээр түүний алтны ордын лицензийн төлбөр 1 717 ам доллартой тэнцэх 2 080 000 төгрөгийг М.Балжиннямаас зээлж, “Марко трейд” ХХК-ийн нэрийн өмнөөс 1 717 ам долларыг лицензийн төлбөрт төлсөн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд Н.Т- нь М.Балжиннямаас    1 717 ам долларыг сарын 8%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан талаар “Зээлийн гэрээ” байгуулсан, “Марко трейд” ХХК-ийн захирал Ц.Ц- нь Н.Т-гаар зуучлуулж М.Балжиннямаас зээл авсныг зөвшөөрч, заасан хугацаанд зээлийг төлж чадахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2%-ийн алданги төлөхөөр баталгаа бичиг үйлдсэн байна.

Хоёр шатны шүүх “Зээлийн гэрээ” нь Ц.Ц-, Н.Т- нарын хооронд үйлдэгдээгүй үндэслэлээр лицензийн төлбөрт төлсөн 1 717 ам доллар буюу 2 080 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Н.Т-гийн М.Балжиннямаас авсан зээлээр Ц.Ц-ы төлбөрийг төлсөн бөгөөд Н.Т-, М.Балжинням нарын зээлийн гэрээний нөхцөлийг Ц.Ц- хүлээн зөвшөөрсөн, М.Балжинням нь Ц.Ц-аас зээлийг шаардах эрхгүй тул тухайн нөхцөлөөр Н.Т- Ц.Ц-аас шаардсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2. дахь заалтад хамаарахаар байна.

Иймд үндсэн зээл 2 080 000 төгрөг, сарын 8%-ийн 3 сарын хүү /2 080 000 х 8% х 3сар/ 499 200 төгрөг, гэрээгээр тохирсон алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар /2 080 000 + 499 200/ 2 579 200 төгрөгийн 50% /2 579 200 х 50%/ 1 289 600 төгрөг, нийт 3 868 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь 3 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ам доллар, төгрөгийн ханшаар тооцож /3 000 х 2 456 төгрөг/ 7 368 000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04096 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-т зааснаар хариуцагч Ц.Ц-аас 3 868 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 499 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “...48 320 төгрөг...” гэснийг “...76 850 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.Т- нь хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х. СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                 Х. ЭРДЭНЭСУВД