Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/01630

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 283 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ...................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Иргэн С.А  би Ш ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ******* ХК-ийн ******* нүүрсний уурхайн хөрс хуулалтын тээвэрлэлтийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт төлбөрийн графикийг тусгасан бөгөөд дээрх төлбөрөөс 300 000 000 төгрөгийг төлөөгүй байдаг. Ийнхүү ажил эхэлснээс хойш төлбөрөө авах ёстой талаар Ш ХХК-ийн захирал *******т хэлэхэд удахгүй өгнө, одоохон түр хүлээж бай гэх зэргээр шалтаглан бүтэн жил хүлээлгэн, сүүлдээ утсаа авахаа больсон. Хариуцагч талаас гэрээний төлбөрийг түлшээр 476 786 630 төгрөг, нүүрсээр 116 555 739 төгрөгийг  төлж биелүүлсэн гэдэг ч С.А  хүлээн аваагүй бөгөөд гэрээнд энэ талаар тусгагдаагүй. Баримтад зурсан гарын үсэг минийх биш учраас шинжээч томилуулсан, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин хүсэлт гаргасныг шүүгч хангаж шийдвэрлээгүй. 300 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлавал 225 000 000 төгрөг нь үндсэн гэрээний үүрэгт, 75 000 000 нэмэлт гэрээний үүрэгт шаардаж байна. 116 555 739 төгрөгийн үнэ бүхий нүүрс хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зураагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Жолооч нарт цалин хэлбэрээр олгосон гэх 85 300 000 төгрөгийг ******* жолооч нартай зээлийн гэрээ байгуулж олгосон байдаг тул хамааралгүй. 75 000 00 төгрөгийн ковш, экскаватор түрээслэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 01-нд нэмэлтээр байгуулж, төлбөрийг төлсөн гэх боловч төлбөр төлсөн баримт хэрэгт байдаггүй. Үлдэгдэл хэсэг нь ******* ХК-с гаргуулсан 8, 9, 10, 11 дүгээр сарын баримтад түлшний нийт төлбөр нь 449 358 299 төгрөг байдаг. Гэтэл хариуцагч талаас түлшинд 470 786 630 төгрөгийг олгосон гэж тайлбарладаг тул үүний зөрүү мөнгийг нэхэмжилж байна. Өмнөх шүүх хуралдаанд нүүрсийг хүлээж аваагүй гэдгээ нотолсон баримтыг ******* ХК болон машинд байршил тогтоогч /GPS/ суурилуулсан компаниас тээврийн зайг тодруулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт хамааралгүй гэж хангахаас татгалзсан. Энэ баримтыг гаргуулснаар хөрснөөс өөр зүйл тээвэрлэсэн эсэхийг тодорхойлох боломжтой байсан. Ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сараас 03-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл ******* зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 04-нд буюу гэрээний хугацаа дууссанаас хойш байгуулсан байдаг тул тэр зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үндсэн гэрээний үүрэгт 225 000 000 төгрөг, нэмэлт гэрээгээр 75 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон 58 400 000 төгрөгийн төлбөр гарсан талаар тооцоо нийлсэн актад дурдсан тул 16 600 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 283 400 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэв.

   

    Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш ХХК нь ******* ХК-иас хөрс хуулалтын ажлыг 2015 онд гэрээгээр авсан байдаг. Хөрс хуулалтын ажлыг зохион байгуулах шаардлага гарч, иргэн С.А тэй 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. С.А  нь жолооч нартай гэрээ байгуулан тохиролцож, тухайн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын сүүл гэхэд гүйцэтгэж, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэрээний нийт дүн 1 100 000 000 төгрөгөөс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 90 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 51 400 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 90 000 000 төгрөгийг тус тус С.А  бэлнээр өгсөн. Тооцоо нийлсэн актад хоолны гэх тодотголтой 1 000 000 төгрөгөөс бусдыг нь бэлнээр өгсөн гэж тусгасан ба С.А  нь 470 786 630 төгрөгийн түлшийг авах ёстой төлбөртөө тооцуулж авсан гэх баримтыг үйлдсэн байдаг. Тооцоо нийлсэн актыг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн бөгөөд энэ өдрөөс өмнө өгсөн мөнгийг тооцоо нийлсэн актад дээрх мөнгөнүүдийг гаргаж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд экскаватор, ковш түрээсэлсэн гэрээтэй холбоотой асуудал байгаа. Экскаватор, ковшийг 75 000 000 төгрөгөөр түрээсэлнэ гэж гэрээ хийсэн. Энэ гэрээтэй холбоотой тооцоо нийлсэн акт үйлдэхэд үлдэгдэл тооцоо нийлсэн хүснэгт хэсэгт экскаватор, ковш түрээсэлсэн үнэ 36 000 000 төгрөгийг нэмсэн. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 413 813 370 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Энэ үлдэгдэл төлбөрийг 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш төлж барагдуулсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1 000 000 төгрөгийн хоолны баримтыг тооцоо нийлсэн актаас хасаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу талууд тооцоо нийлснээс хойш 3 хоногийн дараа 50 000 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 85 000 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг дансаар өгсөн. Сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 30 өдөр, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 116 555 739 төгрөгийн нүүрсийг *******ын уурхайгаас хүлээн авч, нэхэмжлэгчийн гэрээгээр ажил гүйцэтгэсэн жолооч нарт олгож, энэ талаар баримт үйлдсэн. 2016 онд тооцоо нийлэхдээ 93 357 630 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж, шилжүүлсний дараа нотариатч дээр очиж нотлох баримт үйлдсэн, түүнийг хэрэгт хавсаргасан байгаа. Ингээд зохих төлбөрийг бэлнээр, дансаар, нүүрсээр, түлшээр хийж дуусгасан. Энэ явцад нэхэмжлэгч болон түүнтэй хамт ажилласан жолооч нартай холбоотой асуудал үүссэн байдаг. Бидэнд байгаа баримтаар 22 хүнд нийт 85 300 000 төгрөгийг бэлэн болон дансаар жолооч нарт олгосон. Нүүрс хүлээж авсан баримтад нэхэмжлэгч нь гарын үсэг зурсан ч дараа нь тэрхүү баримтуудыг С.А  хүлээн зөвшөөрөхгүй байсан тул гарын үсгийн шинжээч томилуулахад шинжээч уг баримт дээрх гарын үсэг С.А ийн гарын үсэг мөн гэдгийг баталсан. Нэмэлт гэрээний 75 000 000 төгрөг, түлшний зөрүү төгрөгүүдийг аваагүй гэдгийг нотолж байгаа нотлох баримт нь зөрж байна. Учир нь нэхэмжлэгч тал нэмэлтээр 75 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан гэдэгт хариуцагч тал маргадаггүй. Гэхдээ 75 000 000 төгрөгийн ажлыг С.А ийн авчирсан экскаватор, ковш нь хийж гүйцэтгээгүй. Харин 36 000 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэдэг нь талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актад маш тодорхой байгаа. Тооцоо нийлсэн актын тооцооны үлдэгдэл гэдэг хэсэгт өгсөн төлбөрүүдийг хасахад үлдэх 36 000 000 төгрөгийг ковш, экскаваторын төлбөр учраас үлдэгдэл төлбөр дээр нэмж байна гэж тооцооны үлдэгдлийн баталгаа гарч ирж байна. Талуудын тохиролцсоноор 36 000 000 төгрөгийг ковш, экскаваторт хийсэн гэж тооцоо нийлсэн актад тохиролцсон. Нэхэмжлэгч тал үндсэн гэрээнээс нэхэмжилж байгаа бол хийсэн гэдгээ нотлох ёстой. Тооцоо нийлсэн актаар бүх ажлаа хийсэн гэж баталж байгаа ч тооцоо нийлсэн актад талууд 8, 9, 10, 11 дүгээр саруудад 470 786 630 төгрөгийн түлш хэрэглэсэн гэж талууд 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. 470  786 630 төгрөгийн түлш гэдэг бол хариуцагч тал гаргасан тооцоо биш, хоёр тал нийлж гаргасан тооцоо. Хариуцагчийн зүгээс 116 555 739 төгрөгийн нүүрсийг гэрээний үндсэн дүнд суутгаж бодсон. Мөн ******* ХК-иас нүүрсийг олгосон, олгосон гэдгийг С.А  өөрөө мэдэж байна. Нэмэлт гэрээний 75 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч тооцоо нийлсэн бодит актаар 36 000 000 төгрөг өгөх үүрэгтэй байсан. Энэ мөнгийг үндсэн гэрээний тооцоо нийлсэн акт үйлдэхдээ хамт үйлдэж, хожим төлсөн гэх баримтуудад энэ үнэ багтаж байгаа учраас нэхэмжлэх үндэслэлгүй. Бид нэхэмжлэх ёстой 36 000 000 төгрөгийг төлсөн. Тиймээс нэхэмжлэлд дурдсан шиг их хэмжээний буюу 300 000 000 төгрөгийг дутуу олгосон гэсэн нь үндэслэлгүй юм. Харин иргэн С.А  нь бидэнтэй хамтран хугацаандаа намайг хувь хүний хувьд байнга сүрдүүлж, дарамталж байсан учир үүнээс үүдэж миний бие тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан удаатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А  нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 16 600 000 төгрөгөөр багасгаж, 283 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1/15 “Автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч С.А  нь захиалагчийн гэрээлэн авсан ******* ХК-ийн *******ын нүүрсний уурхайн хөрс хуулалтын тээвэрлэлтийн 825 000 м3 ажлыг өөрийн техник хэрэгсэл, зардлаар, технологийн дагуу, аль болох богино хугацаанд *******ын уурхайгаас өгөгдсөн төлөвлөгөөний дагуу буюу 2015 оны 7 дугаар  сарын 24-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор гүйцэтгэх, захиалагч “*******” ХХК нь гэрээний үнэ 1 100 000 000 төгрөгийг графикийн дагуу төлж, сар бүрийн төлбөрөөс баримтжуулсан дизель түлшний үнийг суутгаж тооцохоор талууд тус тус харилцан тохиролцжээ.  

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. 

 

Зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, үлдэгдэл төлбөрийн талаар маргасан тул шүүх энэхүү гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч талаас гэрээний төлбөрийг түлшээр 476 786 630 төгрөг, нүүрсээр 116 555 739 төгрөг, ажилчдын цалин хөлсөнд 85 300 000 төгрөг төлж биелүүлсэн гэдэг ч би 116 555 739 төгрөгийн үнэ бүхий нүүрс хүлээж аваагүй, хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зураагүй учраас үүнийг зөвшөөрөхгүй. Жолооч нарт цалин хэлбэрээр олгосон гэх 85 300 000 төгрөгийг ******* жолооч нартай зээлийн гэрээ байгуулж олгосон тул үүнийг төлбөрөөс суутгах үндэслэлгүй. 75 000 00 төгрөгийн ковш, экскаватор түрээслэх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 01-нд нэмэлтээр байгуулж, төлбөрийг төлсөн гэх боловч төлбөр төлсөн баримт хэрэгт байдаггүй тул үүнийг гаргуулна. ******* ХК-иас гаргуулсан 8, 9, 10, 11 дүгээр сарын баримтад түлшний нийт төлбөр нь 449 358 299 төгрөг байдаг гэтэл хариуцагч 470 786 630 төгрөгийг олгосон гэж тайлбарладаг тул үүний зөрүү гээд нийт 300 000 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...С.А тэй гэрээ байгуулж гүйцэтгүүлэн, ажил дуусахад талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Хариуцагч талаас гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Гэрээний нийт дүн нь 1 100 000 000 төгрөгөөс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 90 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 51 400 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 90 000 000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Тооцоо нийлсэн актад хоолны гэх тодотголтой 1 000 000 төгрөгөөс бусдыг нь бэлнээр өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч хүлээлцсэн. Тооцоо нийлсэн актыг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн, үүнээс өмнөх мөнгөний тооцоо актад тусгагдсан. Дээрх актад С.А  нь 470 786 630 төгрөгийн түлшийг өөрийн авах ёстой хөлснөөс тооцуулж авсан гэх баримтыг үйлдсэн. Экскаватор, ковшийг 75 000 000 төгрөгөөр түрээсэлнэ гэж гэрээ хийсэн. Энэ гэрээтэй холбоотой тооцоо нийлсэн акт үйлдэхэд үлдэгдэл тооцоо нийлсэн хүснэгт хэсэгт экскаватор, ковш түрээсэлсэн үнэ 36 000 000 төгрөгийг нэмж тусгасан. 2016 онд тооцоо нийлэхдээ 93 357 630 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж, шилжүүлсний дараа нотариатч дээр очиж нотлох баримт үйлдсэн. Ингээд зохих төлбөрийг бэлнээр, дансаар, нүүрсээр, түлшээр хийж дуусгасан. Энэ явцад нэхэмжлэгч болон түүнтэй хамт ажилласан жолооч нартай холбоотой асуудал үүснэ, 22 хүнд нийт 85 300 000 төгрөгийг бэлэн болон дансаар олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах бөгөөд нэхэмжлэгч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа “...үндсэн гэрээний үүрэгт 225 000 000, нэмэлт гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг нийт 300 000 000 сая төгрөг гаргуулна “ гэж тодорхойлон үүнээс “...үндсэн гэрээний 1 100 000 000 төгрөгөөс 485 757 630 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй” гэж тайлбарласан тул үндсэн гэрээний үлдэгдэл 614 242 370 төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Талууд гэрээгээр тохиролцсон дээрх ажлыг гүйцэтгэж байх явцдаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хөрс хуулалтын тээврийн  ажилд нэмэлтээр экскаватор, ковш түрээсээр ажиллуулах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр С.А  нь КАТ маркийн 1 ширхэг экскаватор ЗЛ-50 ковшийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл түрээслүүлэхээр, түрээслэгч Ш ХХК нь түрээсийн төлбөрт 75 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хэн аль нь маргаагүй, харин нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүрэгт 75 000 000 төгрөг шаардсан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “58 400 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, хариуцагч нь “36 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, энэхүү төлбөрийг төлж барагдуулсан” гэж маргасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд талууд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэж, уг актад гэрээний үнэ 1 100 000 000 төгрөг, түрээсийн гэрээний үнэ 58 400 000 төгрөгийн төлбөрөөс зарцуулсан түлш 470 786 630 төгрөг, нэмэлт гэрээний үнэ 36 000 000 төгрөг, үлдэгдэл 413 813 370 төгрөг гэж тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч С.А  дээрх тооцоо нийлсэн актын үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт энэ актаас шатахууны үнээс бусдыг зөвшөөрнө гэж тайлбарласан зэргээс үзэхэд уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой, дээрх актаар эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 36 000 000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна гэж үзлээ.

 

Хариуцагч үлдэгдэл төлбөрөөс 470 786 630 төгрөгийг түлшээр тооцож, 116 555 739 төгрөгийн нүүрсээр тооцож тус тус төлж барагдуулсан гэж тайлбарласан бөгөөд талууд сар бүрийн төлбөрөөс баримтжуулсан дизель түлшний үнийг суутгаж тооцохоор гэрээгээр тохиролцсон байхаас гадна 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарлагын баримт үйлдэж, 470 786 630 төгрөгийн шатахуун хүлээлгэж өгсөн 1 тоот баримт, 116 555 740 төгрөгийн нүүрс хүлээлгэж өгсөн 2 тоот баримтад С.А  гарын үсэг зурсан, улмаар С.А  нь дээрх гарын үсгийг зураагүй гэж марган түүний хүсэлтээр шүүх шинжээч томилсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2238 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх баримтуудад зурсан гарын үсэг С.А ийн гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирч байх тул шүүх уг баримтыг эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж дүгнэв.

 

Дээрхээс дүгнэхэд ажил гүйцэтгэх болон эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хариуцагч нь нийт 1 136 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн бэлнээр хүлээлгэж өгсөн 485 757 630 төгрөг, шатахуунаар тооцож өгсөн 470 786 630 төгрөг, нүүрсээр тооцож өгсөн 116 555 740 төгрөг нийт 1 073 100 000 төгрөгийг төлж барагдуулснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг болон ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зарим хэсэг биелэгдсэн байна.

 

Иймд үлдэх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 62 900 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд хариуцагч нь “С.А эд өгөх төлбөрөөс 85 300 000 төгрөгийг цалин хөлс хэлбэрээр жолооч нарт өгсөн” гэж тайлбарлан, холбогдох баримтыг гаргаж өгсөн боловч хэрэгт авагдсан нэр бүхий хүмүүст мөнгө зээлдүүлсэн баримтаар олгогдсон мөнгийг С.А эд төлөх төлбөрт тооцох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 472 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ш ХХК-иас 62 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 220 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 472 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ